Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадамдоржийн Саранчимэг |
Хэргийн индекс | 112/2016/0019/З |
Дугаар | 26 |
Огноо | 2016-08-31 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 26
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Саранчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ********************** *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тус аймгийн Сонгуулийн хороо, Сонгуулийн хорооны дарга *******, аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох Сонгуулийн болон Улсын бүртгэлийн хууль тогтоомж зөрчиж нэрсийн жагсаалт гарч түүний дагуу явагдсан *********** сонгуулийн дүнг хүчингүй болгож, дахин сонгууль явуулах шийдвэр гаргуулах мөн нэр бүхий 87 иргэнийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, хариуцагч ******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* болон түүний өмгөөлөгч Ж.Мөнхнасан нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2016 оны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль болохтой холбоотойгоор Монгол Улсын сонгуулийн Ерөнхий хорооноос 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдөр авсан нэрийн жагсаалттай шүүж үзэхэд Есөнбулаг сумын ******* багийн оршин суудаггүй нэр бүхий иргэдийг Улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.10-д Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хэрэглэх баримт бичгийн загвар маягт холбогдох заавар журам хуульд заасан журмын дагуу баталж мөрдөх 19 дүгээр зүйлийн 19.1-д хууль тогтоомжид заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх, лавлагаа мэдээлэл өгөхөд үйлчилгээний хөлс төлнө гэж заасан заалтуудыг тус тус зөрчсөн. Мөн Сонгуулийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3-д Сонгогчийг сонгогчдын нэрсийн жагсаалтад сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрт хаягийн бүртгэл бүхий сонгогчийн нэр, эцэг эхийн нэр, нас хүйс, регистрийн дугаар, оршин суугаа хаяг гэсэн дарааллаар бүртгэх ба сонгогчийг оршин суугаа хаягийн дагуу бичнэ мөн 65 дугаар зүйлийн 65.1-д сонгогч өөрийн байнга оршин суугаа газрынхаа харьяа хэсэгт санал өгнө гэсэн заалтуудыг зөрчин иргэний шилжилт хийсэн. Монгол улсын нутаг дэвсгэрт тиргэн шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх, мэдээлэх журмын 3 дугаар зүйлийн 3.3.4-д заасан иргэдийн аймаг, нийслэлийн дотор түр шилжин суурьших хөдөлгөөнийг тэдний өргөдөл болон энэ журмын 3.1-д заасан холбогдох баримт бичгийг үндэслэн аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргын Тамгын газар, аймаг , хот дотор шилжин суурьших хөдөлгөөнийг энэ тухай тодорхойлолт хүн амын бүртгэлээс хасуулсан тодорхойлолтыг үндэслэн бүртгэнэ. Гэсэн заалтыг ноцтой зөрчин улсын бүртгэлийн ахлах бүртгэгчийн эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж хавсралтад дурдсан нэр бүхий иргэдийн хууль бусаар шилжих хөдөлгөөн хийсэн. Иймд Сонгуулийн болон Улсын бүртгэлийн хууль тогтоомж зөрчиж нэрсийн жагсаалт гарч түүний дагуу явагдсан ******* багийн 6 дугаар хэсгийн сонгуулийн дүнг хүчингүй болгож, дахин сонгууль явуулах шийдвэр гаргуулах мөн нэр бүхий 87 иргэнийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сонгуулийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд сонгогчдын нэрсийн жагсаалт үйлдэх танилцуулах хүргүүлэх гээд хуулийн заалттай. Сонгогчийн нэрсийн жагсаалтын Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны тов байгууллага эрхлэн гүйцэтгэсэн гэсэн байгаа. Сонгуулийн тухай хуулиар сонгогчдын нэрсийн жагсаалтыг санал авах байранд хүргүүлнэ гэсэн байна. Багаас ирүүлсэн санал үндэслэн сонгогчдын нэрсийн жагсаалтыг гаргана гэсэн хуулийн заалт байхгүй шүү дээ. Энэ хэрэг шүүх хуралдаан нь олон удаа хойшилж удааширч байна өнөөдөр шийдвэрлэж хэрэгсэхгүй болгож өгнө үү?, Хүмүүсийн сонгох, сонгогдох эрх, шилжилт хөдөлгөөн хийх зэрэг Үндсэн хуулиар олгосон эрх байгаа. Энэ байдлыг нь мөн 2016 оны Сонгуулийн тухай хуулиар зохицуулж өгсөн байгаа. Үүнд ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн, хүний эрх зөрчсөн, тэр 87 хүнийг албан хүчээр зохион байгуулалттай авч ирээд санал өгүүлсэн гэдэг байдал нь нотлогдохгүй байгаа.
Хариуцагч аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тухайн иргэд иргэий шилжилт хөдөлгөөн хаагдахаас өмнө хуулийн хугацаандаа багтаж шилжилт хөдөлгөөнтэй холбоотой баримт материалыг тухайн газартаа бүрдүүлж албан ёсоор шилжилт хөдөлгөөнөө хийлгэсэн. Иргэний шилжилт хөдөлгөөний үнэ хураамжийг Монгол улсын Засгийн газрын 2010 оны 237 дугаар тогтоолоор батлагдсан хэмжээгээр тухайн шилжин явж байгаа газраа төлсөн. Шилжин очиж байгаа газраа төлөхгүй. Иргэний бүртгэлийн нэгдсэн сүлжээнд тухайн иргэн шилжин явж байгаа газраасаа хасалт хийлгээгүй тохиолдолд шилжин ирж байгаа газар нь бүртгэл хийх боломжгүй болдог гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогч нарын гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.18-д заасны дагуу Улсын нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух,эх орондоо буцаж ирэх эрхтэй гэж / заасны үндсэн дээр эрхээ эдэлж улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад шилжилт хөдөлгөөнөө бүргүүлсэн байна.
Маргаан бүхий 87 иргэн нь Сонгуулийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар иргэдийн Засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдөр сэргээнэ. Мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэний бүртгэл , мэдээллийн сан дахь сонгогчийн бүртгэлд үндэслэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэн үйлдэнэ.
Иргэний бүртгэлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Иргэнийг аймгаас аймагт, аймгаас нийслэлд, нийслэлээс аймагт шилжин суурьших хөдөлгөөнийг зохицуулж бүртгэх, мэдээлэх ажлыг аймаг, нийслэлийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан алба эрхэлнэ мөн хуулийн 26.2-д Иргэнийг аймаг болон нийслэлийн дотор шилжин суурьших хөдөлгөөнийг зохицуулж бүртгэх, мэдээлэх ажлыг сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтан бүртгэж, мэдээлэх ажлыг хариуцна. Шилжилт хөдөлгөөн хийлгэхдээ дараах баримт бичгийг үндэслэн иргэний шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэнэ. Үүнд: Монгол Улсын иргэний үнэмлэх, Монгол Улсын иргэн 16 нас хүрээгүй бол төрсний гэрчилгээ, гадаад улсад байнга оршин суудаг Монгол Улсын иргэн бол энгийн гадаад паспорт, хорих газраас суллагдсан хүн бол шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагаас олгосон магадлагаа, иргэнийг тухайн хувь хүн мөн болохыг гэрчлэх бусад баримт бичиг, оршин сууж байсан нутаг дэвсгэрийн сум, дүүрэг, хорооны хүн амын бүртгэлээс хасуулсан тухай тодорхойлолт, Иргэн аливаа засаг захиргааны нэгжид 180 хоногоос дээш хугацаагаар оршин суухдаа 10 хоногийн дотор холбогдох сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтанд оршин суугаа газрынхаа хаягийн бүртгэлийг иргэний үнэмлэхэд тэмдэглүүлнэ гэж заасны дагуу нэр бүхий 87 иргэн нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ болон шилжин явсан тухай тодорхойлолт зэргийг хуульд зааснаар 60 хоногийн өмнө бүрдүүлэн, шилжилт хөдөлгөөн хийлгэсэн байх тул хууль зөрчсөн гэж үзэхээргүй байна. Мөн шилжилт хөдөлгөөн хийлгэсэн 87 иргэн нь өөрсдөө шилсэн талаараа мэдэхгүй нэр дэвшигч нь өөрөө дур мэдэн шилжүүлсэн байна гэх тухайд тухайн шилжилт хөдөлгөөн хийлгэсэн иргэд шилжсэн талаараа мэдээгүй байсан бол сонгуулиа хаана өгөх үү мөн цагдаагийн газраас ирүүлсэн гэрч нарын мэдүүлэг улсын бүртгэлийн хэлтсийн дарга *******, Есөнбулаг сумын бүртгэл, статистикийн ажилтан ******* нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримт зэргээр холбогдох хууль зөрчиж шилжсэн болох нь тогтоогдохгүй байна. Сонгуулийн болон Улсын бүртгэлийн хууль тогтоомж зөрчиж нэрсийн жагсаалт гарч түүний дагуу явагдсан ******* багийн 6 дугаар хэсгийн сонгуулийн дүнг хүчингүй болгож, дахин сонгууль явуулах шийдвэр гаргуулах тухайд шүүхээр хууль зөрчиж шилжилт хөдөлгөөн хийгдсэн болох нь тогтоогдохгүй байхад сонгуулийн дүнг хүчингүй болгож дахин сонгууль явуулах шийдвэр гаргах боломжгүй юмаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгуулийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар тус аймгийн Сонгуулийн хороо, Сонгуулийн хорооны дарга *******, аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох Сонгуулийн болон Улсын бүртгэлийн хууль тогтоомж зөрчиж нэрсийн жагсаалт гарч түүний дагуу явагдсан ******* багийн 6 дугаар хэсгийн сонгуулийн дүнг хүчингүй болгож, дахин сонгууль явуулах шийдвэр гаргуулах мөн нэр бүхий 87 иргэнийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.САРАНЧИМЭГ