Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 203/МА2021/00012

 

Эрчим Дөл ХХК,******* ХХК нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 143/ШШ2020/00541 дугаар шийдвэртэй,

Эрчим дөл ХХК,******* ХХК нарын нэхэмжлэлтэй,

Даланзадгад ДЦСтанц ТӨХК-д хариуцагдах ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 155 816 687 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэцэгсүрэнгийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэцэгсүрэн, нэхэмжлэгч талын өмгөөлөгч Т.Мөнхсүлд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,*******,*******, хариуцагч талын өмгөөлөгч Н.Гарьдхүү, нарийн бичгийн дарга О.Очмаа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэцэгсүрэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрчим Дөл ХХК,******* ХХК нарын түншлэл нь тендерт шалгарч ДзДЦТ ТӨХК-тай 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 125/19 тоот Зуух №1-ийн их засварын ажил гүйцэтгэх гэрээ-г нийт 199 000 000 төгрөгийн төсөвт өртгөөр хийж гүйцэтгэж, 40%, 60%-аар төлбөрөө хийгээд явна гэж тохиролцон байгуулсан. Гэвч төлбөрүүдээ цаг хугацаандаа хийлгүй хойшилсон учраас бид нар банкнаас зээл авч тухайн тоноглолуудыг авчирч ажлыг 2019 оны 11 дүгээр сарын 03-нд бүрэн дуусч 72 цагийн туршилтаар ажиллуулан 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр комисс хуралдаж, акт бичиг баримтаа хянаж ажлын гүйцэтгэлийг 260,060,509 төгрөгөөр баталгаажуулж хүлээлгэн өгсөн.

Ингэхдээ төсөв хэтэрснийг бид шийдвэрлэхгүй гэж зүтгэсээр гэрээний үнээс хийгдээгүй ажилтай холбоотой үнийг хасч, баталгаат хугацааны барьцааны үнийг үлдээн 65,179,240 төгрөгийг олгохоор тооцоо нийлж баталгаажуулсан. Энэ төсвийн гүйцэтгэлийг хоёр тал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан. Үүний зөрүү 61.060.509 төгрөг болсон.

Гэрээний гүйцэтгэлийн үлдэгдэл 48,179,240 төгрөг, зөрүү 61,060,509 төгрөг, алданги 46,576,938 төгрөг нийт 155,816,687 төгрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ шаардлагаа дэмжиж байна. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******,*******, ******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...2019 оны Зуух №1 н их засварын ажлын 19/125 тоот гэрээний ажлын дундын тайлан, гүйцэтгэл, албан бичиг, нэхэмжлэх нь БУКА ХХК-ийн нэрээр ирүүлж байсан. Энэ ажил гүйцэтгэх гэрээнд түншлэл нэршилтэй боловч******* ХХК гүйцэтгэсэн үүрэг байхгүй үүрэг гүйцэтгэгч этгээд БУКА ХХК тай харилцаж асуудлыг шийдвэрлэх хүсэлтэй байна.

Гэрээнд баталгаат хугацаа 6 сар гэж оруулсан боловч Барилгын тухай хуулийн 14.3 дахь заалтад Барилга байгууламжийн ашиглалтад зүгшрүүлэх хугацаа 1 жил байна гэж заасан. Энэ хугацаа дуусгавар болсны дараа 14.6 дагуу Барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа 3-с доошгүй жил байна гэж заасан. Тус хугацаанд гарсан аливаа гэмтэл саатлын гүйцэтгэгч талаар хариуцуулан засварлуулах бусад хохирлыг гаргуулах хүсэлтэй байна.

БУКА ХХК-ийн 2019 оны 19/125 тоот гэрээний төлбөрт хүү алданги тооцсон хувь хэмжээг хүлээн зөвшөөрч байгаа ч 2019 оны 12 сарын 04-ны өдрийн хуралдаанаар ажлын гүйцэтгэлийг 260, 060,509 төгрөгөөр баталгаажуулж гэрээний үнийн дүнг өөрчилж, төлөх үүрэг үүссэн тохиолдол байхгүй болно.

ДзДЦС ТӨХК нь тендер шалгаруулалтад заасан 199,000,000 төгрөгийн ажлын төсвийг өөрчлөх, нэмэх, хасах эрхгүй болно. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн төлбөр 48,000,000 төгрөгийг төлөөд, бусад хүү, алданги тооцсон 46,000,000 төгрөг, зардлын зөрүү 61,000,000 төгрөгийг хүчингүй болгуулж, үндсэн төлбөр 48,179,240 төгрөгийг хүлээн зөвшөөрч эвлэрэн хэлэлцэх саналтай байна.

Харин хүү алданги 46,576,938 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь гэрээний 3.2-т заасан. Мөн гэрээний үндсэн төлөлтийн график дээр тухайн засварын ажлыг богино хугацаанд хийж гүйцэтгэхийн тулд гэрээний 40%-тай тэнцэх дүн болох 79,600,000 төгрөгийг гэрээ байгуулж ажлын тайлан ирүүлснээс хойш 3 хоногт багтаан олгоно гэж заасан байна.

Дундын тайланг 10 дугаар сарын 31-ний өдөр манай талд хүлээлгэж өгсөн. Тиймээс тухайн гэрээнд заасан ажлыг хугацаандаа хүлээлгэж өгөөгүйгээс алданги хохирол үүссэн. Үүнийг гэрээний 8.1 дэх заалтын дагуу тодорхойлж болно. Гүйцэтгэгч тал гэрээгээр үүссэн үүргээ хугацаанд гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол гэрээнд урьдчилан заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувиар алданги захиалагч тал төлнө гэсэн заалт оруулсан байна. Үүний дагуу хүү, алданги төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн нэмэлтээр 61,060,509 төгрөг нэхэмжилсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх 190,000 ,000 төгрөгөөр гэрээ байгуулсан боловч 260,000,000 төгрөгийн ажлын төсөв гаргаж өгсөн.. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр******* ХХК-ийн ерөнхий инженер Гансүх ямар ч тамгагүй 100 хувийн гүйцэтгэл авчирч өгснийг дүгнэхэд

-ул ширмийг задлах, цэвэрлэх, гэмтэл илрүүлэх, гол редуктор дамжуулга, рам, үлээлтийн хайрцгийн гэмтэл арилгаж, ул ширэм бэхлэлтийг бүрэн солих угсрах, турших гэсэн ажлуудыг 70 хувьтай гүйцэтгэсэн байсан учраас 30 хувийг,

-ул ширэмний доод замыг огтолж авах болон ширэмний дээд замын муудсан хэсгийг огтолж авах, зургийн дагуу гагнаж холбох гэсэн ажлыг 50 хувийн гүйцэтгэлтэй байсан учраас 50 хувийн гүйцэтгэлийг тус тус манай тал суутгаж авахаар тохиролцсон.

Анх эд материалын зардлын хэмжээг тохиролцсон жагсаалтыг ямар ч үндэслэлгүйгээр дур мэдэн нэмсэн байсан.

Урьдчилгаа 39,800,000 төгрөгийг шилжүүлснээс хойш сураггүй байснаа гэнэт хугацаа сунгая гэсэн. Өвлийн ачаалал эхлэхээс өмнө гэж бодоод гэрээний хугацааг сунгасан. гэжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Даланзадгадын дулааны цахилгаан станц ТӨХК-аас 48,275,598 төгрөг 48 мөнгийг гаргуулан нэхэмжлэгч******* ХХК,******* ХХК нарт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 107,541,089 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар******* ХХК-ийн төлөөлөгч, нэхэмжлэгч******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэцэгсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 937,033 төгрөг 43 мөнгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Даланзадгадын дулааны цахилгаан станц ТӨХК-аас 399,328 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч******* ХХК,******* ХХК нарт олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэцэгсүрэн давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх нотлох баримтуудыг буруу үнэлж хэргийн үйл баримтын талаар хууль зүйн зөв дүгнэлт хийж чадаагүй, хэргийн оролцогч нарын гаргаж өгсөн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлэх хуулийн үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу гэрээний үлдэгдэл төлбөр 48,179, 240 төгрөг, гүйцэтгэлийн баталгаажуулсан зардлын зөрүү 61, 060, 509 төгрөг нийт 109, 065, 509 төгрөгийн үүрэг гүйцэтгээгүй.

Талуудын хооронд байгуулагдсан 125/19 тоот гэрээний 3.1-3.3-д гүйцэтгээгүй үнийн дүнд 0.2 хувийн алданги тооцож, гүйцэтгэгчид төлөхөөр заасан нь хууль зүйн үндэслэлтэй учир 24,179,240 төгрөгийн алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасны дагуу нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Нөгөөтэйгүүр алдангийг төлөхөөр заасан нь харилцан үүрэг хүлээхээр тохиролцсоныг илтгэнэ. Гэтэл анхан шатны шүүхээс алдангийг хангалгүй шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн алдангийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

61,060,509 төгрөгийг ажлын гүйцэтгэлийн тооцоо нийлсэн учир Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэмж нэхэмжилсэн ба хэрэгт авагдсан нотлох баримт, хариуцагчийн тайлбараар нотлогдсон тул хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүхийн нотлох баримтаар үнэлээгүй баримтууд нь нэмж нэхэмжилсэн үнийн дүнг нотлох баримт юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 85,053, 773 төгрөгийг нэхэмжлэгчид нэмж олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Эрчим Дөл ХХК болон******* ХХК нь хамтран Даланзадгад ДЦСтанц ТӨХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 155,816,687.0 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын хэмжээг ажлын хөлс 48,179,240 төгрөг, зардлын зөрүү 61,060,509 төгрөг, алданги 46,576,938 төгрөг гэж тодорхойлж, Зуух №1-н их засварын ажил гүйцэтгэх гэрээ-нд үндэслэсэн байна.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний хөлсний үлдэгдэл 48,179,240 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгээс татгалзжээ. /хэргийн 32, 57 дугаар хуудас/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Д.Цэцэгсүрэн нь******* ХХК-ийг гүйцэтгэх захирлын хувиар төлөөлж, Эрчим Дөл ХХК-ийг түүнээс өөрийгөө төлөөлүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар олгосон итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлж оролцсон байна. /хэргийн 01, 04, 06 дугаар хуудас/

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 48,275,598.48 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч нарын төлөөлөгч нь Д.Цэцэгсүрэн нь анхан шатны шүүхийн шийдвэрийн хэрэгсэхгүй болгосон шаардлагын зарим хэсгийг буюу 84,053,773 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсэгт давж заалдах гомдол гаргаж, энэ дүнд ногдох хэмжээний улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн байна.

Зохигчид 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 125/19 дугаартай Зуух №1-н их засварын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Эрчим Дөл ХХК болон******* ХХК нь зуухны засварын ажлыг 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 8 дугаар сарын 20-ны дотор багтаан гүйцэтгэх, хариуцагч Даланзадгад ДЦСтанц ТӨХК нь ажлын хөлсөнд 199,000,000 төгрөгийн хөлсийг гүйцэтгэх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа, хэмжээг тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэсэн шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ. /хэргийн 13-17 дугаар хуудас/

Талууд 2019 оны 8 дугаар сарын 20-нд Зуух №1-н их засварын ажил гүйцэтгэх гэрээний хугацаа сунгалт гэх нэртэй гэрээ байгуулж, гэрээнд 125/19 дугаартай гэрээний ажлыг хүлээлгэн өгөх хугацааг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар сунгахаар, засварын ажлын гүйцэтгэл 85% -ийг хүлээн авсныг, мөн гэрээ сунгагдсан хугацаанд үлдэх 15% гүйцэтгэлийг хийгдэх талаар заасан байна. /хэргийн 27 дугаар хуудас/

Гэрээний хугацаа сунгах тухай энэ гэрээ нь 125/19 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний 2.5-д хоёр тал харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээний гүйцэтгэлийн хугацааг сунгаж болно, 10.2-т хэрвээ талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага гарвал ... гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулснаар гэрээний нэг адил хууль зүйн хүчинтэй гэсэн тохиролцооны дагуу хийгдсэн байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзэх ба энэ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар талуудын чөлөөт байдалд нийцнэ.

Хариуцагч гэрээний дагуу ажлыг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ашиглалтанд хүлээн авсан нь Тоноглолыг их засвараас хүлээн авсан акт, 100% гүйцэтгэл гэх эрх бүхий албан тушаалтануудын гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулсан баримтуудаар, ажлын хөлснөөс 48,275,598.48 төгрөгийг ажил гүйцэтгэгч болох нэхэмжлэгчид төлөөгүй байгаа нь нэхэмжлэгч Бука ХХК болон хариуцагч Даланзадгад ДЦСтанц ТӨХК, Монгол Улсын Эрчим хүчний Яамны албан бичгүүдээр тогтоогдож байна. /хэргийн 41-47, 48-55, 56, 57 дугаар хуудас/ Зохигчид энэ талаар маргаагүй.

Хариуцагч нь хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхээс өмнө шүүхийн шийдвэрээр хариуцагчид хариуцуулсан мөнгөн дүнгээр төлбөрийг нэхэмжлэгчид төлсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй тул энэ хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар явагдахгүй хэдий ч хуулийн энэ зохицуулалт нь хариуцагчаас шийдвэрийг сайн дураар биелүүлэх, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхэд саад болохгүй учир хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч биелүүлсэн гэж үзнэ.

Мөн нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрээс 85,053,773 төгрөгийг эс зөвшөөрч гомдол гаргасан тул энэ хэмжээнд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх нь талуудын диспозитив зарчим зөрчигдөхгүй гэж үзэж, давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулав. Үүнд:

1. 125/19 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний үүрэг гүйцэтгэгч нар нь захиалагч*******-д гэрээнд заасан ажлыг хүлээлгэн өгсөн байх тул талуудыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3, 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй ажлын үр дүнг шилжүүлэх, мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т зааснаар захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлсэн.

Анхан шатны шүүх хоног тутам алданги тооцохоор тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэн алдангийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги гэдэг нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөх агуулгатай анз болохыг, гэрээний 8 дахь хэсэгт заасан талуудын хүлээх хариуцлага-ын талаарх тохиролцоог тус тус анхаараагүй байна.

Гэрээний төлбөр тооцоо гэх гурав дахь хэсэгт зааснаар хөлсийг ажлын гүйцэтгэлийн явцаар тооцон тодорхой хувиар төлж, ажлын үр дүнг хүлээн авснаар бүрэн төлөгдсөн байх ёстой боловч захиалагч нь шийдвэр гарах хүртэлх хугацаанд бүрэн төлөөгүй байсан нь хариуцагчийг Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 346 дугаар зүйлийн 346.2-т заасан үүргээ 222 дугаар зүйлийн 222.1-т зааснаар хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

Түүнчлэн анхан шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хүү, алданги тооцсон хувь хэмжээг зөвшөөрсөн агуулгатай тайлбар ирүүлж байсан боловч шүүх хуралдаанд татгалзан мэтгэлцэхдээ тайлбараас өөр нотлох баримт гаргаагүй байна.

Иймд алдангийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн зохицуулалтад нийцүүлж гаргуулах тухай давж заалдах гомдлын хэсэг үндэслэлтэй.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар захиалагч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй. Талууд гэрээндээ гүйцэтгэх ажлын хөлсний хэмжээг 199,000,000.0 төгрөг гэж тохирсон. Гэрээний үнэ буюу ажлын хөлс нэмэгдсэн нь гэрээ байгуулах үед төлөвлөх боломжгүй байсан, энэ тухай захиалагчид мэдэгдсэн, мөн ажлыг хүлээж авсан баримтад гүйцэтгэлийн дүнг 260,060,509 төгрөг гэж бичсэн боловч нэмэгдсэн хэсгийг олгохоор харилцан тохиролцсон байдал зэргээ нэхэмжлэгч нотлоогүй тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль зөрчөөгүй. Иймд ажлын хөлсний зөрүүг гаргуулах тухай давж заалдах гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлүүдийг нэгтгэн, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, алданги шийдвэрлэхдээ хууль хэрэглээгүйг залруулж, зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасан тул урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжаас энэ хэмжээнд тохирох хэсгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, үлдэх хэсгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 143/ШШ2020/00541 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 ба 2 дахь заалтыг нэгтгэн дугаарыг 1 гэж, 3 ба 4 дэх заалтыг 2, 3 гэж эрэмбэлэн дугаарыг өөрчилж,

1 дүгээр заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Даланзадгадын ДЦСтанц ТӨХК-иас гэрээний үнэ 48,179,240 төгрөг, алданги 24,089,620 төгрөг, нийт 72,268,860 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч******* ХХК болон******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 83,547,827 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дугаар заалтын 399328 гэснийг 519294 гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь 72,268,860 төгрөгийн шаардлагаас 48,275,598,48 төгрөгийг хүлээн зөвшөөрч биелүүлсэн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4. 162 дугаар зүйлийн 162.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч 2884321 дугаар регистртэй******* ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 583218 төгрөгөөс 277,916 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, үлдэх хэсгийг улсын тэмдэгтийн хураамжид хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.НАСАНЖАРГАЛ

                ШҮҮГЧИД                               Х.БАЙГАЛМАА

                                                                                                                                                                   Х.ГЭРЭЛМАА