| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2024/0754/З |
| Дугаар | 128/ШШ2025/0222 |
| Огноо | 2025-03-31 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 128/ШШ2025/0222
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А ХХК /РД:/,
Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөл,
Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга,
Гуравдагч этгээд: А*******н ХХК-д холбогдох Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрла*******, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны 25,603 м.кв талбай бүхий газарт шүүгч, ажилтнуудын орон сууцны барилгын ажлын гүйцэтгэгчээр А*******н ХХК-ийг шалгаруулсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Э, хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Ц.Ц, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрла*******, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны 25,603 м.кв талбай бүхий газарт Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажилчдын орон сууны барилгын ажлын гүйцэтгэгчээр А*******н ХХК-ийг шалгаруулсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 31 дүгээр хурлын шийдвэр /тэмдэглэл/-ийн холбогдох хэсэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 166 дугаар Шүүгч, ажилтнуудыг орон сууцжуулах төслийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах эрх олгох тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах,
1.2.Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрла*******, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны 25,603 м.кв талбай бүхий газарт Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажилчдын орон сууцны барилгын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөл, гуравдагч этгээд А*******н ХХК нарын хооронд байгуулсан гэрээний холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 1.3.Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр хурлын шийдвэр /тэмдэглэл/-ийг биелүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг хурлын шийдвэрийн дагуу барилгын ажил эхлээгүй байгаа 2 блок барилгын асуудлаар нэхэмжлэгч А ХХК-тай хэлэлцээр хийхийг даалгах.
Хоёр.Хэргийн үйл баримтын талаар:
2.1.Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/928 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 46,758 м.кв газрыг Шүүхийн ерөнхий зөвлөлд конторын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, дугаартай Төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байна.
2.2.Үүний дараа Барилга хот, байгуулалтын сайдад хандан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 03/ тоот албан бичгээр ...газрын зарим хэсэг болох 25,603 м.кв газарт шүүгч болон шүүхийн захиргааны албан хаагчдад зориулсан орон сууц барих ... зориулалтаар ашиглах зөвшөөрөл... хүссэн хүсэлт[1] гаргасныг Барилга, хот байгуулалтын яамнаас 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 03/ тоот албан бичгээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүсэлт уламжилжээ.
2.3.Улмаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн дүгээр тогтоолоор Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах конторын зориулалттай 46,758 м.кв талбай бүхий газраас 25,603 м.кв талбайн эзэмших эрхийг өөрчлөлгүйгээр зориулалтыг контор, үйлчилгээтэй орон сууцны болгож өөрчлөхийг зөвшөөрч, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/ дүгээр захирамжаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн эзэмшлийн 25,603 м.кв газрын зориулалтыг контор, үйлчилгээтэй орон сууц, 21,155 м.кв газрын зориулалтыг контор болгон өөрчилж, дугаартай төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож,0 дугаартай газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байна.
2.4.Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 23 дугаар тушаалаар Шүүгч ажилтнуудыг орон сууцжуулах төсөл-ийн хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган хэрэгжилтийн явцыг улирал бүр Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралд танилцуулахыг үүрэг болгожээ.
2.5.Дээрх төслийн хүрээнд баригдах барилгын зураг төсөвт тавигдах шаардлага, төслийн санхүүжилт, эдийн засгийн тооцоо, төсөв, хамтран ажиллах нөхцөл, төслийн гүйцэтгэгчид тавих шаардлага, нөхцөлүүдийг тусгасан Шүүхийн ажилтнуудын орон сууц барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нөхцөл-ийг[2] 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга баталсан байна.
2.6.Ажлын хэсгээс энэхүү нөхцөлийг 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 9 компанид хүргүүлэн санал ирүүлсэн 4 компаниас 2 компанийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанд танилцуулсан бөгөөд дахин нэмж компани судлахыг Ажлын хэсэгт даалгажээ.
2.7.Улмаар Ажлын хэсгээс 19 компанид төслийн талаар мэдэгдсэнээс 13 компани Шүүхийн ажилтнуудын орон сууц барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нөхцөл-ийн материалыг хүлээн авч, 4 компани уг нөхцөлийг хүлээн зөвшөөрч оролцох хүсэлтээ ирүүлсэн, Ажлын хэсэг өмнөх 2 компани дээр 3 компанийг нэмж, нийт нэр бүхий 5 компанийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанд танилцуулсан байна.
2.8.Тодруулбал, уг хуралдаанд нэхэмжлэгч А ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Б, гуравдагч этгээд А*******н нуур ХХК-ийн захирал М.Д болон бусад 3 компанийн төлөөлөгч нар өөрсдийн өмнө нь хэрэгжүүлсэн төслийг танилцуулж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийн Шүүгч ажилтнуудыг орон сууцжуулах төсөл-ийг хэрэгжүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нөхцөл, түүнийг хэрхэн хангаж байгаа талаарх асуултад хариулсан бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар олонхын саналаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдтэй хэлэлцээрт орохоор шийдвэрлэсэн ба Ажлын хэсэгт ... энэ 2 компанитай хэлэлцээрт ороорой. Аль нэг компанитай хэлэлцээрт орохоо ажлын хэсэг шийдээд эргэж хуралдаанаар танилцуулаад тогтоол гаргуулаад тэр компанитайгаа ... гэрээ байгуулах ... гэсэн чиглэлийг өгсөн байна.[3]
2.9.Үүний дараа Ажлын хэсгээс А ХХК болон А*******н нуур ХХК-ийн хэрэгжүүлсэн төсөлтэй газар дээр нь очиж танилцах ажиллагаа хийхэд гуравдагч этгээдээс танилцуулгад[4] дурдсан Нийслэлийн Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт хэрэгжүүлж буй Хангарди сити 2 орон сууцны хорооллын 4 дүгээр блок зэрэг өөрийн барилга угсралтын ажил хийж гүйцэтгэсэн барилгуудыг танилцуулсан бол нэхэмжлэгчээс нарны гүүр даваад зам дагуу 3 блок барилга-ын зөвхөн гадна фасад, каркас угсралт, дотор сантехникийн ажлыг хийж гүйцэтгэсэн талаар танилцуулсан байна.
2.10.Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 31 дүгээр хуралдаанаар[5] Шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчдын орон сууцны асуудал-ыг хэлэлцээд бүх гишүүдийн саналаар А*******н нуур ХХК-ийг барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр шалгаруулж, мөн өдрийн 166 дугаар тогтоолоор Шүүгч, ажилтнуудыг орон сууцжуулах төсөл-ийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр шалгарсан А*******н нуур ХХК-тай гэрээ байгуулахыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргад зөвшөөрчээ.
2.11.Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга болон А*******н нуур ХХК нарын хооронд 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 86 тоот Хамтран ажиллах гэрээг байгуулсан байна.
2.12.Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2024 оны 07 дугаар сард нэхэмжлэгч А ХХК-д гэрээ байгуулах боломжгүй талаар утсаар мэдэгдсэний дараа энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн ерөнхий зөвлөлийн зүгээс манай компанид сонгон шалгаруулалтад оролцох урилгыг ирүүлсний дагуу манай зүгээс шаардлагатай баримтуудаа бүрдүүлэн сонгон шалгаруулалтад оролцсон. Улмаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албанаас манай компани руу 2024 оны 06 сард утсаар холбогдож, манай компанийг ажил гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан талаар мэдэгдсэн боловч 2024 оны 07 дугаар сарын сүүлээр дахин утсаар холбогдож, манай компанийн төслөөс татгалзсан, А*******н нуур ХХК шалгарсан талаар мэдэгдсэн. Манай зүгээс уг шийдвэрийг мэдэгдсэний дараа уг компанийг судлан үзэхэд татварын өртэй, сүүлийн жилүүдэд байнга алдагда******* ажилласан талаар татварын тайлан гаргадаг зэргээр ажлыг бүрэн дүүрэн гүйцэтгэх чадамжгүй, бичиг баримтыг бүрдлээр эхний шатны сонгон шалгаруулалтад тэнцэхээргүй компанийг шалгаруулсан болохыг олж мэдсэн. А*******н ХХК-ийг сонгон шалгаруулсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэр нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь зөвлөлийн хуралдаан байх бөгөөд хуралдааны шийдвэр нь тогтоол хэлбэртэй гэж заасанд нийцээгүй байх ба компанийн баримт бичгийг хянаж үзээгүй, хурлаар хэлэлцүүлэлгүй сонгон шалгаруулсан гэж үзэж байна. 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хурлын тэмдэглэл байгаа. Энэ тэмдэглэл дээр товчлоод ярихад гуравдагч этгээд компанийн хувьд санхүүгийн хувьд алдагда******* 3 жил ажилласан гээд эхний ээлжид хассан байгаа. А ХХК-г хасъя гэдэг дээр бүгд татгалзаад шалгаруулсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендер шалгаруулах процесс болоогүй хэдий ч яг эндээс харах юм бол хууль ёсны байх, тэгш байдлыг хангах, шударга ёсны зарчим зөрчигдөн байна. Төрийн захиргааны байгууллага Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн зарчмаар шийдвэр гаргах үйл ажиллагааны процесс журмыг баримтлах үүрэгтэй. Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга зэрэг төрийн захиргааны байгууллагын албан тушаалтнуудын хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан гэж дүгнэх бүрэн үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагаа баригдаагүй байгаа 2 блок барилгын хувьд тодорхойлж байгаа. Хэдийг луулах вэ, хамтын ажиллагааны хүрээнд хөнгөлөлттэй нөхцөлөөр яах вэ гэдэг асуудлаа зохицоод хэлэлцээрийн журмаар шийдвэрлээд явахад нэхэмжлэгчийн эрх, эдийн засгийн ашиг өгөөжийг хангах боломжтой гэж харж байна. Шүүх хуралдааны үеэр дурдагдсан хэдэн зүйл дээр тайлбар хэлэхэд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаад байгаа асуудал нь захиргааны актын шинжийг агуулахгүй гэдэг зүйлийг ярьж байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасныг бүрэн хангаж байгаа. Дотогшоо чиглэсэн гэж байна. Шүүхийн ерөнхий зөвлөл нь гуравдагч этгээд болон нэхэмжлэгч рүү чиглэсэн шийдвэр гаргаж байгаа. Хариуцагчийн зүгээс сонгон шалгаруулалтыг тендер биш, Иргэний хуулиар заасан хамтран ажиллах гэрээ гэж тайлбарлаад байх шиг байна. Мөн гуравдагч этгээд хариуцагч нарын хооронд ашиг сонирхлын зөрчил үүссэн байх өндөр магадла******* гэдэг нөхцөл байдал байна. Тэр юу вэ гэхээр зөвшөөрөлгүйгээр барилга бариулаад байгаа асуудал нь тодорхой боллоо гэж дүгнэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэв.
3.2.Хариуцагч Б.Э шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гэрээ байгуулах эрх олгох тухай тогтоол нь байгууллагын үндсэн чиг үүрэгт хамаара******* бус дотоод үйл ажиллагаа, зохион байгуулалтын шинжтэй, дотогш чиглэсэн, захиргааны актын шинжийг бүрэн агуулаагүй тул Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дээрх шийдвэр нь ямар хуулийн, аль зүйл, хэсгийг зөрчсөнөөр нэхэмжлэгчийн ямар хуульд заасан эрх, ашгийг хөндсөн, бодит хохирол учирсан нь тодорхой бус, энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагынхаа хуулийн үндэслэлийг баримтаар нотолж чадаагүй. Шүүхийн ерөнхий зөвлөл, А*******н ХХК-ийн хооронд шүүхийн 374 шүүгч, ажилтны нийгмийн баталгааг хангах тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасны дагуу байгуулагдсан Хамтран ажиллах гэрээ нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны гэрээнд хамаарахгүй. Нэхэмжлэгч компанийг шалгаруулсан шийдвэр огт гараагүй байхад гаргасан гэж маргаж байгаа тохиолдолд түүнийгээ баримтаар гаргаж өгөх үүрэгтэй. Мөн хэн гэдэг албан туша ямар хэрэгслээр тус компанийн хэн гэдэг хүнтэй, хэзээ, хэрхэн холбогдож шалгарсан гэж хэлсэн талаар үүрэн телефоны операторын компаниудын баталгаат мессеж, ярианы хуулга зэрэг баримт байхгүй. Бараа татсан гэх боловч санхүүгийн зардлын тооцоо хавсаргаагүй байгаа нь нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн нотлоогүй, хуулийн үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр хуралдааны тэмдэглэлийн 61 дэх талд А ХХК болон А*******н ХХК нар олонхын саналаар үлдэж, аль нэг компанитай хэлэлцээрт орохоо ажлын хэсэг шийдэж эргэж Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанд танилцуулах талаар бичигдсэн баримт болон 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 31 дүгээр хуралдааны тэмдэглэлийн 35 дахь талд хуралдаанд оролцсон нийт 8 гишүүний 100 хувийн саналаар А*******н ХХК шалгарсан баримтыг нотлох баримтын шаардлага хангаж хавтаст хэрэгт өгсөн. А ХХК-иас тус шүүхэд гаргасан 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн нэхэмжлэлийн 3 дахь талд ...эхний шатны сонгон шалгаруулалтад ч тэнцэхээргүй компанийг шалгаруулсан болохыг олж мэдсэн... гэх зэргээр хууль бус аргаар байгууллагын дотоод үйл ажиллагааны мэдээллийг олж мэдсэн байх төдийгүй Шүүхийн ерөнхий зөвлөлийн нийт гишүүдийн шийдвэр гаргах бүрэн эрхэд үндэслэлгүй халдсан, гараагүй шийдвэрийг гарсан мэтээр мушгин гуйвуулсан, тодорхой баримтгүй, хуульд заасан үндэслэлгүйгээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсаар байна. Үүнээс шалтгаалж орон сууцанд хамрагдахаар болсон нийт 374 гаруй шүүгч, ажилтны хууль ёсны эрх, ашигт сөргөөр нөлөөлөх нөхцөл байдалд хүрээд байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу явахгүй, тендер биш гэдгээ бүхэлд нь хүлээн зөвшөөрлөө. Тийм учраас ямар хуулийн жишгээр явахыг шүүх дүгнэх байх. Ажлын хэсэг ажлаа үргэлжлүүлээд энэ хоёр компанитайгаа хэлэлцээрт ороорой, аль компанитайгаа хэлэлцээрт эхэлж орохоо ажлын хэсгээ шийдээд яваарай гэсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь хэлэлцээр хийхийг заавал надад байр өгөх ёстой. Эсвэл намайг оруулах ёстой гэж ойлгоод байдаг. Хуульд ямар нэгэн байдлаар хэлэлцээр гэдгийг томьёолсон. Ийм тохиолдолд тэр хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн юм уу хэсэгчилсэн хангана гэдэг зүйл байхгүй. Нэхэмжлэгч компанитай очиж уулзсан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар өгсөн чиглэлийн дагуу Ажлын хэсэг компаниудтай уулзаж, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хангасан. А ХХК-тай очиж уулзалгүйгээр А*******н ХХК-г шалгаруулсан бол бид нарын буруу болно. Гэтэл очиж уулзаж, хаана танайх ямар бүтээн байгуулалт хийсэн бэ үзье гэсэн. Улаанбаатарт байхгүй. Орон нутагт байгаа гэсэн. Нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотлох эрх нэхэмжлэгчид байгаа. Хэлэлцээр гэхээр заавал бид нарт өгөх ёстой гэж үзээд байх шиг байна. Хэлэлцээр гэдэг нь Иргэний хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасан байгаа учраас тэрүүгээр явах байх. 2024 оны 09 сараас хойш энэ асуудал явагдаж байна. Үүнд эсрэгээрээ шүүхийн захиргааны ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна. Энэ асуудлаар хянагдаж байгаа гэдэг байдлаар шүүхийн захиргааны ажилтнууд уг байранд орох саналаасаа татгалзаж эхэлсэн. Шүүхийн захиргааны ажилчдадаа хямд өртөг бүхий орон сууцаар хангах нийгмийн бодлогынхоо хүрээнд саналыг тавьсан. Гэтэл ойролцоогоор 60 орчим шүүхийн захиргааны алба хаагчид нэгэнт ийм маргаантай асуудал байгаа бол больё гээд саналаасаа татгалзаж эхэлж байгаа. Нэг компанийн эрх ашиг биш ойролцоогоор 60 хүн гэж бодоход дор хаяж нэг хүн дөрвөн хүн ам бүлтэй гэж бодоод 250 гаруй хүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна. Сүүлдээ нэхэмжлэгч компани нь үлдсэн 2 блокийг бидэнд өгөөч гэж байгаагаа хэлэлцээр гэж ойлгоод байна. Шүүхийн шатад явж байгаа бол ямар хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөнөөрөө бид бүхэн буруудаад байна вэ? Нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байна вэ гэдгийг нотолж чадаагүй байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны актын шинжийг хангасан гэж яриад байдаг. Нийтийн зүйн хүрээнд гэж байгаа. Зөвхөн нэг компанид зориулаагүй. Төрийн байгууллага мэдээж үйл ажиллагаагаа дотооддоо зохион байгуулаад үүрэг даалгавар өгөх, хариуцлага тооцох учраас дотоод зохион байгуулалтын шинжтэй арга хэмжээнүүдээ авдаг. Дотогшоо чиглэсэн эрх зүйн үр дагавар бүхий захирамжилсан шийдвэрийг Шүүхийн ерөнхий зөвлөл ч гаргана. Гүйцэтгэх нарийн бичгийн дарга ч эрх хэмжээнийхээ хүрээнд гаргадаг. Шууд барилга ашиглах зөвшөөрөл аваад барилгаа барьдаггүй. Мэргэжлийн техникийн нөхцөл гэж байгаа. Олон зөвшөөрлүүд гарч нийлж байж барилгын зөвшөөрөл болно. Мэргэжлийн байгууллагууд энэ асуудал дээр тайлбараа өгөх байх. Энэ зөвшөөрлүүдийг хуулийн дагуу аваад явахыг гуравдагч этгээд хариуцна. Шүүхийн шатанд ярьж байгаа учраас хуулийн зүйл заалтыг ярих ёстой. Гэтэл ашиг хонжоо гэж яриад, танайх ингэх ёстой байсан тэгэх ёстой байсан гэж ярих нь зохимжгүй байна. Хуулийг төсөөтэй байдлаар хэрэглээд явах боломжтой байх. Манайх төрийн байгууллага учраас хүлээцтэй хандсан. 2024 оны 09 дүгээр сараас эхлээд энэ компанийн ямар эрх, хууль ёсны эрх ашгийг хохироосон бэ гэдгээр дотооддоо дүгнэлт хийсэн. Зөвхөн нэхэмжлэгч компанийн асуудал биш. Цаашлаад энэ хотхонд оршин суух иргэдийн асуудал үүсэж эхэлсэн. Одоогоор 130 орчим хүмүүс гэрээ хийсэн байна. Бид нар энэ хүмүүсийнхээ эрх ашгийг нэгт тавьж байгаа. Түүнээс дур мэдээд амаараа яриад тохироод явах боломжгүй. Нэхэмжлэлийнхээ үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагаа нотолж чадахгүй байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Шүүгч, ажилтныг орон сууцжуулах ажилд улсын төсвийн хөрөнгө оруулалт байхгүй бөгөөд улсын төсвийн хөрөнгөөр хийгдээгүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд хамаарахгүй. Иймд Шүүхийн ерөнхий зөвлөл нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн гэж үзэхгүй. Нэхэмжлэгч сайн дурын үндсэн дээр захиалагчаас хүргүүлсэн орон сууц барих ажлын саналыг сонирхож холбогдох баримт, материал бүрдүүлж ирүүлсэн байдаг. Нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар гомдол гаргах бол урьдчилан тухайн захиргааны байгууллагад хандах байтал шууд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүгч, ажилтны орон сууцжуулах төсөлд шалгарсан компанийн хаалттай мэдээлэл буюу санхүү, татварын тайланг олж нэхэмжлэлдээ дурдсан нь хууль бус үйлдэл юм. Шүүхийн ерөнхий зөвлөл нь Улсын Их Хурлын 2024 оны 33 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого-ын 4.1.5-д Шүүгч, шүүхийн захиргааны хүний нөөцийн нийгмийн хамгааллын баталгааны хөтөлбөр баталж, хэрэгжүүлнэ." гэж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 332 дугаар тогтоолоор баталсан Шүүхэд мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх нэгдсэн бодлого-ын 1.2.7-д Шүүхийн захиргааны ажилтны нийгмийн хамгааллын хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ гэж тус тус заасан ажлын хүрээнд 2020 онд эхэлсэн Шүүгч, ажилтнуудын орон сууцжуулалтын төслийн барилга, угсралтын ажил ковид-19 цар тахлаас шалтгаалан бүрэн зогссон байсан. Ийнхүү 2024 онд үргэлжлүүлэх шийдвэрийг гарган ажиллаж байгаа. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.10-д төрийн албан хаагчийн нийтлэг баталгааг хангах болон Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.3-д Шүүхийн эдийн засаг, санхүү, хөдөлмөр, ажлын нөхцөлийн болон бусад баталгааг хангах..." гэж тус тус заасан хууль тогтоомжид бүрэн нийцэх бөгөөд нийтийн болон шүүгч, ажилтнуудын эрх ашгийг зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй болно. Нэхэмжлэгч хэлэхдээ Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанд манайх зах зээлийн үнээс 2.300.000 төгрөгөөс доогуур үнэ санал болгодог. Гэтэл шүүхэд гаргаж өгсөн хуулбар үнэн дарсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийн 37 болон 38 дахь талд ажлын хэсгийн гишүүн ажлын хэсгийн үйл ажиллагааг танилцуулсан байна. 39 дэх талд 1 м.кв нь А ХХК 2.300.000 төгрөг, А******* ХХК 2.300.000 төгрөг адилхан үнийн санал тавьсан байна. Шүүхийн ерөнхий зөвлөл нь тендер шалгаруулалт явуулаагүй. Сонгон шалгаруулалт явуулсан. Сонгон шалгаруулалт тендерийн тухай хуулиар жишиг байдлаар явсан байна. Нийт 19 компанид санал хүргүүлснээс сонирхоод манайх оролцъё гээд 13 компани санал ирүүлээд Шүүхийн ерөнхий зөвлөл хуралдаад нөхцөл шаардлагыг хангасан 5 компанийг танилцуулсан. Шүүхийн ерөнхий зөвлөл шийдвэрээ гаргасан. Энэ нь захирамжилсан шийдвэр биш. Нэг талын хүсэл зоригийг агуулаагүй. Тухайн компаниудад албадлага хэрэглээгүй. Талуудын тэгш оролцоог хангасан. Захирамжилсан шинжийг агуулаагүй учраас Захиргааны ерөнхий хуулийн 37 зүйлийн 37.1-д заасан захиргааны акт биш гэв.
3.4.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Д шүүхэд бичгээр шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулсан шүүхийн ажилтнуудын орон сууц барих төслийг сонирхож өөрсдийн үйл ажиллагааны танилцуулга зэрэг шаардлагад нийцсэн баримт материалыг бүрдүүлж хүргүүлсэн бөгөөд 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болсон танилцуулах уулзалтад оролцож өөрсдийн үйл ажиллагаа, туршлагыг компанийн удирдах ажилчдын хамт танилцуулсан. Энэ арга хэмжээнд бусад барилгын компаниуд мөн очсон байсан. Шүүхийн ерөнхий зөвлөл дээрх танилцуулгад оролцсон байгууллагуудаас манай компанийн туршлага, бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэлийг давуу тал хэмээн үзэж төслийг хамтран хэрэгжүүлэх шийдвэр гаргасан гэж үзэж байгаа. Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрла*******, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2 м.кв талбай бүхий газарт шүүхийн ажилтнуудын орон сууцны барилгын гэрээний дагуу 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлсэн. Нэхэмжлэгч тал манай компанийг өөрөөс нь ажлын туршлагагүй. Татварын өртэй, санхүүгийн чадамжгүй атлаа сонгон шалгаруулалтад тэнцчихлээ гэж хамгийн эхний үндсэн нэхэмжлэлийн шаардлагаараа ирүүлсэн. Үүний дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт ороод 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 8572 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу манай байгууллагаас өмнө нь барилга ашиглалтад оруулсан улсын комиссын актуудыг материалд хавсаргаж өгсөн. Нэхэмжлэгч хүсэлт гаргаж манайхаас ажлын туршлагаа батал гэсэн нэхэмжлэл гаргасан мөртөө бараг сайн дураараа авчраад өгчихсөн гэсэн зүйлийг яриад сууж байгааг эсэргүүцсэн сана******* байна. Танай нэхэмжлэлийн дагуу шүүгчийн захирамжийг биелүүлсэн. Барилга эрхлэх зөвшөөрлийн хувьд процессын дагуу явж байгаа. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өмнө нь гарсан техникийн тодорхойлолт, техникийн нөхцөлүүд нь хугацаа нь дуусчихсан байсан учраас дахин шинэчлэн авах процессын хугацаа нь алдагдаад өдий хүрчихсэн. Нэгдүгээр ээлжийн барилгыг 2025 оны 12 дугаар сард ашиглалтад оруулна гэсэн гэрээнийхээ үүргийг биелүүлэхийн тулд ажлаа үргэлжлүүлээд явж байгаа. Нэхэмжлэгч тал А*******н ХХК-иас туршлага илүү гэдэг зүйлээ одоог хүртэл нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Манайхаас туршлага муутай гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа гэж үзэж байна. Мөн ямар хуульд заасан ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэдэг зүйлээ нотлох баримтаар гаргаж өгөөгүй учраас нэхэмжлэгчийн үндсэн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.Шүүхийн ерөнхий зөвлөл Монгол Улсын шүүхийн тухай хууль /2021 оны/-ийн 70 дугаар зүйлийн 70.2.4. шүүхийн санхүү, эдийн засгийн баталгааг хангах чиг үүргийн хүрээнд, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.4. шүүхийн эдийн засаг, санхүү, хөдөлмөр, ажлын нөхцөлийн болон бусад баталгааг хангах ажлыг зохион байгуулах... бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
3.Нийслэлийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/ дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд байрлах 25,603 м.кв газрыг контор, үйлчилгээтэй орон сууц-ны зориулалтаар Шүүхийн ерөнхий зөвлөлд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд уг газар дээр Шүүгч, ажилтнуудыг орон сууцжуулах төсөл-ийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах харилцаа нь нийтийн эрх зүйн харилцаа байна.
4.Өөрөөр хэлбэл, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 31 дүгээр хуралдаанаар өөрийн /төрийн байгууллагын/ эзэмшлийн 25,603 м.кв газар дээр шүүгч, ажилтнуудын нийгмийн баталгааг хангах зорилгоор орон сууцны барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан ажиллагаа нь дээрх хуульд заасан шүүхийн ... бусад баталгааг хангах ажлыг зохион байгуулах бүрэн эрхэд хамаарах бөгөөд захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн хүрээнд гаргасан захирамжилсан шийдвэр гэж үзнэ.
5.Тодруулбал, маргаан бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 31 дүгээр хуралдаанаар Шүүгч, ажилтнуудыг орон сууцжуулах төсөл-ийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр шалгарсан А*******н нуур ХХК-ийг шалгаруулж, мөн өдрийн 166 дугаар тогтоолоор гэрээ байгуулахыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргад зөвшөөрсөн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.4-т заасан эрхийн хүрээнд А*******н нуур ХХК-д чиглэсэн, уг төслийг хэрэгжүүлэх эрх олгосон, нэг талын хүсэл сонирхлыг илэрхийлсэн захирамжилсан шийдвэр байх тул хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан дотогш чиглэсэн зохион байгуулалтын шинжтэй шийдвэр, захиргааны акт биш гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй. Нэг.Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр хурлын шийдвэр /тэмдэглэл/-ийг биелүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг хурлын шийдвэрийн дагуу барилгын ажил эхлээгүй байгаа 2 блок барилгын асуудлаар нэхэмжлэгч А ХХК-тай хэлэлцээр хийхийг даалгах шаардлагын тухайд:
6.Хэрэгт авагдсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр хуралдааны тэмдэглэлээс үзвэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 23 дугаар тушаалаар байгуулагдсан Шүүгч, ажилтнуудыг орон сууцжуулах төсөл-ийн хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий Ажлын хэсгээс хийсэн танилцуулга болон Шүүхийн ажилтнуудын орон сууц барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч, сонгон шалгаруулалтад оролцох санал ирүүлсэн 5 компанийн төлөөлөлтэй хийсэн ярилцлагыг үндэслэн А ХХК, А*******н нуур ХХК-тай хэлэлцээрт орох буюу уг компанийг дахин судлахаар шийдвэрлэснээс бус тухайн 2 компанийг төсөл хэрэгжүүлэгчээр сонгон шалгаруулсан агуулгагүй, харин Ажлын хэсэгт 2 компанийг Шүүхийн ажилтнуудын орон сууц барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нөхцөл-ийг хангаж буй эсэхийг дахин нягтлан судалж, аль компанитай гэрээ байгуулахаар шийдвэрлэснээ эргэн танилцуулахыг даалгасан агуулгатай байна.
7.Үүнээс үзвэл Шүүхийн ерөнхий зөвлөл 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр хуралдаанаараа нэхэмжлэгч А ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулсан шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлгүй тул өмнөх шийдвэр хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гаргасан гэж хариуцагчийг буруутгах боломжгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг шүүх хүлээн авах үндэсгүй байх тул даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов. Хоёр.Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрла*******, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны 25,603 м.кв талбай бүхий газарт Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажилчдын орон сууны барилгын ажлын гүйцэтгэгчээр А*******н ХХК-ийг шалгаруулсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 31 дүгээр хурлын шийдвэр /тэмдэглэл/-ийн холбогдох хэсэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 166 дугаар Шүүгч, ажилтнуудыг орон сууцжуулах төслийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах эрх олгох тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
8.Захиргааны байгууллага шийдвэр гаргах үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хуульд заасан ...шударга ёс, ...тэгш байдлыг хангах, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх тусгай зарчмыг баримтална.
9.Энэ зарчмын дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс, тодруулбал Ажлын хэсгээс захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, үүнд ач холбогдолтой шаардлагатай ажиллагаа хийж, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх зэрэг Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэгт заасан үүргийг хүрээнд А ХХК болон А*******н нуур ХХК-ийн төлөөлөлтэй уулзаж, хэрэгжүүлсэн төслүүдтэй нь газар дээр нь очиж танилцан, бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийж, Ажлын хэсгээс Шүүхийн ажилтнуудын орон сууц барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нөхцөл-ийн Төслийн гүйцэтгэгчид тавих шаардлага, нөхцөл-д заасан Орон сууцны барилга байгууламж барьж байсан туршлага-ын шаардлагыг нэхэмжлэгчээс илүү гуравдагч этгээд хангасан гэж дүгнэж, улмаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 31 дүгээр хуралдаанаар барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон нь хууль зөрчөөгүй байна.
10.Тодруулбал, А*******н нуур ХХК орон сууцны барилга байгууламж барьж, ашиглалтад бүрэн оруулж өгсөн туршлагатай болох нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 10 давхар 2 блок, 13 давхар 6 блок барилгын ажлын гүйцэтгэгчдийн нэгээр ажиллаж, ашиглалтад оруулсан болох нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн БА- дугаартай дүгнэлт,
Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 15 давхар, 1 блок үйлчилгээтэй орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэж ашиглалт оруулсан болох нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн БА-0*******дугаартай дүгнэлт,
Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах 9 давхар 36 айлын орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэж ашиглалт оруулсан болох нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 201******* дугаартай дүгнэлт,
Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 16 давхар, 2 блок байр, ус дулаан дамжуулах төвийн зориулалттай барилга байгууламжийн ажлын гүйцэтгэгчдийн нэгээр ажиллаж, ашиглалт оруулсан болох нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2******* дугаартай дүгнэлт,
Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 9, 12 давхар нийт 883 айлын орон сууцны барилгын ажлын гүйцэтгэгчдийн нэгээр ажиллаж, ашиглалт оруулсан болох нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2019/124 дугаартай дүгнэлт болон захиалагч нартай байгуулсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээгээр тогтоогдож байна.
11.Энэхүү баримтууд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүргийн хүрээнд нэхэмжлэгч талын гаргасан хүсэлт үндэслэн хуульд заасан журмын дагуу шүүхээс цуглуулсан, хэрэгт хамаара******* баримт байх тул шүүх үнэлэхгүй байх үндэсгүй.
12.Харин нэхэмжлэгч А ХХК-иас дээрх Орон сууцны барилга байгууламж барьж байсан туршлага-ын үндсэн шаардлагыг гуравдагч этгээдээс илүү хангаж байгаа болохыг нотолсон буюу өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй юм.
13.Нөгөөтэйгүүр, А*******н нуур ХХК-ийн луулалтын орлого 2021-2023 онд буурч байсан гэх нөхцөлийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс үгүйсгээгүй боловч энэ нь Барилга угсралтын ажлын 30 хүртэлх хувийн гүйцэтгэлийг өөрийн санхүүжилтээр гүйцэтгэх санхүүгийн чадвартай байх шаардлагыг хангахгүй гэж шууд дүгнэх үндэслэл болохгүй.
14.Учир нь гуравдагч этгээд өөрийн санхүүгийн болон бусад нөөц бололцоонд тулгуурлан төслийг хэрэгжүүлэх боломжийг үгүйсгэх боломжгүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан кабель зөөх ажлын гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, барилгын туслах материал түрээслэх гэрээ, бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ зэрэг Шүүгч, ажилтнуудыг орон сууцжуулах төсөл-ийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэхтэй холбогдуулан байгуулсан гэрээгээр нотлогдож байна.
15.Түүнчлэн Татварын ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 07/638 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн лавлагаанаас үзвэл 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар А*******н нуур ХХК нийт 39,857,400 төгрөг, А ХХК нийт 31,254,900 төгрөгийг өртэй болох нь тогтоогдож байх боловч хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан Шүүхийн ажилтнуудын орон сууц барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нөхцөл-д төсөл гүйцэтгэгчид тавигдах үндсэн шаардлагад татварын өргүй байх шаардлагыг заагаагүй тул шаардлага хангаагүй компанийг сонгон шалгаруулсан гэж дүгнэх үндэслэлгүй.
16.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс барилгын ажлын зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил явуулж байгаа нь нэхэмжлэлийн шаардлага хангагдлаа гэж бодоход шийдвэрийг биелүүлэх боломжгүй, ажлыг үргэлжлүүлэх боломжгүй буюу нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэхээс илүү зөрчигдөж болзошгүй гэж тайлбарладаг.
17.Хэрэгт авагдсан Хот байгуулалт, хотын стандартын газрын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 01/******* дугаартай албан бичгээр маргаан бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн контор болон үйлчилгээ бүхий орон сууцны хотхоны барилгын ажлын зөвшөөрөл олгогдоогүй болох нь тогтоогдож байх боловч энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй.
18.Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасны дагуу захиргааны хэргийн шүүхийн зорилго нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахад чиглэх бөгөөд шүүхийн хамгаалалт үр дүнтэй, хэрэгжих боломжтой бодитой байх учиртай, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж барьсны улмаас нэхэмжлэгчид шууд үүсэх эрх зүйн үр дагавар байхгүй, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндсөн, эсхүл хөндөгдөж болзошгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаар тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.
19.Нэгтгэн дүгнэвэл, хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хуульд заасан шүүхийн ... бусад баталгаа-г хангах бүрэн эрхийн хүрээнд шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын нийгмийн баталгааг зорилгоор холбогдох компаниудад Шүүгч ажилтнуудыг орон сууцжуулах төсөл-ийн хэрэгжүүлэхэд хамтран ажиллах саналыг хүргүүлж, тавигдах шаардлагыг хамгийн сайн хангаж буй компанийг шалгаруулж, хамтран ажиллах гэрээ байгуулахаар эрх шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т ...захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ гэж заасантай нийцсэн шийдвэр байна. Гурав.Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрла*******, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны 25,603 м.кв талбай бүхий газарт Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажилчдын орон сууцны барилгын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөл, гуравдагч этгээд А*******н ХХК нарын хооронд байгуулсан гэрээний холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
20.Дээр дурдсанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 31 дүгээр хурлын шийдвэрийн шүүгч, ажилчдын орон сууны барилгын ажлын гүйцэтгэгчээр А*******н ХХК-ийг шалгаруулсан холбогдох хэсэг, түүнчлэн гэрээ байгуулах эрх олгосон мөн өдрийн 166 дугаар тогтоол хууль зөрчөөгүй болох нь тогтоогдож байх тул Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга болон А*******н нуур ХХК нарын хооронд 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан 86 тоот Хамтран ажиллах гэрээний 2 блок барилгад холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй. Дөрөв.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад асуудлаар:
21.Нэхэмжлэгчээс 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд анх нэхэмжлэл гаргасан бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр бүрдүүлбэр хангуулан ирүүлсэн нэхэмжлэлийн үндэслэлд 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр утсаар холбогдон А ХХК-ийн төслөөс татгалзаж, А*******н нуур ХХК-ийг шалгаруулсан талаар мэдэгдсэн, хариуцагчаас бичгээр мэдэгдэл өгөөгүй гэж дурдсан бөгөөд хариуцагчаас татгалзсан шийдвэрээ утсаар мэдэгдсэн гэх нөхцөл байдлыг баримтаар шүүхэд нотлоогүй боловч энэ нь нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж үзэв.
22.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г******* 2025 оны 03 дугаар сарын 10, 24-ний өдөр шүүх хуралдаанд давхацсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг гаргасан, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 1669 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд биелэн оролцох эрхийг хангаж, 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1940 дүгээр захирамжаар шүүхээс шаардсан нотлох баримтыг тодруулж, Хот байгуулалт, хотын стандартын газраас тодруулга авах үндэслэлээр тус тус шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн.
22.2.Ийнхүү шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г******* шүүх хуралдаанд биечлэн оролцож, тайлбар гаргах эрхийг хангасан бөгөөд нэхэмжлэгчийн нэг итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц шүүх хуралдаанд оролцож, нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэлийг тайлбарлан мэтгэлцэх боломжтой гэж дүгнэж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г******* 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүх хүлээн аваагүй болно.
23.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цас шүүх хуралдааны явцад тус шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 9622 дугаартай маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн захирамжийг хүчингүй болгуулах хүсэлт гаргасан.
23.2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3-т зааснаар шүүгчийн захирамж илт үндэслэлгүй бол уг захирамжийг гаргасан шүүгч хүчингүй болгох, эсхүл өөрчилж болох бөгөөд дээрх захирамжийг илт хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, түүнчлэн дээрх захирамжид гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 941 дүгээр тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болохыг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 42 дугаар зүйлийн 42.1, 42.2 дэх хэсгийг тус тус баримтлан А ХХК-иас Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргад тус тус холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрла*******, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны 25,603 м.кв талбай бүхий газарт Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажилчдын орон сууны барилгын ажлын гүйцэтгэгчээр А*******н ХХК-ийг шалгаруулсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 31 дүгээр хурлын шийдвэр /тэмдэглэл/-ийн холбогдох хэсэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 166 дугаар Шүүгч, ажилтнуудыг орон сууцжуулах төслийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах эрх олгох тухай тогтоол, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажилчдын орон сууцны барилгын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөл, гуравдагч этгээд А*******н ХХК нарын хооронд байгуулсан гэрээний холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр хурлын шийдвэр /тэмдэглэл/-ийг биелүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг хурлын шийдвэрийн дагуу барилгын ажил эхлээгүй байгаа 2 блок барилгын асуудлаар нэхэмжлэгч А ХХК-тай хэлэлцээр хийхийг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ