| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 317/2025/00094/И |
| Дугаар | 317/ШШ2025/00275 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 317/ШШ2025/00275
2025 03 10 317/ШШ2025/00275
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймгийн сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Алтанбулаг сум, Сумт 0 дүгээр баг, Цагаан толгойн 00 тоотод оршин суух, регистрийн дугаар 00, Х овогт Б.Б,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Бадам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б нь “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1. “Б.Б миний бие 1968 онд Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн. Бага дунд сургуулиа төгсөөд Төв аймгийн Алтанбулаг суманд Монгол, Солонгосын найрамдал Хөдөлмөр нэгдэлд ажиллаж байсан талаар баримт шүүлгэхэд огт гарч ирэхгүй байна. Одоо Нийгмийн даатгалын дэргэдэх эрүүл мэндийн магадлан зөвлөлийн шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтын 60 хувиар тогтоолгосон. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах нас болсон тул Монгол, Солонгосын найрамдал Хөдөлмөр нэгдэлд 1984 оны 7 дугаар 19-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл нормчноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэжээ.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт, 2025 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 00 дугаартай Төв аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багийн Засаг даргын оршин суух хаягийн тодорхойлолт, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 11 дугаартай Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн зөвлөмжийн хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 640 дугаартай Төв аймгийн Архивын тасгийн албан бичгийн хуулбар, 1984 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Төв аймаг Алтанбулаг сумын Монгол-Солонгос найрамдлын нэрэмжит “Хөдөлмөр” нэгдлийн зөвлөлийн даргын 00 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, 1984 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Төв аймаг Алтанбулаг сумын Монгол-Солонгос найрамдлын нэрэмжит “Хөдөлмөр” нэгдлийн зөвлөлийн даргын 00 дугаартай тушаалын хавсралтын хуулбар, О.М 00 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн О.Н шүүхэд гаргасан “Тодорхойлолт гаргах тухай” хүсэлтийн хуулбар, С.Валягийн 00 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 151/ШШ2019/00 дугаартай шүүхийн шийдвэрийн хуулбар, Ө.О иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг ирүүлжээ.
3. Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2025 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 00 дугаартай “Архивын лавлагаа” албан бичиг, Төв аймаг Алтанбулаг сумын Монгол-Солонгос найрамдлын нэрэмжит “Хөдөлмөр” нэглийн зөвлөлийн даргын 66 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Төв аймаг Алтанбулаг сумын Монгол-Солонгос найрамдлын нэрэмжит “Хөдөлмөр” нэглийн зөвлөлийн даргын 00 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хавсралтын хуулбар, Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2025 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 00 дугаартай “Б.Бийн цалингийн түүвэр”-ийн албан бичиг, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 00 дугаартай албан бичиг, БНМАУ-ын хүн амын регистрийн 046 дугаартай картын хуулбар, 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б.Бийн шүүхэд гаргасан “гэрч оролцуулахаас татгалзах тухай” хүсэлт, Б.Бийн 1987 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 00 дугаартай Цэргийн батлахын хуулбар зэрэг баримт бүрдсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан дараах баримтуудаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:
- Төв аймаг Алтанбулаг сумын Монгол-Солонгос найрамдлын нэрэмжит “Хөдөлмөр” нэглийн зөвлөлийн даргын 66 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар 1984 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн Б.Б нэгдсэн бригадад нормчноор ажиллуулахаар тогтоосон,
- Төв аймгийн Төрийн Архивын тасгаас ирүүлсэн Б.Бийн цалингийн түүвэрт Төв аймаг Алтанбулаг сумын Хөдөлмөр нэгдэлд нормчин, грүшик ажилтай Б.Бийн 1984 оны 11 дүгээр сард 108 төгрөг, 1984 оны 12 дугаар сард 109 төгрөг, 1985 оны 1 дүгээр сард 110 төгрөг, 1985 оны 2 дугаар сард 120 төгрөг, 1985 оны 3 дугаар сард 348 төгрөг, 1985 оны 4 дүгээр сард 151 төгрөг, 1985 оны 5 дугаар сард 73 төгрөг, 1985 оны 6 дугаар сард 391 төгрөг, 1985 оны 7 дугаар сард 255 төгрөг, 1985 оны 8 дугаар сард 181 төгрөг, 1985 оны 10 дугаар сард 190 төгрөг, 1985 оны 11 дүгээр сард 84 төгрөг, 1985 оны 12 дугаар сард 382 төгрөг, 1986 оны 1 дүгээр сард 135 төгрөг, 1986 оны 2 дугаар сард 248 төгрөг, 1986 оны 3 дугаар сард 166 төгрөг, 1986 оны 4 дүгээр сард 497 төгрөг, 1986 оны 5 дугаар сард 177 төгрөг, 1986 оны 7 дугаар сард 32 төгрөг, 1986 оны 11 дүгээр сард 111 төгрөг, 1986 оны 12 дугаар сард 148 төгрөг, 1987 оны 2 дугаар сард 135 төгрөг, 1987 оны 3 дугаар сард 99 төгрөг, 1987 оны 4 дүгээр сард 317 төгрөг, 1987 оны 5 дугаар сард 123 төгрөг, 1987 оны 6 дугаар сард 103 төгрөг, 1987 оны 12 дугаар сард 46 төгрөг, 1988 оны 7 дугаар сард 255 төгрөг, 1988 оны 8 дугаар сард 201 төгрөг, 1988 оны 9 дүгээр сард 322 төгрөгийн цалин авсан тухай баримт хадгалагдаж байгааг дурдсан,
- Ардын армийн 197 дугаар цэргийн ангид 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Б.Бийг хугацаат цэргийн албанд татаж, 1990 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Н/286 дугаар тушаалаар 626582 дугаартай цэргийн батлахтай халагдсаныг дурдсан байна.
Өөрөөр хэлбэл, дээрх бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч Б.Бийн Төв аймаг Алтанбулаг сумын Монгол-Солонгосын найрамдлын нэрэмжит “Хөдөлмөр” нэгдэлд 1984 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хугацаанд нормчин, грушикээр ажиллаж байсан байдал нотлогдож, тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хулганаа овогт Б Б Төв аймгийн Алтанбулаг сумын Монгол-Солонгосын найрамдлын нэрэмжит “Хөдөлмөр” нэгдэлд 1984 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хугацаанд нормчин, грушикээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА