| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
| Хэргийн индекс | 020/2015/0139/З |
| Дугаар | 128/ШШ2025/0249 |
| Огноо | 2025-04-09 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 128/ШШ2025/0249
2025 04 09 128/ШШ2025/0249
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат би, Б.Б*******, Б.Э*******, С.Д*******, Г.И******* нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А******* дугаар захирамжийн Б.Б*******, Б.Э*******, С.Д*******, Г.И******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “Тус шүүхэд хянагдаж байгаа Б.Б******* нарын нэхэмжлэлтэй, “М*******” ХХК-д холбогдох хэрэгт холбоотой Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 221 дугаар магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 31 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн “М*******” ХХК эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А******* дугаар захирамжийг дүүргийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 12-ны Шүүхийн шийдвэр биелүүлж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А******* дугаар захирамж гарсан.
Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А******* дугаар захирамжийн Б.Б*******, Б.Э*******, С.Д*******, Г.И******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нараас Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А******* дугаар захирамжийн Б.Б*******, Б.Э*******, С.Д*******, Г.И******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах;”, 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус заажээ.
Маргаан бүхий нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор гуравдагч этгээд “М*******” ХХК-аас “Дружба хүүхдийн зуслангийн зориулалттай газрыг газар эзэмшүүлэх гэрээ, 0 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ, баталгаат хэмжээг тогтоосон актад заасан 26 га хэмжээгээр зөвтгөж газрын кадастрын мэдээллийн санд оруулахыг Сүхбаатар дүүргийн Газрын албанд даалгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг тус шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2023/0688 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч “М*******” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.
Гуравдагч этгээд нараас дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гарган Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 221 дугаартай магадлалаар “... "М*******" ХХК-ийн эзэмших Дружба хүүхдийн зуслангийн зориулалттай газрыг Газар эзэмшүүлэх гэрээ, 0 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ, баталгаат хэмжээг тогтоосон актад заасан 26 га хэмжээгээр зөвтгөж газрын кадастрын мэдээллийн санд оруулахыг Сухбаатар дүүргийн Газрын албанд даалгах" тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28- ны өдрийн "Газар эзэмшүүлэх тухай" 154 дүгээр захирамжийн "М*******" ХХК- 15д холбогдох хэсгүүдийг дахин шинэ акт гаргах хүртэл 6 /зургаа/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.” гэж шийдвэрлэжээ.
Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор Хяналтын гомдлыг хэлэлцэхээс татгалзсан байх тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221 дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргаас дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А******* дугаар захирамжаар “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 221 дугаар магадлалаар тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны газар эзэмшүүлэх тухай 154 дүгээр захирамжийн М******* ХХК-д эрх олгосон хэсгийг хүчингүй болгосон тул дүүргийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А******* дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацаа сунгасан М******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.
Дээрхээс үзвэл, маргаан бүхий нэхэмжлэгч Б.Б*******, Б.Э*******, С.Д*******, Г.И******* нарын эзэмшлийн газартай давхцалтай болох “М*******” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон байх тул гуравдагч этгээд “М*******” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөхөөргүй байна гэж үзэв.
Иймд хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Б.Б*******, Б.Э*******, С.Д*******, Г.И******* нараас гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А******* дугаар захирамжийн Б.Б*******, Б.Э*******, С.Д*******, Г.И******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Б.Б*******, Б.Э*******, С.Д*******, Г.И******* нарын “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А******* дугаар захирамжийн Б.Б*******, Б.Э*******, С.Д*******, Г.И******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нар нь уг шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ С.ГАНБАТ