Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 317/ШШ2025/00497

 

 

 

 

 

 

 

2025       04              14                                      317/ШШ2025/00497 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 00 дугаар хороо, 00 тоот өөрийн байранд байрлах, регистрийн 00 дугаартай, С ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Төв аймаг, Батсүмбэр сум, Цогт Өндөр 00 дугаар баг, Баян толгойн 00 тоотод оршин суух, регистрийн дугаар 00, Х овогт Ч.А холбогдох,

 

708.558 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бадам нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч СХХК нь хариуцагч Ч.А холбогдуулан “2024 оны 12 дугаар сарын 06-ны өглөө Төв аймгийн Батсүмбэр сумын Буурал 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт HYUANDAI PORTER маркийн тээврийн хэрэгсэл онхолдсон байна гэсэн дуудлагын дагуу очсон. Тус газрын Замын цагдаагийн тасгаас Зөрчлийн хуулийн дагуу HYUANDAI PORTER маркийн 81-16 УКС улсын дугаартай тээврийн хэрэгслийг саатуулан, журамлах шаардлагатай байна гэсний дагуу ачилтын үйлчилгээг Улаанбаатар хотоос очин хийсэн. Уг тээврийн хэрэгслийг зохих журмын дагуу ачиж, харьяа газарт нь байршуулан, тус тээврийн хэрэгслийг жолоодон явсан Ч.Ааас төлбөрийг өгөхийг шаардахад “2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өгнө” гэсэн бөгөөд удаа дараа хэлэхэд “Өмгөөлөгч битгий өг гэсэн, чаддаг юм бол шүүхдээд аваарай” гэж зохисгүй авир гаргасан. Ч.А нь 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулж, 10 хоногийн баривчилгаа авч шийтгэл хүлээсэн. Тус байгууллагаас үйлчилгээ авсан HYUANDAI PORTER маркийн 81-16 УКС улсын дугаартай тус тээврийн хэрэгслийг хэн, ямар хүн жолоодож явсныг тодруулах зорилгоор Төв аймгийн Баянчандмань сумын Цагдаагийн хэсэг дээр очиж тухайн асуудлыг цагдаагийн алба хаагчтай уулзаж, Ч.Аы мэдээллийг авч, харьяаллын шүүхэд гомдлыг гаргах болсон. Уг онхолдсон тээврийн хэрэгслийг манай компани 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотоос очиж, Төв аймгийн Батсүмбэр сумын Цагдаагийн газрын журмын хашаанд буулгасан ба тээвэрлэлтийн зардал, ажлын хөлс нийт 400.000 төгрөг /1км-г 2.000 төгрөгөөр тооцсон/, 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотоос Төв аймгийн Баянчандмань сум орсон бензиний зардал 170.062 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос Төв аймгийн Зуунмод суманд ирж шүүхэд нэхэмжлэл гаргахад зарцуулсан бензиний зардал 112.784 төгрөг, нийт 708.558 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э дээрх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан ба шүүхэд гаргасан хариу тайлбартаа “Төв аймгийн Батсүмбэр сум бол хотын төвөөс 60 км-т байдаг. Ирж очих 120 км тээвэрлэлт хийсэн байна. СХХК-ийн хувьд Батсүмбэр суманд очиж тээвэрлэлт хийсэн тал дээр маргахгүй. Тэгэхээр Төв аймгийн Батсүмбэр сум болон Улаанбаатар хотын хооронд 120 км-т 20 литр шатахуун зарцуулах байх гэж үзэж байгаа. 20 литр шатахуун нь 60.000 гаран төгрөг болох байх. Тээвэрлэлтийн зардлын тухайд ачилтын тусгай зөвшөөрөлтэй байгууллага бол Улаанбаатар хот дотор 60.000 төгрөгөөр, хөдөө орон нутагт 100.000 төгрөгийн үнэ ханшаар ачдаг. Гэтэл СХХК-ийн хувьд тээвэрлэлтийн тусгай зөвшөөрөлгүй. Мөн дээр нь хэнтэй, ямар хэлцэл хийсэн нь харагддаггүй. Манай улсад өдрийн 100.000 төгрөгийн хөлс гэж байхгүй, очоод ирэх хүртэл нэг цагийн л ажил байгаа байх. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 200.000 төгрөгийг нь төлье, үлдэх хэсгийг нь хүлээн зөвшөөрөхгүй. Компанийг төлөөлж очсон хүн Ч.Атай гэрээ хэлцэл хийгээгүй, хариуцагчийн хувьд тухайн өдөр биеийн байдал тааруу, согтуу байсан нь үнэн” гэв.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд СХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 708.558 төгрөгөөр тодорхойлж, үүнд тээвэрлэлтийн зардал, жолоочийн ажлын хөлсөд 400.000 төгрөг /1км-г 2.000 төгрөгөөр тооцсон/ гэх боловч энэ талаарх нотлох баримт ирүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл, жолооч Ч.Б компанийн 50-88 УНТ улсын дугаартай, Хьюндай Маяти маркийн тээврийн хэрэгслээр 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотоос Төв аймгийн Батсүмбэр сум руу явуулж, тээвэрлэлт хийлгэж ажлын хөлсөд хэдэн төгрөгийг компаниас төлсөн, тухайн өдөр тээврийн хэрэгсэлд хэдэн төгрөгийн шатахуун зарцуулсан болохыг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Мөн хэрэгт 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Цагдаагийн хэлтэст очиж, ачуулсан тээврийн хэрэгслийн эзэмшигч, ашиглагчийн мэдээллийг авахаар явахдаа 170.062 төгрөгийн шатахууны зардал гаргасан хэмээн Петро стар ХХК-ийн худалдан авалтын баримтыг ирүүлсэн боловч тухайн баримт дээрх үнийн дүн 170.062 төгрөг нь компанийн хөнгөлөлтөд орж 164.960 төгрөг болсныг нэхэмжлэгч энэхүү сүүлийн үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж тайлбарласан.

Гэвч хэрэгт Төв аймгийн Баянчандмань сум руу очсоныг нотлох баримт буюу Цагдаагийн газраас авсан баримт байхгүй байх ба ямар зорилгоор, хаанаас хаана хүртэл явсан талаарх үйл баримт тогтоогдоогүй.

Түүнчлэн хэргийн 14 дүгээр талд авагдсан Петро стар ХХК-ийн 2025 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн худалдан авалтын баримтыг ирүүлж, 116.273 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч мөн компанийн хөнгөлөлтөд орж, 112.784 төгрөг төлөгдсөн нь тогтоогдсон ба уг 112.784 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж буйгаа нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдааны үеэр тайлбарласан.  

Гэтэл нэхэмжлэгч 2025 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн шүүхэд ирж, нэхэмжлэл гаргасан гэх боловч энэхүү үйл баримтыг нотлох баримтыг мөн нэхэмжлэлдээ хавсаргаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж, цуглуулах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй ба дээрх нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э нэхэмжлэлийн үнийн дүнгээс 200.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, тайлбар гаргасан тул энэхүү үнийн дүнгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 508.558 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 Хэдийгээр нэхэмжлэгч СХХК-ийн төлөөлөгч М.С болон хариуцагч Ч.А нарын хооронд хэлцэл хийгдээгүй, цагдаагийн байгууллагын ажилтны дуудлагаар очиж, тухайн осолд орсон тээврийн хэрэгслийг босгож, заасан журмын хашаанд хүргэсэн байх боловч хариуцагч Ч.А 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ийм үйлчилгээ авснаа үгүйсгээгүй, мөн өөрийн буруутай үйлдлийн улмаас осол гаргасныг харгалзан нэхэмжлэгчид тодорхой хэмжээний мөнгөн дүнг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан тул шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн.

Тодруулбал, ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Харин Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д “Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ба уг хуулийн агуулгаас үзэхэд тээвэрлэлтийн гэрээгээр зорчигч болон бараа тээвэрлэх үүрэг хүлээх ба тээвэрлэлтэд хамрагдах зүйлийн байршлыг өөрчлөх тодорхой үр дагавар гаргахаар амлах нь уг гэрээний гол шинж байна.

Талуудын гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь осолд орсон тээврийн хэрэгслийг татаж босгох, мөн түүнийг чирж, зориулалтын газарт хүргэх үйлчилгээ үзүүлсэн байх ба энэхүү шинжээрээ тэдний хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, харин тээвэрлэлтийн гэрээгээр зөвхөн автомашиныг нэг газраас нөгөө газарт хүргэх үйлчилгээ үзүүлэх байсан гэдгээрээ ялгагдаж байна гэж үзсэн болно.

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч Ч.Ааас ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 200.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч СХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 508.558 төгрөгийг хэрэгсэхгүй болгожшийдвэрлэлээ.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч СХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22.223 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Ааас 6.650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч СХХК-д олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн  759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Ч.Ааас ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 200.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч СХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 508.558 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч СХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22.223 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Ааас улсын тэмдэгтийн хураамж 6.650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч СХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1, 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ГЭРЭЛТУЯА