| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 102/2024/07281/И |
| Дугаар | 317/ШШ2025/00602 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 317/ШШ2025/00602
2025 04 30 317/ШШ2025/00602
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ********** оршин байрлах, Г ББСБ ХХК /рд:*****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ************тоотод оршин суух хаягтай/ Б овогт Б Ц /рд:*****9/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 7,404,693 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б
Хариуцагч Б.Ц /цахимаар/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г ББСБ ХХК нь 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 3081 тоот зээлийн гэрээгээр хариуцагчид 3,113,910 төгрөгийн барааг сарын 2,9 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай байгууллагаас олгосон зээлээр Сайн Интернэшнл ХХК-аас Iphone 12 маркийн гар утас худалдаан авсан бөгөөд зээлийн гэрээгээр олгох мөнгөн дүнг Сайн Интернэшнл ХХК нь Хаан банкин дахь дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ эргэн төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, эргэн төлөлт хийгээгүй, манай байгууллагын зүгээс зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдэж, зээл болон хүүгийн төлбөрөө төлөх боломж олгосон боловч тодорхой үр дүн гараагүй. Зээлийн гэрээний 2.1.9-д зээлийн гэрээг зөрчих гэж зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 ба түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч нь зээлийн гэрээний 4.2 дахь хэсэг, 4.2.3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 7 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Ийнхүү 2024 оны 11 дүгээр сарын 11-ний байдлаар нэхэмжилсэн дүнг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
1.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б шүүх хуралдаанд гаргасан хүсэлт, тайлбартаа: Хариуцагчтай эвлэрэх боломжтой. Хариуцагчийн одоо байгаа нөхцөл байдлаас шалтгаалж эвлэрэн хэлэлцэх хүсэлтэй байна. Хариуцагчийн хүсэлт гаргаж буй 2027 оноос төлбөрийг төлүүлэх боломжтой. Б.Ц нь 2021 оны 08 дугаар сард зээл авсан. Авсан цагаасаа хойш 5000 төгрөгөөр 2 удаа төлөлт хийсэн. Анхнаасаа зээл төлөх сэдэлгүй байсан гэж харагддаг. Анх анкетын бүртгэлийг хараад холбоо барих гэж оролдсон. 2023 онд анх Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад хэрэгсэхгүй болгосон. Эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан. Анх зээлээ үндэслэж зээлийн үндсэн төлбөр, хүүг бодсон. Хариуцагчийн одоо байгаа нөхцөл байдлыг харгалзаж үзээд 2027 оны 02 дугаар сард суллагдана гэж хэлсэн учир гарч ирээд 3 сар ажил хийнэ гэж үзээд 2027 оны 05 дугаар сараас 2 жил буюу 24 сарын хугацаанд хувааж төлүүлэх саналтай байна гэв.
2.Хариуцагч Б.Ц нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Г ББСБ ХХК нь Б.Ц надаас үндсэн зээл 3,113,910 төгрөг, зээлийн хүү 3,532,968 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 687,615 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардал 70,200 төгрөг, нийт 7,404,693 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасныг Б.Ц миний бие нь хүлээн зөвшөөрч байна. Харин миний бие нь одоогоор хорих 415 дугаар ангид хоригдож байгаа тул төлбөрийг төлөх боломжгүй учир надад эндээс 2027 оныг хүртэл хугацаа олгож өгнө үү. Би нийгэмд гарснаасаа хойш ажил хийж, байгууллагад учруулсан хохирлоо төлж барагдуулахаа амлаж байна. Иймд уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2.1.Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хүсэлт, тайлбартаа: Эвлэрэх саналтай байна. 2 жилийн хугацаатай эндээс гараад төлнө. Гараад тодорхой хугацаа хэрэгтэй байх. 2027 оны 02 дугаар сард ялаа эдлээд гарах байх гэв.
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Г ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Цад холбогдуулан нийт 7,404,693 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагчийн хорих ангид байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б миний бие нэмэгдүүлсэн хүү болох 687,615 төгрөгөөс татгалзаж, үлдэх 6,717,078 төгрөгт эвлэрэн хэлэлцэх хүсэлтэй байна. Дээрх төлөлтийг 2027 оны 05 дугаар сараас 24 сарын хугацааг дээрх нөхцөл байдлыг хүндэтгэн үзэж олгож байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г ББСБ ХХК нь хариуцагч Б.Цад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,404,693 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б нь шүүх хуралдаанд ...Г ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Цад холбогдуулан нийт 7,404,693 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагчийн хорих ангид байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б миний бие нэмэгдүүлсэн хүү болох 687,615 төгрөгөөс татгалзаж, үлдэх 6,717,078 төгрөгт эвлэрэн хэлэлцэх хүсэлтэй байна. Дээрх төлөлтийг 2027 оны 05 дугаар сараас 24 сарын хугацааг нөхцөл байдлыг хүндэтгэн үзэж олгож байна гэснийг хариуцагч Б.Ц хүлээн зөвшөөрснөөр талуудын хооронд эвлэрлийн гэрээ байгуулсанд тооцно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж заажээ.
Шүүх хуралдаан дээр зохигчдын харилцан тохиролцсон дээрх байдлыг эвлэрсэн гэж үзэх бөгөөд Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 133,426 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Цаас 133,426 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ББСБ ХХК-д олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Г ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Цад холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 7,404,693 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б нь нэмэгдүүлсэн хүү болох 687,615 төгрөгөөс татгалзаж, үлдэх 6,717,078 төгрөгийг 2027 оны 05 дугаар сараас 24 сарын хугацаанд хариуцагчаар төлүүлэхээр гаргасан эвлэрлийн саналыг хариуцагч Б.Ц хүлээн зөвшөөрч эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 133,426 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Цаас 133,426 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ББСБ ХХК-д олгосугай.
3.Хариуцагч Б.Ц нь тохирсон хугацаанд хүлээсэн үүргээ сайн дураар эс биелүүлбэл захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч тал хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг тайлбарласугай.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ