Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2024/ДШМ/69

 

 

 

 

    2024           01            10                                        2024/ДШМ/69

 

А.Бад холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/1021 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Бын өмгөөлөгч О.Баярбаясгалангийн гаргасан давж заалдах гомдлоор А.Бад холбогдох эрүүгийн 2303001990216 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Боржигон овгийн А.Б, 2004 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн 2 дугаар курсын оюутан, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөөний гудамжны 320/10 дугаар байрны 450 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ТА04253110/,

            А.Б нь Сүхбаатар дүүргийн 02 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж “Blue Sky” плазагийн хойд замд 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 01 цаг 50 минутад 20-52 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”,

3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ”: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтыг зөрчсөний улмаас гарцтай замын гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигч Д.Сг мөргөж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

            Тээврийн прокурорын газраас: Шүүгдэгч А.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын төрөл хэмжээг 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч А.Бад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч Б.Баярцэцэгээс 3.300.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Сд, шүүгдэгч А.Б, иргэний хариуцагч Б.Баярцэцэг нараас 2.548.400 төгрөгийг хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч А.Баас 1.274.200 төгрөгийг, иргэний хариуцагч Б.Баярцэцэгээс 1.274.200 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт тус тус олгож, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Сд эмчилгээний зардалд 1.300.000 төгрөгийн хохирол төлсөн болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн под кирло 1 ширхэг, буферын хагархай хэсэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч буюу иргэний хариуцагч Б.Баярцэцэгт буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Сгийн шүүгдэгчээс нэхэмжилсэн гар утасны үнэ 800.000 төгрөг, гуталны үнэ 520.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хор уршиг, эмчилгээтэй холбоотой гарсан, дэлгүүрээс авсан бараа, үйлчилгээний зардлын холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хариуцагч, шүүгдэгч нараас жич нэхэмжлэх эрхийг, иргэний хариуцагч Б.Баярцэцэг нь хохирогчид учирсан хохирол, төлбөрийг төлснөөс өөрт учирсан хохирлоо буруутай этгээд болох А.Баас жич нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээж, шүүгдэгч А.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Бын өмгөөлөгч О.Баярбаясгалан гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан Авто тээврийн хэрэгсэлийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчөөгүй талаар:

Миний үйлчлүүлэгч А.Бын хувьд тухайн осол болсон шөнө буюу 2023 оны 03 дугаар сарын 19-ний шөнө 01 цаг 50 минутын үед 20-52 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл байхгүй байдаг.

Харин тухайн хэрэг гарах үед явган зорчигч Д.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ төв замд буюу Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж хойд замд гэрлэн дохиотой, явган хүний гарцтай хэсгийн гарцгүй хэсгээр буюу зөвшөөрөгдөөгүй хэсгээр зам хөндлөн гарсан байдаг. Энэ тохиолдолд явган зорчигч Д.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар зүйлд “...Явган зорчигчийн үүрэг. ...” гэсэн байх бөгөөд 5.6 дахь хэсэгт “...Явган зорчигч нь ...явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна. ...” мөн дүрмийн 5.12-т “...Явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно. ...”, а/ “...үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамгай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах. ...”, б/ “...аюулгүй байдлыг хангахаас бусад. ...  шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх. ...”, д/ ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх. ...” зэргийг хориглосон байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар миний үйлчлүүлэгч А.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчөөгүй бөгөөд анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийг дээрх гэмт хэрэг үйлдэхэд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан "...Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. ...” гэж, мөн 12.3-д заасан “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. ...” гэснийг зөрчсөн гэж үздэг.

Гэтэл дээрх замын хөдөлгөөний заалт нь замын хөдөлгөөнд оролцогчдыг сонор сэрэмжтэй, анхааралтай байхыг үүрэг болгосон санамжийн шинж чанартай ерөнхий заалт тул түүнийг зөрчсөн гэх байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруутай үйлдэлд ял шийтгэл оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцэхгүй болно. Энэ талаар Улсын Дээд шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн №98 дугаартай тогтоолоор тайлбарласан байна.

А.Бын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан Авто тээврийн  хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан  захиргааны хэм хэмжээний актыг зөрчөөгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд дээрх үндэслэлээр буюу А.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй байх тул түүний үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр.зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед хохирогч зам хөндлөн гарч яваагүй. Харин зам дээр сууж байсан. Би зам дээр хүн сууж байна гэж мэдээгүй. Ямар нэгэн зүйл мөргөх шиг болсон. Энэ үед би дотроо “сая юу мөргөсөн бэ, хүн байсан юм болов уу” гэж их бодсон. Өөртөө итгээгүй учраас хамт явж байсан хүмүүсээсээ “Сая хүн байсан уу. Юу байсан бэ” гэхэд “Юу гэж зам дээр хүн байх юм бэ, хүн байхгүй” гэж хэлсэн. Би тухайн үед дотроо үнэхээр их гайхаж, юу байсан бол гэж бодож явсаар буцаж осол гарсан газар ирсэн. Тухайн үед цагдаа, түргэн тусламж зэрэг ирээгүй байсан. Зөвхөн хүний гутал байсан. Бүх зүйл болоод өнгөрсөн байсан учраас би ослын газрыг орхиод явсан. Би хэргийн газраас зугтаагаагүй. Өмгөөлөгчийнхөө гаргасан гомдолтой санал нэг байна. ...” гэв.

Прокурор Г.Нандин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадлагаа гаргаж болно.” гэж заасны дагуу цагдаагийн албан хаагч Баяраа мөрдөгчийн магадлагаа гаргасан. Мөрдөгч нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтуудад үндэслэн 523 дугаартай мөрдөгчийн магадлагаа гаргасан нь хуульд нийцсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Мөрдөгчийн магадлагааг үндэслэлгүй гэж үзвэл прокурор өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэн шинжээч томилж болно.” гэж заасан. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд оролцогч нараас шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөрдөгчийн магадлагааг шинжээчийн дүгнэлтийн нэгэн адил нотлох баримтаар тооцно. Мөн хохирогч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж зам хөндлөн гарсан нөхцөл байдал нь шүүгдэгчийн эргүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч А.Бын өмгөөлөгч О.Баярбаясгалангийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

А.Б нь Сүхбаатар дүүргийн 02 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж “Blue Sky” плазагийн хойд замд 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 01 цаг 50 минутад 20-52 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”,

3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ”: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтыг зөрчсөний улмаас гарцтай замын гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигч Д.Сг мөргөж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

дуудлага лавлагааны хуудас /1хх 5/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 6-7, 10-12/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /1хх 8-9/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 13-16/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх 41/, мөрдөгчийн магадлагаа /1хх 82-83/, тээврийн хэрэгсэлийн лавлагаа /1хх 113/, хохирлын баримтууд /1хх 115-125/, хохирол төлсөн баримт /1хх 208/ зэрэг нотлох баримтууд болон,

хохирогч Д.Сгийн “...Би цагийг нь сайн мэдэхгүй байна. Алтангэрэл ахтай уулзчихаад буцаад эмнэлэг орох гээд явж байхдаа Сүхбаатарын талбай руу ордог баруун талын зам руу орж байснаа хальт санаж байна. Тэгээд цаашаа юу болсноо санахгүй байна. Би тухайн үед нилээн согтолттой байсан. Зам тээврийн осолд орсон гэдгээ би өөрөө мэдээгүй байсан бөгөөд Гэмтлийн эмнэлэгт хэвтээд өглөө нь ухаан ороход эмч нао хэлсэн. ...” /1хх 20, 22/,

гэрч О.Болдсайханы “...Би утсаа оролдоод явж байхад машин юм мөргөсөн үү эсхүл донсолсон юм уу гэмээр болсон. Гэтэл Бат “хүн мөргөчихлөө” гэж хэлж байх шиг байсан. Тухайн үед Батаас бусад нь юм ярихгүй байхаар нь Батад итгээгүй. Бат жоохон явж байгаад хүн мөргөчих шиг боллоо гэж хэлсэн. ...” /1хх 39/,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Баярцэцэгийн  “...Миний нэр байдаг, миний машин байгаа юм. Бат нь миний хүүхэд. Ослын улмаас миний машины зүүн урд гупер хагарсан. Надад гомдол санал байхгүй. ...” /1хх 25, 32/,

иргэний нэхэмжлэгчээр Д.Гантуяагийн “...Д.С эрүүл мэндийн төвөөс үйлчилгээ авсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 2.548.000 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна. Дээрх тусламж, үйлчилгээний зардлыг А.Баас гаргуулж өгнө үү. ...” /1хх 29/,

яллагдагч А.Бын “...Шөнийн 01 цаг өнгөрч байхад Сүхбаатарын талбайн урд замаар явж байхад автобусны буудлын харалдаа зам дээр нүх ч юм шиг, том чулуу ч юм зүйл анзаарагдсан. Тэгээд ойртоод тулж ирээд харахад хүн завилаад суучихсан юм шиг харагдсан. Тэгээд би баруу гар тийш рулээ дартал машины зүүн хэсгээр нөгөө хүнийг мөргөсөн. Тэгээд би шууд яваад өгсөн. Буцаж очиход манай гуперний хэлтэрхий, под кирло хамгаалалт, мөн хүний гутал байсан. Тэгээд би тэрийг харчихаад эмч, цагдаа байхгүй болохоор нь яваад өгсөн. ...” /1хх 94-95/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын “...Хэргийн газрын үзлэгээр хураан авсан хэлэн дээрээ “play boy” гэсэн бичигтэй, шар эрээн өнгийн үдээстэй, богино түрийтэй, шаргал өнгийн гутлан дээр цус илэрсэн, бусад обьектууд дээр цус илрээгүй. Дээрх обьектууд дээр биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. Илэрсэн цус хүнийх болон мал амьтны аль болохыг тогтоох боломжгүй. ...” гэсэн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1522 дугаартай /1хх 42-46/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын “...Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлс нь Тоёота Приус 30 загварын 20-52 УБО улсын дугаартай автомашины урд бамбайн зүүн талын хагарсан хэсэг, зүүн урд талын ус, шаврын хаалт байна. Дээрх эд зүйлс нь Тоёота Приус 30 загварын 20-52 УБО улсын дугаартай автомашины эд ангитай хагарлын зах ирмэг, хэлбэр болон өнгөөрөө тохирч байна. ...” гэсэн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1520 дугаартай /1хх 51-59/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын “...Д.Сгийн биед зүүн гарын шуу ясны далд хугарал, тархи доргилт, зулай, зүүн шилбэнд шарх, зулайд зулгаралт, баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, баруун дээд 2, доод 6 дугаар шүдний паалан эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой шинэ гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэсэн шинжээчийн 2023 оны 03 дугаар  сарын 23-ны өдрийн 3981 дугаартай /1хх 62-63/ гэсэн дүгнэлтүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч А.Быг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, мөн “Автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тус тус дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч А.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч А.Бад холбогдох хэргийг зөв зүйлчилсэн, оногдуулсан ял шийтгэл нь гэм бурууд нь тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. ...” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч А.Бын өмгөөлөгч О.Баярбаясгалан “...А.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй байх тул түүний үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр  хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаас аль нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах зэргээр үнэлснийг буруутгах боломжгүй, хавтаст хэрэгт авагдсан мөрдөгчийн магадлагааг /1хх 82-83/ хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...“анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадлагаа гаргаж болно. ...” гэж хуульчилсаны дагуу гаргасан мөрдөгчийн магадлагаа нь хуульд нийцсэн байх бөгөөд хавтаст хэрэгт уг мөрдөгчийн магадлагааг иргэний хариуцагч Б.Баярцэцэг /1хх 84/, шүүгдэгч А.Б /1хх 85/, хохирогч Д.С /1хх 86/ нарт танилцуулж, оролцогчид гомдол гаргаагүй байна.  

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтын талаар гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хувийн байдал зэрэг бусад нотлох баримтыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийсэн байх ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэх, улмаар шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч А.Бын өмгөөлөгч О.Баярбаясгалангийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр оногдуулсан ял шийтгэлийг өөрчлөх, эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/1021 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Бын өмгөөлөгч О.Баярбаясгалангийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/1021 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Бын өмгөөлөгч О.Баярбаясгалангийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.ГАНБААТАР

 

                                  ШҮҮГЧ                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ