Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 317/ШШ2025/00261

 

 

 

2025       03        06                                       317/ШШ2025/00261

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймгийн сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Төв аймаг, Баянчандмань сум, 00 дугаар баг, 00 дугаар гудамж, 0 тоотод оршин суух, регистрийн дугаар 000, Боржигон овогт Б.Бийн нэхэмжлэлтэй,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Төв аймаг, Баянчандмань сум, 0 дугаар баг, Замт уурхайн байр, 00 тоотод оршин суух, регистрийн дугаар 000, Р овогт Г.Л,

Хүүхдийн тэтгэлгийн хэмжээ өөрчлөн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энх-Амгалан, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Алтанчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Б нь “Хүүхдийн тэтгэлгийн хэмжээг өөрчлөн тогтоолгох тухай” нэхэмжлэл гаргасан бөгөөд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1. “Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 151/ШШ2022/00 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Б.Б нь 4 хүүхдийн тэтгэлгийг өөрийн эхнэр болох Г.Лд сар бүр 447.400 төгрөгөөр төлж байгаад 2024 оны 1 дүгээр сараас 1.160.000 төгрөг сар бүр төлөх болсон. Учир нь том хүү Б.м настай болж, амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг төлөгдөх болсон. Мөн нэхэмжлэгч Б.Б 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдөх ажил дээрээ үйлдвэрлэлийн осолд орж, баруун гарын сарвуу хэсгээ гэмтээж, эмчлүүлж байгаад 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын 00 тоот шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтын 50 хувиар хугацаагүй тогтоогдсон. Тэрээр Баян шувуу ХХК-д засварчин ажилтай бөгөөд сард 1.450.000 төгрөгийн цалин авдаг тухай тус компанийн тодорхойлолт хэрэгт ирсэн. Үндэсний статистикийн хорооны даргын 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн А/09 дүгээр тушаалаар төвийн бүсийн амьжиргааны доод түвшингийн хэмжээ 483.000 төгрөг болсон. 3 хүүхдэд 724.500 төгрөг, Б.М 483.000 төгрөг, нийт 1.207.500 төгрөг болж байна. 2025 онд Б.Б нь 1.450.000 төгрөгийн цалин авдаг. Сарын төлөлт 1.207.500 төгрөгийг хасахаар 242.500 төгрөг өөрт нь үлдэж байна. Тэтгэлгийн хэмжээ цалингийн 50 хувиас хэтрээд, өвчтэй ээжтэйгээ амьдарч, амжиргааны түвшин доошилсон тул тэтгэлгийн хэмжээг цалингийн 50 хувиар тогтоолгох буюу 4 хүүхдийн тэтгэлгийн нийт хэмжээг 725.000 төгрөгөөр тогтоож өгнө үү” гэжээ.

2.  Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Л шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б.Бийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баримтад цалин нь 2.000.000 төгрөг гарсан байна. Үндсэн цалин 1.450.000 төгрөг, нэмээд урамшуулал, илүү цаг, хоолны мөнгө орж ирдэг. Цалин нь хэлбэлзээд 2.000.000 төгрөг орчим авч байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Б.Бийн цалин хөлсний 50 хувиар ажиллагаа явуулж байгаа. Төлөөгүй үлдэгдэл 4.000.000 төгрөгийн төлөлтийг цалин хөлсний 50 хувиар авч, үүнээс хойш 100 хувиар авна гэж хэлсэн. Нягтлантай нь тулгалт хийж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хийж байгаа. Хэрэв энэ шийдвэрээр нэхэмжлэгчийн цалингийн 50 хувь буюу 725.000 төгрөгөөр тогтоовол 4 хүүхдийн хэрэгцээний хаана ч хүрэхгүй. Б.Б нь хүүхдүүдийн эцэг байх үүргийг биелүүлдэггүй. Хүүхдүүдтэйгээ уулздаггүй. Хүүхдийн тэтгэмжийн мөнгийг авч, өөрт нь үүрэг хариуцлагыг өгмөөр байна. Би өөрийн гэр орон байхгүй, амьдралын нөхцөл байдал муу. Тийм учраас тэтгэлгийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна. Миний цалин 1.350.000 төгрөг, мөн 1.000.000 төгрөгийн зээлтэй. Хүүхдүүдээ би ганцаараа өсгөдөг, өөр харж, хандах хүн байхгүй. Би Б.Бтэй анх суугаад л Төв аймгийн Баянчандманьд очиж амьдарсан. Тэнд надад ах, дүү, хамаатан садан байхгүй, туслаж дэмждэг хүнгүй. Бид нарын нөхцөл байдлын хувьд хүүхдийн асуудал яригдаж байна. Би машин лизиндэж авч, цалингаас өөр шөнийн нэмэгдэл, ажилласан жилийн нэмэгдэл гээд нийт цалингаас 200.000 төгрөг л үлддэг. Зээл тавьж, өрийн сүлжээнд амьдардаг. Сургууль цэцэрлэгээс маш их мөнгө нэхдэг. 5 дугаар ангийн хүүхэд хонхны баярын мөнгө 500.000 төгрөг, хүүхдийн хуримтлалын мөнгө гээд сард 50.000 төгрөг гардаг. Хүүхэд өвдөж зовоход ямар ч үед тусалж дэмждэггүй. Том хүү хагалгаанд орсон. Эмчилгээний мөнгийг гаргаагүй. Хүүхдээ хамт асарч дэмждэг бол хамаагүй. Өвчтэй ээжтэйгээ амьдардаггүй. Тусдаа хүнтэй амьдарч байгаа. Цалингийн хувьд бас буруу мэдээлэлтэй байна. Шүүхийн шийдвэрээр хүүхдүүдийн тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр тогтоосныг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт, Ж.Энх-Амгаланд олгосон итгэмжлэл, Баяншувуу ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, нэхэмжлэгчийн амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар, Баян шувуу ХХК-ийн 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 1/008 дугаар тодорхойлолт, тус компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 293 дугаар тушаалын хуулбар, Б.Бийн Төрийн банк ХК дахь дансны хуулга, гэрэл зургийн үзүүлэлт зэргийг ирүүсэн.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс Төв аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн 2025 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 01/59 дүгээр албан бичиг, Хаан банк ХК-тай байгуулсан 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар, Хаан банк ХК-ийн 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн тодорхойлолт, Мемори майнд кидс ХХК-ийн төлбөрийн баримт 2 ширхэг зэргийг ирүүлсэн.

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжийн дагуу Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 328 дугаар албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх акт, Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1/1897 дугаар албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн 00 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийн хуулбар, Төв аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 434 дүгээр албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 151/ШШ2022/00 дугаар шийдвэрийн хуулбар, Төв аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 51 дүгээр албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн Б.Бийн 2022-2025 оны хоорондох нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, Төв аймгийн Татварын газрын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 00 дугаар албан бичиг зэрэг баримт авагдсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.  

2. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 151/ШШ2022/00 дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7 дахь хэсэгт зааснаар 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Б.М, 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү Б.С, 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү Б.Т, 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү Б.Тнарыг  эх Г.Лгийн асрамжид үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Б.Молом, Б.С, Б.Т, Б.Тнарыг тус тус 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Б.Б-өөр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэжээ.

            Улмаар тус шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 151/ШЗ2022/00 дугаар захирамж болон мөн өдрийн 151/ГХ2022/00 дугаар гүйцэтгэх хуудсын дагуу Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 00 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлж, төлбөр төлөгч Б.Б нь 2022 оны 4 дүгээр сараас 2024 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд нийт 9.679.084,29 төгрөгийг төлж, 1.733.165,71 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тухай лавлагааг ирүүлсэн.

            Гэвч нэхэмжлэгч Б.Б 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдөр ажлын байран дээрээ осолд орж, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн актаар үйлдвэрлэлийн осол мөн болохыг тогтоож, улмаар Төв аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Хөдөлмөрийн магадлах комиссын 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувиар тогтоогдсон байна.

            Мөн том хүү Б.М нь 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 11 нас хүрч, түүнд төлөгдөх тэтгэлгийн хэмжээ нэмэгдсэн бөгөөд нэхэмжлэгч нь дээрх 2 үндэслэлээр түүний цалин, хөдөлмөрийн хөлс 4 хүүхдийн тэтгэлгийг бүрэн төлөхөд хүрэлцэхгүй болсон тул шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийн хэмжээг бууруулж, сард төлөгдөх тэтгэлэг 1.207.500 төгрөгийг 725.000 төгрөг болгон тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

            Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон Г.Л нь “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, учир нь нэхэмжлэгчийн цалин, урамшуулал, илүү цагийн нэмэгдэл гээд 2.000.000 гаран төгрөгийн орлогтой болсон байна. Тэрээр хүүхдүүддээ санаа тавьдаггүй, миний өөрийн цалин, хөлс хүүхдүүдийн хэрэгцээнд хүрдэггүй” гэж маргасан.

            Баян шувуу ХХК-ийн 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 00 дугаар тодорхойлолтод дурдсанаар Б.Б нь 2024 оны 11 дүгээр сараас эхлэн сар бүр 1.450.000 төгрөг, урамшуулал 500.000 төгрөгөөр цалинжиж байгаа тухай дурдсан байх боловч Төв аймгийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар 2024 оны 10 дугаар сард 2.489.977,28 төгрөг, 2024 оны 11 дүгээр сард 2.064.473,68 төгрөг, 2024 оны 12 дугаар сард 2.345.454,55 төгрөгөөр цалинжиж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх ба 1 сарын дундаж цалингийн хэмжээ 2.299.968,5 төгрөг буюу үүний 50 хувь нь 1.149.984,25 төгрөг байна.

            Харин Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн хүснэгтэд дурдсанаар тэтгэлэг төлөгч Б.Бийн сар бүр төлөх ёстой тэтгэлгийн хэмжээ 2024 оны 3 дугаар сараас эхлэн 1.116.750 төгрөг болсон байх бөгөөд энэхүү үнийн дүн нь түүний сард авч буй цалин, орлогын 50 хувиас хэтрээгүй байна. 

            Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7-д “Тэтгэлэг төлөгч өөр хүүхэдтэй бөгөөд тэдгээр нь тэтгэлэг авагчаас бага орлоготой, тэтгэлэг төлөгч хөдөлмөрийн чадвараа алдсан, эсхүл тэтгэлэг авагч хүүхэд өөрөө хангалттай орлоготой бол шүүх тэтгэлгийн хэмжээг багасгаж болно” гэж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Шүүхийн шийдвэрээр суутгах, эсхүл тэжээн тэтгэх гэрээний дагуу төлөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн цалин хөлсний 50 хувиас хэтэрсэн буюу шүүхээр өөр тэтгүүлэгчид тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн бол тэтгэлэг төлөгч тэтгэлгийн хэмжээг өөрчлөн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж болно” гэж тус тус заасан.

Хэдийгээр хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.Б хөдөлмөрийн чадвараа алдсан нь тогтоогдож байгаа боловч түүний хөдөлмөрийн хөлс, цалин орлого нь 4 хүүхдийн тэтгэлгийг төлөхөд хүрэлцэхгүй болсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн тэтгэлэг авагч нь тэтгэлэг төлөгчөөс илүү орлоготой болсон, тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр өөр этгээдэд тэтгэлэг төлөхөөр болсон гэх нотлох баримт авагдаагүй тул Б.Бийн төлөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээг 725.000 төгрөг болгон тогтоох хууль зүйн үндэслэлгүй байна.  

Нөгөө талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр заавал биелэгдэх бөгөөд шүүхийн шийдвэрээр хүүхдүүдэд төлөх тэтгэлгийн хамгийн бага хэмжээг тогтоосон, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага тэтгэлэг төлөгчийн цалин, орлогын 50 хувиас хэтрүүлэхгүй суутгал хийж байгаа нь тогтоогдож байгааг тус тус дурдах нь зүйтэй.

 Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7, 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бийн “Хүүхдийн тэтгэлгийн хэмжээг өөрчлөн тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7, 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бийн “Хүүхдийн тэтгэлгийн хэмжээг өөрчлөн тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.ГЭРЭЛТУЯА