Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 317/ШШ2025/00274

 

 

 

 

 

 

 

2025        03        10                                       317/ШШ2025/00274 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймгийн сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 00 дүгээр хороо, Баянхайрханы 00 дугаар гудамж, 00 тоотод оршин суух, регистрийн дугаар 00, Боржигон овогт Г.Д,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Бадам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Д нь “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1. “Г.Д миний бие 1990 оны Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байгаад 1993 оны 6 дугаар сарын ажлаас чөлөөлөгдсөн. Хөдөлмөрийн дэвтрээ алга болгосон тул Төв аймгийн архиваас ажилласан жилээ шүүлгэхэд ажилд орсон тушаал байгаад, ажлаас гарсан тушаал олдохгүй байна. Иймд миний 1990 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Зуунмод сумын 3 дугаар цэцэрлэгт ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэжээ.

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Засаг даргын 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 09 дугаартай оршин суух хаягийн тодорхойлолт, Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 4 дугаартай “Тус аймгийн Кино театрын даргын 1989 оны тушаалд ажлаас чөлөөлсөн тушаал гараагүй. Мөн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1989 оны тушаалд ажилд томилсон тушаал гараагүй тул иргэн Г.Дд лавлагаа олгох боломжгүй байна” гэх албан бичиг, Төв аймгийн Кино театрын даргын 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 66 дугаар тушаалын хуулбар, Төв аймгийн Соёлын хэлтсийн даргын 1989 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 34 дугаар тушаалын хуулбар, Төв аймгийн Соёлын хэлтсийн даргын 1990 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 47 дугаар тушаалын хуулбар, 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1990 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаар тушаалын хуулбар, Д.О 00 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Д.О иргэний үнэмлэхийн хуулбар, Г.Дгийн иргэний үнэмлэхийн хуулбар, Г.Дашцэрмаагийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Монгол Улсын хүний гавъяат эмч П.Бумбагын нэрэмжит Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 62 дугаартай “Тунгалагийн Должинсүрэн 1991 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 2950 грамм охин төрүүлсэн нь үнэн тухай” албан бичиг, Монгол Улсын хүний гавъяат эмч П.Бумбагын нэрэмжит Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн бүртгэлийн дэвтрийн 559/450 дугаар бүртгэлийн хуулбар зэргийг ирүүлжээ.

3. Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Д.О Г.Д нарын шүүхэд мэдүүлэг, тэдний иргэний үнэмлэхний лавлагаа, Төв аймгийн Төрийн архивын газрын 2025 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 54 дугаартай “Төв аймгийн 3 дугаар цэцэрлэгийн 1990-1994 оны цалингийн баримт тус төрийн архивын тасагт шилжиж ирээгүй тухай” албан бичиг, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 27/190 дугаартай “Төв аймгийн 3 дугаар цэцэрлэгийн бүртгэлийн мэдээлэл бүртгэгдээгүй тухай” албан бичиг, Төв аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дугаартай “Нотлох баримт хүргүүлсэн тухай” албан бичиг, Төв аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 028 дугаартай “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт”, Төв аймгийн Зуунмод сумын Ирээдүй цогцолбор цэцэрлэгийн 2025 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаартай “1990-1995 оны архивын баримт бичиг Ирээдүй цогцолбор цэцэрлэгт хадгалагдаагүй тухай” албан бичиг, Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 06/80 дугаартай “Г.Дд нэр холбогдох баримт байхгүй тухай” албан бичиг зэрэг баримт бүрдсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч нь Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар цэцэрлэгт 1990 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд туслах хүмүүжүүлэгчээр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэгт авагдсан Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1990 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаартай тушаалд: “... Д туслах хүмүүжүүлэгчээс чөлөөлж Я.Түвшинжаргалыг 8 дугаар сарын 16-ны өдрөөс туслах хүмүүжүүлэгчээр, цалинг 250 төгрөгөөр тогтоон ажиллуулсугай” гэж дурдсан байх ба уг тушаалын агуулгаас үзэхэд энэхүү тушаалаар Г.Дг ажлаас чөлөөлсөн байна.

Ийнхүү нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалаас өөр, дахин түүнийг тухайн 3 дугаар цэцэрлэгт ажилд томилсон, ажиллуулсан тухай үйл баримт хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдсонгүй.

Тодруулбал, нэхэмжлэгчийн ирүүлсэн Төв аймгийн Кино театрын даргын 1988 оны 66 дугаар тушаал, Төв аймгийн Соёлын хэлтсийн даргын 1989 оны 34 дүгээр тушаал, мөн даргын 1990 оны 47 дугаар тушаал зэрэг баримт нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй тул уг баримтуудыг үнэлэх боломжгүй байна.

Мөн тус шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу бүрдсэн Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 27/190 дугаар албан бичигт “... Зуунмод сумын 3 дугаар цэцэрлэгийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл бүртгэгдээгүй” гэж, Төв аймгийн Зуунмод сумын “Ирээдүй” цогцолбор цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаар албан бичигт “1990-1995 оны баримт тус цэцэрлэгийн архивт хадгалагдаагүй” гэж, Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 06/80 дугаар албан бичигт “Сумын Засаг даргын Тамгын газрын архивын сан хөмрөгт 3, 9 дүгээр цэцэрлэгийн 1990-1995 оны цалингийн баримт хадгалагдаж байгаа бөгөөд иргэн Г.Д холбогдох баримт байхгүй байгаа болно” гэж, Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2025 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 54 дүгээр албан бичигт “... 1990-1994 оны Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалд Г.Д холбоотой нотлох баримт гараагүй ба тухайн цэцэрлэгийн цалингийн баримт тус архивт шилжиж ирээгүй” гэж тус тус дурдсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Д.О:  “Г.Дгийн ээж нь манай цэцэрлэгт жижүүрээр ажилладаг байсан. Өөрийг нь сайн санахгүй байна. Миний бие 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс одоо хүртэл Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар цэцэрлэгт тогооч, жижүүрээр ажиллаж байна. Одоо жижүүр ажилтай. Г.Дгийн хувь түүний ээж н.Базархүү нь манай цэцэрлэгт жижүүр байсан. Г.Дгийн ажилласан эсэхийг би сайн мэдэхгүй байна. Ээжийг нь ямар ч байсан ажиллаж байсныг санаж байна” гэж, харин гэрч Г.Д: “Миний бие 1984 оноос 2009 оны хооронд Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар цэцэрлэгт нярав, туслах багшаар тус тус ажилласан. Энэ хугацаанд Г.Д 1990 оны намраас эхлэн 1993 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд манай цэцэрлэгт туслах багшаар ажилласан. Ингээд тэрээр амьдарлын шаардлагаар ажлаасаа гарч, Улаанбаатар хот руу шилжсэн. Туслах багшаас өөр ажил хийж байгаагүй” гэж мэдүүлсэн.

Хэдийгээр дээрх гэрч Г.Д нь нэхэмжлэгчийг тус цэцэрлэгт туслах багшаар ажилласан хэмээн мэдүүлсэн боловч уг гэрчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар давхар нотлогдохгүй байх бөгөөд зөвхөн нэг гэрчийн мэдүүлгийг үндэслэн нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлгүй байна.

Түүнчлэн Төв аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 028 дугаар лавлагаанд дурдсанаар Зуунмод сумын 3 дугаар цэцэрлэгээс 1991, 1992, 1993, 1994 онд нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн гэх мэдээлэл ирсэн боловч яг ажилтан Г.Дгийн нэр дээр нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн гэх баримтгүй, Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт Г.Д 1991 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүүхэд төрүүлсэн бүртгэл авагдсан боловч тухайн төрөлтийн түүх хадгалагдаагүй ажээ.

Ингээд шүүх нотлох баримт цуглуулах, шалгах бүхий л ажиллагаа хийсэн боловч Г.Дгийн Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар цэцэрлэгт 1990 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд туслах хүмүүжүүлэгчээр ажиллаж байсан байдал нотлогдож, тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар цэцэрлэгт 1990 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд туслах хүмүүжүүлэгчээр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэгч Г.Дгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.ГЭРЭЛТУЯА