| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2017/0529/Э |
| Дугаар | 451 |
| Огноо | 2017-12-06 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Р.Батнасан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 451
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Н.Номинчимэг;
улсын яллагч: Р.Батнасан;
шүүгдэгч: Б.А, түүний өмгөөлөгч Г.Сүхээ;
хохирогч Э.Жавхаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бадамхандын Ат холбогдох эрүүгийн 1709013190078 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 29 дүгээр гудамж, 337 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, НЧ97041712 регистерийн дугаартай, Боржигон овогт Бадамхандын А.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Б.А нь 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг мужааны цехэд иргэн Э.Жавхаатай хөрөөний үртэс авах асуудлаас болж маргалдан улмаар Э.Жавхааг алх, прүс мод хэрэглэн зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Жавхаа мэдүүлэхдээ: 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ажлаа хийж байхад шүүгдэгч “хөрөөний үртэс авсангүй” гэсэн шалтгаанаас болж зодсон. Алхаар нэг цохиж, модоор нилээн их цохьсон. Үүнээс болж зүүн гарын шууны яс хугарсан. Хохиролд нийт 1.200.000 төгрөг өгөхөөр тохирсон. Би шүүгдэгчээс 400.000 төгрөг авсан. Үлдэгдэл 800.000 төгрөгийг надад 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлөхөө амласан. Хамт ажиллаж байсан, нялх хүүхэдтэй, залуу хүн тул хөнгөн ял оногдуулж өгнө үү гэж хүсч байна гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Жавхаа /хх-ийн 9-10/, гэрч Б.Баярбат /хх-ийн 14-16/ нарын мэдүүлэг, Б.Аын гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 17-19/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 24/, сурагчийн хувийн хэрэг /хх-ийн 40-51/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25/, торгуулийн хуудасны бүртгэл /хх-ийн 26/, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 54/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 55/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12129 дугаартай дүгнэлт /хх-ийн 29/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.А нь 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг мужааны цех дотор Э.Жавхаатай “хөрөөний үртэс авсангүй, цэвэрлэсэнгүй” хэмээн маргалдан, улмаар Э.Жавхааг алх, прүс мод хэрэглэн зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч Э.Жавхаагийн /хх-ийн 9-10/: “...2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд байрлах мужааны цехэд ажлаа хийж байгаад хамт ажилладаг Ариунбаяр гэх залуутай маргалдсан. Тэгтэл тэр залуу миний зүүн гарын тохой руу алхаар нэг удаа цохиж мөн ...зүүн гар руу прүс модоор олон удаа цохьсон...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Баярбатын /хх-ийн 14-16/: “…2017 оны 09 дүгээр сарын дундуур байх ажил дээрээ ажлаа хийгээд байж байтал А, Жавхаа хоёр “цахилгаан хөрөөний үртэс авсангүй” гээд хоорондоо маргалдсан. ...Тэгээд эргээд хартал А нь барьж байсан төмөр алхаараа Жавхаагийн баруун гарын булчин дээр нэг удаа цохин төмөр алхаа газар хаяж, газар байсан 3х4 хэмжээтэй 80 см урттай прүс мод аван Жавхаагийн зүүн гарын шуун дээр цохихоор нь би араас нь гүйж очин Аыг болиулсан. Жавхаатай гадаа тамхи татаад байж байтал Жавхаа тамхиа татаж дуусган “гэртээ харилаа” гээд явсан. Удалгүй цагдаа ирж Аыг авч явсан...” гэх мэдүүлгээр,
Б.Аын гэрчээр мэдүүлсэн /хх-ийн 17-19/: “...2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ажил дээрээ ажлаа хийж байгаад цуг ажилладаг Баярбат ахтай цахилгаан хөрөөн дээр юм хийх гээд ортол Жавхаа цахилгаан хөрөөн дээр юм хийчихээд үртсээ аваагүй болохоор нь “цахилгаан хөрөөн дээр юм хийсэн нь үртэсийг нь авч байя гэж ярилцчихаад яагаад аваагүй юм бэ” гээд би үртсийг нь хамаад байж байтал Жавхаа “чи наад үртсээ өөрөө хамж ав, чам шиг бандийг барна шүү” гэхээр нь гартаа барьж байсан төмөр алхаа далайж айлган газар хаяж, газар байсан 3х4 хэмжээтэй прүс мод авч Жавхаагийн зүүн гарын булчин дээр цохиход Жавхаа газар хураасан байсан модны тайрдас дээр атийгаад унахаар нь дээрээс нь прүс модоороо бөгс гуя хэсэг дээр нь цохьсон. Хэдэн удаа цохьсоноо санахгүй байна...” гэх мэдүүлгээр,
Б.Аын буруутай үйлдлийн улмаас Э.Жавхаагийн биед “зүүн шууны далд хугарал, зүүн өгзөг, баруун даланд цус хуралт, зулгаралт” бүхий мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заасан хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12129 тоот дүгнэлт /хх-ийн 29/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хохирогчийг зодсоноо өөрөө хүлээсэн, хохирогч, гэрч нар шүүгдэгчийг хүн зодсоныг гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Б.Аын “хөрөөний үртэс авсангүй, цэвэрлэсэнгүй” хэмээн Э.Жавхааг буруутган зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч Б.Аын “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч, шүүгдэгч нар харилцан тохиролцож буюу шүүгдэгч нь хохирогчид хор уршгийн нөхөн төлбөрт 800.000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул энэ асуудлыг шүүхийн тогтоолын тогтоох хэсэгт дурьдаж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, нийт 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн хураагдан ирсэн бариул хэсэг нь 26 см, ажлын хэсэг нь 11.5 см-ийн харьцаатай бариулны үзүүр хэсэгт хар өнгийн жийргэвчтэй, бариул хэсэг нь нилэнхүйдээ шар өнгөөр будсан төмөр алх 1 ширхэг, 80 см-ийн урттай 4х3 см-ийн харьцаатай шаргал өнгийн мод 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бариул хэсэг нь 26 см, ажлын хэсэг нь 11.5 см-ийн харьцаатай бариулны үзүүр хэсэгт хар өнгийн жийргэвчтэй, бариул хэсэг нь нилэнхүйдээ шар өнгөөр будсан төмөр алх 1 ширхэг, 80 см-ийн урттай 4х3 см-ийн харьцаатай шаргал өнгийн мод 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тогтов.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт Бадамхандын Аыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг нийт 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ат оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурьдсугай.
6. Шүүгдэгч нь хохирогчид 400.000 төгрөг нөхөн төлсөн бөгөөд хор уршгийн нөхөн төлбөрт 800.000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бариул хэсэг нь 26 см, ажлын хэсэг нь 11.5 см-ийн харьцаатай бариулны үзүүр хэсэгт хар өнгийн жийргэвчтэй, бариул хэсэг нь нилэнхүйдээ шар өнгөөр будсан төмөр алх 1 ширхэг, 80 см-ийн урттай 4х3 см-ийн харьцаатай шаргал өнгийн мод 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ