Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2025/0234

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Гангэрэл даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.У, / /,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга нарын хооронд үүссэн газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Л.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргаас 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 16/669 дүгээр албан бичгээр өгсөн татгалзлыг хууль бус болохыг тогтоолгож, Н.У эзэмшлийн гэр орон сууцны хашааны газрын зориулалтаар эзэмшдэг нэгж талбарын ****** дугаар бүхий 579 м.кв талбай бүхий газрын зориулалтыг үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар өөрчилж өгсөн шийдвэр гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах

2. Хэргийн нөхцөл байдал: Нэхэмжлэгч Н.У нь Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны СОТ-0 гудамжны 000000 тоот хаягт байрлах нэгж талбарын ****** дугаар бүхий 579 м.кв газрыг гэр, орон сууц, хашааны зориулалтаар эзэмшдэг бөгөөд уг газарт 256 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн хөрөнгөөр барьж улсын бүртгэлийн ********* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авч хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэн. Нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргад өөрийн эзэмшлийн газраа өмчилж авах боломжтой эсэх талаар хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийн хариуд тухайн иргэн харьяа дүүргийн газар зохион байгуулалтын албанд хандан өөрийн эзэмшлийн газрын зориулалтыг өөрчлөн эзэмших боломжтой гэх хариуг илгээсний дагуу Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандахад 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 16/669 дугаар албан бичгээр татгалзсан хариу өгсөн байна.

3. Процессын түүх: Нэхэмжлэгч Н.У тус татгалзсан шийдвэртэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан, гомдлыг хангаагүй хариуг 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авснаар 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.

4. Нэхэмжлэгч Н.У нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

4.1. Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Н.У миний бие Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, СОТ-0 гудамжны 0000 тоот хаягт орших нэгж талбарын ****** дугаар бүхий 579 м.кв газрыг гэр орон сууц, хашааны зориулалтаар эзэмшдэг бөгөөд уг газарт 256 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг өөрийн хөрөнгөөр барьж улсын бүртгэлийн ****** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг зохих журмын дагуу гаргуулан авсан хууль ёсны өмчлөгч.

4.2. Өөрийн эзэмшлийн газраа өмчилж авах боломжтой эсэх талаар Нийслэлийн Засаг даргад зохих журмын дагуу хүсэлт гаргахад таны газар өмчлөх тухай хүсэлт Нийслэлийн Засаг даргын захирамжаар шийдвэрлэгдсэн, гэсэн мессеж 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ирсэн ба үүний дагуу Нийслэлийн Засаг даргад итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хүсэлт гаргасан бөгөөд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 01-11/3105 дугаартай албан бичгээр хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэх хариуг ирүүлсэн. Уг албан бичигт тухайн иргэн харьяа дүүргийн газар зохион байгуулалтын албанд хандан тус газрын эзэмшилийн зориулалтыг өөрчлөх боломжтой гэсэн тул итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандаж, 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 16/669 дугаар албан бичгээр татгалзсан хариуг ирүүлсэн.

4.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзсан хариуг эс зөвшөөрч урьдчилсан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар Нийслэлийн Засаг даргад хандан гомдол гаргасан боловч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас хариу ирүүлсэн. Иймд гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлээгүй, үндэслэлгүй байх тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

4.4. Зориулалтыг өөрчлөхгүй гэж татгалзаж байгаа татгалзлын үндэслэл нь 2 зүйл байдаг. Анхнаасаа тодорхой тайлбарлаж явах нь зөв гэж үзэж байна. Татгалзал юу гэж татгалзаж байгаа вэ гэдэг хүрээнд хэрэг шийдвэрлэгдэх ёстой. Өөр үндэслэл байхгүй байгаа гэдгийг хэлмээр байна. 1 дүгээрт Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/397 дугаар захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хорооны дүгнэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/508 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай Сот-0, 00000000 дүгээр байруудыг дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр Э ХХК-ийг батламжилж гэрээ байгуулах эрх олгосон байна. Энэ үйл баримтыг дурдаж байгаа. Үүнд Сот-0 гэх байр орж ирж байгаа. Түүнээс биш нэхэмжлэгчийн газрын зориулалтаа өөрчлүүлэх гэж хүсэж байгаа гудамжны хаяг буюу Сот-0 гудамжны 0000 тоот хашаа, эзэмшил бүхий газар үл хөдлөх хөрөнгийн байршил хамаарал байхгүй. Үүнд гудамжны ижил төстэй нэр, байрны ижил төстэй нэр орж байгаатай холбогдуулж буруу, зөрүү ойлголт явж байна гэсэн нөхцөл байдал байгаа. Иймд 2019 оны ******, 2020 оны А/508 дугаар захирамж Сот-0, ****** гэх зөвхөн байруудыг дахин барилгажуулах төсөл гэдэг нь маргаангүй тодорхой байгаа. Нөгөө талдаа нэхэмжлэгчийн хаяг Сот-0 дугаар гудамжны 0000 тоот гэх гудамжны хаяг байгаа. Энэ хамаарахгүй гэдгийг хэлж татгалзал үндэслэлгүй, бодит байдалд нийцэхгүй татгалзал өгч байна. Энэ нь хууль бус гэж үзэж байна.

4.4. 2 дугаарт саяны дурдсан үндэслэлээ барьж, иймд Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-д зааснаар гэж хууль зүйн үндэслэлийн хувьд тодорхойлохдоо Хот байгуулалтын тухай хуулийн 24.2-д заасныг барьж тайлбарлаж байгаа. Энэ тайлбарыг мөн үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын шийдвэрээр гэж байдаг. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах шийдвэрт хамрагдсан тухайн газар нутагт газар эзэмших эрх олгох болон бусад үйл ажиллагаа явуулахыг хориглон, түр зогсоон гэх заалттай учир боломжгүй гэж байгаа. Энэ хуулийн заалтаас ямар зүйл тодорхой болж байгаа вэ гэхээр 1 дүгээрт Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын шийдвэр байхыг шаардаж байна. Ийм шийдвэр байгаа юу гэхээр байдаггүй. Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах шийдвэрт хамрагдсан байхыг шаардаж байгаа. Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах шийдвэрт хамрагдсан нөхцөл байдал байхгүй. Мөн тухайн газар нутагт эзэмших, ашиглах эрх олгох болон бусад үйл ажиллагаа гэж байдаг. Манайх шинээр газар эзэмших эрх олгох асуудал хөндөөгүй, тийм хүсэлт байхгүй. Олгогдсон байгаа эрхийн газрын зориулалтын өөрчлөх гэдэг агуулгаар хүсэлт гаргасан. Эзэмших ашиглах эрх олгохтой холбоотой шинэ нөхцөл байдал үүссэн мэтээр хуулийн нөхцөл байдлыг тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Бид хот байгуулалтын бусад үйл ажиллагаа явуулах гэж байгаа тийм зүйл байхгүй. Зөвхөн газрын зориулалтыг өөрчилж өгөөч гэх нөхцөл байдал байгаа. Өмнө нь Нийслэлийн Засаг даргад хандахад харьяа дүүрэг рүү хандаж газар эзэмших эрхийн зориулалт өөрчлөх боломжтой гэж дээд шатны байгууллага чиглүүлсэн учраас тэр хүрээнд нь газрын зориулалтыг өөрчлүүлэхээр хариуцагч талд хандсан байдаг. Хариуцагчийн татгалзаж байгаа нь энэ 2 үндэслэл байдаг бөгөөд тус хоёр үндэслэл үндэслэлгүй гэж үзэж байна. гэжээ.

5. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна.

5.1. Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо СОТ-0 дугаар байрны урд талд 576 м.кв газрыг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т заасныг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2007 оны А/259 дүгээр захирамжаар иргэн Д.Л гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн бөгөөд уг газрын өмчлөх эрхийг иргэн Д.Л хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2020 оны ******* дугаар захирамжаар дуусгавар болгосон.

5.2. Иргэн Н.У нь Иргэний тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс, үл хөдлөх хөрөнгөд хамаарна, мөн хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна гэж тус тус заасны дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны А/209 дүгээр захирамжаар тус дүүргийн 19 дүгээр хороонд байрлах ****** нэгж талбар бүхий ******м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэшүүлсэн.

5.3. Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/397 дугаар захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны дүгнэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/508 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай СОТ-********дүгээр байруудыг дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр Э ХХК-ийг батламжилж гэрээ байгуулах эрх олгосон.

5.4. Хот байгуулалт тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т Аймаг, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах шийдвэрт хамрагдсан тухай газар нутагт газар эзэмших, ашиглах эрх олгох болон хот байгуулалтын бусад үйл ажиллагаа явуулахыг тодорхой хугацаагаар түр зогсооно гэж заасны дагуу дээд шатны байгууллагын шийдвэрийг баримтлан ажиллаж байна. гэжээ.

6. Гуравдагч этгээдээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна.

6.1. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/508 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай СОТ-0, ********* дүгээр байрнуудыг буулган дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр Э ХХК шалгарсныг батламжилж, газар болон үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулж эрх олгосны дагуу дээрх төслийг хэрэгжүүлж ажилласан.

6.2. Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцыг буулгаж дахин барилгажуулах төслийн ажлыг 2019 оноос эхлэж 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулсан. Төсөл хэрэгжүүлэгчээр Э ХХК шалгарч төслийн ажил эхэлсний дараа Баянзүрх дүүрийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр захирамж гарч иргэн Б.У газар эзэмшүүлсэн. Б.У олгосон 579 м.кв газар нь СОТ-00 дугаар байрны газрын ихэнх хэсгийг хамарч байх бөгөөд үлдсэн газар дээр нь 150 хүүхдийн ортой 2 давхар цэцэрлэгийн барилга барих боломжгүй нөхцөл байдалтай 5 жил гаруй хугацаа өнгөрч байна.

6.3. Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай СОТ-****** дүгээр байрнуудыг буулган дахин барилгажуулах төслийг хэрэгжүүлж одоогийн 497 айлын орон сууц барьж үүнээс дахин төлөвлөлтийн 37 айл тус орон сууцанд орсон. Иймд Эх ХХК нь төсөл хэрэгжүүлэгч байгууллага бөгөөд газар чөлөөлөх эсэх талаарх асуудалд оролцдоггүй.

6.4. Э ХХК нь Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулгаж дахин төлөвлөлтөөр сонгон шалгаруулалтад оролцож тус ажлыг хийж байгаа. Маргаан бүхий газарт цэцэрлэг барих ёстой төлөвлөлт хийсэн газар байдаг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласнаар зураг дээр нь газар нь давхцаж байгаа. Төрийн байгууллагуудаас давхцаагүй гэдэг асуудал яригдаж байгаа тул би давхардсан гэж ярих нь учир дутагдалтай байх болно. Боломжгүй гэдэг нөхцөл байдал яагаад үүсэж байгаа вэ гэхээр тус газар дээр нь иргэний эзэмшиж байгаа газар Сот-0 дугаар байрны орц гарцыг хааж газар өгсөн асуудал байгаа. Үүн дээр нь холбогдох газрууд нь тайлбар өгсөн. Нийслэлийн газар зохион байгуулалтын алба газар чөлөөлөлтийн ажлыг хариуцаж хийхээр тохирсон. Энэ асуудлын хүрээнд явах ёстой. Манай компани газартай холбоотой ямар нэгэн маргаанд оролцоогүй. Энэ асуудал зөвхөн нэг асуудал, үүний цаана дахиад 3 асуудал гарсан. Тэр асуудлаас нэг нь шийдвэрлэгдэхгүй явж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг буруу байна, зөв байна. Давхацсан, давхцаагүй гэдэг дээр шүүх дүгнэлт хийгээд явах байх. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын татгалзал хууль бус, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Н.У 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанд хандан ...эзэмших эрх бүхий 579 м.кв газрын зориулалтыг үйлдвэр, үйлчилгээний зориулалт болгон өөрчлүүлэх хүсэлт гаргасныг Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 16/669 дүгээр албан бичгээр ...Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах СОТ-0 дугаар байрыг дахин барилгажуулах төслийн талбайтай давхацсан, мөн Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т зааснаар дахин төлөвлөлтийн газарт хамрагдсан хэсэгт хот байгуулалтын үйл ажиллагаа явуулахыг хориглосон учраас газар эзэмших зориулалтыг өөрчлөх шийдвэр гаргах боломжгүй... гэсэн үндэслэлээр татгалзжээ.

3. Үүнийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Н.У газар эзэмших зориулалтыг өөрчлөхөөс татгалзсан тус албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, газрын зориулалтыг үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар өөрчлөх шийдвэр гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, ...газар эзэмших эрх олгосон Засаг даргын захирамж хүчин төгөлдөр байхад газрын давхцлын маргаан үүсэх боломжгүй, хот байгуулалтын үйл ажиллагаа гэдэгт газар эзэмших эрхийн зориулалтыг өөрчлөх үндэслэл хамааралгүй... гэж маргасан.

4. Хариуцагчаас ...нэхэмжлэгч Н.У газар эзэмших зориулалтыг өөрчлүүлэх хүсэлт, хавсарган өгсөн баримтуудыг шалгахад журамд заасан баримтуудыг бүрэн бүрдүүлсэн бөгөөд хариу өгсөн албан бичигт заасан хоёр үндэслэлээр татгалзсан, газрын зориулалтыг өөрчлөхөөс татгалзах өөр үндэслэл байхгүй... гэж, гуравдагч этгээдээс ...манай компани газрын асуудалд оролцдоггүй, СОТ-0 дугаар байрыг дахин барилгажуулах төслийн хүрээнд Н.У газар дээр цэцэрлэг барихаар төлөвлөсөн, хэрэв дахин барилгажуулах төслийн талбайд хамрагдаагүй нь тогтоогдсон бол маргаан байхгүй... гэсэн тайлбаруудыг гаргажээ.

4. Хариуцагчийн татгалзал, хэргийн оролцогчдын тайлбараас үзвэл, СОТ-0 дугаар байрыг дахин барилгажуулах төслийн талбайд нэхэмжлэгч Н.У эзэмших эрх бүхий 579 м.кв газар хамрагдсан эсэх, газар эзэмших зориулалтыг өөрчлүүлэх хүсэлтийг шийдвэрлэхэд Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасан зохицуулалт хэрэглэгдэх эсэх нь маргааны зүйл болсон байна.

5. Шүүхээс хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан дүгнэхэд дараах үйл баримт тогтоогдоно. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/209 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн ***** дүгээр хороо, СОТ-0 дугаар гудамжны 000000 тоот хаягт байрлах, нэгж талбарын ****** дугаартай, 579 м.кв газрыг гэр, орон сууны хашааны зориулалтаар нэхэмжлэгч Н.У 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн, тус захирамж хүчин төгөлдөр байна.

6. Ийнхүү нэхэмжлэгч Н.У эзэмших эрх олгосон Засаг даргын захирамж хүчин төгөлдөр байхад хариуцагчаас ...СОТ-0 дугаар байрыг дахин барилгажуулах төслийн талбайтай давхацсан учраас газар эзэмших зориулалтыг өөрчлөх шийдвэр гаргах боломжгүй... гэж татгалзсан, шүүхэд уг үндэслэлээ нотлох баримтыг гаргаж чадаагүй, улмаар шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хотын стандартын газар, Орон сууцны бодлогын газраас удаа, дараа тодруулах ажиллагаа явуулсны үндсэн дээр эцсийн байдлаар Хот байгуулалт, хотын стандартын газрын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/223 дугаар албан бичгээр ... Э ХХК-д 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр олгосон архитектур төлөвлөлтийн даалгаврын хавсралт барилгажих талбайн схем зурагт 1 ба 2 дугаарт төлөвлөж буй барилгажих талбайг тогтоож өгсөн. Харин маргаан бүхий байршилд барилгажих талбайг тогтоогоогүй байна. Тус газраас 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр баталсан загвар зурагт маргаан бүхий байршилд төлөвлөсөн төлөвлөлтийг хасаж баталсан... хариуг ирүүлснээр татгалзлын СОТ-0 дугаар байрыг дахин барилгажуулах төслийн талбайтай давхацсан гэдэг үндэслэл нь няцаагдсан.

6.1. Түүнчлэн Орон сууцны бодлогын газрын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03/1476 дугаар албан бичгээр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Н.У ****** нэгж талбарын дугаар бүхий 579 м.кв газар нь гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах нэгж талбайд хамрагдаагүй. гэж, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 01-05/8152 дугаар албан бичигт ...төсөл хэрэгжүүлсэн байршилд Э ХХК газар эзэмших хүсэлтээ 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тус албанд ирүүлсэн бөгөөд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг зөрчиж, нэгж талбарын******* [1] дугаар бүхий газартай давхцуулан кадастрын зураг ирүүлсэн тул тус албанаас 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01-08/477 дугаар албан бичгээр шийдвэрлэх боломжгүй хариу хүргүүлсэн, ...тус компанид нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмшүүлж шийдвэрлээгүй... гэж,

6.2. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газраас 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2/2796 дугаар, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2/3558 дугаар албан бичгээр тус тус ... газрын кадастрын мэдээллийн сангаас шүүж үзэхэд нэхэмжлэгч Н.У нэгж талбарын ****** дугаартай газартай давхцалтай нэгж талбар байхгүй... гэж тодорхойлсон зэргээр СОТ-0 дугаар байрны доорх болон орчны газарт хэн нэгэн этгээдэд эзэмших эрх үүсээгүй, гуравдагч этгээд Э ХХК дахин барилгажуулах талбайн газрыг баталгаажуулан аваагүй байхад хариуцагчийн газар давхацсан гэх агуулгатай тайлбар бодит байдалд нийцэхгүй, газар эзэмших зориулалтыг өөрчлөх хүсэлтийг шийдвэрлэхэд хамааралгүй үндэслэлээр татгалзсан нь тогтоогдож байна.

7. Хариуцагчаас ...Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.-т Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах шийдвэрт хамрагдсан тухайн газар нутагт газар эзэмших, ашиглах эрх олгох болон хот байгуулалтын бусад үйл ажиллагаа явуулахыг тодорхой хугацаагаар түр зогсооно. гэж заасан үндэслэлээр газар эзэмших зориулалтыг өөрчлөх боломжгүй, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах СОТ-0 дугаар байрны орчны газрыг дахин төлөвлөлтөд хамруулж байгаа... гэсэн тайлбарыг шүүхэд тодруулан гаргах бөгөөд дээр тогтоогдсон үйл баримтаар нэхэмжлэгч Н.У эзэмших эрхтэй 579 м.кв газар нь дахин төлөвлөлтийн газарт хамрагдаагүй.

8. Мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн ****** дүгээр захирамжийн үндсэн дээр Н.У нь газар эзэмших эрхтэй, тухайн этгээд эзэмших эрх бүхий газрын зориулалтыг өөрчлүүлэх хүсэлт гаргаснаас биш шинээр газар эзэмших хүсэлт гаргаагүй, Хот байгуулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-д "хот байгуулалт" гэж түүх, соёл иргэншлийн уламжлал, бүсчилсэн хөгжлийн бодлого, хүрээлэн буй орчныг хамгаалах шаардлагад нийцүүлэн хүн амын эрүүл, аюулгүй амьдрах тааламжтай орон зайн орчныг бүрдүүлэхийн тулд бүс нутаг, хот, тосгоны хөгжлийн төлөвлөлтийн зураг төсөл боловсруулах, барьж байгуулах, иж бүрэн тохижуулах цогцолбор үйл ажиллагааг; гэж заасан хот байгуулалтын үйл ажиллагаанд хамааралтай тохиолдол үүсээгүй тул газар эзэмших зориулалтыг өөрчлүүлэх хүсэлтийг Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасныг хэрэглэж шийдвэрлэсэн нь буруу, нэхэмжлэгч Н.У хүсэлтэд үндэслэлгүйгээр татгалзсан хариуг өгчээ.

9. Нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч Н.У хүсэлтийг шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 16/669 дүгээр албан бичиг нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 31 дүгээр зүйлийн 31.3.-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна. гэж заасныг зөрчсөн, хууль бус татгалзал байна.

10. Харин нэхэмжлэлийн даалгах шаардлагын тухайд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4.-д захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах гэж зааснаар захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр хууль бус болох нь тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэлээр шаардаж буй захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгахад эрх зүйн болон бодит нөхцөл байдал хангалттай тодорхой байх, шүүхийн даалгаснаар тухайн актыг шууд гаргах боломжтой байхыг шаарддаг.

11. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн ****** дүгээр захирамжаар гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар үнэ төлбөргүйгээр нэхэмжлэгч Н.У газар эзэмших эрх олгосон, гэтэл нэхэмжлэгч Н.У газар эзэмших зориулалтыг өөрчлүүлж, үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар тухайн газрыг эзэмших хүсэлтийг гаргасан энэ тохиолдолд тус хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан харилцаа үүсэхээр байна.

12. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1.-д энэ хуулийн 29.1, ... газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана;, 33.1.2.-д энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар ... газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, ... газар эзэмшүүлэх асуудлыг ... нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ., 33.4-т ... аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно. гэж заасан.

13. Шүүхээс нэхэмжлэгч Н.У эзэмших эрх бүхий 579 м.кв газрыг эзэмшүүлэх зориулалт өөрчлөгдсөн эсэх талаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тодруулахад, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас албан бичгийг Хот байгуулалт, хотын стандартын газарт шилжүүлсэн, ийнхүү Хот байгуулалт, хотын стандартын газрын 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 01/266 дугаар албан бичгээр ...нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 63 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотын төлөвлөлтийн зүүн бүсийн 17 дугаар нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө-нд олон нийтийн бүс, худалдаа үйлчилгээ, үйлчилгээтэй орон сууц байхаар тусгагдсан... гээд Улаанбаатар хотын зүүн бүсийн 17 дугаар нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг ирүүлсэн, тус төлөвлөгөөнд ...амины орон сууц, нийтийн орон сууц бүхий өвөрмөц хороолол бий болгохоор хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулав...худалдаа, үйлчилгээ, оффисын зориулалттай барилга байгууламжууд баригдан ажлын байраар хангагдана. гэж тусгагдсан.

14. Түүнчлэн хариуцагчаас ...газар эзэмших зориулалтыг өөрчлүүлэх хүсэлт, хавсарган өгсөн баримтуудыг шалгахад журамд заасан баримтуудыг бүрэн бүрдүүлсэн бөгөөд хариу өгсөн албан бичигт заасан хоёр үндэслэлээр татгалзсан, газрын зориулалтыг өөрчлөхөөс татгалзах өөр үндэслэл байхгүй... гэсэн тайлбарыг гаргасан, нэхэмжлэгч Н.У нь газар дээрээ үйлчилгээ, конторын зориулалттай 256 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг барьж, ашиглалтад оруулсан нь газар зохион байгуулалтын болон хотын хэсэгчилсэн төлөвлөгөөтэй нийцсэн байна.

15. Харин Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлэх тохиолдолд дуудлага худалдааны анхны үнийг төлөх ёстой, хэрэв төлөөгүй тохиолдолд газар эзэмшүүлэх зориулалтыг өөрчлөх боломжгүй байх тул дээр дурдсанчлан шүүхээс Баянзүрх дүүргийн Засаг даргад ...газрын эзэмших зориулалтыг өөрчлөх захирамж гаргахыг шууд даалгах боломжгүй, газар эзэмшүүлэх журам зөрчигдөхөд хүрнэ.

16. Иймд шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтийг зохих журмын дагуу дахин шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах шийдвэрлэлээ.

17. Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх, арга журмын тухайд, нэхэмжлэгч Н.У 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан газар эзэмших зориулалтыг өөрчлүүлэх хүсэлт /хавсаргасан баримтууд/-ийг дүүргийн Газар ашиглах, эзэмших эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж, үүний дараа Н.У дуудлага худалдааны анхны үнийг төлсөн тохиолдолд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Н.У ****** нэгж талбарын дугаар бүхий 579 м.кв газар-ын зориулалтыг үйлдвэр, үйлчилгээ болгон өөрчилсөн захирамж даргад гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг үүрэг болгов.

18. Нийслэлийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А/451 дүгээр захирамжаар Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, бүсчлэлд нийцүүлэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах, газрын хэмжээ нэмэхээс бусад газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, эрхийг дуусгавар болгох, хэмжээг хасах болон байршил, зориулалт өөрчлөх асуудлыг шийдвэрлэх эрхийг дүүргийн Засаг дарга нарт шилжүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.7, 21.5.4, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.У нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргаас 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн ***** дүгээр албан бичгийг хууль бус болохыг тогтоож, Н.У гаргасан газрын зориулалтыг үйлдвэр үйлчилгээний зориулалтаар өөрчлүүлэх хүсэлтийг энэ шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг үндэслэн дахин шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасугай

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 17-д заасан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх арга, журмын дагуу Н.У хүсэлтийг шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад үүрэг болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.ГАНГЭРЭЛ