| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2017/0513/Э |
| Дугаар | 436 |
| Огноо | 2017-11-30 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Халиун |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 436
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн;
улсын яллагч: Э.Халиун:
шүүгдэгч: Ц.Э (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Цэрэнхандын Эад холбогдох эрүүгийн 1709004160149 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1967 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хүчит шонхор захад ачигч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 31 дүгээр гудамж, 368 тоотод оршин суух, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, НЩ 67111516 регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, ургийн овог тодорхойгүй Цэрэнхандын Э.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Ц.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн хооронд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мишээл” караоке дотор хохирогч Д.Болормаагийн гар цүнх, “Ай фоне” 5 эс загварын гар утас, хэтэвч, бэлэн 750000 төгрөг, 200 америк доллар буюу 484936 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1893936 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Э мэдүүлэхдээ: Гэм буруугийн талаар маргахгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Болормаа /хх-25-26/, гэрч Т.Амар-Амгалан /хх-ийн 35/, гэрч Н.Цэрмаагийн /хх-ийн 33/, Ц.Эын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 27-28, 3-5/ мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 37-39/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн /, Монгол банкны валютын ханшийн лавлагаа /хх-ийн 50/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Э нь 2017 оны 7 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутагт байрлах “Мишээл” нэртэй караоке дотороос Д.Болормаагийн гар цүнх, “Ай фоне 5-S” загварын гар утас, хэтэвч, бэлэн 750.000 төгрөг, 200 Америк доллар буюу 484936 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.893.936 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Д.Болормаагийн /хх-25-26/: “... 2017 оны 7 дугаар сарын 25-ны 22 цагийн орчимд өөрийн найз Амгалангийн хамтаар Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг байрлах “Мишээл” нийтийн караокенээс гарах гэтэл миний цүнх алга болчихсон байхаар нь караокений бармений хамтаар хяналтын камер шүүж үзэхэд “Эрка” гэгч нь миний цүнхийг авсан нь камерийн бичлэгт хадгалагдсан байсан. Тэгээд цагдаад дуудлага өгч “Эрка” гэгчийг бариулсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Т.Амар-Амгалангийн /хх-ийн 35/: “…Найз Болормаагийн төрсөн өдөр тул утсаар мэнд хүргээд…орой “Мишээл” караокед очсон. Тэнд зүс таних “Эрка” гэгч ганцаараа сууж байсан. Болороо “Эркаг” дуудаад хамт суусан…” гэх мэдүүлгээр,
гэрч Н.Цэрмаагийн /хх-ийн 33/: “…Болороо эгч, Амгалан эгч, нөгөө ах 3 хамт сууж байгаад нөгөө ах гадагшаа гараад явсан…Хэсэг хугацааны дараа Болороо эгч “цүнх алга болчихлоо” гээд босоод ирсэн. Камер шүүгээд хамт сууж байсан эрэгтэй авч явсаныг мэдээд цагдаа дуудсан…” гэх мэдүүлгээр,
Ц.Эын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 27-28, 3-5/: “... 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 21 цагийн орчимд “Мишээл” нийтийн караокед сууж байтал гаднаас зүс таних Болормаа найз эмэгтэйтэйгээ хоёулаа орж ирж зэргэлдээх ширээнд суусан. Би бие засах газар руу орсон. Гэтэл Болормаатай хамт явсан найз эмэгтэй нь намайг дуудаад “ Болороогийн төрсөн өдөр цуг суу” гээд ширээнд хамт суусан. Мөн зүс таних Баатараа гэгчийг урьж бид 4 хамт суугаад 3 шил архи уусан. Тэнд байсан нэг залуу намайг цохьсон би тэр залуутай зууралдаж байх үед Болороо, нөгөө эмэгтэй, бармен хүүхэн нар салгаж нөгөө залууг гадагш авч гарсан би ширээн дээрээ очоод суусан. Болороог найзтайгаа ирэхгүй болохоор нь цүнхийг авч гараад гэртээ очоод амрах гэж байтал Болормаа гаднаас 2 цагдаатай орж ирээд цүнхээ нэхэж аваад гар утас, хэтэвч алга байна гэсэн...Би учруулсан хохирлоо барагдуулсан…” гэх мэдүүлгээр болон эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 37-39/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15/, Монгол банкны валютын ханшийн лавлагаа /хх-ийн 50/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч караокед үйлчлүүлж байхдаа эд зүйлээ хулгайд алдсаныг өөрөө болон гэрч нар мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирсон иргэний хөрөнгийг хулгайлсан болохоо мөрдөн байцаалтад сайн дураар мэдүүлсэн, хохирогчийн хулгайд алдсан хөрөнгийн үнэлгээг эд зүйлийн үнэлгээ, Монгол банкны валютын ханшийн лавлагаа зэргээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч Ц.Эын дээрх байдлаар бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан санаатай үйлдэл нь “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгаа болно.
Иймд шүүгдэгч Ц.Эыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгчийг “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, нийт 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Д.Болормаа “хулгайд алдсан эд зүйлс, бэлэн мөнгө 1.500.000 төгрөгийг буцаан авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэрэгт хадгалахаар тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Цэрэнхандын Эыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эыг нийт 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Ц.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ