| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2017/0428/Э |
| Дугаар | 433 |
| Огноо | 2017-11-28 |
| Зүйл хэсэг | 22.4.4., 22.5.1., |
| Улсын яллагч | Ц.Батхуяг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 433
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн;
улсын яллагч Ц.Батхуяг;
гэрч О.Төмөрхуяг;
шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэл;
шүүгдэгч С.Х, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн прокурорын газраас Сандагийн Хыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Дорждэрэмийн Аг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201701000124 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1982 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэв журмын эргүүлийн офицер ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Данзангийн 3 дугаар байрны 43 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ЗГ82041411 регистрийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Сандагийн Х,
2. Монгол Улсын иргэн, 1977 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эх, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж 58-104 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, УГ77043017 регистрийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Дорждэрэмийн А.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч С.Х нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэв журмын офицероор эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахдаа 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр “Тоёото Королла” маркийн 93-76 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг шалгаж иргэн Д.Аг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон явсан зөрчлийг илрүүлсэн боловч түүний ашиг сонирхлын үүднээс Замын цагдаагийн холбогдох албан тушаалтанд зөрчлийн талаар мэдэгдэж, шилжүүлэх албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 300.000 төгрөгийн хахууль авсан,
яллагдагч Д.А нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр “Тоёото Королла” маркийн 93-76 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон явахдаа Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэв журмын офицер, цагдаагийн хошууч С.Хд саатуулагдан шалгагдаж, алба хаагчийн Замын цагдаагийн холбогдох албан тушаалтанд зөрчлийн талаар мэдэгдэж, шилжүүлэх, улмаар хууль тогтоомжид заасан арга хэмжээ тооцох албаны чиг үүргийг нь хэрэгжүүлүүлэхгүй, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор цагдаагийн офицер, хошууч С.Хд 300.000 төгрөгийн хахууль өгсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4, 5 дугаар хороог хариуцаж үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан. Тухайн үед нилээн орой болсон үед циркээс нарны зам дагуу саарал өнгийн жижиг тэрэг баруун гар тийш эргээд зогссон байдаг. Би хамт явсан ахлах ахлагч Төмөрхуягийг “тэр машиныг хамт шалгая” гэж хэлсэн. Төмөрхуяг бид хоёр тэр машиныг шалгатал уг автомашины жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь мэдэгдсэн. Тэгээд тус машины жолоочид “таныг Замын цагдаагийн газарт хүргэж өгч шалгах хэрэгтэй байна” гэж хэлсэн. “Замын цагдаа дээр таныг драгер багажаар үлээлгэнэ” гэж хэлсэн. Би автомашинд суулгахад архи үнэртэж байсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн машины жолоочийн машиныг унаж Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн хэлтэс рүү явсан. А надад “би эхнэр хүүхдээ зөөдөг хуульч хүн байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “таныг хуульч хүн учраас олон зүйл тайлбарлаад яахав таны согтуурлын зэргийг шалгагч багажаар шалгаад, үүний дараа таны жолоочийн эрхийг доод тал нь 6 сараар хасна, мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон учраас 480.000 төгрөгөөр торгож, таны автомашиныг ачих ачихгүй талаар шийднэ. Машиныг ачих юм бол 70.000 төгрөг, журмын хашаанд байрлуулахад 5000 төгрөг гарна” гэж мөнгөн дүнг хэлсэн. А надад “би ээж, эхнэр, хүүхдүүдээ зөөдөг” гэж хэлхэд миний бодолд би мөн өөрөө ээжтэй, биеийн байдал муу байгаа учраас надад эмзэг туссан. А надад “би согтууралгүй пиво уусан учраас надаас архи согтууруулах ундааны зүйл үнэртэхгүй” гэж хэлэхэд нь “чи тийм пиво уусан юм бол надад үзүүл” гэж хэлтэл А надад нэг цаасан дээр согтууруулах ундааны зүйл биш гэсэн зүйл үзүүлж байсан боловч би энэ пивийг интернэтээс үзэж байсан болохоор замын цагдаа руу авч явах шаардлага байхгүй гэж үзсэн. Тэгтэл А надаас “хоёулаа тохиролцъё” гэж хэлэхээр нь би “таныг ойлголоо, таны машиныг аюулгүй байдлыг хангаж өөрийн чиглэл дээр аваачиж тавья, та маргааш өглөө ирж машинаа аваарай” гэж хэлсэн. Би тэгээд Агийн машиныг өөрийн чиглэлд буюу төв “ХААН” банкны хавьд байрлах “Сөүл” плазагийн машины зогсоол дээр тавих гэж байхад А “ХААН” банкны урд зогсчих гэж хэлэхэд би зогссон. Тэгтэл А 5 минутын дараа гарч ирээд машинд суугаад машиныг тавих зогсоол дээр машинаа тавьхад “баярлалаа” гээд надад мөнгө өгсөн. Тухайн үед надад хэдэн төгрөг өгснийг мэдээгүй. Би машин дээрээ буцаж очоод хамт явж байсан. Төмөрхуягт 50.000 төгрөг өгсөн. Мөн болсон асуудлын талаар хэлсэн. Тэгээд мөн хамт явж байсан 2 албан хаагчид “хоолонд ороорой” гэж мөнгө өгсөн гэв.
Шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэрэг гардаг өдөр буюу 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр намайг “Голден жем” клуб дээр бэлтгэл хийж байхад манай найз залгаад “хүнсний зүйл дөхүүлээд өгөөч” гэсэн юм. Би найз нарынхаа захисан хүнсний зүйл болон өөртөө алжаал тайлах гэж согтуурлын зэрэггүй “Эдингэр” нэртэй пивноос 0,5 литрээс 2 шил, 0,33 литрийн пивноос 4 ширхэгийг авсан. .... Би найзтайгаа машиндаа ярьж суухдаа 0.33 литрийн шар айргаа уусан. Тэгээд найз маань захисан зүйлээ аваад гэртээ орохдоо “циркийн хажууд байх караокед хүрээд ирээрэй” гэж хэлсэн. Би авсан хүнсний зүйлээ гэртээ аваачиж тавьчихаад заасан караокенийх нь гадаа машинтай зогсож байтал цонх тогшсон. Цонхоо нээхэд 2 цагдаа байсан. Жолоо барих талаас Төмөрхуяг гэх цагдаа ирээд миний баримт бичгийг шалгаад намайг “үлээ” гээд хар дугтуйтай зүйл рүү үлээлгэсэн. Тэгээд “архи уусан юм уу” гэж надаас асуусан. Би “уусан зүйл байхгүй” гэж хэлтэл урдаас “чи архи уусан байна” гэсэн. Би “алкоголгүй шар айраг уусан” гэж хэлсэн. Мөн уусан шар айрагны шилээ үзүүлсэн. Мөн би “замын хөдөлгөөнд оролцоогүй байна” гэж хэлсэн. Төмөрхуяг миний урдаас “хууль ярих янзтай юм байна” гээд “үнэртээд байхад юм ойлгохгүй дурак вэ, үнэртүүлсэн байж арга хэмжээ авахуулхаа мэдэж байгаа биз дээ. Чи их хууль ярьдаг хүн байна. Наад үгээ өөр газар ярьна шүү” гээд тэр хоёр хоорондоо их ярилцаж байгаад “цагдаагийн албан хаагчийн өөдөөс эсэргүүцэл үзүүлбэл өөрөөр ярьна шүү” гэх яриа болсон. Би цагдаа нараас “яг яах гээд байгаа юм бэ” гэж хэлтэл “ямар юм ойлгодоггүй юм бэ сэтгээч” гэж хэлсэн. “Чи сая төгрөгөөр торгуульна, 6 сараар жолоо барих эрхийг чинь хасна ш дээ” гэж хэлсэн. Тэгээд “500.000 төгрөг гаргаад өгчих” гэж хэлэхээр нь би “надад мөнгө байхгүй” гэж хэлсэн. Тэгтэл ойрхон АТМ байгаа гэж хэлээд Х миний машиныг бариад би ард нь суугаад явсан. Хүрэлчулууны ярьж байгаагаар цагдаагийн машинд хоорондоо ярилцсан зүйл байхгүй. Тэгээд Хүрэлчулуун ХААН банкны урд зогсоод “наад АТМ-с мөнгөө аваад ир” гэж хэлсэн. Би АТМ-с 400.000 төгрөг аваад Хүрэлчулуунд 300.000 төгрөг өгсөн. Хүрэлчулуун “одоо хаана зогсох юм бэ” гэж хэлэхээр нь би “ “UB жааз” баарны гадаа зогсчих” гэж хэлсэн. Тэгээд баарны гадаа зогсоод миний машины түлхүүрийг өгөөд цаашаа алхаад явсан. Тэгээд би 102 руу залгаад “цагдаагийн албан хаагч надаас мөнгө авчихлаа” гэж хэлсэн. …03 цаг өнгөрч байхад нэг танихгүй дугаараас залгаад “А уу цагдаагаас ярьж байна 102 өгсөн мэдээлэлтэй чинь холбогдуулж асууж лавлах зүйл байна” гэхээр нь би “шөнийн цаг болж байна өглөө болъё” гээд утсаа тасалсан. Тэгсэн чинь удаа дараа тэр утас болон өөр утаснаас залгаад уулзмаар байна гэхээр нь утсаа салгасан. Би бааранд ороод 1 цаг 40 минут болоод эхнэр рүүгээ залгаад эхнэрээ “ахтайгаа хүрээд ир” гээд болсон асуудлаа хэлсэн. Тэгээд удалгүй эхнэр ахтайгаа иртэл нөгөө дугаараас залгаад “чиний мөнгийг өгөх гэсэн юм, чи хаана байна” гээд цагдаагаас залгасан.Тэгэхээр нь би цагдаад хаана байгаа байрлалаа зааж өгсөн. Удалгүй цагдаагийн машин ирэхээр нь би очоод цонхоо онгойлоход нь тэр цагдаагаас “миний мөнгө хаана байна” гэж хэлтэл тэр цагдаа “нөгөө тэнэг чинь мөнгөө асууж байна, нөгөө хүний чинь олчихлоо” гэж станцаараа хэлсэн. Тэгээд удалгүй 2 цагдаагийн машинтай 7 цагдаа ирсэн. Миний эхнэр болон эхнэрийн ахыг тус тусад нь машинд суулгасан. Тэгээд миний баримт бичгийг авахаар нь “та нар хэв журмын цагдаа юу” гэж асуухад “чи очоод мэд” гэж хэлсэн. Тэгээд Цагдаагийн ерөнхий газрын нэг давхарт Амартайван гэж хүнтэй уулзаад болсон асуудлын талаар тодорхой ярьсан. Тухайн үед над руу олон танихгүй дугаараас залгасан. Би тэгэхээр айсан талаараа хэлтэл “чи юундаа айдаг юм би залгасан” гэж Амартайван хэлээд өөрийн утас руу залгуулсан. Мөн “чи эр хүн шиг мөнгө өгч чадахгүй утасдаад байхдаа яадаг юм бөөн асуудал боллоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “хууль зүйн яаманд гомдол гаргана, өгсөн мэдээллийн дагуу та нар яагаад шалгадаггүй юм бэ” гэж хэлсэн. Маргааш нь намайг замын цагдаагаас “ирж уулз “гэж хэлэхээр нь би “чадахгүй” гээд нөгөөдөр нь дэд хурандаа Шаравнямбуутай уулзсан. “Тухайн хэрэг гарсан өдөр манай байгууллагаас циркийн хажууд нэгдсэн арга хэмжээ зохиогоогүй байна. Чамаас мөнгө авсан хүн замын цагдаагийн хүн биш байна. Би чамд ЦЕГ-н дотоод хяналтын газрын хүний дугаарыг өгье” гэж хэлсэн. Мөн надад “чи баримтаа сайн бүрдүүлээрэй хүн гүтгэх вий” гэж хэлсэн. 4 сард ЦЕГ-н дотоод хяналт шалгалтын Даваасүрэн гэдэг хүнтэй уулзаад болсон асуудлаа хэлсэн. Надад тэр цагдаагийнхаа утасны дугаарыг мэдэх үү гэж асуусан би мэдэхгүй, хараад таних уу гэж асуухаар нь би танихгүй гэж хэлтэл “чи чухам юу шалгуулах гээд байгаа юм бэ” гэж хэлсэн. Би Даваасүрэнд зогсоосон газар, хэрэг гарсан цагаа хэлсэн. Би танд өөрийн баримтаа гаргаж өгнө гэж хэлээд өөрийн гүйлгээ хийсэн баримтаа интернэтээс шалгасан. Тэгээд би Голомт банкны АТМ-аас 02 цаг 34 минутад 400.000 төгрөг авсан баримтаа олоод банкаар тамга даруулж баталгаажуулсан. Тэгээд Нийслэлийн цагдаагийн “Ай Ти” инженертэй уулзаж камерийн бичлэг шүүлгэж үзсэн боловч олдоогүй. Би Хы 19, 09 гэсэн дугаар “Ки Эйч” гэсэн эхний хоёр үсгийг санаж байсан. Даваасүрэн надад “чи одоо 300.000 төгрөг өгчихөөд ийм асуудал үүсгэлээ, ах нь одоо тэтгэвэрт гарах гэж байгаа, ходоодны хорт хавдартай намайг бүрэн гүйцэд хэрэг бүрдүүлж авсангүй гээд арга хэмжээ авах гэж байна, би илтгэх хуудас бичээд өгчихсөн” гэж хэлсэн. Цагдаагийн бүх камер хоёр хоногийн өмнө устчихдаг байсан. Тэгээд голомт 5 дугаар банкны камерийн бичлэгийг шүүсэн. Мөн Даваасүрэн надад “чи мөнгө өгсөн хүнийхээ гар утас болон зүс царайг таньж чадахгүй юм чинь хүн гүтгэж чадах уу” гэж хэлэхээр нь “би чадахгүй гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа над руу утсаар яриад нөгөө хүнийг чинь олсон шүү гэж хэлсэн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч О.Төмөрхуяг мэдүүлэхдээ: 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр эргүүл хийж явж байхад 93-76 улсын дугаартай саарал өнгийн машин явж байгаад гэнэт хажуу тийш хурдтай эргэсэн. Тэгээд хойноос нь очтол гэрлээ унтраагаад зогсож байсан. Би машиндаа үлдээд Х нөгөө саарал өнгийн машины жолоочийг дагуулаад машинд орж ирэхэд тэр жолоочоос архи үнэртэж байсан. Х хошууч тэр жолоочийг “замын цагдаа руу хүргэж өгнө” гээд жолоочийн хамт машиныг унаад явсан. Намайг Х “араас хүрээд ирээрэй” гэж хэлсэн. Удалгүй Х ирээд “нөгөө жолооч надад 100.000 төгрөг өглөө” гэж ирээд “хоолонд ороорой” гээд надад мөнгө өгсөн гэв.
Мөрдөн байцаалтын шатанд Сүхбаатар дүүргийн 1-8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 24 цагаар авто эргүүл, бичил хэсэгт үүрэг гүйцэтгэх алба хаагчдын хуваарь, томилгоо /хх-ийн 30-31/, хэв журмын удирдлагын төвийн ахлах зохицуулагчийн хоногийн хугацаанд утсаар хүлээн авсан мэдээ, мэдээлэл /хх-ийн 33-35/, Д.Агийн “Голомт” банкин дахь 1809162951 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 49-51/, СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл (Д.А явсан газрын маршрутаа фото зургаар бэхжүүлсэн) /хх-ийн 52/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай тогтоолууд /хх-ийн 53/, гэрч О.Төмөрхуяг /хх-ийн 54-55/, Б.Түвшинтөгс /хх-ийн 56-57/, Н.Ганцоож /58-59/, Т.Нямсайхан /хх-ийн 60-61/ нарийн мэдүүлэг, Д.Агийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 131-132/, С.Хы сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 133-135/, “Гүүд прайс” гүйлгээний хуулга /хх-ийн 45-46/, С.Хы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67/, Д.Агийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68/, шинээр өгсөн С.Хы хувийн байдалтай холбоотой 15 хуудас баримт, С.Хы хувийн байдалтай холбоотой 23 хуудас баримт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Х нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэв журмын офицероор эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа 2017 оны 2 дугаар сарын 20-21-ний шилжих шөнө “Тоёото Королла” маркийн 9376 УНК дугаартай тээврийн хэрэгслийг шалгаж, Д.Аг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон явсан зөрчлийг илрүүлсэн боловч түүний ашиг сонирхлын үүднээс “Замын цагдаагийн холбогдох албан тушаалтанд зөрчлийн талаар мэдэгдэж, шилжүүлэх” албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 300.000 төгрөгийн хахууль авсан,
шүүгдэгч Д.А нь 2017 оны 2 дугаар сарын 20-21-ний шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутагт “Тоёото Королла” маркийн 9376 УНК дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон явахдаа Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэв журмын офицер, цагдаагийн хошууч С.Хд саатуулагдан шалгагдаж, алба хаагчийн “Замын цагдаагийн холбогдох албан тушаалтанд зөрчлийн талаар мэдэгдэж, шилжүүлэх, улмаар хууль тогтоомжид заасан арга хэмжээ тооцох” албаны чиг үүргийг нь хэрэгжүүлүүлэхгүй, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор цагдаагийн офицер, хошууч С.Хд 300.000 төгрөгийн хахууль өгсөн болох нь:
гэрч О.Төмөрхуягийн /хх-ийн 54-55/: “... 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр “Тамир 114” чиглэлийн хөдөлгөөнт эргүүлийн албаны 2043 УНҮ дугаартай автомашинаар Сүхбаатар дүүргийн 4, 5 дугаар хороодод эргүүлийн офицер С.Хы хамт 2017 оны 2 дугаар сарын 21-ний өглөөний 09 цаг хүртэл хуваарийн дагуу албан үүргээ гүйцэтгэсэн. Шөнө циркийн баруун талын замаар явж байхад өөдөөс ирж явсан саарал өнгийн жижиг суудлын тэрэг сэжиг бүхий байдлаар баруун гар тийшээ эргэхэд эргүүлийн офицер С.Х уг автомашины араас явах үүрэг өгсөн. Улмаар 31 дүгээр сургуулийн зүүн талын замаар гараад рестораны өмнөх автомашины зогсоол дээр зогссон. Би автомашиндаа үлдэж, офицер С.Х очиж шалгалт хийсэн. Удалгүй жолоочтой нь ирж машинд суугаад “замын цагдаа руу ярина, эрхийг чинь хасуулна” гэж хэлж байсан. С.Х нөгөө машиныг жолоодоод жолоочийг нь суулгаад “замын цагдаа руу явлаа” гээд намайг “араас ирээрэй” гэж хэлээд явсан. Намайг хөдлөх гэж байтал “Тамир 115” чиглэлд 2044 УНҮ дугаартай тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж байсан Н.Ганцоож, Б.Түвшинтөгс нар ирээд 10-15 минут орчим ярилцаад зогсож байтал С.Х “Их Монгол” рестораны замын чиглэлээс алхаад ирсэн. Н.Ганцоож, Б.Түвшинтөгс нарыг хөдлөх гээд машин дотроо сууж байтал С.Х “хоолонд ороорой” гэж хэлээд машины цонхоор мөнгө өгсөн. Тэр хоёрыг хөдлөөд явсны дараа надад 50.000 төгрөг өгсөн. С.Х офицерийг тухайн тээврийн хэрэгслийн жолоочийн согтуурлыг багажаар шалгасан эсэхийг мэдэхгүй байна. Харин манай машинд суухад нөгөө жолоочоос архи нилээн үнэртэж байсан. Би ямар учиртай мөнгө болохыг нь асууж амжаагүй байтал станцаар С.Х офицерийн хувийн дугаарын арын оронтой адил дугаар хэлээд асууж байхаар би өгсөн мөнгийг нь шууд буцааж өгөөд “та мөнгө авчихсан юм уу” гэж хэлсэн. С.Х офицер шууд “хэлтэс рүү явъя” гэж хэлсэн. Бид нарыг хэлтэс дээр очиход Н.Ганцоож, Б.Түвшинтөгс хоёр ирчихсэн байсан. Хэлтсийн жижүүр Бум-Эрдэнэ “алба хаагч мөнгө авсан байна” гэж хэлэхээр нь мэдээллийг нь уншаад С.Х хошууч 300.000 төгрөг авсан гэдгийг мэдсэн. Станцаар 1009 гэсэн тоог хэлж байсан. Би анх С.Хыг мөнгө авсан гэдгийг мэдээгүй байсан. Хэлтэс рүү явах замд Н.Ганцоож залгаад “хүнээс мөнгө авсан юм биш үү” гээд өгсөн мөнгийг нь буцааж өгсөн. С.Х замдаа надад 150.000 төгрөг авсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Түвшинтөгсийн /хх-ийн 56-57/: “... 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хуваарийн дагуу албан үүргээ гүйцэтгэж яваад шөнийн 01 цагийн орчим Энхтайваны гүүрний баруун талын “Петровис” шатахуун түгээх станцаас шатахуун авахаар хэв журмын офицер Н.Ганцоожийн хамт цагдаагийн 2044 УНҮ дугаартай тээврийн хэрэгслээр циркийн зүүн талын замаар явж байтал 2043 УНҮ дугаартай цагдаагийн автомашин зогсож байсан. Яваад очтол “офицер С.Х хүнтэй уулзахаар явсан, хүлээж байна” гээд ахлах ахлагч О.Төмөрхуяг ганцаараа машиндаа сууж байсан. Бид 3 тамхилаад байж байтал офицер С.Х ирээд Н.Ганцоож бид хоёрт 50.000 төгрөг өгөөд “хоол идээрэй” гэхээр нь өгсөн мөнгийг нь авсан. Машиндаа шатахуунаа авчихаад буцаад явахад офицер Н.Ганцоож нь “наад 2 чинь хүнээс мөнгө төгрөг авчихсан байх буцааж өгье” гэхээр нь Эрүүл мэндийн яамны урд С.Х, О.Төмөрхуяг хоёрыг дуудаад 50.000 төгрөгийг нь буцааж өгсөн. С.Х юу ч хэлэлгүй мөнгийг буцааж авсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Н.Ганцоожийн /хх-ийн 57-58/: “... 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хуваарийн дагуу “Тамир 115” чиглэлд цагдаа жолооч, ахлах ахлагч Б.Түвшинтөгсийн хамт 2044 УНҮ дугаартай тээврийн хэрэгслээр албан үүргээ гүйцэтгэсэн. Энхтайваны гүүрний баруун талын “Петровис” шатахуун түгээх станцаас шатахуун авахаар циркийн зүүн талын замаар явж байтал “Тамир 114” чиглэлийн 2043 УНҮ дугаартай цагдаагийн автомашин зогсож байсан. Яваад очтол “офицер С.Х хүнтэй уулзахаар явсан, хүлээж бай гэсэн” гээд ахлах ахлагч О.Төмөрхуяг ганцаараа машиндаа сууж байсан. Бид хоёрыг хөдлөх гэж байтал Циркийн баруун талаас С.Х алхаад ирсэн. Тэгээд Б.Түвшинтөгс бид хоёрт “хоол идээрэй” гээд 50.000 төгрөг өгсөн. Бид хоёр хөдлөөд явж байтал “Тамир 10” станцаар цагдаагийн хувийн дугаарын 2,3 орон хэлээд асууж байсан. Бид хоёр “тэр хоёр хүнээс мөнгө авчихаагүй байгаа” гэж ярилцаад С.Хыг Эрүүл мэндийн яамны урд дуудаад 50.000 төгрөгийг нь буцааж өгөөд “асуудлаа өөрсдөө шийдээрэй” гэж хэлсэн. С.Хаас ямар учиртай мөнгө болох талаар асууж лавлаагүй...” гэх мэдүүлгээр,
гэрч Т.Нямсайханы /хх-ийн 60-61/: “... Эргүүлийн офицерийн ажлын байрны тодорхойлолтын 1.5 дахь хэсэгт заансы дагуу эргүүлийн офицер С.Х нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг илрүүлсэн бол баримтжуулан харъяа дүүргийн замын цагдаагийн хэлтэст шилжүүлэх үүрэгтэй...” гэх мэдүүлгээр,
Д.Агийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 131-132/: “... Цагдаагийн алба хаагчид 300.000 төгрөгийн хахууль өгсөн гэдгээ би өөрөө дуудлага өгч мэдэгдсэн. Тухайн үед намайг согтуурлын зэрэг шалгадаг багажаар шалгаагүй. Фото зургийн цаас шиг зүйл рүү цонхны цаанаас үлээлгэсэн. Цагдаагийн алба хаагч надад “шинэ хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сарын хугацаатай хасч, 1.000.000 төгрөгөөр торгох шийтэл оногдуулахаар заасан байгаа” гэж хэлсэн. Миний хувьд “цагдаагийн алба хаагч нарт мөнгө өгөхгүй бол салахгүй юм байна” гэж бодоод мөнгө өгсөн. Би машиндаа 0,33 граммын 3, 0,5 граммын 1 пиво уусан...” гэх мэдүүлгээр,
С.Хы яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 134-135/: “... 2017 оны 2 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө “Тамир 114” чиглэлд О.Төмөрхуягийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа Д.Аг “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан зөрчлийг илрүүлсэн. Тээврийн хэрэгслийг журамлахаар замын цагдаагийн хэлтэс рүү явж байх замд Д.А “машинаар хүүхдээ зөөдөг ажилтай, гэм буруугаа ойлгож байна. Намайг явуулчих” гэж гуйгаад байхаар нь би зөвшөөрсөн. Тэгээд “машинаа өглөө ирж аваарай” гээд “Сөүл” плазагийн авто зогсоол руу явж байхад ““ХААН” банкны урд талд зогсоод өгөөч” гэсэн. 5-10 минутын дараа гарч ирсэн. Би машиныг нь “Сөүл” плазагийн авто зогсоолд байрлуулж “өглөө ирж аваарай” гэж хэлтэл миний халаасанд “баярлалаа” гээд мөнгө хийснийг нь аваад замдаа тоолж үзэхэд 300.000 төгрөг байсан. Тэгээд машин дээрээ очиход “Тамир 115” чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан Н.Ганцоож, Б.Түвшинтөгс нар ирсэн байхаар нь О.Төмөрхуяг тэр гуравт “хоолонд ороорой” гээд тус бүр 50.000 төгрөг өгсөн. Би энэ мөнгийг хээл хахуульд өгсөн гэж ойлгоогүй...” гэх мэдүүлгээр болон Сүхбаатар дүүргийн 1-8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 24 цагаар авто эргүүл, бичил хэсэгт үүрэг гүйцэтгэх алба хаагчдын хуваарь, томилгоо /хх-ийн 30-31/, хэв журмын удирдлагын төвийн ахлах зохицуулагчийн хоногийн хугацаанд утсаар хүлээн авсан мэдээ, мэдээлэл /хх-ийн 33-35/, Д.Агийн “Голомт” банк дахь 1809162951 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 49/, СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл (Д.А явсан газрын маршрутаа фото зургаар бэхжүүлсэн) /хх-ийн 52/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай тогтоол /хх-ийн 53/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл Д.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, түүнээс согтууруулах ундааны зүйл үнэртэж байсныг, С.Х нь тухайн өдөр “Тамир 114” чиглэлийн хөдөлгөөнт эргүүлийн албаны 2043 УНҮ дугаартай автомашинаар Сүхбаатар дүүргийн 4, 5 дугаар хороодод эргүүлийн офицероор албан үүрэг гүйцэтгэж байсан, С.Х, Д.А нарын хооронд “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сарын хугацаатай хасч, 1.000.000 төгрөгөөр торгох, машинаар хүүхдээ зөөдөг ажилтай, гэм буруугаа ойлгож байна, намайг явуулчих” гэсэн яриа үүссэн, С.Х Д.Агийн хүсэлтийн дагуу түүнээс мөнгө авч албаны шалгалтыг үргэлжлүүлэн явуулалгүйгээр тавьж явуулсан, Д.Агаас авсан мөнгөнөөс “хоолонд ороорой” хэмээн бусдад тараасан зэргийг нь гэрч, яллагдагч нар мэдүүлсэн, холбогдох баримт бичиг зэргээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгчөөс “…өөртөө давуу байдал бий болгох зорилго байгаагүй, С.Хд хахууль өгөөгүй, цагдаагийн алба хаагч дарамталж мөнгө авсан” хэмээн, С.Х, түүний өмгөөлөгчөөс “…хээл хахууль аваагүй” хэмээн үгүйсгэж буй боловч тэдний хооронд ямар ашиг сонирхол байсан, хэрхэн ямар шалтгааны улмаас цагдаагийн алба хаагчид мөнгө өгсөн талаар баримтат мэдээллээр эргэлзээгүй баталсан нь дараахь байдлаар хэрэгт авагджээ.
Үүнд: Д.А яллагдагчаар “…Цагдаагийн алба хаагч надад “шинэ хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сарын хугацаатай хасч, 1.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан байгаа” гэж хэлсэн. Миний хувьд цагдаагийн алба хаагч нарт мөнгө өгөхгүй бол салахгүй юм байна гэж бодоод мөнгө өгсөн…” (хэргийн хуудас 131-132) гэж, гэрч О.Төмөрхуяг “…С.Х очиж шалгалт хийсэн. Удалгүй жолоочтой нь ирж суугаад “замын цагдаа руу ярина, эрхийг чинь хасуулна” гэж хэлж байсан…” (хэргийн хуудас 54-55) гэж, С.Х яллагдагчаар мэдүүлэхдээ “…Тээврийн хэрэгсэлийг журамлахаар Замын цагдаагийн хэлтэс рүү явж байхад Д.А “машинаар хүүхдээ зөөдөг ажилтай, гэм буруугаа ойлгож байна, намайг явуулчих” гээд байхаар нь би зөвшөөрсөн…” (хэргийн хуудас 134-135) гэж мэдүүлсэн нь тус тус авагджээ.
Дээрх нөхцөл байдлууд нь тэдний хооронд ямар нэгэн дарамт, тулган шаардалт байсан гэх эргэлзээ төрүүлэхээр өөр ямар нэгэн баримт сэлт мөрдөн байцаалтаар авагдаагүйг, хээл хахууль авагч, өгөгч талуудын харилцан ашиг сонирхол буюу Д.Агийн хувьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулахгүй байх, албаны шалгалтыг үргэлжлүүлэн явуулахгүй байх зэргээр өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс цагдаагийн алба хаагчид 300.000 төгрөг өгсөнийг, С.Хы хувьд Д.Агийн дээр дурьдсан ашиг сонирхлын үүднээс зөрчлийг баримтжуулах арга хэмжээ авахгүй байх, Д.Агаас согтууруулах ундааны зүйл үнэртсээр атал согтуурал шалгах багажаар шалгаж, тогтоохгүй байх, Замын цагдаагийн холбогдох албан тушаалтанд зөрчлийн талаар мэдэгдэхгүй, шилжүүлэхгүй байх зэргээр албаны чиг үүргийг хэрэгжүүлээгүйн төлөө 300.000 төгрөг авсныг, тэдний харилцан ашиг сонирхлын нэгдлийг илэрхийлэн дүгнэх нотолгооны үндэслэл болно.
Мөн хээл хахууль авагч талын ашиг сонирхол дээр дурьдсанаар илэрхийлэгдсэн тул Д.Агийн “алькохолгүй” пиво уусан эсэх нь хэргийн хамаарлыг тодорхойлоход онцын ач холбогдолгүй.
Иймээс шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчөөс гаргасан “…хэргийг хэрэгсэхгүй болгох, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх…” зэрэг хүсэлтүүдийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
С.Х нь өөрийн албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, албан тушаалтны хувьд өөрт нь олгогдсон эрх хэмжээг зориудаар биелүүлэхгүйгээр бусдаас бага бус мөнгөн хөрөнгийг өөрөө авсан үйлдэл нь “хээл хахууль авах” гэмт хэргийн, Д.А нь түүний хууль бус хүсэл шаардлагын дагуу давуу байдал олгосны төлөө эрх бүхий албан тушаалтанд мөнгөн хөрөнгө өгсөн үйлдэл нь “хээл хахууль өгөх” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байна.
Шүүгдэгч С.Хы үйлдсэн гэмт хэрэг нь тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг, шүүгдэгч Д.Агийн үйлдсэн гэмт хэрэг нь тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг тус тус агуулан тодорхойлогдоно.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгч С.Хы хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүйгээр хээл хахууль авсан, шүүгдэгч Д.Агийн албан тушаалтанд өөрөө хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж тэдэнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Прокуророос шүүгдэгч С.Хыг 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Д.Аг мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллахаар дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.
2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...”, “…үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуусан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж тус тус тодорхойлж өгчээ.
Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг ямарваа нэг хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно.
2002 оны Эрүүгийн хуулийн “Хээл хахууль авах” (268 дугаар зүйлийн 268.1) гэмт хэрэгт оногдуулах хамгийн хүнд төрлийн ял болох хорих ялын дээд хэмжээ шинэчилэн найруулсан Эрүүгийн хуульд “Хахууль авах” (22.4 дүгээр зүйлийн 4 ) гэмт хэрэгт ихэссэн боловч торгох ялын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээ нь багассан байна. Иймд С.Хы үйлдсэн “хээл хахууль авах” гэмт хэргийг 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байна.
Мөн Д.Агийн үйлдлийг 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Хахууль өгөх” гэмт хэргээр зүйлчилсэн хууль зүйн үндэслэлтэй байна. Хэдийгээр 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуульд “Хахууль өгөх” гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн харуцлагын төрөл, агуулга нэмэгдэж орсон боловч 2002 оны Эрүүгийн хуулийн “Хээл хахууль” өгөх гэмт хэрэгт оногдуулах хамгийн хүнд төрлийн ял болох хорих ялын доод хэмжээ шинэчилэн найруулсан Эрүүгийн хуульд (“Хахууль өгөх” гэмт хэрэгт) багассан нь түүний үйлдлийг дээрх хуулийн зүйл, хэсгээр зүйлчлэх үндэслэл болов.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч С.Хыг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор торгох, шүүгдэгч Д.Аг Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор торгох ял тус тус шийтгэхээр тогтов.
Шүүх С.Х, Д.А нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж тус бүрт оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.
Гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 300.000 төгрөгийг (хээл хахуульд авсан мөнгөө Д.Ад буцаан өгснөөс үл шалтгаалж) шүүгдэгч С.Хы хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр тогтов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт Сандагийн Хыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч Боржигон овогт Дорждэрэмийн Аг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл, хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар,
2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х, Д.А нарт тус бүр оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
4. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х, Д.А нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х, Д.А нарт тус бүр оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч С.Хы хувьд ногдох хөрөнгө орлогоос 300.000 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
7. Шүүгдэгч С.Х, Д.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СD-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Х, Д.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ