Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 458

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Г.Номин;

улсын яллагч: Ж.Бат-Эрдэнэ;

шүүгдэгч: Б.Э (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,                                                                        

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Батболдын Эт холбогдох эрүүгийн 1709016460198 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.           

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1996 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Кинг Кроун” ресторанд тогооч ажилтай, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 12б байрны 14 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэгдэж байгаагүй, УХ96020659 регистерийн дугаартай, Дагва овогт Батболдын Э.   

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Б.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 12б байрны 14 тоот гэртээ, хохирогч Ж.Халиунааг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй гэв.  

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Халиунаагийн мэдүүлэг /хх-ийн 12/, Б.Энхбүрэнгийн гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 14/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12302 тоот дүгнэлт /хх-ийн 16/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 23/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 25/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 26/, “Дэвшил” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 27/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:                       

Шүүгдэгч Б.Э 2017 оны 09 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 12б байрны 14 тоотод хамтран амьдрагч Ж.Халиунааг  хардалтын улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:              

хохирогч Ж.Халиунаагийн /хх-ийн 12/: “...2017 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө бид хоёр хардалтаас болж маргалдсан... маргалдаж байхдаа намайг болон манай гэр бүлийг хэл амаар доромжилсон. ...намайг 2-3 удаа алгадаж, “Халиунаа би чамайг алахад бэлэн байна” гээд над руу янз бүрийн зүйл авч шидсэн...” гэх мэдүүлгээр,

Б.Энхтөгөлдөрийн гэрчээр мэдүүлсэн /хх-ийн 14/: “...2017 оны 09 дүгээр сарын 26-ны орой 22 цагийн үед гэртээ би эхнэр Халиунааг гаднаас оройтож ирэхээр нь уурлаад “00” өрөө ороод гараад ирэхэд Халиунаа гэрээс гараад явсан байсан... орцондоо орж ирэхэд 2 давхарт байхаар нь “чи тэнэг юм уу орой болсон байхад хаачих гээд байгаа юм бэ” гэж хэлээд гэрт оруулах гэтэл орохгүй орилоод байсан... Халиунаа миний зүүн нүд рүү цохихоор нь миний уур хүрээд баруун гарын алгаараа нүүрэн тус газар руу нь нэг удаа алгадаад бид хоёр гэртээ орсон...” гэх мэдүүлгээр,

Б.Эийн буруутай үйлдлийн улмаас Ж.Халиунаагийн биед “зүүн хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, зовхи хүзүүнд цус хуралт, зүүн шанаанд зулгаралт” бүхий мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12302 тоот дүгнэлт /хх-ийн 16/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

Шүүгдэгч нь хохирогч Ж.Халиуныг зодож алгаараа нүүрэн тус газар руу нь цохисноо өөрөө хүлээсэн, хохирогч, гэрч хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг гараараа цохиж гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид цохиулсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

Б.Эийн “…оройтож ирлээ…” хэмээн эр, эмийн хардалтын улмаас Ж.Халиунааг зодож хөнгөн гэмтээсэн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Ийнхүү шүүгдэгч Б.Эийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Хохирогч Ж.Халиун“…нэхэмжлэх зүйлгүй…” гэсэн тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.          

 Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүх Б.Эийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурьдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Дагва овогт Батболдын Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийг 450  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5.  Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ