| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 317/2025/00088/И |
| Дугаар | 317/ШШ2025/00452 |
| Огноо | 2025-04-02 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 317/ШШ2025/00452
2025 04 02 317/ШШ2025/00452
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Баянхангай сум, 2 дугаар баг, Хөшөөт цавхангай хороо, 00 дүгээр гудамж, 00 тоотод оршин суух, регистрийн дугаар 00, Т овогт Б.Г нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Баянхангай сум, 2 дугаар баг, Цавхангай 00 дүгээр гудамж, 00 тоотод оршин суух, регистрийн дугаар 00, Б овогт С.У холбогдох,
Гэм хорын хохиролд 7.194.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагч С.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бадам нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч С.Уад холбогдуулан “Гэм хорын хохиролд 7.194.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан ба түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “2023 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт багт байрлах Өег цайны газрын эзэн С.У нь гал алдаж, нэхэмжлэгч А.Г дугуй засварын газрыг шатааж, 7.194.000 төгрөгийн хохирол учруулсан нь хавтаст хэргийн 6-9 дүгээр хуудсанд авагдсан галын дүгнэлтээр тогтоогдож байна. Дээрх галын дүгнэлтийг үндэслэн хариуцагч С.Уаас 7.194.000 төгрөгийг нэхэмжилж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүх хуралдаанд ирэх, буцах буюу нааш цаашаа явсан зардал 300.000 гаран төгрөг гарсан. Уг зардлаа нэхэмжлэхгүй, ямар ч байсан шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулчихъя. Харин үнэлгээний тайланд тусгагдсан 7.194.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч С.У дээрх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан ба шүүхэд гаргасан хариу тайлбартаа “Би сая л зургийг нь харлаа. Зурагт дугуй засвар ерөөсөө шатаагүй, чардак руугаа орсон харагдаж байна. Ганбаа ахынх шатаад А.Н рүү орох гэж байхад нь хүмүүс ус цацаж унтраасан гэж сонссон. Б.Ггийн дугуй засвар нь бүр шатчихсан юм уу? Би ерөөсөө энэ талаар
мэдээгүй. Хүмүүс шатаагүй гэж яриад байсан. Гал гарсантай холбогдуулан хүмүүс А.Г хандив болгож мөнгө өгсөн юм байна лээ. Хэдэн төгрөг А.Г өгсөн эсэхийг судалж үзье. Энэ хохирлыг яг одоо төлөх боломжгүй” гэв.
3. Хэрэгт авагдсан Хэрэг бүртгэлтийн 233400201 дугаартай хэргийн материалаас үзэхэд иргэн Ц.Э гомдол, мэдээллийн дагуу 2023 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 23 цаг 10 минутад хэргийн газарт үзлэг хийсэн байх ба үзлэгийн тэмдэглэлд “Уг хэрэг болсон газар нь Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг, орон нутгийн замын хойд талд байрлах цайны газар болон хүнсний дэлгүүрүүд шатсан байна. Хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч н.Д хэлж байгаагаар онцгой байдлын алба хаагч нар ирээд галыг бүрэн унтраасан. Гал анх “Өег” нэртэй цайны газраас эхэлж гарсан. Улмаар галыг Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын 18 дугаар ангийн алба хаагч нар ирж, бүрэн унтраасан боловч нурам халуунаараа, гадна орчин харанхуй байсан тул үзлэгийг түр хугацаагаар зогсоож, өглөө гэгээ орсон үед байгалийн гэрэлд үргэлжлүүлэхээр болов...” гэж тэмдэглэгдсэн ба үзлэгийн гэрэл зургуудад хэрэг гарсан газрын шатсан байдалтай байгааг бэхжүүлсэн байна.
Тус мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Х.Д “...Манай гэр сумын төв дээр байдаг бөгөөд 2023 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 17 цагийн үед цонхоороо харахад урд цайны газрын дунд хэсгээс нилээн өтгөн утаа гараад байхаар нь гайхаад байж байтал манай дүү утсаар залгаад Өег цайны газар шатаж байна гэж хэлсэн. Миний түрээсэлдэг цайны газар нь Өег цайны газрын залгаа баруун талд байдаг юм. Тэгээд би сумын төвөөс унаа олоод урагшаа очиход Өег цайны газар бүхэлдээ шатчихсан, манай цайны газар нь дээврээсээ шатчихсан галыг унтрааж чадахгүй байж байтал залгаа граш болон Чингис дэлгүүр рүү гал дамжиж ороод мөн түүний баруун талын хоёр байшин болон дугуй засвар, түүний баруун талын хүнсний дэлгүүрийн тал нь шатаад байж байхад гал команд ирээд галыг унтраасан. Мөн Өег цайны газрын зүүн талын дэлгүүр бүхэлдээ шатсан” гэж мэдүүлсэн.
Гэрч Ц.М “2023 оны 4 дүгээр сарын 02-ны орой 16 цаг 20 минутын үед Эрдэнэтуяа утсаар залгаад Баянхангай сумын дагуу байрлах "Өег" цайны газар шатаад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд гэрээсээ гараад очсон чинь маш их утаа гарчихсан, ойртож очихын эцэсгүй, битүү хар утаа гарч байсан. Тэгээд хамгийн түрүүнд Онцгой байдлын газрын 101 дугаар луу 00 дугаараас утасдаж мэдэгдсэн. Тэгээд Баянхангай сумын иргэдийн Хурлын дарга М руу тусламж явуулаарай, Өег цайны газар шатаж байна гэж мессеж бичсэн. Тэгээд гэр рүүгээ гүйж ирээд Портер машинаа асаагаад 1 тонн цагаан савандаа ус хийгээд буцаад очиход хүмүүс цуглачихсан унтраах гээд оролдож байсан. Тэгээд усаа хувингаар хутгаж, хүмүүстэй нийлж цацаад унтрахгүй, гал улам дүрэлзэж асаад байсан. Сүүлдээ гал баруун талын "Цагаан хайрхан" нэртэй 2 давхар мансардтай байшин руу орсон, үйл ажиллагаа явуулдаггүй цоожтой байдаг объект байсан. Тэгээд "Чингис" хүнсний дэлгүүрийн дээвэр рүү гал ороод, шувуу нуруунаасаа шатаж эхэлсэн. Тэгээд дахиад баруун талын Эрдэнэбулганы 2 давхар цайны газар руу гал орж, шувуу нуруунаасаа шалтсан. Эрдэнэбулган цайны газарт хүн байхгүй цоожтой, үйл ажиллагаа явуулдаггүй байсан. Тэгээд 18 цаг 30 минутын үед Улаанбаатар хотоос Баянгол дүүргийн гал унтраах 18 дугаар ангийн алба хаагчид ирж, галыг зогсоож, унтрааж өгсөн. Гал гарч байхыг анх Цавхангай хорооллын урд төв замаар явж байсан замын хүн анх хараад Эрдэнэтуяад орж хэлсэн байна лээ. "Чингис" дэлгүүрийн эзэн Э гадаа гарч хараад над руу утсаар хэлсэн. Тухайн үед түлэгдэж гэмтсэн хүн байхгүй. Хамгийн түрүүнд шатаж байсан гал гарсан байшин буюу объект нь Өег цайны газраас эхэлсэн, 1 давхрын хойд талаас гарч байсан” гэж мэдүүлсэн.
Мөн хэрэгт авагдсан Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, дэслэгч Д.Т 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 07/02 дугаартай дүгнэлтэд "...Төв аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн Баянхангай сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Д 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Төв аймгийн Баянхангай сумын хэсгийн албан өрөөнд 13 цаг 45 минутад иргэн Ц.Э мэдүүлэг авсан тэмдэглэлийн 2 дахь нүүр ...гал гарсан байшин буюу объект нь "Өег" цайны газраас эхэлсэн, 1 давхрын хойд талаас гарч байсан. Төв аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.М 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Төв аймгийн Баянхангай сумын Цагдаагийн хэсгийн албан өрөөнд 10 цаг 10 минутад иргэн Б.Ггээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн 2 дахь хуудас, Өег цайны газар хойд талаасаа шатаад, хүмүүс оччихсон хашааг нь буулгаад... Төв аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.М 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Төв аймгийн Баянхангай сумын Цагдаагийн хэсгийн албан өрөөнд 00 цаг 10 минутад иргэн Г.О мэдүүлэг авсан тэмдэглэлийн 2 дахь хуудас... Өег цайны газрын дүнзэн байшингийн завсар, заадас болгоноор цэнхэр утаа гарч байсан бөгөөд би дэлгүүрээрээ хойшоо нэвт гараад Өег цайны газрыг харахад хойд талын хоолны бэлтгэлийн өргөтгөл хэсгийн баруун зүг рүү харсан цонх нь хагарсан, дотор нь гал дүрэлзэж байхаар нь... гэх тэмдэглэлүүд Өег цайны газрын гал тогооны хэсгээс гарсан байх үндэслэлтэй байна. Төв аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.М 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Төв аймгийн Баянхангай сумын Цагдаагийн хэсгийн албан өрөөнд 00 цаг 10 минутад иргэн Г.О мэдүүлэг авсан тэмдэглэлийн 2 дахь хуудас ...Гал тархаад манай цайны газар руу орж байхад Ѳег цайны газрын эзэн нь У гэх эмэгтэй ирээд "Би газан дээр цай тавиад мартаад яваад өгсөн байна" гээд орилоод... гэх тэмдэглэл уг гал түймэр ил галын нөлөөгөөр үүсвэрлэн гарсан байх үндэслэлтэй байна. Ил гал гэдэгт асаасан лаа, асаасан тамхи, асаасан чүдэнз, галын цог, ил задгай үнс нурам, болон бусад ил задгай галыг тооцно..." гэж дурдсан.
Хан-Үнэлэмж ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 00 дугаартай үнэлгээний тайлангаар “Дугуй засварын 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн бодит үнэлгээг 7.194.000 төгрөгөөр тогтоосон” байна.
Ингээд Төв аймгийн Прокурорын газрын Прокурорын 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 224 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолоор С.Уын үйл ажиллагаагаа явуулдаг “Өег” нэртэй цайны газрын гал тогооны өрөөнөөс түүнийг эзгүй байхад гал гарч, бусад барилга руу дамжин шатаж бусдад их хэмжээний буюу 248.835.000 төгрөгийн хохирол учирсан үйл баримт тогтоогдлоо. Энэ гэмт хэрэг нь гэмт буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд С.У нь гал гарахыг урьдчилан мэдэх боломжгүй нөхцөл байдал, эрүүгийн хуульд заасан болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй хийсэн нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй тул гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байна гэж үзэж бусдад учирсан хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан зохицуулалтын хүрээнд иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнэн гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Гд учирсан гэм хорын хохирлыг С.У хариуцан арилгах үүрэг бүхий этгээд мөн байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөд болгоомжгүй үйлдлийн улмаас гэм хорын хохирол учруулсан, уг хохирлын хэмжээг Хан-Үнэлэмж ХХК-ийн 2023 оны 23/05-0041 дугаар дүгнэлтээр тогтоосон байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хэдийгээр хариуцагч С.У “Нэхэмжлэгч Б.Гд хүмүүс мөнгөн тусламж үзүүлсэн” гэж маргах боловч түүний учруулсан хохирлыг өөр этгээд төлөх үндэслэл байхгүй, тэрээр өөрийн ажиллуулдаг цайны газрын галын аюулгүй байдлыг хангаагүйгээс дээрх гал түймэр гарч, бусдад хохирол учруулсан байна.
Иймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч С.Уаас гэм хорын хохиролд 7.194.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Гд олгож шийдвэрлэв.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 751.1, 751.1.4-т зааснаар энэхүү иргэний хэргийг шүүгч дангаар шийдвэрлэхээр заасан бөгөөд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д “...анхан шатны шүүх хэрэг, маргааныг анхан шатны журмаар, хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийг оролцуулна” гэжээ.
Уг иргэний хэрэгт тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шүүгч дангаар хэргийг хянан шийдвэрлэсэн тул иргэдийн төлөөлөгчийг оролцуулаагүй болохыг дурдав.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч А.Г улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 130.054 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Уаас 130.054 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Г олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч С.Уаас гэм хорын хохиролд 7.194.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Гд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Ггийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130.054 төгрөгйг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Уаас 130.054 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Гд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1, 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА