| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батлайн Намхайдорж |
| Хэргийн индекс | 2323000000128 |
| Дугаар | 2024/ДШМ/05 |
| Огноо | 2024-01-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнх-Эрдэнэ |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2024/ДШМ/05
................., Н.............. нарт холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Ерөнхий шүүгч Ж.Баттогтох, шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн
Прокурор Ц............э
Шүүгдэгч У................. /цахимаар/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б...................
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б...............
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/131 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч У.Нямбаяр, түүний өмгөөлөгч Б.Энхжаргал нарын давж заалдах гомдлоор У.Нямбаяр, Н.Баянхангай нарт холбогдох 2323000000128 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, "......................" ХХК-ийн менежер ажилтай, ам бүл 4, аав, ээж, ахын хамт Завхан аймгийн Улиастай сумын ..... баг, .............-ийн дээд хэсэг ............ тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ........... овогт ............ын Нямбаяр, /регистрийн дугаар ............/
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 01 дүгээр 24-ний өдөр Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, программист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, ээж, 5 дүүгийн хамт Завхан аймгийн Улиастай сумын ............баг, ............... хэсгийн ..... тоот оршин суух хаягтай, урьд 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, ......... овогт .........Баянхангай, /регистрийн дугаар .........../
Шүүгдэгч У.Нямбаяр нь 2023 оны 07 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй баг, ..... хэсгийн .... тоотод байх иргэн А.Дагийсүрэнгийн гэрт Н.Баянхангайтай үл ялих зүйлээс болж маргалдах явцдаа түүний нүүрэнд гараараа 1 удаа цохиж түүний биед зүүн нүдний зовхинд зулгаралт, хамрын ясны хугарал, мурийлт гэмтлүүд бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт, шүүгдэгч Н.Баянхангай нь согтуурсан үедээ 2023 оны 07 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй баг, Жавхлант хэсгийн 2-13 тоотод байх иргэн А.Дагийсүрэнгийн гэрт У.Нямбаяртай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар А.Дагийсүрэнгийн гэрийн гадна харилцан зодолдож, түүний биед зүүн бугалгын дотор, гадна, зүүн шууны ар, нурууны ар, баруун гарын бугуй, шилний ар хэсэг, зүүн чамархай хэсэгт шарх, дээд эрүүний баруун 2-р шүдний хугарал, зүүн шуу, баруун бугуй, цохны хэсэгт зулгаралт гэмтлүүд бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх:
Шүүгдэгч Сартуул овогт Ууганбаярын Нямбаяр, Хянга овогт Нэргүйн Баянхангай нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Нямбаяр, Н.Баянхангай нарыг тус бүр 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Нямбаяр, Н.Баянхангай нарт оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Нямбаяр, Н.Баянхангай нарт оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарлаж, шүүгдэгч У.Нямбаяр, Н.Баянхангай нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Н.Баянхангайн 2,400,000 төгрөгийн нэхэмжлэлээс 2,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээний зардлын нотлох баримтаар тогтоогдсон 300,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шүүгдэгч У.Нямбаяраас гаргуулан Н.Баянхангайд олгуулж, шүүгдэгч Н.Баянхангайн 100,000 төгрөгийн нэхэмжлэлийг, шүүгдэгч У.Нямбаярын 1,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч нар нь уг гэмт хэргийн улмаас өөрсдийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой шүүхийн хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэл болон цаашид гарах бусад хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь тус тус нээлттэй үлдээж, шүүгдэгч У.Нямбаяр, Н.Баянхангай нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, болохыг тус тус дурдаж, оролцогчоос гаргаж өгсөн бичлэг бүхий 1 ширхэг СД дискийг хэргийн хамт хадгалж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч У.Нямбаяр, түүний өмгөөлөгч Б.Энхжаргал нар давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдол болон тайлбартаа: ...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд "...У.Нямбаяр нь өөрийн үйлдлийн гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй, би Н.Баянхангайг цохиогүй, намайг Н.Баянхангай цохиогүй харин Б..... араас цохисон байх гэж бодож байна гэж мэтгэлцсэн бөгөөд энэ нөхцөл байдал нь хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна" гэжээ. Хэрэгт авагдсан нотлох баримт буюу CD-ний бичлэгт Н.Баянхангайн хамар луу Аюурзана цохисон талаар яригддаг, мөн У.Нямбаяр Н.Баянхангай нарыг маргалдаж байхад араас цохисон талаар хохирогч У.Нямбаяр мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл У.Нямбаярт учирсан гэмтлийн байдлаар үзвэл урд нь маргалдаад зогсож байгаа хүн араас нь цохих боломжгүй байгаа юм. Дээрх нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, нотлогдвол зохих байдлыг бүрэн нотлоогүй, Аюурзанын үйлдэл оролцоог тогтоогоогүй, У.Нямбаярыг Н.Баянхангайд гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10-р сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/131 дугаартай шийтгэх тогтоолоос У.Нямбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Шүүгдэгч У.Нямбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт холбогдож байгаа Н.Баянхангайд ямар ч хайхрамж алга, хүнийг эрүүл мэндээр нь хохироочхоод шүүх хуралдаандаа орохгүй, ямар ч холбоо барихгүй. Би өөрөө ингэж хохирчхоод, Н.Баянхангайд хохирол учруулаагүй байхад үл тоосон байдалтай торгуулаад өнгөрөх юм байна гэж боддог. Дараа, дараагийн энэ хүмүүс дахин ийм асуудал гаргавал яах юм. Би бүх юмаараа хохирсон байна. Төрийн байгууллагад орох хүсэлттэй, гэвч одоо орох боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Хэдий болтол барилгын ажил хийж явах юм бэ? Би судалж үзсэн. Сорви арилгах лазер эмчилгээ 1 см нь 44.000 төгрөг байдаг. Хоёрт, би шүдээ хийлгэмээр байна. Имплант шүд 2,0 сая төгрөгөөс 2.5 сая төгрөг байдаг. Үс шилжүүлэн суулгах ажилбар хийлгэмээр байна. Шүүх эхлээд өөрийнхөө мөнгөөр янзлуулаад, буцаагаад нэхэмжлэл гаргаарай гэж байна. Өөрийнхөө, өмнөх амьдралын амьжиргааны зардлыг дийлэхгүй байна. Шүүгдэгч Н.Баянхангайгаас мөнгө гаргуулаад эмчилгээгээ хийлгэмээр байна гэв.
Шүүгдэгч Н.Баянхангайн өмгөөлөгч Б.Алтангэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Баянхангайн хувьд гэмт хэргээ анхнаас нь хүлээн зөвшөөрч тогтвортой мэдүүлэг өгсөн. Анхан шатны шүүх шударгаар хэргийг нь шийдвэрлэсэн гэж үзэж байна гэв.
Прокурор Ц.Мөнх-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: У.Нямбаяр, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолтой холбоотой дараах тайлбарыг хэлье. Хэргийн үйл баримтын талаар дурдвал. Дагийсүрэн гэх айлынд буюу Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн Жавхлант хэсгийн 2-13 тоотод 2023 оны 07 дугаар сарын 29-ны шөнөөс 30-нд шилжих шөнө уг үйл явдал болсон байдаг. Тухайн гэрт 4 хүн байдаг. Шүүгдэгч У.Нямбаяр, Н.Баянхангай, гэрч Дагийсүрэн, Аюурзана нар хамт байсан. Эдгээр хүмүүс бүгд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. У.Нямбаяр нь Н.Баянхангайд хандан чи арван жилд байхдаа хэзээ ийм байсан юм бэ? гэж хэлдэг ба хэн нь атаман байсан талаар хоорондоо маргадаг. У.Нямбаяр нь гэрт байхад Н.Баянхангайн хамар луу эхлээд цохисон. У.Нямбаярын цохисноос болж маргаан болсон. Дагийсүрэн, Аюурзана нар шүүгдэгч нарыг та хоёр гэрээс гарч учраа ол гээд гаргасан. Гэрийн гадна 5-10 минут болсны дараа У.Нямбаярын хамар цус болсон орж ирсэн. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт У.Нямбаяр нь би Н.Баянхангайг цохиогүй, намайг Н....... зодсон гэж мэтгэлцсэн. Н.Баянхангай У.Нямбаярыг би гадаа байхдаа цохисон. У.Нямбаяр нь миний нүдний орчим хэсэгт Эссэ гэх тамхи унтраасан, би ууж байсан архины аягаа барьж гарсан байсан аягаараа цохисон гэж үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Гэрч болох Аюурзана согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. У.Нямбаяр, Н.Баянхангай нарыг гэрээс гарч асуудлаа шийд гэж гаргасан, орж ирэхдээ харилцан зодолдоод хувцас нь цус болсон байдалтай орж ирсэн. Энэ үйл явдлыг гэрч болох Дагийсүрэн, Аюурзана нар нь мэдүүлгээрээ нотолдог. Мөн Н.Баянхангай хохирогчоор мэдүүлэг өгөхдөө мэдүүлсэн байдаг. У.Нямбаяр бол хүлээн зөвшөөрдөггүй. Шинжээчийн дүгнэлтээр ...У.Нямбаяр, Н.Баянхангай нар харилцан зодолдсоны улмаас бие, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Энэ 2 шүүгдэгч гэмт хэргийн харилцан хохирогч, харилцан шүүгдэгчийн байр суурьтай анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дээрх үйл баримт тогтоогддог. Шүүгдэгч У.Нямбаярын өмгөөлөгчийн зүгээс CD-ний асуудал ярьсан. У.Нямбаярын гэмтэл толгойн ар хэсэгт нь учирсан байна. У.Нямбаяр өөрөө шүүх хуралдаан дээр би хэн цохисныг хараагүй, сайн мэдэхгүй байна гэдэг. Араас цохих шиг болсон, Аюурзана байх гэж бодож байна гэдэг. Харин Дагийсүрэн, Аюурзана нар нь энэ 2 хоорондоо гадаа байхдаа зодолдсон гэдэг. Н.Баянхангай би толгойн ар хэсэгт нь цохисон гэж хүлээн зөвшөөрдөг. CD-ний бичлэг дээр У.Нямбаяраас Аюурзана уучлал гуйсан. Нотлох баримтыг үнэлнэ гэдэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16, 15 дугаар зүйлд зааснаар, Шүүх, Прокурор, Мөрдөгч нягт нямбай судлаад, өөрийнхөө дотоод итгэлээр үнэлдэг. Мөрдөгчийн зүгээс ...бичлэгийг CD дээр бэхжүүлж, шүүх хуралдаан дээр шинжлэн судалсан. Бичлэг дээр Аюурзана уучлаарай гэж хэлсэн байдаг. Уучлал, гуйлаа гээд Аюурзана У.Нямбаярыг цохисон гэсэн үг биш. Уучлаарай гэдэг үгийг ямар ч шалтгаантай хэлсэн байж болно. Шүүх, Прокурор, Мөрдөгчийн зүгээс бичлэгийг үнэлээгүй. Учир нь харилцан зодоон болж байгаа үеийн бичлэг биш байсан. Гэрт орж ирээд маргалдаж байгаа бичлэг байдаг. Маргааныг тодорхой бичээгүй байдаг. У.Нямбаярын зүгээс эдгээр хүмүүс хүн алсан бол яах вэ? гэж асууж байна. Үүн дээр тайлбар хэлэхэд, хэрэгт авагдсан нотлох баримт, тухайн үеийн нөхцөл байдал, үйл баримтад дүгнэлт хийдэг. Хүн алсан бол гэж дүгнэх боломжгүй. Хохирогч, шүүгдэгч У.Нямбаяр нь хэлж байна. Улсын яллагчийн зүгээс, ганц намайг буруутай юм шиг дүгнээд, бусад оролцогчдыг өмгөөлсөн байр суурьтай байна гэж байна. Ийм зүйл байхгүй, хэргийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэсэн. У.Нямбаяр, Н.Баянхангай нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо, харилцан зодолдож бие биедээ хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог. У.Нямбаяр өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрдөггүй. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж тогтоон, шүүгдэгч тус бүрд 700.000 төгрөгийн торгууль оногдуулсан. Улсын яллагчийн зүгээс 1.000.000 төгрөгөөр торгох ялын саналыг гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн оролцогчдын заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хяналаа.
Шүүгдэгч У.Нямбаяр нь 2023 оны 07 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй баг, Жавхлант хэсгийн 2-13 тоотод байх иргэн А.Дагийсүрэнгийн гэрт Н.Баянхангайтай үл ялих зүйлээс болж маргалдан шүүгдэгч Н.Баянхангай нь согтуурсан үедээ 2023 оны 07 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй баг, Жавхлант хэсгийн 2-13 тоотод байх иргэн А.Дагийсүрэнгийн гэрт У.Нямбаяртай үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар А.Дагийсүрэнгийн гэрийн гадна харилцан зодолджээ. Хэргийн үйл баримт нь
Н.Баянхангайн хохирогчоор өгсөн: “...У.Нямбаяр бид 2 арван жилийн сургуульд хамт суралцаж байсан юм. ...У.Нямбаяр бид хоёр уулзаад ..... баарны гадаа зогсож байгаад Наран баар луу буцаж очсон. ..... бааранд очоод найз болох Дагийсүрэнг караокены өрөөнөөс аваад бид гурав Дагийсүрэнгийн гэрт очихоор төв зам өгсөөд явж байтал театрын урдаас Дагийсүрэнгийн найз Аюурзана гэх залуу бид гурвыг таксигаар ирж аваад бид дөрөв Дагийсүрэнгийн гэрт очсон. Дагийсүрэнгийн гэрт очих үед гэрт нь 3 ширхэг 2.5 литрийн том пиво байсан. Тэгээд бид 4 тухайн пивийг тойруулж уугаад сууж байтал У.Нямбаяр намайг “чи хэзээ ийм болчихсон юм, чи 10-н жилд байхдаа ямар байлаа” гэх зэргээр үгээр идээд байсан. Тэгэхээр нь би Нямбаярт “би одоо 10-н жилийн Хангай биш болсон шүү” гэж хэлсэн. Тэгтэл У.Нямбаяр намайг баруун гараараа нүүр рүү нэг удаа цохиод авсан. Тэгсэн Дагийсүрэн босож ирээд та хоёр гарч учраа ол гэж хэлээд бид хоёрыг гэрээсээ гаргасан. Гэрийн гадаа гарч ирээд зогсож байтал У.Нямбаяр татаж байсан тамхиа миний зүүн нүдний доод хэсэгт дараад унтраачихсан. Тэгэхээр нь би гэрээс пиво ууж байгаад барьж гарч ирсэн ягаан өнгийн стаканаар У.Нямбаярын толгой хэсэгт 1 удаа цохисон. Тэгсэн стакан хагарсан. Нямбаяр надруу зөрүүлээд дайраад миний цээж хэсэгт гараараа 1 удаа цохисон. Тэгээд У.Нямбаяр бид хоёр ноцолдсон би ноцолдож байх үедээ гартаа барьчихсан байсан хагархай стаканаараа Нямбаярын хоёр гар, нуруу, цээж хэсэгт нь цохисон. Нэг харсан Нямбаярын цээжнээс цус гарсан байсан. Тэгээд бид хоёр Дагийсүрэнгийн гэрт буцаж орсон. Тэгсэн Аюурзана босож ирээд хөөе чи яаж байгаа юм бэ? гэж надад хэлсэн. Тэгээд Аюурзана тухайн үед Нямбаярын биеийг цамцаараа арчиж байсан. У.Нямбаяр намайг сандал дээр сууж байхад миний хажууд ирж суугаад Дагийсүрэнгээс нэг тамхи байвал өгчих гэж хэлээд сууж байгаад надад хэсэг хугацааны дараа за 1,500,000 төгрөг өгчих гэж хэлсэн. Тэгсэн Дагийсүрэн, Аюурзана нар юу яриад байгаа юм тийм юм байхгүй цагдаагаараа учраа олцгоо гэж хэлсэн. Тэгээд Нямбаяр бид хоёр гэрээс гараад цагдаа дуудаж ирсэн. Дагийсүрэнгийн гэрт У.Нямбаяр, Дагийсүрэн, Аюурзана бид дөрөв хамт очсон өөр хүн байгаагүй. ...Тухайн үед Аюурзана, Дагийсүрэн нар гэрт дотор байсан. Би хамраа янзлуулмаар байна.” гэх мэдүүлэг,
- У.Нямбаярын хохирогчоор өгсөн “...Тэгээд Баянхангай, Дагийсүрэн нарын хамт Баазруу Дагийсүрэнгийн гэрт очсон. Дагийсүрэнгийн гэрт очоод 2.5 литрийн Сэнгүр нэртэй 2 пиво лав байсан. Тухайн пивийг задлаад бид 4 тойрч суугаад хуваагаад уугаад сууж байгаад Дагийсүрэн тухайн үед 10 жилийн үеийн зодоон цохион яриад сууж байсан. Тэгсэн Дагийсүрэнгийн ярьж байсан 10 жилийн зодооны ярианаас болж Н.Баянхангай бид хоёр маргалдсан. Тэгсэн Дагийсүрэн босож ирээд Баянхангай бид хоёрыг та хоёр гарч учраа ол гэж хэлсэн. Тэгэхээр нь Баянхангай бид хоёр гэрээс нь гараад маргалдаад зогсож байх үед миний толгойн ар хэсэгт араас шил юм уу? эсвэл иртэй юмаар цохисон. Тэгээд би ухаан алдаад уначихсан. Би хэсэг хугацааны дараа босож ирээд өөрийгөө харах үед миний толгой хагарчихсан биеийг энэ тэнд иртэй зүйлээр сийччихсэн би Дагийсүрэнгийн гэрийн гадаа ганцаараа хэвтэж байсан. Тэгээд би босоод Дагийсүрэнгийн гэрт орох үед Аюурзана, Дагийсүрэн, Баянхангай нар хоорондоо цагдаа дуудаад яах юм бэ? хоорондоо мөнгө төгрөг өгөөд тохиролцъё гэж ярилцаж байсан. Тэгэхээр нь би утсаа гаргаж ирээд бичлэг хийсэн. Тэгээд би цагдаа рyy залгах гэтэл Дагийсүрэн миний утсыг булааж аваад намайг Дагийсүрэн чи цагдаа дуудаж яах гээд байгаа юм писда минь гэж хэлээд дарамталсан. Тэгээд би өөрөө цагдаа дуудсан. ...Дагийсүрэнгийн гэрт Баянхангай, Дагийсүрэн, Аюурзана бид дөрөв хамт очсон өөр хүн байгаагүй. ...Тухайн асуудал нь 2023 оны 07 дугаар сарын 29-30 нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сум Чигэстэй багт байрлах Дагийсүрэнгийн гэрийн гадаа хашаан дотор болсон асуудал байгаа юм. ...Би гомдолтой байна бие эрүүл мэнд сэтгэл зүй, гоо сайхан, шүд бие мах бодиороо хохирсон гомдолтой байна.” гэх мэдүүлэг,
- Гэрч Б.Аюурзанын “...2023 оны 07 дугаар сарын 29-ний оройн 00 цаг болох гэж байх үед би Дагийсүрэнгийн гэрт нь хонох гэж очтол гэртээ байхгүй байсан. Тэгэхээр нь Дагийсүрэнгийн утас руу залгахад Дагийсүрэн намайг театрын урд хүрээд ир гэсэн. Тэгээд би такситай театрын урд яваад очтол Дагийсүрэн, У.Нямбаяр, Н.Баянхангай нар зогсож байсан. Тэгээд бид дөрөв театрын урдаас хөдлөөд Дагийсүрэнгийн гэрт очсон. Бид дөрвийг Дагийсүрэнгийн гэрт очих үед хүн байхгүй байсан. Дагийсүрэнгийн гэрт орох үед үүд хэсэгт 2.5 литрийн 3 том пиво байсан. Бид нар Дагийсүрэнгийн гэрт ороод үүдний өрөөнд ширээ тойроод сууж байсан. Харин Баянхангай суугаагүй үүдэнд утсаа оролдоод зогсож байсан. Би тухайн пивыг задлаад тойруулаад байж байтал У.Нямбаяр босоод Баянхангайтай “Чи 10 жилдээ ийм байгаагүй” гэх зэргээр хэлээд маргалдаад байсан. Тэгсэн Баянхангай Нямбаярын урдаас “10 жилдээ байснаараа байна гэж юу байхав дээ” гэж хэлээд хоорондоо маргалдаад байсан. Тэгсэн У.Нямбаяр баруун гараараа нүүр хэсэгт нь нэг удаа цохихоор нь Дагийсүрэн босоод тэр хоёрыг салгаад “гэр оронд зодолдохгүй. Та хоёр гарч учраа ол” гэж хэлээд тэр хоёрыг гэрээсээ гаргасан. Тэгсэн 5 минут орчмын дараа гаднаас Нямбаяр цээж нүцгэн нүүр ам болон бие нь энэ тэндгүй цус болчихсон орж ирсэн. Араас нь дагаад Баянхангай орж ирсэн. Баянхангайгийн биед ил харагдах гэмтэл шарх гэхээр зүйл харагдаагүй. Нямбаярын зүүн чихний ар, хүзүү хэсгээс нь цус гараад байхаар нь би өөрийнхөө өмсөж байсан цамцаар хүзүүн дээр нь дараад цамцаараа биеийнх нь цус болсон хэсгүүдийг арчиж өгсөн. Тэгээд Нямбаяр нь “1.500.000 төгрөг өгчих, тохиролцъё” гэж байсан. Харин Баянхангай “чи цагдаад битгий өг. Хоёулаа тохиролцъё” гэж хэлээд тэр хоёр хэсэг хугацаанд юм яриад л байсан. Тэгээд удалгүй цагдаа дуудсан. ... 2023 оны 07 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй баг, Жавхлант хэсгийн 2-13 тоотод байх Дагийсүрэнгийн гэрийн гадаа болсон асуудал байгаа юм. Хэрэг учрал болох үед Баянхангай, Дагийсүрэн, Нямбаяр бид 4 гэрт хамт байсан. Харин яг Нямбаяр, Баянхангай нар маргалдаад Дагийсүрэгийн гэрээс гарах үед Дагийсүрэн бид хоёр гэрт үлдсэн. Баянхангай, Нямбаяр хоёр хамт гарсан байсан. ...Гэр дотор байх үед Баянхангай У.Нямбаярыг цохиж зодоогүй. Харин Нямбаяр болон Баянхангай нар гэрт буцаж орж ирсний дараагаар нь би Нямбаярын цусыг арчиж байх үедээ Баянхангайгаас “чи хутгаар ингээд сийчээд хаячихсан юм уу?” гэж асуухад Баянхангай надад “үгүй ээ, би барьж байсан аягаараа цохичихсон юм” гэж хэлсэн. ...Харин Баянхангайгын зүүн нүд зовхи хэсэг улайчихсан байсан харагдсан. Өөрөөр гэмтэл шарх гэхээр зүйл байхгүй байсан. Харин хэсэг хугацааны дараагаар хамар нь хавдчихсан байсан. ...Тухайн аяга нь Дагийсүрэнгийн гэрт байсан улаан өнгийн шилэн аяга байсан бөгөөд бид дөрөв пиво тойруулж ууж байсан.” гэх мэдүүлэг,
- Гэрч А.Дагийсүрэнгийн “...Тухайн өдөр буюу 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр би караокед найзуудтайгаа байж байх үед гаднаас Н.Баянхангай, У.Нямбаяр хоёр орж ирсэн. Тэгээд караокены цаг дуусаад Наран баарны караокеноос гараад Н.Баянхангай, У.Нямбаяр нартай хамт театрын урд алхаж байх үед манай үеэл болох Аюурзана над руу залгаад хаана байна гэхээр нь би театрын урд байна гэж хэлэхэд Аюурзана бид гурвыг ирж авсан. Тэгээд бид дөрөв манай гэр рүү хамт явсан. Бид нар манай гэрт очоод 2.5 литрийн Нийслэл нэртэй пиво 2, Сэнгүр нэртэй пиво 1, нийт 3 том пивыг тойруулаад уугаад сууж байсан. Тэгсэн У.Нямбаяр, Н.Баянхангай нар юм ярьж сууж байгаад хоорондоо юунаас болсон нь мэдэгдэхгүй маргалдаад байсан. Тухайн үед У.Нямбаяр, Н.Баянхангайг “чи хэзээ ийм болчихсон” юм гэж хэлэхэд Н.Баянхангай “би 10 жилийн ..... биш шүү” гэж хэлэхэд У.Нямбаяр гараараа Н.Баянхангайгийн нүүр хэсэгт 1 удаа цохисон. Тэгэхээр нь би очоод салгаад та хоёр гарч учраа ол гээд тэр хоёрыг гэрээс гаргасан. Гэрээс гараад 5-10 минутын дараа Хангай гаднаас гэрт “энэ писдааг хараа” гэж хэлээд ороод ирсэн. Харин Нямбаяр энэ тэндгүй цус болчихсон ороод ирсэн. Тэгээд Аюурзана босож ирээд Нямбаярын цусыг угаах гэтэл манайд ус байхгүй байхаар нь Аюурзана өөрийнхөө цамцаар Нямбаярын толгойноос гарч байсан цусан дээр дарсан. Нямбаяр тэр үед миний хажууд ирж суугаад “маньдаа нэг тамхи өгчих, амарлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи аймар болчихсон байна цагдаа дууд гэж хэлээд өөрийнхөө утсаар цагдаа руу залгуулсан. Тухайн үед Баянхангай Нямбаярыг “хоёулаа тохиролцъё” гэж хэлээд байсан. ...2023 оны 07 дугаар сарын 29-30 нд шилжих шөнө Завхан аймаг Улиастай сум Чигэстэй баг Жавхлант хэсэг 2-13 тоотод байх манай гэрийн гадаа болсон асуудал байгаа юм. Хэрэг учрал болох үед Баянхангай, Аюурзана, Нямбаяр бид 4 манай гэрт хамт байсан. Харин яг Нямбаяр, Баянхангай нар маргалдаад гэрээс гарах үед Аюурзана бид хоёр гэрт үлдсэн Баянхангай, Нямбаяр хоёр хамт гарсан. ...Миний мэдэхээр Нямбаяр нь гэр дотор байх үед Баянхангайгийн нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэгээд тэр хоёрыг салгаад гэрээс гаргасан гэрийн гадаа гараад хэн хэнийгээ, хаана нь юугаар хэрхэн цохиж зодсон талаар би мэдэхгүй байна. ...Би У.Нямбаяр, Н.Баянхангай нарыг гэрт орж үед нь Н.Баянхангайгаас “чи юугаар цохичихсон юм” гэж асуух үед Баянхангай надад “улаан өнгийн аягаар цохичихсон” гэж хэлсэн. Өөр юм хэлээгүй. У.Нямбаяр бол ямар нэгэн зүйл хэлээгүй.” гэх мэдүүлэг,
- Шүүгдэгч У.Нямбаярын үйлдлийн улмаас Н.Баянхангайн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан талаарх Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Т......ын 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 000000281 дугаартай “...1. Н.Баянхангайн биед: Зүүн нүдний зовхинд зулгаралт, хамрын ясны хугарал, мурийлт гэмтэл учирсан байна.
2. Н.Баянхангайн биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
3. Н.Баянхангайн биед учирсан гэмтэл нь 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдөр үүссэн байх боломжтой.
4. Учирсан гэмтлүүд нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Н.Баянхангайн биед: Зүүн нүдний зовхинд зулгаралт, хамрын ясны хугарал, мурийлт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт,
- Шүүгдэгч Н.Баянхангайн үйлдлийн улмаас У.Нямбаярын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан талаарх Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Отгонбаярын 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 000000280 дугаартай “...1. У.Нямбаярын биед: Зүүн бугалгын дотор, гадна, зүүн шууны ар, нурууны ар, баруун гарын бугуй, шилний ар үстэй хэсэг, зүүн чамархайн хэсэгт шарх, дээд эрүүний баруун 2 дугаар шүдний хугарал, зүүн шуу, баруун бугуй, цохны хэсэгт зулгаралт гэмтэл учирсан байна.
2. У.Нямбаярын биед учирсан гэмтлүүд нь иртэй, ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ.
3. У.Нямбаярын биед зүүн бугалгын дотор, гадна, зүүн шууны ар, нурууны ар, баруун гарын бугуй, шилний ар үстэй хэсэг, зүүн чамархайн хэсэгт шарх, дээд эрүүний баруун 2 дугаар шүдний хугарал эдгээр гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. У.Нямбаярын биед үүссэн гэмтэл нь 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдөр үүссэн байх боломжтой.
5. Учирсан гэмтлүүд нь хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.
6. У.Нямбаярын биед: зүүн бугалгын дотор, гадна, зүүн шууны ар, нурууны ар, баруун гарын бугуй, шилний ар үстэй хэсэг, зүүн чамархайн хэсэгт шарх, дээд эрүүний баруун 2 дугаар шүдний хугарал, зүүн шуу, баруун бугуй, цохны хэсэгт зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, мэдүүлэг агуулгын зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг давхар нотолсон шинжтэй байна.
Шүүгдэгч У.Нямбаяр, түүний өмгөөлөгч Б.Энхжаргал нар давж заалдах гомдолдоо ...У.Нямбаяр нь өөрийн үйлдлийн гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй, би Н.Баянхангайг цохиогүй, намайг Н.Баянхангай цохиогүй, харин Б.Аюурзана араас цохисон гэж мэтгэлцдэг, Өөрөөр хэлбэл, У.Нямбаярт учирсан гэмтлийг урьд нь маргалдаад зогсож байгаа хүн, араас нь цохих боломжгүй юм. Дээрх нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй гэжээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад дүгнэлт хийхэд шүүгдэгч У.Нямбаяр нь хохирогч Н.Баянхангайг цохисон болох нь гэрч Б.Аюурзанын “...У.Нямбаяр босоод Н.Баянхангайтай “чи 10 жилдээ ийм байгаагүй” гэж маргалдаад, түүний нүүрний хэсэгт баруун гараараа 1 удаа цохисон,
гэрч А.Дагийсүрэн “...У.Нямбаяр, Н.Баянхангайг “чи хэзээ ийм болчихсон” юм гэж хэлэхэд У.Нямбаяр гараараа Н.Баянхангайн нүүр хэсэгт 1 удаа цохисон гэж хөндлөнгийн гэрчүүд мэдүүлсэн байна.
Улмаар гэрийн эзэн А.Дагийсүрэн, У.Нямбаяр, Н.Баянхангай хоёрыг гэрээс гарч учраа ол гэж гаргасан. Гэрт Б.Аюурзана, А.Дагийсүрэн нар нь үлдсэн ба гэрчүүдийн мэдүүлснээр 5 минут орчмын дараа Нямбаяр цээж нүцгэн, нүүр ам болон бие нь цус болчихсон орж ирсэн байна. Эдгээр нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч У.Нямбаярыг араас нь Б.Аюурзана цохисон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийг баримтлан хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж өөрийн дотоод итгэлээр үнэлж нотлох баримтуудыг харьцуулан судалжээ. Тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгчийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Түүнчлэн шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, шүүгдэгч У.Нямбаяр, Н.Баянхангай нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг зөв тогтоож, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм буруу, нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал зэргийг нь харгалзан ял шийтгэл оногдуулсан нь тохирсон, ял хүнддээгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.Нямбаяр, түүний өмгөөлөгч Б.Энхжаргал нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/131 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.Нямбаяр, түүний өмгөөлөгч Б.Энхжаргал нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР
ШҮҮГЧИД Ж.БАТТОГТОХ
Б.НАМХАЙДОРЖ