| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 317/2025/00393/И |
| Дугаар | 317/ШШ2025/00304 |
| Огноо | 2025-03-17 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 317/ШШ2025/00304
2025 03 17 317/ШШ2025/00304
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, Номт, өөрийн байранд байрлах, регистрийн 9061282 дугаартай, Төв аймгийн Цагдаагийн газрын,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Төв аймаг, Зуунмод сум, Баянхошуу 00 дугаар баг, 00 тоотод оршин суух, регистрийн дугаар 00, Боржигон овогтой Х.Н,
Архины албадан эмчилгээнд явуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, мөн өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.Батнасан, гуравдагч этгээд Х.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Төв аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Батхуяг шүүхэд гаргасан хүсэлт болон итгэмжлэгдсэн төлөөлөгч эргүүлийн цагдаа, цагдаагийн дад ахлагч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Төв аймгийн Зуунмод сум Баянхошуу -р баг тоотод оршин суух хаягтай Х овогтой Э нь архи согтууруулах ундааны зүйл удаа дараа хэрэглэж, гэр бүлийн хамт архи согтууруулах согтууруулах ундааны зүйл удаа дараа хэрэглэж архины хамааралтай болсон. Төв аймгийн Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах байранд 1 удаа эрүүлжүүлэгдэж байсан. Цагдаагийн нэгдсэн санд шүүн үзэхэд Зөрчлийн тухай хуулиар 1 удаа арга хэмжээ авахуулж байсан байна. Гэртээ бага насны хүүхдийн дэргэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг тул Х.Н архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү” гэжээ.
2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хүүхдийн өгсөн өргөдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэр орноо би авч явдаг. Манай нөхөр архи уугаад юмаа зарчихдаг. Цонхоо хэдэн ч удаа хагалж байсан. Тэр байдлаас болоод найзуудтайгаа би хааяа уудаг боловч олон хоногоор хэтрүүлж уудаггүй. Барилгын засал хийгээд заримдаа хөдөө гадаа явдаг. Манай хүү Б.Б нь өргөдөл гаргасан ч гэсэн тэрээр байнга гэртээ байдаггүй. Нэг хэсэг хэрэг төвөгт орооцолддог байсан. Би мөнгө төгрөгийг өгч байсан. Б.Б нь шинийн хоёрны өдөр гэртээ ирэхэд аав нь цонхоо хагалчихсан байсан тул уурандаа ийм өргөдөл өгсөн байсан” гэжээ.
3. Нэхэмжлэгч байгууллагаас 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 47/01-1363 дугаартай О.Батнасанд олгосон итгэмжлэл, Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар багийн Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 65 дугаартай хүсэлт, Согтууруулах мансууруулах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт, иргэн Б.Болд-Эрдэнийн 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлтийн хуулбар, иргэн Х.Н 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Цагдаагийн газар гаргасан хүсэлтийн хуулбар, Х.Нямсүрэнгийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, Төв аймгийн Цагдаагийн газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан эсэх хяналтын мэдээлэл, Х.Нямсүрэнгийн зүрхний цахилгаан бичлэг, дүрс оношилгооны тасгийн цээжний зураг, хэвлийн хөндийн хэт авиан оношилгооны хариу, рентген зургийн хариу, цусны шинжилгээний хариу зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Төв аймгийн Цагдаагийн газар нь Х.Н архины албадан эмчилгээнд явуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Согтуурах мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна” гэж заасан байх бөгөөд тухайн этгээд нь согтуурах мансуурах дон өвчтэй болох нь эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон, нийгмийн хэв журмыг зөрчсөн, эмчлүүлэхээс зайлсхийсэн буюу эмчлүүлсний дараа дахин хэрэглэсэн байх нөхцөл бүрдсэн байхыг ойлгоно.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Х.Н архины албадан эмчилгээнд явуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, холбогдох баримтыг ирүүлсэн боловч нийгмийн хэв журмыг зөрчиж, захиргааны арга хэмжээ авагдсан, арга хэмжээ авагдаагүй боловч эрх зүйн болон нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн аливаа үйлдэл эс үйлдэхүйг үйлдсэн эсэх талаарх баримтыг ирүүлээгүй, гэрч болон хохирогчоос мэдүүлэг авах ажиллагааг гүйцэтгээгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэлд “Х овогтой Н нь архи согтууруулах ундааны зүйл удаа дараа хэрэглэж, гэр бүлийн хамт архи согтууруулах согтууруулах ундааны зүйл удаа дараа хэрэглэж архины хамааралтай болсон” гээд Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт”-ийг хавсарган ирүүлжээ.
Гэтэл хэрэгт Х.Н архи, согтууруулах ундааны зүйл удаа дараа хэрэглэснийг нотлох баримт авагдаагүй байх ба зөвхөн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр олон нийтийн газар, гудамж талбайд бие зассан, нус цэр хаяж орчныг бохирдуулсан гэх зөрчилд холбогдож 10.000 төгрөгөөр торгуулсан үйл баримтыг үнэлж, Х.Н архины албадан эмчилгээнд хамруулах үндэслэлгүй гэж үзэв.
Нөгөө талаар, Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт”-д Х.Н нь согтуурах, мансуурах донтой гэж оношлосон боловч хэддүгээр зэрэгт хамаарахыг дурдаагүй байна.
Мөн шүүхийн хэлэлцүүлгийн үеэр Х.Нямсүрэн нь бага насны хүүхэдтэйгээ хамт амьдардаг, түүнийг эхээс нь өөр этгээдэд хариуцуулах боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон.
Иймд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т зааснаар Х.Н архины албадан эмчилгээнд хамруулах тухай Төв аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т зааснаар Х.Н архины албадан эмчилгээнд хамруулах тухай Төв аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Төв аймгийн Цагдаагийн газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА