Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2025/0256

 

 

 2025          04           10                                     128/ШШ2025/0256

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Наранцацрал,  нэхэмжлэгч Б.С***, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б*** нарыг оролцуулан Б.С*** нэхэмжлэлтэй, Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгчийн өмнө ажиллаж байсан албан тушаалд одоогоор хүн томилоогүй байгаа тул өөр хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй. Тухайн үед төрийн албаны зөвлөлөөс тусгай шалгалт зарласан байсан боловч тухайн шалгалтыг хойшлуулсан байдаг. Нэхэмжлэгчийн албан тушаалд нь түр орлон гүйцэтгэгчээр эргүүлэн томилно. Тусгай шалгалт дахин зарлуулж шалгалт өгнө гэсэн үг. Эргүүлэн томилоход төрийн албанд дүйцүүлэн тооцох боломжтой гэж үзэж байгаа” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.С***ээс Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан “Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн *** тоот тушаалыг хүчингүй болгох”, “Б.С***г Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийн газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн томилохыг даалгуулах”, “Б.С***ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн *** тоот албан бичгээр тус яамны Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Б**нд олгосон итгэмжлэлийн агуулгаас үзэхэд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид эвлэрэхээс бусад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан бүрэн эрхүүдийг олгосон, мөн  21 дугаар зүйлд заасан хариуцагчийн бүрэн эрхийг олгосон ба үүнээс үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрх олгогдсон болох нь тогтоогдож байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байна.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд хариуцагчийн зөвшөөрлийг батлахад, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байх болон хуульд харшлаагүй байх гэсэн 2 шалгуурыг харгалзан үзэхээр байна.   

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нэхэмжлэгчийн өмнө ажиллаж байсан албан тушаалд одоогоор хүн томилоогүй байгаа, сул байгаа тул өөр хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй. Тухайн үед төрийн албаны зөвлөлөөс тусгай шалгалт зарласан байсан боловч тусгай шалгалтыг сонгууль зэрэг тодорхой шалтгааны улмаас хойшлуулсан байдаг. Нэхэмжлэгчийн албан тушаалд нь түр орлон гүйцэтгэгчээр эргүүлэн томилно. Дараа тусгай шалгалтыг дахин зарлуулж, зохион байгуулах болно. Нэхэмжлэгчийг урьд ажиллаж байсан албан тушаалд нь эгүүлэн томилох боломжтой, нэхэмжлэгч нь Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын даргын албан тушаалд олон жил ажилласан тул уг театрын даргын албан тушаалыг төрийн албанд дүйцүүлэн тооцох боломжтой гэж үзэж байгаа”,

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.П***ын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн *** тоот албан бичигт “...Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дэргэдэх Салбар зөвлөлөөс 2005 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн албан бичгээр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалтыг 2 удаа зарлахад Б.С***ээс өөр иргэн бүртгүүлээгүй байгаа тухай дурдаад, уг албан тушаалд томилох боломжтой эсэх талаар Төрийн албаны зөвлөлд хандаж зөвлөмж хүссэн байна. Төрийн албаны зөвлөлөөс хариу зөвлөмж хүргүүлсний дагуу Б.С***г Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2005 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ** дугаар тушаалаар уг албан тушаалд томилсон болох нь ирүүлсэн баримт бичгүүдээр тогтоогдож байна..Иймд Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2019 оноос хойш хэрэгжиж эхэлснээр бий болсон төрийн албан хаагч албан тушаалд томилогдох тусгай шалгалт өгөхдөө төрийн албаны ерөнхий шалгалт өгсөн байх эрх зүйн зохицуулалт нь Б.С***ийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэж үзэн Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн *** дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 11.3-т “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтаар нэр дэвшин томилогдож байсан бол Ерөнхий шалгалтад тэнцсэнд тооцно” гэж зааснаар Урлаг уран бүтээлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.С***г төрийн албаны ерөнхий шалгалт өгснөөр тооцох боломжтой байна. Цаашид Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, 33.3 дахь хэсэгт заасны дагуу төрийн албаны тусгай шалгалт өгч, төрийн захиргааны албан тушаалд томилох эрх зүйн зохицуулалттай болохыг анхаарна уу” гэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн агуулгаар тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.П***ын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн *** тоот албан бичгээс үзэхэд мөн дээрхтэй адил агуулгаар тусгагдсан байна.

Дээрх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгчийн эгүүлэн томилуулахаар маргаж байгаа Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд хүн ажиллаагүй, сул байгаа, мөн нэхэмжлэгч нь Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын даргын албан тушаалд олон жил ажилласан тул уг театрын даргын албан тушаалыг төрийн албанд дүйцүүлэн тооцох боломжтой,  нэхэмжлэгчийн албан тушаалд нь түр орлон гүйцэтгэгчээр эргүүлэн томилно, дараа тусгай шалгалтыг дахин зарлуулж, зохион байгуулна гэсэн агуулгаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байх ба эдгээр тайлбарлаж байгаа үндэслэл нь Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.П***ын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн *** тоот албан бичгээр дэмжигдэж байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, тус захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.  

Мөн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн *** дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.С***г Урлаг, уран бүтээлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлсөн байх ба уг тушаалаас үзэхэд нэхэмжлэгч нь маргаан бүхий тушаалд түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан байна.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд “сонгууль зэрэг төрийн байгууллагуудын үйл ажиллагаанаас шалтгаалж төрийн албаны тусгай шалгалт хойшлогдсоор ирсэн учир би тусгай шалгалтыг өгөөгүй байгаа гэж” тусгай шалгалт өгөөгүй гэдгээ нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, тайлбарласан болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг маргаан бүхий албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилох байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

Иймд хариуцагч нь тус шүүгчийн захирамжийг биелүүлэхдээ дээр тайлбарласан үндэслэлүүдийг анхаарах нь зүйтэй.

Дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, тус захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон Захирамжлах нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.С***ийн “Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн *** тоот тушаалыг хүчингүй болгох”, “Б.С***г Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн томилохыг даалгуулах”, “Б.С***ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хариуцагч Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга хүлээн зөвшөөрснийг баталж, тус захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар тус шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

  

 

ШҮҮГЧ                                  М.БАТЗОРИГ