Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2016/01330

 

Ч.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2016/00150 дугаар шийдвэртэй,           

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1506 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч : Ч.Лхагвасүрэн,

Хариуцагч : Нийслэлийн Боловсролын газар,

Нэхэмжлэлийн шаардлага: 12.600.300 төгрөг гаргуулах тухай

Зохигчдын гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Лхагвасүрэн, нарийн бичгийн даргад Т.Жавхлантөгс нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015.9.16-ны өдрийн 569 дүгээр шийдвэрээр намайг Багануур дүүргийн Боловсролын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч Нийслэлийн Боловсролын газар нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн тогтоолыг сайн дураар биелүүлэхгүй байсан тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргаснаар 2016.5.18-ны өдөр ажилдаа орсон. Харин шүүхийн шийдвэрээр авах цалингаа одоо хүртэл авч чадаагүй. Намайг ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2015.9.16-ны өдрөөс 2016.5.18-ны өдрийг хүртэл би ажилгүй байж цалингаараа хохирсон тул энэ хугацааны цалинтай тэнцэх олговорт 11.816.612 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Мөн ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж, ажиллагааны явцад Багануур дүүргээс Улаанбаатар хотод ирж, очсон замын зардалд нийт 314.500 төгрөг, баримтын хуулбар үнэн гэрчлүүлэхэд нотариатын зардалд 6.000 төгрөг, хариуцагч шүүхийн шийдвэр сайн дураар биелүүлээгүйгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд 60.000 төгрөг төлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал урамшуулалд 403.187 төгрөг төлөхөөр гэрээ хийсэн. Иймд Нийслэлийн Боловсролын газраас цалинтай тэнцэх олговор болон бусад зардалд нийт 12.600.300 төгрөг гаргуулж өгнөүүгэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал, тээврийн зардал болон нотариатын зардалд нийт 783.687 төгрөг нэхэмжилсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан зардалд хамаарахгүй тул хариуцагч хариуцах үндэслэлгүй. Харин түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлтэй холбоотой тайлбар байхгүй бөгөөд байгууллагын төсөвт энэ мөнгө байхгүй тул зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2016/00150 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Нийслэлийн Боловсролын газраас 9.189.832 төгрөг гаргуулж Ч.Лхагвасүрэнд олгож,  үлдэх 3 410 468 төгрөгийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216 561 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 161.987 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1506 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2016/00150 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 9.189.832 төгрөгийг гэснийг 9.129.832 төгрөгийг гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын 161,987 төгрөгийг гэснийг 161.027 төгрөгийг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Ч.Лхагвасүрэн миний бие Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 2016.8.02-ны өдөр Нийслэлийн Боловсролын газар гаргасан гомдолтой холбогдуулан гаргасан тайлбартаа шүүгч сарын дундаж цалин хөлсийг тооцохдоо алдаа гаргасныг дурьдсаныг үл анзаарч магадлалд "Шүүх нэхэмжлэгчийн 2015 оны цалингийн картыг үндэслэн 2015 оны 2, 3, 4 дүгээр саруудын урьдчилгаа болон гарт олгосон цалингийн дунджаар тооцож ажилгүй байсан 8 сарын хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9.038.832 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдсэн 2.777.780 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй байна" гэсэн нь хэргийг бүхэлд нь хянаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Уянга 2016.6.21-ний өдрийн 181/ШШ2016/00150 тоот шийдвэртээ Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005.5.05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан "дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын 7 дахь хэсгийн "а"-д заасны дагуу сарын дундаж цалин хөлс 1.386.749 төгрөг /(1.136.795+1.144.795+1.878.658):3/ байхыг 1.129.854 төгрөг гэж буруу тодорхойлсон. Иймээс хариуцагчаас надад 8 сар ажилгүй байсны цалин хөлстэй тэнцэх олговорт 11.093.992 төгрөг (1.386.749 х 8) дээр унааны зардал 85.000 төгрөг, нотариатын төлбөр 6.000 төгрөг, нийт 11.184.992 төгрөгийг гаргуулж олгоно гэж үзэж байна. Иймд шийдвэр,   магадлалд байгаа буруу тооцоог засварлаж холбогдох өөрчлөлт оруулсан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Ч.Лхагвасүрэн нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2015.9.16-ны өдрөөс хойш ажилд томилогдох өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан гэж анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Гэвч Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015.11.18-ны өдрийн 515 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015.9.16-ны өдрийн 569 дүгээр шийдвэрийг хүчингүйд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016.01.04-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор дээрх магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Энэ нь магадлал гарсан 2015.11.18-ны өдрөөс Улсын дээд шүүхийн тогтоол гарсан 2016.01.04-ний өдрийг хүртэлх хугацаа буюу ажлын 32 хоног ажилгүй байсан гэж үзэх үндэслэлгүй болно. Учир нь дээрх хугацаанд магадлал хүчин төгөлдөр үйлчилж байсан болно. Дээрх үйл баримтад талууд маргаагүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй болно. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

Ч.Лхагвасүрэн нь “...2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд ажилгүй байсан...” гэсэн үндэслэлээр 11.816.612 төгрөг, Багануураас ирж очих зардал 314.500 төгрөг, баримт бичгийн хуулбар гэрчлүүлэхэд гарсан зардал 6.000 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд 60.000 төгрөг, урамшуулалд 403.187 төгрөг төлөх гэрээ хийсэн тул нийт 12.600.000 төгрөгийг   Нийслэлийн боловсролын газраас гаргуулахыг нэхэмжилсэн байна. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх Ч.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж 8 сарын цалинтай тэнцэх хэмжээний олговорт 9.038.832 төгрөг, замын зардалд 85.000 төгрөг, нотариатын зардалд 6000 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 60.000 төгрөг нийт 9.189.832 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон байна. Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, олговорыг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардал шаардсан 60.000 төгрөгийг хасаж хариуцагчаас нийт 9.129.832 төгрөг гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжийн заалтыг өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүх 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 0569 дугаартай шийдвэр гаргаж Ч.Лхагвасүрэнг Багануур дүүргийн боловсролын хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон, уг шийдвэр Улсын Дээд шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор хэвээр үлдсэн, нэхэмжлэгчийг ажилд авах тухай шийдвэрийг ажил олгогч 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гаргасан,  Ч.Лхагвасүрэн 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах үед Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 0569 дугаар шийдвэр биелэгдээгүй байсан нь тус тус тогтоогджээ. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгохоор заасан, нэхэмжлэгч нь замын зардалд 85.000 төгрөг, нотариатын зардалд 6.000 төгрөг зарцуулсан нь нотлогдсон байх тул   магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Харин нэхэмжлэгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцоход ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговорт хариуцагчаас 11.093.992 төгрөг гаргуулахаар байна. Иймд нөхөх олговор 11.093.992 төгрөг, замын зардал 85.000 төгрөг, нотариатын зардал 6.000 төгрөг нийт 11.184.992 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, магадлалд өөрчлөлт оруулна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2  дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1506 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалтын “...9.129.832 төгрөгийг...” гэснийг “...11.184.992 төгрөг...” гэж, “...161.027 төгрөгийг...” гэснийг “...193.909 төгрөг...” гэж өөрчлөн, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 193.910 төгрөгийг захирамжаар буцаан олгож,  хариуцагч  улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                      Б.УНДРAX