| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2017/0515/Э |
| Дугаар | 438 |
| Огноо | 2017-11-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 438
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн;
улсын яллагч: П.Даваасүрэн;
шүүгдэгч: Д.Т (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Дашпунцагийн Тт холбогдох эрүүгийн 1709003090151 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, н Т.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Д.Т нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цолмонгийн 10-14б тоотод хохирогч Д.Ганбаатартай маргалдаж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т мэдүүлэхдээ: Одоо ярих зүйлгүй гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Ганбаатар /хх-ийн 12-16/, гэрч Д.Баттулга /хх-ийн 17/, гэрч С.Доржсүрэн /хх-ийн 26-28/, яллагдагч Д.Т /хх-ийн 36-37/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8570 тоот дүгнэлт /хх-ийн 30/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн,
бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Т нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цолмонгийн 10-14б тоот хашаанд “…цагдаа дуудлаа…” хэмээн уурлан хадам дүү Д.Ганбаатарыг чулуугаар цохиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
хохирогч Д.Ганбаатарын /хх-ийн 12-16/: “...2017 оны 07 дугаар сарын 01-нд би эгч Баттулгын гэрт байж байтал гаднаас манай эгчийн нөхөр Т согтуу орж ирээд агсам тавиад байсан. Манай аав Доржсүрэн “чи чинь дахиад архи уучихаж байгаа юм уу, хаагуур архи уугаад байдаг юм” гээд хэдэн үг хэлтэл авгайгаа цохиод аавыг шанаадсан…Бид нартай хэрүүл маргаан үүсгээд газраас чулуу аваад дайрахаар нь би гараараа хаасан чинь миний зүүн гарын шууг оносон…Тэгээд хүргэн цонхоороо гараад явахаар нь би араас нь дагатал газраас чулуу аваад дайрахаар нь би гараараа хаахад миний зүүн гарын шууг оноод би гартаа гэмтэл авсан. ... гомдолтой байна...” гэх мэдүүлгээр,
гэрч Д.Баттулгын /хх-ийн 17/: “...Тэр өдөр гэртээ аав, дүү хоёртойгоо байж байтал Т согтуу орж ирсэн. Тэгтэл аав Тт хандан “хүүхэд чинь ганцаараа яваад байх юм, санаа тавьж болдоггүй юм уу” гэсэн чинь манай дүү, аавыг “та нар хүний амьдрал руу оролцоод яах гэсэн юм” гээд хоорондоо маргалдсан. Тэгтэл Т согтуурхаад “миний буруу” гэж байснаа агсам тавиад эхэлсэн. Тэгээд надруу согтуу дайрч эхэлсэн. Тэгтэл манай дүүгийн уур нь хүрээд “цагдаа дуудъя” гээд дуудлага өгсөн. ...Гэртээ байж байгаад гэрээс гараад зугтаагаад явах гэхээр нь араас нь Ганбаатар хориод явуулахгүй гэхэд газраас чулуу аваад манай дүү рүү шидсэн. Манай дүү нүүрээ гараараа хаагаад гарандаа оногдсон. Тэгээд Т зугтаахаар нь барьж аваад цагдаад өгсөн юм...” гэх мэдүүлгээр,
гэрч С.Доржсүрэнгийн /хх-ийн 26-28/: “...Тэр өдөр би Тыг “төрсөн охин чинь их сургуульд орох гэж байхад яасан сонин хүн бэ” гэхэд уурлаад хэрүүл үүсгэгдсэн. Тэгээд л Ганбаатартай маргалдсан ...надад бол гар хүрээгүй, цохиж зодсон асуудал байхгүй...” гэх мэдүүлгээр,
яллагдагч Д.Тын /хх-ийн 36-37/: “...Тэгэхэд би нилээн согтсон байсан. Хадам аав намайг “архи дарс уулаа” гэхээр нь уурандаа хадам аавыг цохих гэсэн чинь аав өөрөө холдчихсон. ...Ганбаатар намайг чулуу шидэх үед гараараа хааж гэмтсэн байх. ..Хэвлий цээж нурууны зулгаралт нь Ганбаатар намайг цагдаа дуудчихсан явуулахгүй гээд газар дарж байхад бид хоёр дээр доороо орж ноцолдсон тэр үед үүссэн. ...би гэртээ орохдоо гайгүй орсон, уурлаад миний согтолт ихэссэн...” гэх мэдүүлгээр,
Д.Тын буруутай үйлдлийн улмаас Д.Ганбаатарын биед “баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, хэвлий цээж, мөр нуруунд зулгаралт, цус хуралтууд” бүхий мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8570 тоот дүгнэлт /хх-ийн 30/ зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хохирогчийг таарамжгүй харьцааны улмаас чулуугаар цохисноо өөрөө хүлээсэн, хохирогч, гэрч нар хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг чулуугаар цохиж гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчийн шидсэн чулуунд цохиулсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Д.Т-ын “…архи уулаа, хүүхдээ харж хандсангүй, цагдаа дуудлаа …” гэсний төлөө Д.Ганбаатартай хэрүүл маргаан үүсгэн, улмаар түүнийг чулуугаар цохиж хөнгөн гэмтээсэн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд шүүгдэгч Д.Т-ын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч Д.Ганбаатар “…нэхэмжлэх зүйлгүй…” гэсэн тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 460.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх Д.Т-ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурьдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Гал овогт Дашпунцагийн Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-ыг 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-т оногдуулсан 460.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-р торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ