Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2017/0650/З |
Дугаар | 221/МА2018/0105 |
Огноо | 2018-02-07 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2018/0105
С.А-гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч С.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, С.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.О нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0930 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, С.А-гийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0930 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, Төрийн аудитын тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.3, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.А-гаас Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдуулан гаргасан “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/247 дугаар “С.А-г ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/247 дугаар тушаалаар аудитын газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж, ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад нийцэхгүй болсон гэдэг үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн. Хариуцагч талаас шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ажлаас чөлөөлсөн үндэслэлийг тайлбарлахдаа орон тоо цөөрсөн шалтгаанаар ажлаас чөлөөлсөн гэж тайлбарладаг.
Шүүхээс нэхэмжлэгчийн ажлын байрны орон тоо цөөрсөн байна. Орон тоо цөөрсөнтэй холбогдуулан батлагдсан ажлын байрны тодорхойлолтыг шаардлагын дагуу буюу төрийн албанд 5 жил ажилласан байх, мэргэшсэн байх гэсэн шалгуур үзүүлэлтээр ажилчдыг сонгон авч, үлдсэн ажилчдыг чөлөөлсөн нь хуульд нийцсэн байна. Нэхэмжлэгч нь гүйцэтгэлийн аудитын хэлтэст ажиллаж байсан бөгөөд уг албанд 13 шинжээч байсныг 6 болгон цөөрүүлсэн байх тул орон тоо цөөрөөгүй гэх тайлбар үндэслэлгүй байна гэх тайлбар үндэслэлгүй байна гэж дүгнэсэн байна.
Гэвч Нийслэлийн аудитын газар өмнө нь санхүүгийн, гүйцэтгэлийн гэсэн 2 хэлтэстэй байсан бөгөөд гүйцэтгэлийн аудитын ажилчид нь нийцлийн аудит, гүйцэтгэлийн аудитыг хамтад нь хийж ирсэн байдаг. Улмаар гүйцэтгэлийн аудитын 13 орон тооноос 4 орон тоог нь авч нийцлийн аудитын хэлтсийг бий болгосон байх бөгөөд уг албандаа гүйцэтгэлийн аудитын хэлтэст ажиллаж байсан хүмүүсийг томилсон байна. Мөн санхүүгийн аудитын хэлтэс өмнө нь аудиторын 10 орон тоотой байсан бөгөөд шинэ бүтэц 16 орон тоотой болсон буюу гүйцэтгэлийн аудитын хэлтсийн 3 орон тоог нэмж авсан байна.
Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/60 дугаар тушаалаар гүйцэтгэлийн аудитын хэлтэст 6 орон тоо баталсан байх хэдий ч Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/206 дугаар тушаалаар гүйцэтгэлийн аудитын хэлтэст 5 хүн аудитороор ажиллаж байх тул хариуцагчийн орон тоо байхгүй гэх тайлбар нь үндэслэлгүй байна.
Шүүхээс хариуцагчийг сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд явуулсан гэж дүгнэсэн. Гэвч хариуцагчийн сонгон шалгаруулалт явуулсан гэх тэмдэглэл нь 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байх бөгөөд уг тэмдэглэлийн ажлаас чөлөөлж буй ажилчдын нэрсийн жагсаалтын хэсэгт Б.Гоцбаярын талаар 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ёс зүйн зөрчил хүлээсэн гэж бичигдсэн байдал нь уг тэмдэглэлийг нөхөж үйлдсэн, сонгон шалгаруулалтыг бодит байдал дээр явуулаагүй гэдгийг илтгэж байна.
Сонгон шалгаруулалтын гол шалгуур нь ажлын туршлага гэх ойлголт байх бөгөөд шинээр батлагдсан ажлын байрны тодорхойлолтод төрийн албанд 5 жил ажилласан гэх шаардлага тавин уг шаардлагаар сонгон шалгаруулалт явуулж буй нь үндэслэлгүй юм. Ажлын туршлага гэдэг нь тухайн ажил, албан тушаалд хэр хугацаанд ажилласан, өөрийн хийж буй ажлыг хэр зэрэг үр дүнтэй хийж байгаагаар илэрхийлэгдэх ойлголт болохоос зөвхөн жилээр хязгаарлагдах ойлголт биш юм.
Мөн нэхэмжлэгчийн зүгээс гүйцэтгэлийн аудитын хэлтэст ажиллаж буй Г.Чулуунцэцэг гэх хүнийг 2013 оноос Нийслэлийн аудитын газарт бичиг хэргийн ажил хийж байгаад 2017 оны 01 дүгээр сараас шинжээчээр ажиллаж эхэлсэн, А.Мяасүрэн гэх хүнийг 2016 оны 03 дугаар сараас шинжээчээр ажиллаж эхэлсэн өмнө нь цагдаагийн байгууллагад ажиллаж байсан, Б.Оюун-Эрдэнэ гэх хүнийг Экологи, химийн багшийн мэргэжилтэй гэж өөрөөр хэлбэл миний 3 жил 6 сар хийж ирсэн ажлыг энэ хүмүүс 6 сар, 1 жилийн өмнөөс л хийж байгаа тул надаас илүү туршлагатай гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж тайлбарладаг. Иймд сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд явуулсан байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.
Нийслэлийн аудитын газарт менежер, ахлах аудитор, ахлах шинжээч байсан 12 хүмүүс аудитор болж өөрчлөгдсөн байх тул эдгээр хүмүүсийн материалыг судлан үзэж, ахлах албан тушаалтай хүмүүс нь тушаал буураад байна уу, орон тоо цөөрөөд байна уу, шинээр ажилчид авсан эсэх, сонгон шалгаруулалтаар үлдсэн гэх хүмүүс нь үнэхээр туршлага илүү эсэх нөхцөл байдлыг судлан үзэж, хэргийг шийдвэрлэх ёстой байна гэж үзэж байна.
Иймд шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж үзэж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдолтой нотлох баримт цуглуулах үүргээ бүрэн гүйцэд биелүүлэлгүй хэргийг шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/247 дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөн батлагдсанаар ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад нийцээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч С.А-г ажлаас чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэжээ.
Уг тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч С.А “...анх ажилд орохдоо ажлын байранд тавигдсан тодорхойлолт, шаардлагад нийцэн ажилд орсон, байгууллагын бүтцийн өөрчлөлтөөр орон тоо цөөрүүлсэн, орон тоо хасагдсан, салбар нэгж татан буугдсан тодорхойгүй үндэслэлээр намайг ажлаас халсан” гэж, хариуцагчаас “Нийслэл дэх Төрийн аудитын газар нь 50 орон тоотой байсныг 45 орон тоотойгоор бүтцийг шинэчлэн баталсантай холбогдуулан шинжээчийн орон тоо хасагдсан бөгөөд С.А нь ажлын байрны тодорхойлолтод тавигдсан шаардлагыг хангахгүй байсан тул түүнийг ажлаас чөлөөлсөн” гэж тус тус маргажээ.
Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцээгүй байна.
Хэрэгт авагдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбаруудаас үзэхэд “Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц, орон тоо өөрчлөгдөж 50 орон тоотой байсныг 45 болж цөөрүүлсөн” гэх боловч Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны Б/177, Б/206 дугаар тушаалаар Нийслэлийн Төрийн аудитын газарт ажиллаж байсан 46 албан хаагчийг ажлаас чөлөөлж, Нийслэл дэх Төрийн аудитын газарт буцаан томилохдоо нийт 34 албан хаагчийг томилсон, үлдсэн орон тоонд хүн томилсон эсэх нь тодорхойгүй, хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй. Гэтэл хариуцагч бүрэн орон тоогоор ажиллаж байгаа гэж маргасан. Гэтэл анхан шатны шүүхээс тухайн байгууллагад нийт хэдэн хүн ажиллаж байсан, одоо хэдэн хүн ажиллаж байгаа болох, шинэ бүтэц батлагдсанаас хойш гүйцэтгэлийн аудитын хэлтэст томилогдсон бүх аудиторууд нь өмнө нь бүгдээрээ гүйцэтгэлийн аудитын чиг үүрэг бүхий ажил, албан тушаал нь эрхэлж байсан эсэх, шинэчлэн батлагдсан ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагыг хэрхэн хангаж байгаа болохыг тодруулаагүй атлаа “...мэргэшсэн, туршлагатай байх ерөнхий шаардлагыг хангаж байгаа албан хаагчдыг сонгон авч үргэлжлүүлэн ажиллуулахаар, харин ерөнхий шаардлагыг хангахгүй байгаа албан хаагчдыг албан тушаалаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэсэн үйлдлийг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй” гэх дүгнэлтийг хийсэн нь буруу байх тул дээрх нөхцөл байдлыг бүрэн тодруулах нь зүйтэй.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд “...менежерээр ажиллаж байсан Г.Ц, В.Э, Д.Э нар одоо аудитор, ахлах аудитор болсон. Ахлах шинжээчээр ажиллаж байсан Г.Ц, А.М, С.Л нар аудитор болсон. Ахлах аудитороор ажиллаж байсан Ц.Б, Ц.С, И.Э, С.Г, Х.О, Т.Н гэх 6 хүн аудитор болсон. Үүнээс үзэхэд дээд шатны албан тушаалтны орон тоонд өөрчлөлт орсноос өөрчлөлтөд хамрагдсан хүмүүс тушаал буурсан. Үүнээс үүдэн доод тушаалд ажиллаж байсан хүмүүсийг ажлаас чөлөөлсөн” гэсэн тайлбар хийсэн тул энэ талаарх нөхцөл байдлыг нэг мөр тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх боломж бүрдэхээр байна.
Нөгөөтэйгүүр хариуцагчаас маргаан бүхий актын үндэслэлээ тайлбарлахдаа “шинжээчийн орон тоо хасагдсан, ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагыг хангаагүй гэж үзэж нэхэмжлэгч С.А-г ажлаас чөлөөлөх болсон” гэж тайлбарлаж байх тул анхан шатны шүүхээс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгаа болох цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу нэхэмжлэгчийг өөр ажил, албан тушаалд шилжүүлэн томилох боломж байсан эсэхийг тодруулах, түүнчлэн Нийслэл дэх Төрийн аудитын газрын аудиторын ажлын байранд тавигдах шаардлагыг нэмэгдүүлж, өөрчлөх болсон бодитойгоор тулгарсан ямар хэрэгцээ, шаардлага бий болсныг тодруулах шаардлагатай. Учир нь хариуцагч өмнө нь нэхэмжлэгчийг ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан, гүйцэтгэвэл зохих чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэн жинхлэн томилсон атлаа ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг нэмэгдүүлэн өөрчилж, улмаар нэмэгдүүлсэн шаардлагадаа нийцээгүй шалтгаанаар ажлаас чөлөөлсөн байх тул дээрх нөхцөл байдлыг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “...тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасан байхад ямар учраас сонгон шалгаруулалтыг нийт ажилтнуудын дунд явуулсан болох, ийнхүү явуулсан сонгон шалгаруулалт нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т нийцсэн эсэхийг тодруулж, дүгнэх шаардлагатай.
Тэрчлэн Монгол Улсын Ерөнхий аудиторын дэргэдэх сонгон шалгаруулалтын комиссын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 04 дүгээр тэмдэглэлээс үзэхэд Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн аудиторын ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагыг хангасан албан хаагчдын мэргэжил нь “эрх зүйч, экологи, химийн багш, эдийн засагч, банкны удирдлага, эдийн засагч” зэрэг харилцан адилгүй байгаа учир тухайн хэлтсийн аудиторуудын хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөр хоорондоо адилхан байдаг эсэхээс шалтгаалаад ажлын байрны тодорхойлолтууд нь харилцан адилгүй батлагдсан эсэх талаар тодруулах, энэ талаарх баримтыг цуглуулах нь зүйтэй.
Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0930 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН