Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2024/ДШМ/58

 

 

 

 

   2024           01            09                                         2024/ДШМ/58

Д.А-т холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Батбаатар,

шүүгдэгч Д.А-ийн өмгөөлөгч О.Баяржаргал,

иргэний хариуцагч Б.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Т.Минжмаа,  

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/1415 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.А-ийн өмгөөлөгч О.Баяржаргалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.А-т холбогдох эрүүгийн 2203 00613 0375 дугаар хэргийг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

......... овгийн ...-ын А, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ... төрсөн, .. настай, э..эгтэй, боловсролгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ..-ийн хамт .. дүүргийн .. дугаар хороо, .. дугаар гудамж, .. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:  ........../.

Шүүгдэгч Д.А нь 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 17 цагийн орчим Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 4 дүгээр хэсэг 1816 тоот хашаан дотор “Ниссан террано” маркийн ..-.. ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон орохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасан “жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиглалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... согтууруулах ундаа... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3 дахь хэсэгт заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч М.О-ыг газар хэвтэж байхад нь хөлөн дээгүүр нь автомашинаар дайрч эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Д.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтуудад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.А-ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан мансуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-т оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдлэж дууссан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-ийн цагдан хоригдсон 83 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 858.775 төгрөгийг хохиролд тооцон шүүгдэгч Д.А, иргэний хариуцагч Б.Б /РД: ........../ нараас тэнцүү хуваан 429.388 төгрөгийг тус бүрээс гаргуулж хохирогч М.О /РД: ............/-т олгож, нэхэмжлэлийн бусад хэсгийг хэлэлцхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхисон хохирогчийн нэхэмжилсэн бусад хохирлын болон уг гэмт хэргийн улмаас учирсан болон цаашид гарах гэм хорын хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.А-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.А-ийн өмгөөлөгч О.Баяржаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/1415 дугаар шийтгэх тогтоолын эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаарх шийтгэлийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар дүгнэхдээ: “...Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг судлахад, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасанд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн ” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо...”, мөн “ ...Шүүгдэгч Д.А нь эрүүгийн хариуцлага оногдуулахад гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл шалтгаан энэ төрлийн гэмт хэргийн санамсар болгоомжгүйгээр үйлдэгддэг байдал, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч холбогдсон гэмт хэрэгтээ дүгнэлт өгсөн, гэмшиж байгаа байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг хамгийн дээд хэмжээгээр, хорих ялыг багавтар хэмжээгээр оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй...” гэж дүгнэсэн үндэслэл муутай болсон байна.

Учир нь, шүүх Д.А-ийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж зөв дүгнэчээд шийтгэл оногдуулахдаа 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оноож байгаа нь түүний эрх зүйн байдлыг хөнгөрүүлсэн гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хорих шийтгэл 6 сараас 3 жил хүртэл, мөн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах шийтгэл байхад шүүх 1 жил 2 сар оногдуулж байгаа нь түүний эрх зүйн байдлыг хөнгөрүүлсэн гэж үзэхгүй.

Мөн шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч болон өмгөөлөгч нарын зүгээс хохирол төлөх 3 хоногийн завсарлага авах хүсэлтийг гаргасан боловч шүүх уг хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзнэ. Учир нь, шүүгдэгчийн зүгээс хохирогчид учруулсан хор уршигийг арилгах зорилгоор завсарлага авах хүсэлт гаргах эрх нь нээлттэй бөгөөд гагцхүү шүүхээс хохирлыг ямар эх үүсэвэрээр төлөхөө нотлоогүй баримт гаргаж өгөөгүй, хэрэгт авагдсан дансны хуулгаар мөнгө байхгүй болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь Д.А-ийн эрхийг хязгаарласан байна.

Хэрэгт авагдсан Д.А-ийн дансны хуулгууд нь цаг хугацааны хувьд эрт авагдсан буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад Хаан банкны дансны хуулга нь 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааных байсан юм. Уг баримтыг үндэслэн шүүх дансанд мөнгө байхгүй байна гэж дүгнэх боломжгүй. Шүүгдэгч Д.А нь баривчлагдаж ирэхээс өмнө захиралаас цалингаа данс руу шилжүүлүүлсэн байгаа буюу дансанд мөнгө байгаа гэх тайлбарыг үгүйсэгэсэн завсарлага авах хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь түүний эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх боломжийг шүүх хязгаарласан гэж үзэхээр байна.

Тодруулбал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлд зааснаар түүний эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх саналыг гаргасан боловч шүүх хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байгаа нөхцөл байдал нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь түүний хуулиар олгодсон эрхийг зөрчсөн хүнд шийтгэл болсоныг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд дээрх байдлаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/1415 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь хэсгийн 1 жил 2 сар хугацаагаар хорих ялаар шийтгэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул өөрчилж өгнө үү. ...” гэв.

Иргэний хариуцагч Б.Б-ийн өмгөөлөгч Т.Минжмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бидний зүгээс иргэний хариуцагчаар татаж, хохирол төлбөрөөс төлөлцөх талаар дурдсан шийдвэрт гомдолтой байгаа. Иргэний хариуцагчийг хуульд зааж тодорхойлсон байдаг. Миний үйлчлүүлэгч тухайн гэмт хэргийн үйлдэл, үр дагаварт ямар нэг холбоо хамаарал байхгүй. Мөн тээврийн хэрэгслийн гэрчилгээ өөрт нь байгаа. Миний үйлчлүүлэгчийн гэрчилгээг шүүгдэгчид шилжүүлсэн хүсэл зоригоос хамааралгүйгээр гэмт хэрэг үйлдэгдсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байгаа учир хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдол гаргасан. Гомдлыг анхан шатны шүүхийн цахим хаягаар явуулсан боловч хэрэгт хавсаргаагүй байна. Шүүхийн ажилтантай холбогдох гэхэд утсаа авахгүй байсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Прокурор Ч.Батбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгчийг болгоомжгүйгээр, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн боловч шүүгдэгч Д.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч эмчилгээний зардалд 1.180.775 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүгдэгч цагдан хоригдохоос өмнө хохирогч 250.000 төгрөгийг төлсөн, хохирлоо бүрэн барагдуулаагүй. Анхан шатны шүүх хуралдааны шатанд хохирол төлбөр төлөхөөр завсарлага авах хүсэлт гаргасан ч шүүгдэгч Д.А тухайн үед цагдан хоригдож байсан. Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд оргон зайлсан тул таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн. Завсарлага авах хүсэлт гаргасан талаар өмгөөлөгч тайлбарлаж байна. Шүүгдэгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа өмнөх ажиллаж байсан газраасаа авсан цалин дансанд нь байгаа гэж тайлбарладаг боловч түүний дансанд мөнгө байгаагүй. Ийм учир анхан шатны шүүх завсарлага өгөлгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Тухайн тээврийн хэрэгсэл Б.Б-ийн өмчлөлд байдаг боловч Б.Б-ийн ээж нь эзэмшиж ашигладаг байсан. Энэ талаар Б.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Д.А нь тухайн үед Б.Б-ийн эхээс зөвшөөрөл авч, тээврийн хэрэгслийг авч явсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.А-ийн өмгөөлөгч О.Баяржаргалын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч Д.А нь 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 17 цагийн орчим Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 4 дүгээр хэсэг 1816 тоот хашаан дотор “Ниссан террано” маркийн ..-.. ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон орохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасан “жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиглалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... согтууруулах ундаа... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3 дахь хэсэгт заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч М.О-ыг газар хэвтэж байхад нь хөлөн дээгүүр нь автомашинаар дайрч эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч М.О-ын цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх 6/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 7/,

тээврийн цагдаагийн албаны зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 9-10/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 9-13/,

хохирогч М.О-ын гаргаж өгсөн эмчилгээний болон хувийн байдлын баримтууд /хх 14-26/,

 

хохирогч М.О-ын “...2022 оны 8 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хотод Завхан аймгийн Идэр сумаас самарт явах зорилгоор ирсэн. 2022 оны 9 дүгээр сарын 20-ны үеэр Баянзүрх дүүргийн Улиастайд ууланд самарт явж байгаад А гэх залуутай танилцсан. 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр найз М, Н бид гурав Н-ийн гэрт 1 шил 0.5 литр, 2 шил 0.75 литрийн архи хувааж ууж дуусаад М нь Н-ийн гэрт унтаад, Н бид хоёр хашаан дотор нь тасраад унтаж байх үед А гэх залуу Н-ийн гэрт машинтай ирээд Н бид хоёртой архи уусан. Энэ талаар Н-ийн охин Н-ийг ярихаар нь сүүлд мэдсэн. Би тухайн үед тасарчихсан байсан, юу ч санахгүй байна. Нэг сэрэхэд миний баруун хөл гишгэж болохгүй өвдөөд байсан. Н-ийн гэрт хэсэг байж байгаад М, М-ийн эхнэр, А, Н-ийн эхнэр У нарын хамт машинтай Гэмтлийн эмнэлэг орсон. Үзүүлэхэд баруун хөлийн түнх мултарсан байна гээд түнхийг нь тэр өдрөө оруулсан. Ослоос болж баруун талын сүүжний яс бяцарсан болж хагалгаанд ороод биеийн байдал сайн сайжраагүй байгаа. Завхан аймгийн Улиастай хотод байрлах Нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхээр удахгүй явна. ...Би тасарчихсан тул яг болсон асуудлын талаар сайн мэдэхгүй байна. Харин сүүлд Н хэлэхдээ А нь Н бид хоёртой хамт архи уугаад машинтайгаа гараад эргэж орж ирэхдээ намайг хэвтэж байгааг харалгүй миний хөлөн дээгүүр гарсан гэдгийг мэдсэн. ...Н, М бид 3 арван жилийн нэг ангийн хүмүүс анд нөхдийн холбоотой. ...А нь гэмтлийн эмнэлэг явж байх замдаа “би танийг ухарч байгаад мөргөсөн, эмчилгээний зардлыг бүрэн хариуцна, намайг цагдаад битгий хэлээрэй” гэхээр нь хэсэг харсан боловч гэмтлийн эмнэлэгт хэвтсэнээс хойш ахиж уулзаагүй. ...Эмчилгээний зардал мөнгөө нэхэмжилнэ. Манай эхнэр О нь сумынхаа Петровис ШТС-ийн эрхлэгчээр ажилладаг. Намайг гэмтсэнээс хойш сахиж байгаа. Эхнэрийн сарын цалин 900.000 төгрөг авдаг. Хүргэн Е, охин М нар намайг гэмтсэнээс хойш өөрийн машинаараа хоол цай зөөх, эмнэлэгт хүргэж өгөх зэргээр машинаар үйлчилж байгаа машины бинзений зардал мөнгийг нэхэмжилнэ. ...би хувиараа Завхан аймгийн Идэр суманд малчин хийдэг, уг гэмтлээс хойш морь унах, мотоцикль жолоодох үйлдлүүдээ хийх боломжгүй болчихсон. Намартаа сүүлийн 3 жил самарт явж амьдралаа залгуулдаг байсан. Уг гэмтэл авснаас хойш амжиргааны ажил төрөл хийх боломжгүй болсон. Хувиасаа 10.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Эмчилгээний зардалд 1.101.575 төгрөгийг хувиасаа гаргасан. Намайг 3 сар манай эхнэр О Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт асарсан. Уг хугацаанд ажилгүй байсан. Эхнэр сарын дундаж цалин нь 848.872 төгрөг байдаг. 3 сарын цалин болох 2.546.616 төгрөгийн нэхэмжилнэ. Нийтдээ 13.648.191 төгрөгийн зардлыг жолооч А-аас нэхэмжилж байна. А нь найз М-өөр 250.000 төгрөгийг дамжуулан өгсөн. 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр баруун хөлөндөө гэмтэлтэй оношоор 60 хувийн группэд орсон. Группын мөнгө сардаа 440.000 төгрөг авч байгаа. ...” /хх 29-32/,

гэрч Н.Н-ийн “...2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр би гэртээ байж байгаад нэг хашаанд хамт амьдардаг төрсөн аав Н-ийн гэрт 11 цаг өнгөрч байх үед ороход аав Н нь О гэх хүнтэй хамт 1 шил архи уугаад сууж байсан. Тэгсэн А гэх залуу хар өнгийн автомашинтай ганцаараа ирэхдээ 1 шил архи, пиво зэргийг авч ирээд тэр 3 хамт хашаан дотор уусан. А нь манай гэрийн гадаа ирээд аавыгаа аваадах би автомашинаа унаад ойрхон гараад ирье гэхээр нь согтуугаар машинаа унаад хэрэггүй гэхэд зүгээрээ гэж хэлээд зөрөөд гарсан. Ойролцоогоор 10 минутын дараа А гэх залуу нь автомашинаа жолоодоод ганцаараа манай хашаанд орж ирэхдээ О гэх хүн хашаанд байсан овгор шорооны ойролцоо доошоо хараад согтуу хэвтэж байх үед нь хурдтай орж ирээд баруун хөлийг дайрч гарахаар нь би А гэх залууд О гэх хүний дээгүүр автомашинтайгаа гарчлаа гэхэд эхлээд мэдэхгүй байсан. Намайг хэлэхээр мэдээд газар хэвтэж байхад нь тэвэрч аваад хөлийг барж үзээд байсан. А гэх хүн хэлэхдээ “би хүн дайрсан бол ах нь асуудалгүй эмнэлэг авч явъя” гэсэн. Осол болох үед манай аав Н согтуу хашаанд дотор хэвтэж байсан, мөн Т гэх ах хашаанд унтаж байсан. Өөр хүн байгаагүй. А нь О гэх хүнийг аавын гэрт тэврээд орсон. Төрөө ахын эхнэр, бас нэг танихгүй залуу хамт орж ирээд Аийг машинаараа О-ыг дайрсан уу гэхэд дайрсан гэдгийг нь хэлсэн. Би гэртээ ороод 4 сартай бага хүүхдээ хөхүүлээд аавындаа ороод О гэх хүний өмсөж явсан өмдийг нь тайлахад баруун хөлийн гуя хэсэг нь хөхөрчихсөн байсан. Тэгээд гэмтлийн эмнэлэг рүү манай ээж Ууганбаяр, Төрөө ах, түүний эхнэр Д эгч, А нар хамт авч явсан. Тэгээд л юу болсоныг мэдэхгүй байна. ...” /хх 36-37/,

гэрч Ц.Э-ын “...2022 оны 9 дүгээр сарын 22-ны орой 22 цаг өнгөрч А нь нэг залуугийн хамт хамт ирээд Ниссан Террано маркийн ..-.. ... улсын дугаартай автомашинаа өгч байгаач самарт 3 хоног яваад ирье, надад машин авч явсан хөлсөнд нь самар өгнө гэхээр нь машинаа өгч явуулсан. Ойролцоогоор 3 хоногийн дараа А нь өөрийнхөө 99... дугаарын утсаар залгахдаа би хотод ирчихсэн байна гэхээр нь машин өгөх гэж байна уу гэхэд гар утсаа салгасан. Би тэр оройноо зөндөө олон удаа залгасан боловч утас нь холбогдох боломжгүй болчихсон. Дахиад 2-3 хоногийн дараа А нь өөрийнхөө 99... дугаарын утсаар залгахдаа ууланд байна гэхээр нь автомашин яасан гэхэд Ниссан Террано маркийн ..-.. ... улсын дугаартай автомашиныг шаварт суулгачихсан гаргаж чадахгүй байна машинд эвдрэл байхгүй гэж хэлсэн. 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр А өөрийнхөө 99609811 дугаараас залгаж машиныг чинь олж ирье гэхээр нь яаралтай олж ир гэж ярилцаад өнгөрсөн. 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр А өөрийнхөө 99... дугаарын утсаар залгахдаа самарын ченж нар самар авахаар уул руу хоёр УАЗ 469 маркийн автомашинаар явах гэж байна. 2 машинаар татуулаад аваад ирье гэхээр нь би Аийн хамт тухайн хүмүүс дээр очиж цагаан өнгийн гэр бүлийн загвартай автомашинд суугаад Улиастай шинэ эцсээс хойшоо уул руу явж байгаад машины дугуй хагараад явган алхаад очсон. Ниссан Террано маркийн ..-.. ... улсын дугаартай автомашин нь шаварт гүн ороод суучихсан байхаар гаргах гэсэн боловч гаргаж чадаагүй. 2022 оны 10 дугаар сарын 01-нээс 07-ны өдөр хүртэл А, бид хоёр автомашиныг гаргах гэж ууланд байсан. 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ууланд явж байсан Пажеро маркийн автомашиныг гуйгаад шавраас машиныг гаргах гэж татаж байх үед тороос нь мултраад автомашины урд талын салхины шил цуурчихсан. Тэгээд машиныг шавраас гаргаад 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гэртээ ирсэн. А нь одоо болтол автомашин авч явсан зардал мөнгө, урд салхины шил зэргийг төлж барагдуулаагүй байгаа. ...” /хх 56/,

иргэний хариуцагч Б.Б-ийн “...Аийн хохирол мөнгөтэй холбоотой асуудлыг би төлөхгүй. Учир нь жолооч А нь өөрөө хариуцна гэж бодож байна. Миний зүгээс хохирол мөнгийг төлөхгүй. ...” /хх 43/ гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 13518 дугаар “...“М.О-ын биед баруун түнхний үений мултрал, баруун талын түнхний үений тогооны сэлтэрсэн хугарал, баруун дунд чөмгийн толгой хүзүүний хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг их хэмжээгээр тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги хэдэн хувиар алдагдуулах эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна. ...” гэх дүгнэлт /хх 55-57/,

Автотээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1138958922 дугаар дүгнэлт /хх 63-68/,

Тээврийн цагдаагийн албаны 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1383 дугаар  мөрдөгчийн магадлагаа /хх 71-72/,

Цагдаагийн ерөнхий газрийн бүртгэл хяналтын төвийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 23/2382 дугаартай албан бичиг /хх 87/,

Оргодол эрэн сурвалжлах тухай мэдээлэл /хх-ийн 98-99, 136-138/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзлээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.А-ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан мансуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Д.А-ийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасан “жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиглалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... согтууруулах ундаа... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3 дахь хэсэгт заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.О-ыг газар хэвтэж байхад нь хөлөн дээгүүр нь автомашинаар дайрч эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-т оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдлэж дууссан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Шүүгдэгч Д.А-ийн өмгөөлөгч О.Баяржаргалаас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлд заасныг баримтлан шүүгдэгч Д.А-т оногдуулсан хорих ялыг тэнсэн харгалзах ялаар сольж хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заажээ.

 Тодруулбал, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулсаныг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэдийгээр шүүгдэгч Д.А нь хохирол төлбөрөө барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж байгаа хэдий ч түүний үйлдлийн улмаас хохирогч М.О хүнд хохирол учирсан байх бөгөөд анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин иргэний хариуцагч Б.Б-ийн өмгөөлөгч Т.Минжмаагийн гаргасан тайлбар үндэслэлтэй байх ба анхан шатны шүүх иргэний хариуцагч Б.Б-ээс Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар хохирол төлбөрийг хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн үндэслэлгүй байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Ниссан Террано маркийн ..-.. ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Б.Б-ийн нэр дээр бүртгэлтэй байх хэдий ч тухайн хэрэг болсон цаг хугацаанд иргэний хариуцагчаар татагдсан Б.Б нь шүүгдэгч Д.А-т өөрийн тээврийн хэрэгслээ шилжүүлээгүй, уг хүнийг би танихгүй гэх мэдүүлэг, түүний эх болох гэрч Ц.Э тээврийн хэрэгслийг шилжүүлсэн гэх мэдүүлгүүдээр тээврийн хэрэгслийн үндсэн эзэмшигч тээврийн хэрэгслээ шилжүүлээгүй болох нь нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт “...Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй. ...” гэж хуульчилсан байх бөгөөд шүүгдэгч Д.А нь хохирогч М.О-т учирсан хохирлыг бүрэн хариуцах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтаар гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, хохирлыг гаргахдаа зохих хуулийг хэрэглээгүй, иргэний хариуцагч Б.Б-ээс хохирол төлбөрийг хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 858.775 төгрөгийг хохиролд тооцон шүүгдэгч Д.А-аас гаргуулж хохирогч М.О-т олгосугай. ...” гэсэн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол 858.775 төгрөгийн хохирлыг хохирогч М.О-т төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Д.А-ын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 55 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/1415 дугаар шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн:

- 6 дахь заалтын  “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 858.775 төгрөгийг хохиролд тооцон шүүгдэгч Д.А, иргэний хариуцагч Б.Б /РД: ..../ нараас тэнцүү хуваан 429.388 төгрөгийг тус бүрээс гаргуулж хохирогч М.О /РД: ..../-т олгож, нэхэмжлэлийн бусад хэсгийг хэлэлцэхгүй орхисугай. ...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 858.775 төгрөгийг хохиролд тооцон шүүгдэгч Д.А-аас гаргуулж хохирогч М.О /РД: ..../-т олгож, нэхэмжлэлийн бусад хэсгийг хэлэлцэхгүй орхисугай. ...” гэж өөрчилсүгэй.

 2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.А-ийн өмгөөлөгч О.Баяржаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-ийн цагдан хоригдсон 55 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                        ДАРГАЛАГЧ,

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Б.ЗОРИГ

 

                 ШҮҮГЧ                                              Л.ДАРЬСҮРЭН

 

                 ШҮҮГЧ                                              Т.ШИНЭБАЯР