Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 361

 

 

Д.Шинэхүүд холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Мөнх-Од,

Шүүгдэгч Д.Шинэхүүгийн өмгөөлөгч Ц.Алтанцол,

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 433 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Шинэхүүгийн өмгөөлөгч Ц.Алтанцолын гаргасан давж заалдах гомдлоор Д.Шинэхүүд холбогдох 2015 2502 2272 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Жаран овогт Дамдинсүрэнгийн Шинэхүү, 1991 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, "АПУ" ХХК-д гэрлийн техникч ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 7 дугаар гудамж 186 тоотод оршин суудаг,

2007 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 237 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулагдаж байсан, /РД:УШ91072798/,

Д.Шинэхүү нь согтуугаар 2015 оны 11 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо "Холливууд" бааранд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Б.Чинбатыг зодож биед нь “доод эрүү ясны хугарал” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Шинэхүүд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Жаран овогт Дамдинсүрэнгийн Шинэхүүг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар түүнийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, Д.Шинэхүү нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй. хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж. түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Шинэхүүгийн өмгөөлөгч Ц.Алтанцол тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Ялтан  Д.Шинэхүү нь 2015 оны 11 дүгээр сарын 8-аас 9-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Холливууд” баарны хонгилд Б.Чинбаттай таарамжгүй харилцаанаас маргалдаж улмаар тохойгоор түүний эрүү хэсэгт цохиж хүндэвтэр гэмтэл учруулсан байхад шүүх түүнийг үл ялих зүйлээр шалтаглан, нийгмийн хэв журам зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэж хэргийг хүндрүүлэн зүйлчилж, хүнд ял оногдуулсанд өмгөөлөгчийн хувьд гомдолтой байна. Д.Шинэхүү нь хамт явж байсан О.Оюунцэцэгийг такс таслагч залуу буюу хохирогч Б.Чинбат хэл үгээр доромжилсон гэж түүнийг эрүүн тус газарт цохиж гэмтэл учруулсан, ингэж цохисныг тухайн үед цуг байсан О.Оюунцэцэг, М.Дөлгөөн нар ч харж амжаагүй, сүүлд камерын бичлэгээс харж мэдэж байхад түүнийг танхайрсан гэж үзэж хүнд шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй. Ялтан Д.Шинэхүү нь хохирогч Б.Чинбатыг хамт явсан бүсгүй О.Оюунцэцэгийг хэл үгээр доромжилсонд дургуйцэж, түүний хажуугаар өнгөрөхдөө цохиж хүндэвтэр гэмтлийг санаатай учруулсан, уг үйлдлийг хүсч, зорилгодоо хүрсэн ба  энэ нь Эрүүгийн хуульд заасан “Иргэдийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг” байхад шүүх Улсын Дээд Шүүхийн 2007 оны 41 дүгээр тогтоолын тайлбар болон энэ хэргийн гэрч М.Дөлгөөн, О.Оюунцэцэг нарын мэдүүлгээр тогтоогдсон нөхцөл байдлыг анхааран үзэлгүй хэргийг хүндрүүлсэн зүйл, хэсгээр зүйлчлэн, хүнд ял, шийтгэл оногдуулсанд гомдолтой байна.

Иймд давж заалдах шатны шүүх хэргийн үйлдэгдсэн нөхцөл байдлууд болон гэрч нарын мэдүүлэг, хохирогчид учирсан гэмтэл зэргийг үндэслэн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлд зааснаар ял шийтгэл оногдуулж, уг ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг тогтоож өгнө үү гэв.

Прокурор Б.Мөнх-Од тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Анхан шатны шүүхэд хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар Д.Шинэхүү нь догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Өмгөөлөгч Ц.Алтанцол түүний үйлдлийг хувийн сэдэлттэй байсан гэж давж заалдах гомдол гаргаж байна. Д.Шинэхүү нь хохирогч Чинбаттай маргасан, тэдний хооронд хувийн таарамжгүй харьцаа үүсэх нөхцөл байдал байгаагүй. Хохирогчийг ажлаа хийгээд байхад Д.Шинэхүү гаднаас орж ирээд гараараа нэг удаа цохиж биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан. Д.Шинэхүүгийн энэ үйлдэл нь танхайн сэдэлттэй бөгөөд тэрээр үл ялих зүйлээр шалтаглан, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэв.

ХАНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “ …шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна…” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

Д.Шинэхүү нь согтуугаар 2015 оны 11 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо "Холливууд" бааранд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Б.Чинбатыг зодож биед нь “доод эрүү ясны хугарал” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Шинэхүүгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /хх-20-22, 45, 77/, хохирогч Б.Чинбат /хх-7-8/, гэрч О.Оюунцэцэг /хх-10/, М.Мөнгөншагай /хх-39/, М.Дөлгөөн /хх-40/ нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн шинжээчийн 16127 дугаартай дүгнэлт /хх-12/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.

Хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, ялтан Д.Шинэхүүгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний гэм буруу, хувийн байдал, учруулсан хохирлын хэр хэмжээнд тохирсон хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэл оногдуулсан, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн байдал тогтоогдоогүй байна.

Ялтан Д.Шинэхүү нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, хийсэн хэрэгтээ чинь санаанаасаа гэмшсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд  оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дахь хэсэгт зааснаар  тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Ялтан Д.Шинэхүүгийн өмгөөлөгч Ц.Алтанцолын: “…давж заалдах шатны шүүх хэргийн үйлдэгдсэн нөхцөл байдлууд болон гэрч нарын мэдүүлэг, хохирогчид учирсан гэмтэл зэргийг үндэслэн зүйлчлэлийг хөнгөрүүлж өөрчлөн,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлд зааснаар ял шийтгэл оногдуулж, уг ялыг тэнсэж хянан харгалзах хугацааг тогтоож өгнө үү …” гэсэн гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг хянаж үзвэл:

Сэжигтэн Б.Шинэхүүгийн: “…Оюунаа дотроос гарч ирээд … үүдэнд зогсож байгаа такс тасладаг залуу нь намайг хэл амаар доромжлоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би эргээд баар луу орохдоо нөгөө Оюунааг хэл амаар доромжилсон залууг баруун тохойгоороо нүүр лүү нь нэг удаа нудраад өнгөрсөн…” /хх-20/,

яллагдагч Б.Шинэхүүгийн: “…Холливууд бааранд өөрийн багын найз болох Мягмарсүрэн түүний эхнэр Оюунцэцэг нартай орж тус баарны такс таслагч залуугийн эрүү рүү нь тохойлдож танхайрсан. …” /хх-22/,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Шинэхүүгийн: “…2015 оны 11 дүгээр сарын 8-аас 9-нд шилжих шөнө … тамхи татаад зогсож байтал Мягмарсүрэнгийн эхнэр гарч ирэхдээ баарны гадаа хаалгыг онгорхой орхисон байсан. Баарны ажилчид араас нь "хаалгаа хаагаач" гээд хэл амаар доромжлоод орилсон. Баар руу орохдоо Оюунцэцэг такс таслагчид "чи яагаад хэл амаар доромжлоод байгаа юм бэ" гэж хэлэхэд "хуцалгүй орцгоо" гэж хэлэхэд нь би халамцуу байсан болохоор хохирогчийг тохойлдчихоод орсон…” /хх-77/,

мөрдөн байцаалтад хохирогч Б.Чинбатын: “…коридорт такс таслагч ажлаа хийж байхад үл таних залуу нэг эмэгтэйтэй гаднаас орж ирж байсан, хажуугаар зөрөхдөө миний зүүн шанаа руу маш хүчтэй гэнэт цохисон, шүд зуугдахгүй, хазагдахгүй эрүү мурийсан байсан. Намайг ямар ч шалтгаангүй цохисон…” /хх-7-8/,

мөрдөн байцаалтад гэрч О.Оюунцэцэгийн: “…Би Б.Шинэхүүгийн араас гараад  баарны хаалганы үүд хэсгээр явж байтал такс тасалдаг залуу намайг “пизда минь хаалгаа хаагаач.” гэж хэлсэн. …Шинэхүүтэй дотогш орж байх үедээ баарны такс таслагч залуу намайг “пизда” гэж хараагаад байсан гэж хэлээд би түрүүлээд явсан…” /хх-10/,

мөрдөн байцаалтад гэрч М.Мөнгөншагай: “…Би камерын бичлэг үзэхэд эрэгтэй , эмэгтэй хоёр баарнаас гарч удалгүй орж ирсэн. Гаднаас орж ирэхдээ эмэгтэй нь манай хамгаалагчид үг хэлэх шиг болсон ба тэр үед Чинбат цаана нь паар налаад зогсож байхад нь тэр эмэгтэйтэй хамт байсан эрэгтэй үгийн зөрүүгүй шанаа хэсэгт нь гараараа нэг удаа цохиод тэндээ үлдсэн, манай ажилтан манай өрөөнд ирээд нөгөө залуу ч удалгүй дээшээ баар руу орсон…” /хх-39/,

мөрдөн байцаалтад гэрч М.Дөлгөөний: “…Намайг такс таслаж байхад Чинбат нэг эмэгтэйтэй маргалдсан. Чинбат ах тэр эмэгтэй хүнийг “наад хаалгаа хаачих” гэсэн чинь нөгөө хүүхэн “чи намайг гичий гэлээ” гэж хоорондоо хэрэлдсэн. Тэр эмэгтэйн нөхөр нь гээд залуу гаднаас орж ирээд Чинбат ах уруу очоод “чи манай эхнэрийг гичий гэж хэллээ” гээд нэг удаа тохойгоороо эрүүнд нь тохойлдсон…” /хх-40/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн шинжээчийн 16127 дугаартай дүгнэлт /хх-12/ болон хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд шүүгдэгч Д.Шинэхүү нь “…бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Б.Чинбатыг зодож хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан …” гэмт хэрэг үйлдсэн нь хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх болон няцаах нөхцөл байдал тогтоогдоогүй  байна.

Шүүгдэгч Д.Шинэхүү, хохирогч Б.Чинбат нарын хооронд маргаан огт үүсээгүй ба шүүгдэгч Д.Шинэхүү нь гэрч  О.Оюунцэцэг, гэрч Б.Чинбат нарын хооронд ялимгүй маргаан болсныг гэрч О.Оюунцэцэгээс сонсмогцоо түүгээр далимдуулан олон нийтийн үйлчилгээний газар болох "Холливууд" бааранд согтуугаар хохирогч Б.Чинбатын шанаан тус газар цохиж, гэмтээснийг “бусдын илтэд үл хүндэтгэж, ялимгүй зүйлээр шалтагласан” буюу танхайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд өмгөөлөгчийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэхээр гаргасан гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, ялтан Д.Шинэхүүгийн өмгөөлөгч Ц.Алтанцолын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх дүгнэв.