Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2024/ДШМ/57

 

 

 

 

 

 

   2024           01             09                                      2024/ДШМ/57

 

  Ц.С-т холбогдох эрүүгийн

        хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Эрдэнэбат,

шүүгдэгч Ц.С-ын өмгөөлөгч Б.Баттулга,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/1280 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.С-ын өмгөөлөгч Б.Баттулгын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ц.С-т холбогдох эрүүгийн 2308015621526 дугаар хэргийг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

... овгийн .... С, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .... аймгийн ... суманд төрсөн, .. настай, э..эгтэй, ... боловсролтой, ..., ам бүл .., ...-ийн хамт .. аймгийн .. сумын ... дугаар багт оршин суух, /РД: .............../;

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 303 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 350 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 738 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, торгуулын ялыг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болгосон.

Шүүгдэгч  Ц.С нь 2023 оны 3 дугаар сарын 01-нээс 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Майхан толгойн 7-01 тоотод оршин суух иргэн Ж.С-гийн эзэмшлийн ..-.. ... улсын дугаартай “Тоёота Пилдэр” маркийн тээврийн хэрэгсэлд байршил тогтоогч төхөөрөмжийг нийт 3 удаа байршуулж, байршлыг нь тогтоох байдлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгисөн хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгисөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.С-ыг 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Ц.С-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг GPS /Жи пи эс/ төхөөрөмжийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг камерийн бичлэгийг хэрэгт хавсаргаж, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Ц.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.С-ын өмгөөлөгч Б.Баттулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/1280 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгчид хорих ял оногдуулахдаа шүүгдэгчийн урьд шүүхээр 3 удаа ял шийтгүүлснийг түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болгож дүгнээгүй гэсэн атлаа хүнд төрлийн ялыг сонгон хэрэглэсэн бөгөөд түүний удаа дараагийн үйлдэлтэй, гэм бурууд хандаж буй хандлага зэргийг харгалзан улсын яллагчийн хорих ял оногдуулах саналыг хүлээн авлаа хэмээн дүгнэсэн. Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хууль зүйн хөнгөлөлт эдлүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял шийтгэлээс доогуур ял оногдуулах боломжийг хуульчлан шүүхэд эрх олгосон зохицуулалтад хамаатай бөгөөд тусгай ангид заасан ялын төрлөөс сонгож хэрэглэхдээ харгалзах үндэслэл гэж өмгөөлөгч миний бие үзэхгүй байна.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх, гэм буруудаа хандах хандлага гэх ойлголт нь шүүгдэгчийн хувьд гэм буруугийн хувьд маргах эрхээ алдах эсхүл маргасан үндэслэлээр түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх үндэслэл байхгүй гэж дүгнэсэн атлаа шүүгдэгчийг гэм буруугийн хувьд маргасан, маргах эрхээ эдэлсэн хэмээн хүнд төрлийн ялыг сонгон хэрэглэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул миний үйлчлүүлэгчид оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Прокурор П.Эрдэнэбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. Гэмт хэргийн бүрдэл хангагдсан. Хорих ялыг өөр төрлийн ялаар солих нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-ын өмгөөлөгч Б.Баттулгын гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Ц.С нь 2023 оны 3 дугаар сарын 01-нээс 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Майхан толгойн 7-01 тоотод оршин суух иргэн Ж.С-гийн эзэмшлийн ..-.. ... улсын дугаартай “Тоёота Пилдэр” маркийн тээврийн хэрэгсэлд байршил тогтоогч төхөөрөмжийг нийт 3 удаа байршуулж, байршлыг нь тогтоох байдлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгисөн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнх баясгалан” ХХК-ийн хашаанд 2023 оны 4 дүгээр сарын 23-ны орой 17 цагийн үед миний эзэмшлийн ..-.. ... улсын дугаартай хар өнгийн “Тоёота Пилдер” маркийн машинд миний найз С “Жи Пи Эс” төхөөрөмж суулгасан байна. ...” гэх тэмдэглэл /хх 2/,

хохирогч Ж.С-гийн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн Нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх 3-5/,

Ж.С-гийн гаргаж өгсөн утасны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 13-17/,

хохирогч Ж.С-гийн “...2023 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Төв аймгийн Угтаал Цайдам суманд очиж ангийн найзуудтайгаа уулзсан. Тэгээд 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод Эмээлтэд буюу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах “М” ХХК-ийн байр болох ажил дээрээ иртэл манай үйлчлэгч эгч Уянга “чиний машинд GPS суулгасан байна гэж хэлэхээр нь яаж байна гэж асуутал хамгаалагч Уран-Даваа тэгж хэлж байна, чамайг дагаж ирээд байдаг хүн чинь чиний машиныг хотоос 150 км гараад явчихлаа гэж хэлсэн байна гэсэн. Тэгэхээр нь би хамт ажиллаж байсан ахын хүү болох Т-оор үзүүлтэл миний машины бензин банкны хажуугаас гадуураа гялгар ууттай дотор талдаа бор цулхай ууттай хар өнгийн дөрвөлжин хэлбэртэй GPS төхөөрөмж гарч ирэхээр нь цагдаад хандсан. Т энэ асуудлыг гэрчилнэ. Өмнө нь хоёр удаа мөн миний машинд энэ төхөөрөмжийг суулгаад өөрөө авсан. Эхнийх нь 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны зүүн талд С өөрийнхөө цагаан өнгийн Хайлюкс маркийн машинтай ирээд шахаж зогсоогоод төхөөрөмжөө авъя гээд миний машин дотор урд салоны хайрцгаас төхөөрөмжөө авсан. Тэр үед би одоо чамайг дагаж мөшгихөө больё, чи харин 7 дугаар хорооны цагдаад өгсөн гомдлоо авчих гэж хэлсэн. Тэгээд би цагдаагаас өргөдлөө авсан. Хоёр дахь нь 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Хүй долоон худагаар ороод явж байтал С зогсчих араас чинь явж байна, уулзъя гэхээр нь зогсож уулзтал машинаас чинь юм аа авъя чи гар утсаа унтраа гээд миний машины ар талаар хэвтэж байгаад нэг юм авсан. Тэр үед бол би яг юу авсныг нь хараагүй, төхөөрөмж байх гэж бодож байна. С нь цагдаад гаргаж өгсөн тухайн гадуураа гялгар ууттай дотор талдаа бор цулхай ууттай хар өнгийн дөрвөлжин хэлбэртэй GPS төхөөрөмжийг миний машинд нийт 3 удаа тавьсан байсан. Би яг хэзээ анх тавьсан талаар сайн мэдэхгүй байна. ...” /хх 34-38/,

гэрч Б.Т-ын “...би өдрийг нь сайн санахгүй байна 2023 оны 4 дүгээр сарын сүүлээр ажлаасаа буугаад байж байтал С эгч надад хандан эгчийнхээ машин доогуур ороод үзээд өгөөч, эгчийг нь энэ тэнд явахаар явсан газар бүрийг минь С мэдээд байх юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би машин доогуур ороод үзтэл машиных нь доод хэсэгт хойд хоёр дугуйны голоор бензин банкны дээд хэсэгт хавчуулаад тогтоогоод тавьчихсан гялгар ууттай дөрвөлжин юм байсан. Тэр үед С эгчийн хамт онгойлгож үзтэл утас цэнэглэгч повер банк шиг дөрвөлжийн хар өнгийн төхөөрөмж байсан. ...” /хх 43-45/,

гэрч Б.У-ын “...Ж.С хоол идэж, орж гарах үеэр манай салсан нөхөр Ц.С байнга миний машинд GPS төхөөрөмж тавьдаг юм. Намайг хаана явсан газрыг мэддэг бас GPS төхөөрөмжөө тавиад олоод ирлээ гэдэг гэж ярьж байсан. С байнга миний машинд GPS төхөөрөмж тавьдаг би тэр төхөөрөмжийг өөрөө аваад цагдаагийн байгууллагад аваачиж өгдөг гэж хэлсэн. Нэлээд хэдэн удаа төхөөрөмж тавьж миний араас мөрдөн мөшгөдөг гэж ярьдаг байсан. ...” /хх 55-59/ гэсэн мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.С-ыг мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгисөн гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ц.С-ыг хохирогч Ж.С-гийн эзэмшлийн ..-.. ... улсын дугаартай “Тоёота Пилдэр” маркийн тээврийн хэрэгсэлд байршил тогтоогч төхөөрөмжийг нийт 3 удаа байршуулж, байршлыг нь тогтоох байдлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгисөн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохирсон байх бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдож тогтоогдсон, анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шүүгдэгч Ц.С-ын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн байх тул шүүгдэгч Ц.С-ын өмгөөлөгч Б.Баттулгын “...хэргийн нөхцөл байдал болон миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Ц.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулсаныг ял хүндэдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.  

Тодруулбал, шүүгдэгч Ц.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч өмнө нь гэмт хэрэгт ял шийтгүүлсэн ба тэрээр өмнөх үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгөөгүй, засрал хүмүүжил олоогүй, дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн зэрэг нь түүний хувийн байдлыг илтгэх хүчин зүйл болж байгааг дурдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.С-ын өмгөөлөгч Б.Баттулгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Ц.С-ын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 70 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/1280 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.С-ын өмгөөлөгч Б.Баттулгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-ын цагдан хоригдсон 70 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                        ДАРГАЛАГЧ,

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Б.ЗОРИГ

 

                 ШҮҮГЧ                                               Л.ДАРЬСҮРЭН

 

                 ШҮҮГЧ                                              Т.ШИНЭБАЯР