Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2024/ДШМ/47

 

 

Т.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Энхзул,

шүүгдэгч Т.Бы өмгөөлөгч А.Буянжаргал,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/1105 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Бы өмгөөлөгч А.Буянжаргалын гаргасан давж заалдах гомдлоор Т.Бд холбогдох эрүүгийн 2309000000780 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Тгийн Б, 1990 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатарт хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, ах, дүү нарын хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:-/;

            Шүүгдэгч Т.Б нь 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг, “Сод Монгол” шатахуун түгээх газрын урд талын гудамжинд хохирогч А.Хын пүүзийг авахаар хүч хэрэглэн довтолж, түлхэж унагаан дээрэмдэн 323.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: шүүгдэгч Т.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б ургийн овогт Тгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, энэ хэргийн улмаас шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Т.Бы өмгөөлөгч А.Буянжаргалын давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.Б нь шүүхийн хэлэлцүүлгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрөө бүрэн төлж, шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан түүнд хуульд зааснаас доогуур ял оноосныг хүлээн зөвшөөрч байгаа болно. Гагцхүү шүүгдэгч болон өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 2209016420999 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоолыг гарган өгч, энэхүү хэрэгтэйгээ нэгтгүүлэх хүсэлтийг гаргасан боловч анхан шатны шүүх түүний үйлдсэн хэргүүд нь өөр, өөр гэмт хэргүүд тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэх боломжтой байна гэж үзсэнийг эс зөвшөөрч гомдол дараах гомдлыг гаргаж байна. ...” гэв.

Прокурор С.Энхзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолтой холбогдуулан анхан шатны шүүхэд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг гаргаж өгсөн ч шүүгдэгчтэй хамтран оролцсон Батбаяр нь мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан. Тухайн хэргээс Т.Бы үйлдлийг тусгаарлах боломжгүй ба хамтад нь шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн дээрэмдэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсний дараа хулгайн гэмт хэрэг илэрсэн тул заавал нэгтгэн шалгуулах үндэслэлгүй. Т.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан дээрэмдэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол Батбаяртай бүлэглэж үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Тиймээс тус хоёр хэргийг нэгтгэн шалгаснаар шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар тухайн хоёр хэргийг тусад нь шийдвэрлэх боломжтой тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэсэн эсэх асуудлын тухайд, хэрэгт томилолтоор оролцож шийтгэх тогтоолтой танилцахад шүүгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг дурдаж хөнгөрүүлж үзнэ гэснийг өмгөөлөгч андуурч ойлгосон байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Т.Бы өмгөөлөгч А.Буянжаргалын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Т.Б нь 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг, “Сод Монгол” шатахуун түгээх газрын урд талын гудамжинд хохирогч А.Хын пүүзийг авахаар хүч хэрэглэн довтолж, түлхэж унагаан дээрэмдэн 323.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Булганчимэг нь шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Миний үйлчлүүлэгч нь тохиолдлын шинжийн улмаас энэ гэмт хэргийг үйлдсэн. Хохирогчид ноцтой гэмтэл учруулаагүй. Хохирол төлбөр төлж барагдуулж хохирогчоос уучлалт гуйсан байгаа. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзээд хорих ялыг хөнгөрүүлж 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн хүсэлт гаргасан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт “...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан байхад анхан шатны шүүх шүүгдэгч Т.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Т.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас доогуур ял оногдуулж, ял хөнгөрүүлсэн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй зөрчил гаргасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлийг тодорхойлон хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд хуулийн ноцтой зөрчил гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгохоор давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Т.Бы өмгөөлөгч А.Буянжаргалын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 2023/ШЦТ/1105 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Т.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧ                                                           М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ