| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 151/2023/00015/И |
| Дугаар | 317/ШШ2025/00491 |
| Огноо | 2025-04-11 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 317/ШШ2025/00491
2025 04 11 317/ШШ2025/00491
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Т аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Б.Марина нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ********* оршин суух, С овогт Дын Д /рд:***/,
Нэхэмжлэгч: ******** тоотод оршин суух, С овогт Дгийн *** /рд:***/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **************оршин суух, Э овогт Цын Б /рд:***/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 22,401,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Д.***ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Т,
Нэхэмжлэгч Д.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу нэхэмжлэгч Д.***ийн өмгөөлөгч Л.М,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э,
Хариуцагчийн өмгөөлөгч Т.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Алтанчимэг нар оролцов.
/Иргэдийн төлөөлөгч Л.Бийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг зохигч талууд гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулсан./
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Д, Д.*** нар хариуцагч Ц.Бт холбогдуулан гэм хор учруулсны хохирол 22,401,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нар анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Д.Д би Т аймгийн Б сумын нутаг Э гэх газар 112 дугаар полинд хүү Д.***ийн хөрөнгө оруулалтаар хамтран гэр бүлийн хэрэгцээнд 2022 оны хавар 6 сард хүний өөрийн 36 га талбайд тосны ургамал тарьж газар тариалан эрхлэн амьдарч байсан юм.
Тариалалтын явцад 2022 оны 08 дугаар сард Т аймгийн Б сумын малчин Ц.Бийн олон тооны мал удаа дараа бидний тариан талбай руу орж, дөнгөж ургаж байсан тосны ургамлыг идэж маш их хохирол учруулж бидний амьдрах нөхцөлийг маш хэцүү болгосон юм.
Миний хүү Д.*** нь 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Б сумын ЗДТГазарт гомдол гаргаж, сумын ажлын хэсгээр тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас гарсан хохирлын хэмжээг нийт 22,401,000 төгрөгийн хохирол учирсан байсныг тогтоолгосон болно. Иймд хуульд заасан үндэслэл журмын дагуу иргэн Ц.Баас энэ хохирлыг гаргуулж нэхэмжлэлийн шарадлагыг хангаж өгнө үү гэжээ.
1.1.Нэхэмжлэгч Д.***ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Т шүүх хуралдаанд оролцож, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Манайх 2022 онд Т аймгийн Б суманд Э гэх газарт 36 га газар тосны ургамал тарьсан. Ойр орчимд Ц.Бийнх ганц малтайгаа зуссан. Хашаалж эхлэхээс өмнө Ц.Бийн мал удаа дараа орсон, хашаалсны дараа ч орсон, удаа дараа орж байсан. Танайх малаа битгий оруулаач гэж хэлж байсан. Манай нөхөр очоод гуйж байсан. Нурсан хашаагаа барьсан байхад ирээд Манай мал хаашаа давсныг та харсан уу гэж асууж байсан. Манай нөхөр, миний дүү У хоёулаа цагдаагаар явья гэхэд Тэгээ тэг гэж хэлж байсан. Торон хашааг ямаа нь сөхөөд ордог. Манайх хариулагатай гээд өөрсдөө малаа хаана байгааг мэдэхгүй бид нараас асуугаад явдаг байсан. Захиргааны хүнд Ц.Бийнхийг малаа хариулахгүй байна, ямар нэгэн арга хэмжээ авч өгөөч гэж хэлэхээр Өө А.Э хэл амтай хэцүү, нэг нутгийн хүмүүс байна, учраа олчих гэж хэлж байсан. Газар тариалангийн хохирлыг хэмжүүлэхэд А.Эийн ээж Ш гэх хүн Яанаа арай дэндүү болгосон байна гэж хэлж байсан. Сүйтгэгдсэн талбайг нүдээрээ харж байсан. Би У чи яагаад хэл яриа ойлгохгүй, малаа хариулахгүй байгаа юм бэ гэж нөхөртөө хэлж байсан. Фэйсбүүк дээр Атрын групп гэж байсан. Нөхрийн дүү болох бэртэй маань харилцаа муутай байсан. Групп дээр хэрэлдээд байсан болохоор албаар оруулсан юм болов уу гэж боддог. Ганц хоёр удаа биш, өчнөөн удаа оруулсан. Манайх хангалттай 50,000,000 төгрөгийн ашиг авах байсан. Гэтэл зардлаа гаргаж аваагүй. Үндсэн зардлаа гаргаж авсан, ашиг байхгүй. Тариалан хийж байгаа хүнд бага га байсан. Ц.Бийн мал сүйтгэсэн. Сүүлд нь ийм байдалд орсон гэв.
1.2.Нэхэмжлэгч Д.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М шүүх хуралдаанд оролцож, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Д.Д нь нэхэмжлэгч Д.***ийн төрсөн аав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Т нь Д.Дгийн бэр. Т аймгийн Б сумын Э гэх газар Д.Д өөрийн эзэмшил газар болоод бусад 2 хүний 12 га, нийтдээ 36 га газар тосны ургамал тариалсан. Тухайн газрыг түрээсэлж явсан хүмүүсийн тодорхойлолт бичгүүд байгаа. 2022 оны тосны ургамлыг гэр бүлийн хэрэгцээнд өрхийн амжиргааг дээшлүүлэх зорилгоор тариалалт хийсэн. Энэ хугацаанд Д.Б гэх айл бол тариалангийн талбайтай 840 метр зайд зуссан. Ажлын хэсгийн дүгнэлтээр Ц.Бийнх ойр хавьд 840 метр зайтай байсан. Гэвч энэ нь Тариалангийн тухай хуульд 500 метрээс дотогш зайд малчин өрхийг буулгахгүй гэдэг агуулгыг зөрчөөгүй байна гэсэн. Гэвч энэ хэрэг 2 удаа анхан, 2 удаа давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдсэн. Шүүх хуралдааны тэмдэглэл дээр Манайх хонь, ямаа буюу бог мал 1000 гаруй малтай. Сүүлийн 2, 3, 4 жилийн хугацаанд бог мал өсгөж байгаа. Манай малын тэмдэг бол салаа, бухал, догол гэсэн имтэй гэж тайлбарласан. Танай тариалангийн талбайг зүгээр талбай байна гэж бодож байсан гэдэг. Манайх тосны ургамал тариалсан. Танайх битгий малаа бэлчээгээрэй гэж нэхэмжлэгч Д.***, Д.Д нар хэлээд явж байсан. Д.*** нь эхнэрийнхээ хамт талбайгаа эргэж тойроод явж байсан. Анх талбайд эдний малыг орсон талаар мэдээллийг сумын хоч нь Б гэх Баттөр гэдэг хүн мэдээлэл өгсөн. Танай тариалангийн талбайд малаа оруулаад байна. Үүнийг хараач гэдэг мэдээлэл өгсөн. Мэдэж байгаагаар 08 дугаар сарын 05-ны өдөр эхнийх нь орсон гэж үзэж байна. Тэгээд 22, 24, 26, 31-ний өдөр гээд нэхэмжлэл дээр огноог тодорхойлсон. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Ц.Бийн эхнэртэйн хамт малыг тууж гаргаж байсан. Ц.Б болон түүний эхнэр, бид 4-үүлээ манай талбайд мал нь орсон байхад хөөгөөд гаргаж байсан талаар тайлбарласан. Нэхэмжлэгч нарын тариалангийн талбайтай ойр Ц.Бийнх гэдэг айлын мал энэ тариалангийн талбайд орж талхалж, сүйтгэсэн гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага 22,401,000 төгрөгийг Д.***, Д.Д нар харилцан адил ашиг хүртэхээр өөрийн хүчээр тариалалт эрхэлсэн. Хэн аль нь эрх тэгш байдлаар 11,200,000 төгрөгийг нэхэмжилж байна. Ажлын хэсгийн Засгийн газрын гурван гишүүн буюу Хууль зүй дотоод хэргийн сайд, Сангийн сайд, Хөдөө аж ахуйн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учирсан хохирлыг тооцох аргачлалын дагуу тогтоосон дүнгээр нэхэмжилж байна. Өмнөх шүүх хуралдаан дээр ашиг орлого олсон буюу 9,000,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан. Гэвч тухайн хохирол учирснаас сэргээгдээд байгаа дүн биш. 22,401,000 төгрөг дээр 9,000,000 төгрөг олсон бол нийтдээ 34,000,000 төгрөгийн ашиг олох байсан. Үүнээс бид нар 9,000,000 төгрөгийг олсон. Одоо хариуцагчаас 22,401,000 төгрөгийг нэхэмжилж байна. Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлд тариаланчийн үүрэг, малчны үүрэгт 500 метр зайд малаа бэлчүүлэхгүй, оруулахгүй гэж ярьдаг. Шүүхэд гэрэл зураг гаргаж өгсөн. Сүүлд 8 ширхэг гэрэл зураг, мөн 5 хэсэг бичлэг өгсөн. 08 дугаар сарын 24-ний өдрийн гэрэл зураг байдаг. 8 дугаар сарын 31-ний өдөр мал торон хашаанд ороод эвдэрч байгаа зураг байдаг. Мөн 5 хэсэг бичлэг дээр нэхэмжлэгч Д.***, эхнэр Ү.Тийн хамтаар малыг торон хашаанаас хөөгөөд гаргаж байдаг. Хонь, ямааг хөөж гаргах үед маш хүндрэлтэй буюу бог мал амархан шургаад гарах боломжгүй, мал эргээд зугтдаг байдалтай байсан. Торон хашаа нь баргын ороод байхааргүй баригдсан. Торон хашааг хамгаалсан нь энэ манай эзэмшил бөгөөд гадны мал орохгүй гэж хүрээ хязгаар тогтоож өгч байна. Тариалангийн тухай хуульд 500 метрээс дотогш зайд малыг бэлчээхгүй гэж заасан байдаг. Гэтэл хариуцагч Ц.Бийн шүүх хуралдааны тэмдэглэлд дурдсан 1000 гаруй мал ороход талбайн зүүн талд Ц.Бийн гэр байдаг. Зүүн талаар мал ороод идээшлээд талхлаад байгаа. Газрын даамал Н.Гэрэлхүү гэдэг хүн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон, 20 га газарт талхалж, 2.5 га газрыг идсэн талаар мэдүүлэг өгсөн. Мөн шүүх хуралдаанд Ц.*** нь манайх айлын мал орж ирээд байсан учраас хамгийн түрүүнд тороор хашаалсан гэж хэлсэн. Түүний араас сурсанаараа дахиад орж идсэн. Хамгийн сүүлд 8 дугаар сарын 31-ний өдөр талбайд орсон гэх мэдээлэлтэй. Хэрэгт авагдсан баримтаар сумын Тамгын газарт бид нарын хохирлыг тогтоогоод өгөөч гэж хүсэлтийг гаргасан. Үүний дагуу Засаг даргын 147 дугаартай захирамжаар ажлын хэсгийг 5 хүний бүрэлдэхүүнтэй томилсон. Энэ ажлын хэсэг 9 дүгээр сарын 02-ны өдөр очсон гэж ажлын хэсгийн хохирол тогтоосон актад дурдсан байдаг. Өмнө нь мал орсон байна гэж ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсан байна. Хамгийн гол нь хариуцагч Манай мал бишээ, бид нар байнгын маллагаатай байсан гэдэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сая Ц.Бийнх тэр уулын энгэрт, манайх баруун энгэр дээр байсан гэж хэлсэн. Хариуцагч 8 дугаар сарын 17-ны өдөр хүртэл манайх хөлсөөр малчин авч малаа маллуулж байсан гэдэг. Үүнээс хойш 22, 23, 24, 26, 31, 08 дугаар сарын 05-ны өдрүүдэд мал орсон. Бусад өдрүүдэд ороогүй гэх үндэслэл байхгүй. Байнгын маллагаатай байсан бол энэ тариалангийн талбайд хэний мал орсон бэ. Хамт малыг хөөгөөд гаргаж байсан гэж тайлбар хэлдэг. Танайх битгий малаа оруул гэж хэлэхэд За ахаа гэсэн гэдэг. За больё одоо явдаг журмаар нь явья гэхэд Тэгээ тэг гэж хэлж байсан гэдэг. Нэхэмжлэгч Д.***ийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар нь хуралдааны тэмдэглэлд авагдсан. Ийм учраас 22,401,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг дэмжиж байна гэв.
2.Хариуцагч Ц.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч марган, дараах тайлбарыг гаргасан. Үүнд:
Би Д.Дгийн тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас 22,401,000 төгрөг манай нөхөр Ц.Баас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай хэрэгт итгэмжлэлийн үндсэн дээр хариу тайлбар гаргаж байна. Б сумын Найрамдал багийн 112 дугаар полинд Д.*** нь 36 га газарт тосны ургамал тариалсан боловч Ц.Бийн мал удаа дараа орж талхалж идсэн гэжээ. Мөн сумын Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж, тус ажлын хэсэг Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас гарсан хохирлыг тооцох ажлын хэсгийн дүгнэлт гаргасан ч тус дүгнэлтэд Д.***ийнх 2022 онд 36 га талбайд тосны ургамал тариалсан байхад Ц.Бийн мал 2022 оны 08 дугаар сарын 5, 22, 24, 26, 31-ний өдөр орсон гэх өргөдлийн дагуу ажлын хэсэг 9 дүгээр сарын 9, 12-ны өдрүүдэд хэмжилт хийсэн. Ц.Бийн гэр тариалангийн талбайгаас 840 метрт байсан. Д.Бийнх хонь, ямаатай бөгөөд, тариалангийн талбайг хашаалаагүй үед үхэр, адуу орсон байх ул мөртэй байсан ба гээд талхлагдсан талбайн тоо хэмжээг тусгасан бөгөөд тус талхлагдсан талбайд Ц.Бийн мал орж талхалсан байсныг тогтоогоогүй, тус айл буюу манайхыг хонь, ямаатайг заасан ч талбайд үхэр, адууны мөр байгааг заасан. Тус дүгнэлтэд талбайг Ц.Бийн мал орсныг шууд зааж дүгнэж тогтоогоогүй ба хашаажуулаагүй үед хэний, үхэр адуу орсныг баримтаар нотолж тогтоогоогүй байна. Хэрэгт ч энэ талаар нотлох баримт байхгүй, манай мал ч тус талбайд ороогүй байхад зөвхөн талбайгаас манай гэр 840 метр зайд байдаг учраас орсон байж болох таамгаар дүгнэлт гаргаж, хүн хохироохыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ удаа 6 дахь удаагаа шүүх хуралдаанд оролцож байна. Ц.Б миний нөхөр. Манайх тариалангийн талбайгаас 16 км-т өвөлжиж хаварждаг. 2022 онд их гантай, ногоо ургаагүй. Манайх өвөлжөөн дээрээ хаваржаад 7 дугаар сарын 25-ны өдөр тэр газар буусан, тариалангийн газарт буудаггүй. Манай малчин 8 дугаар сарын 17-ны өдөр цалингаа аваад явсан. Манай мал 7 дугаар сарын 25-ны өдрөөс 8 дугаар сарын 17-ны өдөр хүртэл малчинтай байсан. Малчинг явах өдөр малаа тууж хүлээж аваад, 17 км-т байдаг үхэр дээрээ очсон. Тэнд ус байдаггүй болохоор Цэгээн цагааны нуур гэх газар руу явж байхад Д.*** гэдэг ах таарсан. Тэр талбайг 17 км-т замаар явж байхдаа харсан. Хагалаад тавьсан газар байна гэж тухайн үед бид нар ярьж байсан. Малаа туугаад явж байхад Д.*** ах над дээр ирсэн. Танай мал ороод байна гэж Б гэх хүн хэллээ гэж хэлсэн. Б гэх хүн нь сумын Тд байдаг монтёр. Ахаа орсон тохиолдолыг бид хараагүй. Малчнаасаа хүлээж аваад хэд хоног хужирлаад явж байна гэж хэлсэн. Тэгэхэд нэг удаа таарсан. Энэ явдлаас хойш 7, 8 хоног Цэгээн цагаан нуур хадам ахынх байдаг газар байж байгаад буцаад ирсэн. Манай нөхөр өөрөө малаа малласан. Үхрээ 17 км зайд сааж саалиа авдаг. Хол явж малаа усалдаг. Би нөхөртэйгөө малаа тууж гаргаж байсан тохиолдол байхгүй. Би 17 км-ийн цаана үхрээ сааж байхад нөхөр утасдаад Хонь явчихлаа миний мотоцикль асахгүй байна, чи хурдан ирээрэй гэж хэлсэн. Би сааж байсан үхрээ орхиод даваа давсан чинь манай хонь харагдаагүй. Тариалангийн талбайн урдуур зам байдаг. Замаар давхиж байхад эднийх хашаагаа барьж байсан. Тэр үед энэ эгч над руу Танай мал дайраад орлоо гэж хэлж байсан. Манай мал ороогүй гэж би хэлсэн. Танай мал орлоо шүүх, цагдаад өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь Тэгээ гэж хэлсэн. Өөрөө оруулаагүй учраас тэгж хэлсэн. Тэгэхэд мал цаад давааны үзүүр дээр явж байсан. Би энэ хүмүүстэй хамт тууж байгаагүй. Манай ээж Ш гэх хүн ажлын хэсэг гарсан байхад сүүгээ хөөрүүлээд зам дээр таарсан, багийн дарга М гэх хүн зогсож байсан, Үхэр орсон юм байна гэж ярьсан гэсэн. Адуу бол сумын Төөс хойшоо, хадам ахын тэнд байдаг. Үхрээ зөөврийн устай 17 км-ийн цаана байлгасан. Бэр гээд байгаа хүнтэй муудсан зүйл байхгүй. Бид нар хоорондоо тийм зүйл болж байгаагүй. Танай тариан талбайд мал ороод байна гэж хэлсэн гэсэн. Сумын Тд сууж байсан монтёр яаж хараад хэлдэг юм бэ, ойлгохгүй байна. Мал орсныг тууж гаргасан нь зөндөө гэж хэлсэн. Гэтэл намайг дуудсан юм уу. Ажлын хэсгийн гишүүд Энэ Ц.Бийн мал шүү, дуудья гэсэн зүйл болоогүй. Манай мал гэдгийг нотлох зураг дараад нэхэмжлэлдээ хавсаргаж өгөхгүй яасан юм бэ. Тэгэхэд хэдэн зураг хараад манай мал гэж хэлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
2.2.Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хууль зүйн үндэслэлээ: Анх энэ хэрэгт шүүхэд хариу тайлбар өгөх ажиллагаанаас эхлээд өмгөөлөгчөөр оролцож байна. Анхны хууль зүйн туслалцаа авах уулзалтад нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар татгалзал, хэргийг би ямар хэмжээнд авч явах ёстой вэ гэдгийг харсан. Өглөө босоод харахад нөхөр нь мал дээр хоноод өнждөг байсан. Нөхрийг нь авчирья гэхээр хүүхдээ хараад байж байгаа. Полин дотор адуу, үхэр хоносон байдаг байсан гэж ярьдаг. Атар гэдэг сум маань Т зам буюу баруун чиглэлийн гол зам. Гуанзны хүмүүс замаас урагшаа, Т зам, хойно нь гуанз, гуанзны ард сумын Т байгаа. Сумын Т рүү яагаад хүмүүс малаа бэлчээх вэ. Мал зөнгөөрөө урагшаагаа гараад бэлчинэ. Нэхэмжлэгч нарын тариан талбай 2 сар хашаагүй байсан гэдэг нь ажлын хэсгийн дүгнэлт, гэрч нарын дүгнэлтээр нотлогдсон. Нэхэмжлэгч нар өөрсдөө ч хэлдэг. Дөнгөж ургаад явцыг байхгүй болгосон гэж хэлдэг. Хашаагүй байх үеийн юм яриад байна. Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслээд 22,401,000 төгрөг нэхэмжлээд байна. Тэгвэл ажлын хэсгийн дүгнэлтэд Адуу, үхрийн мөрөөр талхлагдсан байна гэсэн байдаг. Адуу, үхрийн мөр хайж олох ажиллагаа яагаад хийгдээгүй вэ. Нэг айл ойрхон байна гээд тэр айлаас нэхэмжлээд байна. Адуу, үхэр нь хичнээн төрлийн хохирол учруулсан бэ. Хонь, ямаа нь хичнээн төрлийн хохирол учруулсан юм бэ гэдгийг тогтоох байсан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрсдөө тогтоох үүргийг нэхэмжлэгч хүлээдэг. Нэг удаа зураг дараагүй байж болно. Тэгвэл өөрсдийнх нь яриад байгаа 4, 5 удаагийн үйлдлийг яагаад баримтжуулахгүй яваад байна вэ. Аль талбай нь мэдэгдэхгүй, ямар айл нь мэдэгдэхгүй зураг хэрэгт байна. Гэтэл энэ тамгыг ойртуулаад авч болох байсан уу. Энэ хэний мал вэ, им тамга нь мөн эсэхийг асуухгүй яасан юм бэ. 22,401,000 төгрөгийг хүнээс дураараа гаргуулна гэж байж боломгүй. Адуу, үхэр гэдэг үгийг хааш нь гээгээд зөвхөн хонь, ямаатай гэдгийг нотолсон бэ. Гэрч Оюунцэцэгийн мэдүүлгээр эдний үхэр, адуу нь сумын Төөс 17 км зайд ээж нь хараад саалинд Э яваад буцаж ирдэг байсан. Ажлын хэсгийн дүгнэлтэд Ц.Бийнх хонь, ямаатай. Гэвч үхэр, адууны мөр тахлагдсан гэдгийг яагаад уншихгүй байна вэ. Мөн хашаанд 5.000.000-6.000.000 төгрөг зарсан гэж байна. Тариалалтын түүх гэж байдаггүй юм уу. Хичнээн төгрөгний үр тариа зарцуулаад ямар зарлага мөнгөөр, ямар бензинээр энэ тариалалтыг хийсэн талаар огт мэдээлэл байхгүй. Зөвхөн ажлын хэсгийн дүгнэлтийг гаргаж өгсөн 22,401,000 төгрөгөөр та нарын тариалалтын ашиг орлого хэмжигдээд байна уу. 50,000,000 төгрөгийн ашиг олох байсан гэж ярьж байна. Дансны хуулга, тариалалтын түүх байхгүй. 22,401,000 төгрөгийн хохирол учруулсан нь хөдлөшгүй нотлох баримт мөн бол адуу, үхэр хоёрыг шалгуулж хөдлөшгүй нотлох баримтаар тогтоох ёстой байсан. Нэхэмжлэгчийн үүрэг заавал байх ёстой. Адуу, үхэр гэдэг үгнээс болж хонь, ямаатай айл яагаад 22,401,000 төгрөгийг төлөх ёстой юм бэ. Энэ нь хуульд яагаад ч нийцэхгүй. Ажлын хэсгийнхэн хэлэхдээ, очиход ямар нэгэн мал огт байгаагүй. Хэн ч мал байсан талаар ярьдаггүй. Газрын даамал 2 удаа очиход мал байгаагүй тухай хэлсэн. Дүгнэлтээс Ц.Бийн мал мөн үү гэж асуухад хэн ч мэдэхгүй гэдэг. Ажлын хэсгийн дүгнэлтийг гаргахдаа ямар хэмжээний ургац гарах байсан талбайгаас 22,401,000 төгрөгийн хохирол учирсан талаар тодорхой байхгүй. Ажлын хэсгийн дүгнэлтийг гаргасан 5 гишүүн тавуулаа газар тариалангийн талбай дээр очоод нүдээрээ хараад журмын дагуу нэхэмжлэгч, хариуцагч нарыг дуудаж байлцуулаагүй. Ажлын хэсгийн гишүүд ч очоогүй байдаг. Мэдэхгүй, дарга нэг юм уншуулаад захирамжаар томилогдсон учраас гарын үсэг зурах ёстой гээд зурсан байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд тэднийг дуудаж ирүүлсэн ажиллагаа байгаа. Сумын цагдаа Т Мэдэхгүй, зурах ёстой гэсэн. Тухайн үед би Лүн сумын төлөөлөгч байсан. Б сумын хэсгийн төлөөлөгч амралттай байсан учраас намайг дуудсан. Зур гээд зуруулсан гэдэг. ийм байдлаар өнөөдөр малчнаас бүхэл бүтэн 22,401,000 төгрөгийг яаж гаргуулах гэж байна вэ. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хангалттай нотолсон нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой. Нэхэмжлэлээр шаардаж байгаа 22,401,000 төгрөгийг нотолсон нотлох баримт байхгүй, хэрэгт авагдаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Хэрэгт дараах бичгийн баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд:
3.1.Нэхэмжлэгчээс талаас Д.***ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх 3), улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хх 4), Т аймаг, Б сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн *** дугаар захирамж (хх 6), Д.***ийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Т аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газарт гаргасан өргөдөл (хх-7), Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас гарсан хохирлыг тооцох ажлын хэсгийн дүгнэлт (хх 8-9), 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 0710 дугаар итгэмжлэл (хх 10), Д.Дгийн***дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ (хх 11), Д.Дгийн нэгж талбарын 4121021120 дугаар газрын кадастрын зураг (хх 12), Б.Хн 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн тодорхойлолт (хх 13), Ц.Бийн тодорхойлолт (хх 14), гэрэл зургууд (хх 15-20), Д.***, Д.Д нарын иргэний үнэмлэхийн хуулбар (хх 21), Д.***, Р.М нарын хооронд 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ (хх 37), гэрэл зургууд (хх 66-68), Ахим ББСБ, Д.*** нарын хооронд байгуулсан ЗГ22/05/25 дугаар зээлийн гэрээ (хх 69), Д.***ийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь (хх 70), Ү.Тийн Хаан банкны 5303298869 тоот дансны хуулга (хх 71-72), Д.***ийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн нэхэмжлэлийн багасгасан шаардлага (хх 74), Д.Д, Д.*** нарын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн нэхэмжлэлийн багасгасан шаардлага (хх 99), Д.Д, Д.***, өмгөөллийн Т адвокэйтс ХХН нарын хооронд 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ (хх 217-218), 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 0350 дугаар итгэмжлэл (хх 219), нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага (хх 220), гэрэл зургууд (хх 244-247), нэхэмжлэгч Д.***өөс Ү.Тэд 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр олгосон итгэмжлэл (2хх 154), Д.***ийг гараар бичиж, гарын үсэг зурсан тайлбар (2 хх 155) зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
3.2.Хариуцагчаас 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0020 дугаартай итгэмжлэл (хх 31), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбар (хх 32), А.Э, Т.Б нарын хооронд 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ (хх 33-35), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гаргасан хариу тайлбар (хх 101), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хариу тайлбар (хх 228) зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
3.3.Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн баримтууд: Хэрэгт авагдсан мөнгөлөг өнгөтэй дээр нь шар цаасан дээр Д.*** гэж бичсэн, 2gb багтаамжтай USB 2.0 HY21.11 гэсэн тэмдэглэгээтэй флашинд үзлэг хийсэн тэмдэглэл (2хх 115-119), Т аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн **** тоот албан бичиг, хавсралтаар Т аймаг, Б сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн *** дугаартай Ажлын хэсэг байгуулах тухай захирамж, мөн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ***дугаартай Д.Ж-д газар эзэмшүүлэх тухай захирамжийн хуулбарууд, А4 хэмжээтэй 4 ширхэг цаасан дээр хуулбарласан /3+3+3+3/ нийт 12 ширхэг гэрэл зургийн үзүүлэлтийг ...нотариатын үүрэг гүйцэтгэгч хуулбарын үнэн зөвийг гэрчилсэнээр (2хх 122-128) тус тус авагджээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч Д.Д, Д.*** нар хариуцагч Ц.Баас гэм хор учруулсны хохиролд 22,401,000 төгрөг гаргуулахаар шаардсан.
3.Нэхэмжлэгч нар шаардах эрхийн үндэслэлээ: 2022 оны хавар 6 сард хүний өөрийн нийт 36 га талбайд тосны ургамал тарьж, талбайгаа төмөр тороор хашаалсан байхад хариуцагч Ц.Бийн олон тооны бог мал /хонь, ямаа/ хашааг нь чихэж ороод, 2022 оны 8 дугаар сарын 05, 22, 24, 26, 31-ний өдрүүдэд удаа дараа манай тариалангийн ургаж байсан тосны ургамлыг идэх, дээгүүр нь явснаар талхлагдаж, ургахгүй болгож бодит хохирол учруулсан. Тус сумын Засаг даргын Тамгын газарт гомдол гаргахад, Сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн *** дугаар захирамжаар байгуулагдсан хохирол тогтоох сумын ажлын хэсэг томилогдон ажиллаж, тариалангийн талбайд мал тэжээвэр амьтан оруулсны улмаас учирсан хохирлын хэмжээг 22,401,000 төгрөгөөр тогтоосон тул уг хохирлыг тухайн үеийн үнэлгээгээр тогтоосон хэмжээгээр гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлсон.
4.Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Манайх тариалангийн талбайгаас 17 км-т өвөлжиж хаварждаг. 2022 онд их гантай, ногоо ургаагүй. Манайх өвөлжөөн дээрээ хаваржаад 7 дугаар сарын 25-ны өдөр тэр газарт буусан, тариалангийн газар буудаггүй. Манай малчин 8 дугаар сарын 17-ны өдөр цалингаа аваад явсан. Манай мал 7 дугаар сарын 25-ны өдрөөс 8 дугаар сарын 17-ны өдөр хүртэл малчинтай байсан. Малчин явах өдөр малаа тууж Цагааны нуур гэх газар руу явж байхад Д.*** ах таарсан. Танай мал ороод байна гэж Б гэх хүн хэллээ гэсэн. Б нь сумын Тд байдаг монтёр. Үүнээс хойш 7, 8 хоног Цэгээн цагаан нуурт хадам ахынх байдаг газар байж байгаад буцаад ирсэн. Манай нөхөр өөрөө малаа малласан. Үхрээ 17 км зайд сааж саалиа авдаг. Хол малаа тууж усалдаг байсан. Тухайн талбай руу манай мал орсныг нотлоогүй, манай мал орсон гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй. Сумын ажлын хэсгээс манай малыг орж, талбай талхалсан гэдгийг нотлоогүй байна. Манай мал гэдгийг нотолсон зургийг нь дараад нэхэмжлэлдээ хавсаргаж өгөхгүй яасан юм бэ. Хэдэн зураг хараад манай мал гэж хэлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
5.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:
5.1.Нэхэмжлэгч Д.Дд Т аймгийн Б сумын Хөшөөт баг, 112 дугаар поль хаягт байрлах нэгж талбарын 4121021120 дугаартай, 120025 м.кв газрыг Үр тарианы усалгаагүй тариалан эрхлэхээр 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-*** дугаарт бүртгэж, Иргэний газар эзэмших эрхийн***дугаар гэрчилгээг олгосон ба газрын кадастрын зураглал зэрэг эзэмшигчийн мэдээлэл хэрэгт баримтаар авагдсан, энэ талаар хариуцагч маргаагүй.(хх 11-12)
5.2.Нэхэмжлэгч Д.Д, Д.*** нар нийт 36 га талбайд тосны ургамал тарьсан болох нь Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас гарсан хохирлыг тооцох ажлын хэсгийн дүгнэлт болон гэрчүүдийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбар, Т аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 06/63 дугаартай албан бичиг зэргээр нотлогдож байх бөгөөд хариуцагч тал нэхэмжлэгч нарыг тосны ургамал тариалсан үйл баримттай маргаангүй байна. (хх 8-9)
5.3.Нэхэмжлэгч Д.*** нь 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Т аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газарт өргөдөл гаргасан бөгөөд тус сумын Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн *** дугаартай захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нь Д.***ийн тариалалт хийсэн талбайд үзлэг, хэмжилтийг хийж, Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас гарсан хохирлыг тооцох ажлын хэсгийн дүгнэлт-ийг гаргасан байна. (хх 6-9)
5.4.Дээрх ажлын хэсгийн дүгнэлтийг судлахад, Б сумын Засаг даргын ***тоот захирамжаар Ажлын хэсгийн ахлагч Д.Х, нарийн бичиг П.Б, гишүүд Д.Г, Л.М, Г.Т нарын бүрэлдэхүүнтэйгээр, тухайн дүгнэлтийг гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр Т аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газраас Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас гарсан хохирлыг тооцох ажлын хэсгийн дүгнэлт-д бичигдсэн ...Б сумын Засаг даргын ***тоот захирамж байгаа эсэхийг тодруулахад, тус газраас 2025.03.24-ний өдрийн 06\16 тоот албан бичгээр ...Ажлын хэсэг байгуулсан 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн **** дугаар захирамжийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Захирамжтай андуурч бичсэн... гэсэн тул түүнийг баримтаар үнэлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
5.5.Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас гарсан хохирлыг тооцох ажлын хэсгийн дүгнэлт-д ...Д.***ийн тариалангийн талбайд 2022 оны 9 дүгээр сарын 2, 12-ны өдөр очин хэмжилт хийсэн. 9 дүгээр сарын 02-ны өдөр хэмжилт хийхэд Д.*** болон ажлын хэсгийн гишүүд, малаа оруулсан гэх Д.Бийн хадам ээж Ш байсан. Д.Бийн гэр тариалангийн талбайгаас 840 метрийн зайтай байсан. Талбайн ургалтын хувьд тааруу, шингэн ургасан байна. Талбайг 2022 оны 08 сарын 21-ний өдрөөс 08 дугаар сарын 31-ний хооронд бүрэн хашаалж дууссан байна. Тариалангийн талбайд орсон малын зураг, бичлэгтэй танилцсан. Д.Бийн хонь ямаатай бөгөөд тариалангийн талбайд хашаажуулаагүй үед үхэр, адуу орсон байх ул мөртэй байсан. Талбайн баруун, баруун хойно, баруун урд, хойд хэсгүүдээр мал орж талхлан идэж, их хэмжээний хохирол учирсан байдалтай байсан. Үүнээс үзэхэд талхалсан 20 га, идсэн талбай 2,5 га, нийт 22.5 га гэж тооцон, тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учруулсан хохирлыг тооцох аргачлалын 2.6-д заасны дагуу тооцоход 22,401,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байна... гэжээ. (хх 8-9)
6.Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа газарт мал, тэжээвэр амьтан оруулах, бэлчээхийг хориглосон ба мөн зүйлийн 24.5-д Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд учруулсан хохирлыг тооцох аргачлалыг тариалангийн, хууль зүйн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж хуульчилсан байна.
6.1.Улмаар Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд учруулсан хохирлыг тооцох аргачлал-ыг Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Хууль зүй, дотоод хэргийг сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн А-136, А-158, А-210 дугаартай Аргачлал батлах тухай тушаалаар баталж, захиргааны хэм хэмжээний актын 3990 дугаарт бүртгэсэн тул хуулийн хүчин төгөлдөр болжээ.
6.2.Дээрх аргачлалын 3 дахь хэсгийн 3.1-д Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд учирсан хохирлыг тооцох, баримтжуулах чиг үүргийг сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг хэрэгжүүлнэ гэж, 3.2-т Сумын газар тариалангийн мэргэжилтэн, татварын улсын байцаагч, газрын даамал, багийн Засаг дарга, сумын хэсгийн төлөөлөгчийг оролцуулсан бүрэлдэхүүнтэй байна. Ажлын хэсгийн ахлагчийг гишүүдийн дийлэнх олонхийн саналаар сонгоно гэж, мөн 3.4-т Ажлын хэсэг нь талуудын хохирол тогтоолгох тухай хүсэлтийг хэлээн авсан даруй төлөөлөл томилж ажиллуулна гэж, 3.7-д ...ажлын хэсэг дүгнэлт гаргаж, уг дүгнэлтийг Ажлын хэсгийн хурлаар хэлэлцэн олонхийн саналаар шийдвэрлэх бөгөөд Ажлын хэсгийн ахлагч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж тус тус журамласан бөгөөд Т аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 128 дугаар тогтоолоор баталсан Таримал ургамлыг мал, тэжээвэр амьтдаас хамгаалах журам-аар илүү нарийвчлан зохицуулсан байна.
6.3.Ажлын хэсэг нь Д.Бийн гэр тариалангийн талбайгаас 840 метрийн зайтай байсан гэж дүгнэсэн бөгөөд энэ нь Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т Тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал бэлчээх, оторлох, болон бэлчээрийн мал аж ахуй өвөлжөө, хаваржаа, зуслан намаржаа байхыг хориглоно гэсэн заалтыг малчин Д.Б зөрчөөгүй байна гэж дүгнэлээ.
6.4.Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд учирсан хохирлыг тооцох ажлын хэсэг нь Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Хууль зүй, дотоод хэргийг сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн А-136, А-158, А-210 дугаартай Аргачлал батлах тухай тушаалын 3 дугаар зүйлийн 3.5-д Ажлын хэсгийн төлөөлөл нь хохирол учирсан талбайн хэмжээ, талбайд орсон мал, тэжээвэр амьтны тоо, ургац, талбайн түүхийн дэвтэр, газар тариалангийн эрчимжүүлэлт (үр, бордоо, усалгаа, хашаа, ургамал хамгааллын бодис) зэрэг хохирол тооцоход шаардлагатай мэдээллийг газар дээр нь шалгаж, баримтжуулалт хийнэ гэж зааснаар иргэн Д.***ийн тариалалт хийсэн тайлбай, хохирол учруулсан талбайн хэмжээг 22,5 га гэж тогтоосон боловч тухайн талбайд орсон мал, тэжээвэр амьтны тоо зэргийг тодорхой тогтоогоогүй байна.
6.5.Тухайн ажлын хэсгийн дүгнэлтэд Д.Б нь ...хонь, ямаатай бөгөөд, тариалангийн талбайд хашаажуулаагүй үед үхэр, адуу орсон байх ул мөртэй байсан. Талбайн баруун хойно, баруун урд, хойд хэсгүүдээр мал орж талхлан идэж их хэмжээний хохирол учирсан байдалтай байсан... гэж дүгнэсэн нь малчин Д.Бийн мал тухайн тариалангийн талбайд орж хохирол учруулсан гэдгийг нотлон тогтоогоогүй байна.
Түүнчлэн Д.Бийн мал орсон гэж үзвэл хэдэн тооны ямар мал орсныг мөн адил тогтоох үүрэгтэй байсан бөгөөд ажлын хэсгийн дүгнэлтээр дээрх нөхцөлүүдийг тогтоосон үйл баримт байхгүй байна.
6.6.Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд учруулсан хохирлыг тооцох аргачлал-ын 3 дугаар зүйлийн 3.6-д Ажлын хэсэг нь хохирол тооцоход шаардлагатай баримт, мэдээллийг холбогдох хууль, журамд заасны дагуу хүн, хуулийн этгээдээс гаргуулан авч болно гэж, 3.8-д Дүгнэлтийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдөрт багтаан Ажлын хэсгийн ахлагч талуудад танилцуулна. гэж, 3.9.4-т Гэрэл зураг зураглал, дуу-дүрсний бичлэг зэргээр хохирол учирсныг баримтжуулсан бусад баримт гэж зааснаар дүгнэлтийг хариуцагч Д.Бт танилцуулсан эсэх нь тодорхойгүй, танилцуулсан баримт байхгүй, мөн тухайн хохирлыг тооцохдоо ямар нотлох баримтын үндсэн дээр баталгаажуулсан эсэх нь тодорхойгүй нотлох баримт байхгүй тул Т аймгийн Б сумын Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас гарсан хохирлыг тооцох ажлын хэсгийн дүгнэлт нь хууль болон гурван сайдын хамтран гаргасан аргачлалд заасантай нийцээгүй гэж үзэхээр байна. (хх-6, 8-9)
6.7.Нэхэмжлэгч тал нэхэмжлэлээ дэмжиж шүүхэд гаргаж өгсөн Т аймгийн Б сумын Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн *** дугаартай Ажлын хэсэг байгуулах тухай захирамжаар байгуулагдсан комиссын гаргасан Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас гарсан хохирлыг тооцох ажлын хэсгийн дүгнэлт-ийг хариуцагч тал эс зөвшөөрч, дүгнэлтийг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргаагүй, энэ талаар маргаагүй бөгөөд зохигч талуудын хэн аль нь тус дүгнэлтийг иш татаж, маргааны талаар харилцан мэтгэлцсэн учир энэхүү дүгнэлтийг хуулийн хүчин төгөлдөр болсон, энэхүү баримтыг талуудын мэтгэлцээнд ач холбогдол бүхий баримт гэж үзлээ.
7.Нэхэмжлэгч нар эд хөрөнгөд учирсан хохиролд 22,401,000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн үндэслэлээ Т аймгийн Б сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн *** дугаар Ажлын хэсэг байгуулах тухай захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гаргасан дүгнэлтийг үндэслэл болгосон байдаг.
7.1.Мөн нэхэмжлэгч нар болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ... хариуцагч Ц.Бийн олон тооны хонь, ямаа болох бог мал 2022 оны 8 дугаар сарын 05, 22, 24, 26, 31-ний өдрүүдэд удаа дараа манай тариалангийн ургаж байсан, тосны ургамлыг идэх, дээгүүр нь явснаар талхлагдаж ургахгүй болох зэрэг бодит хохирол учруулсан... гэж тайлбарлан тодорхойлж байх боловч энэхүү тайлбар, үндэслэл нь хэрэгт авагдсан, өөрсдийнхэн шүүхэд гаргаж өгсөн Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас гарсан хохирлыг тооцох ажлын хэсгийн дүгнэлт-д ...Д.Бийн гэр нь тариалангийн талбайгаас 840 метрийн зайтай байсан. Талбайн ургалтын хувьд тааруу, шингэн ургасан байна. Талбайг 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 08 дугаар сарын 31-ний хооронд бүрэн хашаажуулж дууссан байна. Тариалангийн талбайд орсон малын зураг, бичлэгтэй танилцсан. Д.Бийн хонь ямаатай бөгөөд, тариалангийн талбайд хашаажуулаагүй үед үхэр, адуу орсон ул мөртэй байсан... гэж бичигдсэн баримтаар болон шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч Д.***ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Тийн тайлбарласан ...Бид хоёр нүдээр харсан юмаа Ц.Бийнх гэж мэдэж байгаа. Үхэр, адуу орсон тохиолдол байгаагүй. Хашаа барьж байхад үхэр, адуу ирээгүй. Баахан хонь, ямаа ирсэн болохоор Ц.Бийн хонь, ямаа, бог мал гэж хэлж байна... гэснээр нэхэмжлэгчийн нарын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага үгүйсгэгдэн няцаагдаж байна.
7.2.Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нотолсон буюу хариуцагч Ц.Бийнх ямар зүсний, ямар им тамгатай, хичнээн тооны, хонь, ямаатай болох, түүний ямар зүсний, ямар им тамгатай, хичнээн тооны, хонь, ямаа, хэдэн удаа, хэрхэн, яаж нэхэмжлэгч нарын тосны ургамал тариалсан талбай руу орсон болохыг хөдөлбөргүй тогтоосон бичгийн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.
Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох баримтыг шүүхэд гаргаж, бүрдүүлэн цуглуулж өгөх хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж чадаагүй байна гэж үзлээ.
8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан заалт нь эхлээд нэхэмжлэл гаргасан тал нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотлох үүргийн зарчмыг хуульчилж өгсөн бөгөөд, мөн зүйлийн 497.2-т Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасан нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлийг тодорхойлж, гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотлох үүргийг хариуцагч талд ногдуулжээ.
8.1.Дээрх хуулийн агуулгаас үзэхэд гэм хорын хариуцлага хүлээхэд гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас тухайн эд хөрөнгөд гэм хор учирсан байх, үйлдэл /эс үйлдэхүй/ болон учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байх, түүний гэм буруу нь санаатай болон болгоомжгүй үйлдэл байх тухайн зохицуулалтын урьдчилсан нөхцөл бүрдсэн байхыг шаарддаг.
8.2.Хэрэгт авагдсан нэхэмжлэгч нараас шүүхэд гаргаж өгсөн флаш-д бичигдсэн 5 төрлийн бичлэгт шүүх үзлэг хийж бэхжүүлсэн боловч үзлэгийн тэмдэглэлд ...Бичлэг 1: ...машин дотроос бичлэг хийж байна. Тороор хашаалсан ногоон өнгөтэй, ургац байгаа байдалтай тариан талбан хэсэг харагдаж байна. Эрэгтэй хүний ча ча гэж мал хөөж дуугарч байгаа дуу сонсогдож байна. Тоог нь тодорхойлох боломжгүй ямаа, ишиг хашааны торны завсраар чихэлдэж, тариан талбайгаас гарч байгаа харагдана. Нэхэмжлэгч Д.*** машинаасаа бууж малыг хөөж гаргаж байгаа талаар гарч байна.,
Бичлэг 2: ...нэг цагаан гэр харагдаж байна. Тариан талбайн гадна тоолох боломжгүй явж байгаа ямаанууд харагдаж байна. Камераа гүйлгээд эсрэг талд нь байгаа хашаалсан тариан талбайн хэсгийг харуулж байна.,
Бичлэг 3: ...Машин дотор эрэгтэй эмэгтэй хүний дуу гарч байна. Хөөрхий амьтад юу ч үгүй болчиж гэж эмэгтэй хүн хэлж байна. Тариан талбайн гадна байгаа тоолох боломжгүй олон тооны хонь, ямаануудыг машинаар сигналдаж, үргээж хөөж байгаа харагдаж байна. Пөөх энэ чинь юу вэ гэж эмэгтэй хүн хэлж байна. Шургах гээд ингээд орчдог юм байна. Тор татаад ч нэмэргүй юм биш үү, чигнаалдаач гэж эмэгтэй хүн хэлж байна.,
Бичлэг 4: ...машинаас бичлэг хийгээд бууж байна. Ногоон жижиг майхан, удаан өнгөтэй мотоцикл, майхан дотор улбар шар цамцтай хүүхэд сууж байгаа харагдана гэж тус тус бичигдсэнээс дүгнэхэд, энэхүү бичлэгт харагдсан буюу бичигдсэн зүйлээр хариуцагч Ц.Бийн хонь, ямааг нэхэмжлэгч нарын тосны ургамал тариалсан талбайд удаа дараа орсон, ...22,401,000 төгрөгийн хохирлыг учруулсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэл болохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
8.3.Нэхэмжлэгч талаас хэрэгт гаргаж өгсөн гэрэл зургийг авсан гэх гар утсаа үрэгдүүлсэн тул үзлэг хийлгэж нотлох баримтаар бэхжүүлэх боломжгүй гэж тайлбарласан зэргээс нэхэмжлэгчийн гаргаж өгч бүрдүүлсэн нотлох баримтууд нь хариуцагч Д.Бийг шууд буруутгах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн гэрэл зургийг хэн, хэрхэн хэзээ авсан эсэх нь тодорхойгүй, түүнд үзлэг хийлгэх замаар нотлох баримтын шаардлага хангуулах бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу нотлох баримт бүрдүүлээгүй байна.
9.Хариуцагч Ц.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э хонь, ямаатай гэдэгт маргахгүй байх боловч зөвхөн манайх бог малтай биш, өөр айлууд бог малтай, манай бод мал буюу үхэр, адуу тухайн нутагт байгаагүй, байнгын хариулгатай, хөлсний малчинтай, тариалангийн талбайн хашаан доогуур шурган орж буй гэрэл зурагт авагдсан мал манай мал биш гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
9.1.Мал бүхий иргэд мал, тэжээвэр амьтнаа байнгын хариулга, маллагаатай байлгах, тариалангийн талбайд оруулахгүй байх үүргээ биелүүлээгүй эс үйлдлээрээ гэм хор учруулахад хүргэсэн гэм буруутай, тухайн гэм буруутай эс үйлдлийн улмаас нэхэмжлэгч Д.Д, Д.*** нарын үр тарианы усалгаагүй тариалангийн талбайд бодит хохирол учирсан, эс үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой болох нь нотлогдохгүй байна.
9.2.Тухайн хохирлыг нөхөн төлөх этгээд нь хэн болохыг буюу хариуцагчаар хэнийг тодорхойлон шаардах нь нэхэмжлэгч Д.Д, Д.*** нарын эрхэд хамаарах тул тэдгээрийн Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас гарсан хохирлыг тооцох ажлын хэсгийн дүгнэлт-ээр тогтоосон хэмжээгээр гэм хорын хохирлыг арилгахыг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй ба 22,401,000 төгрөгийн хохирлыг бүхэлд нь хариуцагч Ц.Баас шаардаж буй энэхүү шаардлагын хүрээнд хууль зүйн дүгнэлтийг шүүх хийнэ.
9.3.Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д зааснаар хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул тариалангийн талбайд мал бэлчээх, мөн тариалангийн талбайд тосны ургамал тарьсан нэхэмжлэгч нар нь мал орсон бол малчинд нь малыг хүлээлгэн өгөөгүй буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
9.4.Д.Д, Д.*** нар нь өөрийн эзэмшлийн талбай, ургацаа бусдын халдлага болон малаас хамгаалах үүргийг Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-д зааснаар хүлээнэ.
9.5.Тариалан эрхлэгч буюу нэхэмжлэгч Д.Д, Д.*** нар нь тариалалт хийсэн талбайд мал, тэжээвэр амьтан оруулахгүй байх бүх талын арга хэмжээ авах, мал, тэжээвэр амьтан орсон бол тухайн мал, амьтныг хашаалж, эзэнд нь хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй эс үйлдэл нь талбайдаа мал олон удаа орох, хохирлын хэмжээг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн гэж үзнэ.
10.Иймд гэм хор учруулсан этгээд нь тодорхойгүй, уг этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь баримтаар тогтоогдоогүй байх тул Иргэний хэргийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Баас гэм хор учруулсны хохирол 22,401,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Д, Д.*** нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
11.Иргэдийн төлөөлөгч Л.Б нь шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа ...шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй гэх тайлбарыг шүүгчийн туслахад утсаар хэлсэн бөгөөд хэргийн зохигч, оролцогч талууд иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д заасантай нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнээд, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
12.Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд: Шүүх, нээхмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.260 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /269,555+400/ нийт 269,959 төгрөгийг улсын орлого болгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Бт холбогдох гэм хор учруулсны хохиролд 22,401,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Д, Д.*** нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Д, Д.*** нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 269,959 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Т аймгийн Э, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.МАРИНА
Н.ГЭРЭЛТУЯА