Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 448

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ц.Золзаяа;

улсын яллагч: Э.Халиун

шүүгдэгч: Д.А, түүний өмгөөлөгч Д.Очирваань нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Даваатогтохын Ат холбогдох эрүүгийн 1709006610166 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хэрэглээний математикч мэргэжилтэй, “Шигтгээ групп” ХХК-д захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол 30б байрны 30 тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, ОА89011712 регистерийн дугаартай, Галзад овогт Даваатогтохын А.

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Д.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн өглөө 06 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хандгайтын “Их тамир” амралтын газрын 06 тоот гэрт орж хохирогч А.Туултай маргалдан улмаар түүнийг гар, нүүрэн тус газар нь модоор болон гараараа цохих, үсдэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А мэдүүлэхдээ: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Нэмж ярих зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй гэв.          

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Туул /хх-ийн 18/, гэрч Т.Отгонсүрэн /хх-ийн 24-25/, гэрч С.Баатарсүрэн /хх-ийн 26/ нарын мэдүүлэг, шинжээч эмч М.Энхтайваны мэдүүлэг /хх-ийн 46-48/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37/, эмнэлгийн хуудас /хх-ийн 62/, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийн хуулбар /хх-ийн 63/, “Натур эмнэлэг” компьютер томографийн оношлогоо /хх-ийн 64/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 66-67/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 69/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн70/, бакалаврын дипломын хуулбар /хх-ийн 74-75/, төлбөрийн баримтууд /хх-ийн 77-78/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.А нь 2017 оны 08 дугаар сарын 12-ны өглөөний 06 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутагт байрлах Хандгайтын “Их тамир” амралтын газрын 06 тоот гэрт хохирогч А.Туултай маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Д.Туулын /хх-ийн 13-14, 18/: “...2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр миний 10 жилийн найз Энхтуяагийн хүүхдийн хурим болоод би уригдаж ирсэн. Тэгээд хуриманд нь оролцоод орой Отгонцэцэг, Баатарсүрэн бид гурав Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын “Их тамир” гэх амралтын газар гэр авч орцгоосон. Тэгээд хоноод 2017 оны 08 дугаар сарын 12-ны өглөө 05 цагийн үед бид нарыг унтаж байхад улаан өнгийн костюмтай, хар зангиатай залуу хаалга татаж орж ирээд “та нар зайлцгаа, би энэ гэрийн чинь мөнгийг нь төлчихсөн” гээд орилоод байсан. Тэгэхээр нь бид гурав хэрүүл хийгээгүй “юу яриад байгаа юм бэ, бид нар мөнгийг нь төлчихсөн” гэж хэлсэн чинь буцаж гарч явчихаад орж ирээд дахиж бид нарыг хэл амаар доромжлоод орилоод байсан. Тэгээд гэнэт миний орны хөнжлийг татаж авангуутаа зуухны хажууд байсан модыг аваад миний зүүн гар руу 2 удаа цохисон ба миний зүүн хацар руу гараараа шанаадсан. Тэгээд миний үснээс зулгаагаад арагшаагаа дарсан. Бас миний чих рүү цохьсон. ...Урьд нь миний хамар битүүрэх толгой руу өвдөх, хамраас өмхий үнэртэх зэрэг шинж тэмдэгүүд надад илэрч байгаагүй. Харин 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр тэр А гэх залуу миний зүүн нүд, зүүн хацрын хэсэг рүү цохисноос хойш дээрх шинж тэмдэгүүд илрээд байгаа юм...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Т.Отгонцэцэгийн /хх-ийн 24-25/: “...Тэр өдөр манай найз Энхтуяагийн хүүхдийн хурим болоод бид нар ангиараа уригдаж очсон. Хуримын арга хэмжээ 23 цагийн үед дуусаад манай найз Энхтуяа нь бид нарт тэр амралтын газрын 6 номерын гэрийг авч хүлээлгэж өгсөн. Тэр гэрт манай ангийнхан болох А.Туул, С.Баатарсүрэн бид 3 орсон. Би баруун талын орон дээр унтацгаасан. ...Тэгээд өглөө 6 цагийн үед манай Туулын “Отгоо аллаа шүү дээ” гэсэн хашхирах дуугаар сэрсэн. Тэгээд би Туул руу хартал манай найз Туулын үснээс нь үл таних залуу доош нь дарчихсан толгойг нь орны толгой давуулчихсан байсан. Тэгээд би босож очоод тэр залуугийн гарнаас татаж болиулаад Баатарсүрэн бас тэр залууг татаад гадагшаа аваад гарсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч С.Баатарсүрэнгийн /хх-ийн 26/: “...үл таних хүн орж ирээд манай ангийн охин Туултай маргалдаад байсан. Тэр залуу удалгүй гаднаас орж ирээд гэрийн хойд талын голын орон дээр суугаад баруун гартаа “Соёмбо” гээд архи барьчихсан уугаад асгаад байсан. Тэгээд Туултай маргалдаад барьцалдаад авсан байсан. Тэгэхээр нь би араас нь очоод тэр залууг тэврээд салгасан юм. Тэгээд тэр залуу гадагшаа гараад явсан юм. Удалгүй би орон дээрээ хэвтээд унтсан байсан. Нэг мэдсэн эмэгтэй хүн “авраач ээ” гэхэд би сэрсэн. Тэгээд очиход Туулын унтаж байсан орон дээр нь үсдээд дарчихсан байсан. Тэгээд би очоод салгасан. Тэгээд тэр залуу гараад явсан...” гэх мэдүүлгээр,

 

шинжээч эмч М.Энхтайваны /хх-46-48/: “...Урьд дүгнэлтэд гаргасан шинжээч эмч Г.Чимэд-Очир хохирогч Туулын толгойн КТГ-н хариуг үзлэгийн хэсэгтээ тусгасан байна. Гэхдээ шалтгаант холбоогүй гэж үзээд дүгнэлт хэсэг дээрээ бол тусгаагүй байна. Шинжээчид бидний хийсэн дүгнэлтэд бол 2017 оны 08 дугаар сарын 12, 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн зургуудыг шалгаж үзэхэд хамар яс хуучин хугаралтай, таславч мурийлтгүй, салстууд хөөнгөтсөн зүүн гайморын хөндий шингэнээр дүүрсэн байсан. Бидний хийсэн дүгнэлтээр хамрын таславчийн мурийлт бол тогтоогдоогүй салстууд хөөнгөтсөн байсныг мурийлт гэж уншсан байх боломжтой байна. Хэрэг явдал бол 2017 оны 08 дугаар сарын 12-нд болсон. 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хохирогч толгойн КТГ зураг авахуулсан байдаг. Үүнийг бид уншиж үзэхэд хохирогчийн хамар ясны хуучин хугарал гэж бид тогтоогдсон. Уг хугарал нь хуучин бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө буюу 21-ээс 30 хоногийн өмнө үүссэн болон түүнээс өмнө үүсэж байсан. Хамрын гайморит үүссэн цагаас хойш дээрх өмхий үнэртэх, хамар битүүрэх зэрэг шинж тэмдэгүүд илэрч эхэлдэг. Хамрын гайморит үүссэх хугацааг тогтоох боломжгүй юм...” гэх мэдүүлгээр,

 

яллагдагч Д.Аын /хх-ийн 54-56/: “...Тэр өдөр “амралтын гэр би авсан, чи авсан” гэдгээс болж л Туул гэдэг эмэгтэйтэй маргалдсан юм. Би уг нь тэр амралтын газрын 3 номерийн гэрийг авахаар болж тооцоонд нь 100.000 төгрөг шилжүүлсэн юм. Тэр Туул гэдэг эмэгтэйн байсан гэрийг би 3 номерийн гэр байна гэж бодож орж хэрүүл маргаан хийсэн юм. ...Яг цохиж байснаа бол санахгүй байгаа юм. Харин Туул бид хоёр бол нилээн ноцолдсон, ноцолдох үед би гарын шуунд нь хүрсэн байх. Би бас үснээс нь зулгааж  үсдэж байснаа бол санаж байна. ...Яагаад нарийн санахгүй байна вэ гэхээр тухайн үед би нилээн их согтсон байсан юм. ...Хохирогч Д.Туулыг би ерөөсөө огт танихгүй эмэгтэй байсан. Бид хоёр урьдын ямар нэгэн өс хонзон, өр авлагын асуудал байхгүй. ...Миний хувьд хохирогч Туулыг 2017.08.12-ны өдөр “Натур” эмнэлэгт Толгойн КТГ зураг авахуулахад зарцуулсан 120.000 төгрөгийг би өөрөөсөө дараа нь бэлнээр гаргаж Туулд өгсөн. Дараа нь 2017.08.13-ны өдөр би өөрийнх нь саналаар “Мөнгөн гүүр” эмнэлэгт КТГ зургийг 270.000 төгрөгөөр авахуулж өгсөн. Тэгээд эмчийн үзлэгт 20.000 төгрөг гаргаж өгч үзүүлсэн. Мөн тэр өдрөө эмийн сангаас 45.300 төгрөгөөр эм авч өгсөн. 2017.08.14-ний өдөр “ЭМЖЖ” чих хамар хоолойн эмнэлэгт чих гэмтсэн байж болзошгүй гэсэн тул 25.000 төгрөгөөр үзүүлж оношилгоо хийлгэсэн. Ингээд нийтдээ 480.300 төгрөгийн эмчилгээний зардлыг гаргаж өгч эмчлүүлсэн байгаа. Эдгээр баримтуудыг хэрэгт хавсаргасан. ...Гаргасан үйлдэлдээ гэмшиж байгаа. Урьд ийм асуудалд холбогдож байгаагүй...” гэх мэдүүлгээр,

 

Д.Аын буруутай үйлдлийн улмаас Д.Туулын биед “зүүн нүдний зовхи, зүүн шуу, бугуй, зүүн чихний дэлбэ, зүүн чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнд шарх, тархи доргилт” бүхий мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10319 тоот дүгнэлт /хх-ийн 37/, мөн хүрээлэнгийн  1111 тоот дүгнэлт зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч нь хохирогчийг зодсоноо өөрөө хүлээсэн, хохирогч, гэрч нар шүүгдэгчийг хүн зодсоныг гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Д.Аын “миний авсан гэрт орсон байна” хэмээн бусадтай маргаан тэмцэлдээн үүсгэн Д.Туулыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Д.Аын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.       

 

Шүүгдэгч Д.А хохирогч Д.Туулд гэм хорын хохиролд нийт 1.680.300 төгрөгийг /хх-ийн 98-100/ төлж барагдуулсан бөгөөд хохирогч “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.             

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүх Д.Аын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.  

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Галзад овогт Даваатогтохын Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ат оногдуулсан  450.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ