| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 151/2024/01209/И |
| Дугаар | 317/ШШ2025/00310 |
| Огноо | 2025-03-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 317/ШШ2025/00310
2025 03 18 317/ШШ2025/00310
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 00 дугаар хороо, Толгойт 00-00 тоотод оршин суух, регистрийн дугаар 00, Г овогт Г.Н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Заамар сум, 0 дугаар баг, Хайлааст өгөөмөр 0 дугаар гудамж, 0 тоотод оршин суух, регистрийн дугаар 00, Б овогт Л.Х холбогдох,
22.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Н нь хариуцагч Л.Х холбогдуулан “22.000.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. “2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Л.Х алт олборлолтын газар руу шөнө ордог нинжа нарт орой нь мөнгө зээлээд, өглөө ашиг болон хүүгээ хамт авдаг гэж гуйсаар 4.000.000 төгрөгөөр 4 удаа, 3.000.000 төгрөгөөр 2 удаа, нийт 22.000.000 төгрөгийг зээлж авсан. Гэтэл ашиг ч байхгүй, мөнгө ч эргүүлж өгөөгүй. Намайг их хэмжээний өр төлбөрт оруулж хохироосон. Иймд 22.000.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
2. Хариуцагч Л.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Л.хХ миний бие Г.Н ямар нэгэн өрийн асуудал байхгүй. Г.Н хадам ээж Ч.Х хүүгийнхээ дансаар өөрөө миний данс руу мөнгө шилжүүлсэн. Миний бие хариуцагч Ч.Х, түүний хүүд холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж өгсөн. Л.Х миний бие Ч.Хгаас 44.000.000 төгрөг нэхэмжилж байгаа, бас нэр төрөө сэргээлгэх зорилготой байгаа. Г.Нын хадам ээж болох Ч.Х өдрийн 10 хувийн хүүтэй мөнгө угаадаг, дээр нь хүү Г.Наа энэ асуудалдаа татан оруулсан. Г.Н миний дансанд хийсэн мөнгөө ээж болох Ч.Хгийн данс руу удаа дараа авсан. 20.000.000 төгрөгийн өдрийн хүү 10 хувь, үүнийг 3 хоногийн дотор 10.000.000 төгрөг болгож авсан. Л.Х миний бие Г.Наас авсан мөнгөө ээж Ч.Х бас Г.Нын данс руу хийсэн. Энэ нь Г.Н, Ч.Хгийн дансны хуулгаар нотлогдоно. Мөн Л.Х миний данс 00-ны хуулгаар бүгд нотлогдож байгаа. Ч.Х, Г.Н нь холбоо хамааралтай хүмүүс. Л.Х миний бие энэ хоёр хүнээс болж сэтгэл санаагаар маш их хохирч байна. Үүний тулд Г.Нын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Г.Хишигмаа нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Г.Нын данснаас Л.Х миний данс болох 00 данс руу мөнгө хийж, надаас өөрийн данс руугаа авснаа хүлээн зөвшөөрч байгаа. Иймд миний тайлбарыг харгалзан үзэж энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 269.950 төгрөг төлсөн баримт, нэхэмжлэгч Г.Нын иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Г.Нын иргэний үнэмлэхийн хуулбар, Г.Нын Хаан банкны 000дугаартай дансны 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны хуулга, 2025 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 0036 дугаартай Г.Наас Д.Бурмаад олгосон итгэмжлэл, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШТ2024/00 дугаар тогтоолын хуулбар, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 00 дугаар прокурорын тогтоолын хуулбар, Л.Хын 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдөр бичсэн гар бичмэлийн хуулбар, Г.Нын Голомт банк ХК дахь 00 тоот дансны 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хуулга, Ч.Хгийн Хаан банк ХК дахь 00 тоот дансны 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны хуулга, мөн өдөр байгуулсан №0/2024 дугаар цалингийн зээлийн гэрээ зэргийг ирүүлсэн.
4. Хариуцагч Л.Хаас Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 10/211 дугаартай тодорхойлолт, Төрийн банк ХК дахь 00 тоот дансны 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны дансны хуулга, 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шүүхэд гаргасан хариу тайлбар, 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн шилжүүлгийн баримт зэргийг ирүүлсэн.
5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Ч.Хгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдөр гэрч Ч.Хгийн шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, Төрийн банк ХК-ийн Төв аймаг салбарын 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 49/123 дугаартай албан бичиг болон хавсралтаар Л.Хийн тус банк дахь 00 дугаар дансны 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны хуулга, Хаан банк ХК-ийн 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 5721/25/139 дугаартай албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн Г.Н, Ч.Х, Л.Х нарын дансны хуулга зэрэг баримт бүрдсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Г.Н нь хариуцагч Л.Хад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь уг мөнгийг түүний хадам эх Ч.Хд төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.
3. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Г.Н, хариуцагч Л.Х болон гэрч Ч.Х нарын холбогдох дансны хуулга, нэхэмжлэгч Г.Нын Голомт банк ХК-иас 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр авсан зээлийн гэрээ зэргээс үзэхэд Г.Н Голомт банк ХК-тай тус өдөр 2 зээлийн гэрээ байгуулж, нийт 25.800.000 төгрөгийг авсан байх ба уг мөнгийг хадам эх, гэрч Ч.Хгийн Хаан банк ХК дахь 00 тоот дансанд 2024 оны 6 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд 3.000.000 төгрөг, 10.000.000 төгрөг, 3.000.000 төгрөг, 4.000.000 төгрөг, 4.000.000 төгрөг, 6.000.000 төгрөгөөр, нийт 30.000.000 төгрөг болгон шилжүүлсэн, харин Ч.Х нь Г.Нт 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 15.000.000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 4.000.000 төгрөг, нийт 21.000.000 төгрөгийг буцаан шилжүүлжээ.
Харин гэрч Ч.Хгийн Хаан банк ХК дахь 00 тоот дансны хуулгаас үзэхэд 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Ч.Х нь Л.Хад нийт 200.999.000 төгрөгийг зээлж, Л.Хаас нийт 184.720.000 төгрөгийг буцаан шилжүүлсэн нь тогтоогдсон ба үүнээс дүгнэхэд хариуцагч Л.Х нь нэхэмжлэгч Г.Нын зээлсэн 22.000.000 төгрөгийг түүний хадам эх Ч.Хд төлсөн гэх үйл баримт няцаагдаж, үгүйсгэгдэж байна.
Мөн нэхэмжлэгч Г.Нын Хаан банк ХК дахь 000тоот дансны хуулгад 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Ч.Хгаас 15.000.000 төгрөг төлөгдсөнийг мөн өдөр 4 хуваан хариуцагч Л.Хын Төрийн банк ХК дахь 00 тоот дансанд 15.000.000 төгрөг болгон шилжүүлсэн, Л.Хаас 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр “Хүү Хажаа” гэх утгатай 2.000.000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр “Зээл хаав” гэх утгаар 22.000.000 төгрөг шилжүүлснийг буцаан Л.Хын Төрийн банк ХК дахь дээрх дансанд 4.000.000 төгрөг болон 3.000.000 төгрөгөөр тус тус хуваан нийт 22.000.000 төгрөгийг шилжүүлжээ.
Ингээд энэхүү 22.000.000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба Л.Х нь уг мөнгийг төлөөгүй болох нь Г.Нын болон Ч.Хгийн дансны хуулгаас тус тус тогтоогдлоо.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүрэг шаардах эрхтэй байна.
Хэдийгээр талуудын хооронд тухайн зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т "Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасны дагуу Л.Хад Г.Наас 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 22.000.000 төгрөгийг шилжүүлснээр дээрх зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Мөн хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д “Зээлийн гэрээгээр зээлийг буцаан төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдэгчийн шаардсанаар түүнийг буцаан төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ” гэж заасан ба хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардсан хугацаанд зээлийн гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй.
Түүнчлэн Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид ... хүлээлгэж өгнө” гэж зааснаар хариуцагч Л.Х нь 22.000.000 төгрөгийг зөвхөн нэхэмжлэгч Г.Нт төлөх ба бусад этгээдэд төлсөн гэж маргах үндэслэлгүй байна.
Хэргийн 51-52 дугаар талд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШТ2024/0 дугаар тогтоолын хуулбар, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 240803215 дугаар тогтоолын хуулбар авагдсан бөгөөд тухайн эрүүгийн болон иргэний журмаар Ч.Х болон Л.Х нар бие биедээ өгч, авалцсан мөнгөний асуудлаа шийдвэрлүүлэх нь зүйтэй ба тухайн маргаан нь нэхэмжлэгч Г.Нын зээлийн гэрээний үүрэг шаардсан энэхүү иргэний хэрэгт хамааралгүй байгааг дурдав.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Л.Хаас зээлийн гэрээний үүрэгт 22.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Нт олгохоор шийдвэрлэлээ.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Г.Нын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 267.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Хаас 267.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Нт олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Л.Хаас зээлийн гэрээний үүрэгт 22.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Нт олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Г.Нын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 267.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Хаас 267.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Нт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА