2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 191/ШШ2025/01019

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 04 191/ШШ2025/01019

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .................... тоот хаягт оршин суух, Б овогт Б-ийн Б /РД:00000000, иргэний бүртгэлийн дугаар: 000000000000/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ................... байранд байрлах, Б.З,

 

Хариуцагч: .......................... байранд байрлах, Б.Д-д тус тус холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 10 дугаар сар хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг хариуцагч нарт даалгаж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжид 5,315,526 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Т нар оролцов.

(Хариуцагч Б.З-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, Б.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б, нар нь шүүх хуралдааныг өөрсдийнхөө эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтээ ирүүлсэн тул тэдгээрийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Д, Б.З-д тус тус холбогдуулан 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 10 дугаар сар хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг хариуцагч нарт даалгаж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжид 5,315,526 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна. Үүнд:

1.1....Баянзүрх дүүргийн .......-р хорооны иргэн Б.Б нь БН-т 2018.12.11-ний өдрөөс эхлэн ачигчаар ажиллаж байсан боловч Б.З-ын 2023.06.01-ний өдрийн 72-р тогтоолыг үндэслэн 2023.12.22-ны өдөр ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар Хөдөлмөрийн тухай хуулийн 154-р зүйлийн 154.2-д заасны дагуу Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд хандсан бөгөөд тус хорооны 2024.03.29-ний өдрийн тэмдэглэлээр Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь нэхэмжлэгчийн гаргасан гомдлын шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна гэж дүгнээд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээг дуусгавар болгосон тухай мэдэгдсэнийг 2024.04.04-ний өдөр гардан авсан.

Ажил олгогч БН-ын 2024.03.27-ны өдрийн 4 тоот албан бичгээр одоогийн байдлаар нэг ч ажилтан албан хаагчгүй, үйл ажиллагаа явагдахгүй, 2023.10.10-ны өдрөөр бүрэн зогсоосон, Б.З-ын 2023.06.21-ний өдрийн 72-р тогтоолын дагуу татан буугдаж байгаа тухай болон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй тухайгаа Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд мэдэгдсэн байдаг.

Тийм учраас шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий гарч, заавал биелэгдэх ёстой учраас хариуцагчаар татан буугдаж байгаа БН-ыг татаагүй бөгөөд харин, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77-р зүйлийн 1-д Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна, мөн зүйлийн 2 дахь хэсэг Орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхтэй, ......-ийн 4-д орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавих гэж заасан болон мөн хуулийн 78-р зүйлийн 1 дэх хэсгийн 1-д иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний дотор орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах гэж Дүүргийн Засаг даргын бүрэн эрхэд хуульчилсны дагуу хариуцагчаар БН-ыг татан буулгах тогтоол гаргасан Б.З, уг тогтоолыг хэрэгжүүлэхийг даалгасан Б.Д нарыг тодорхойлсон болно.

Нэхэмжлэгч нь хийснээрээ цалин авдаг байсан болохоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-д зааснаар сүүлийн 3 сарын буюу 2023 оны 07, 08, 09 дүгээр сарын цалингийн дунджаар тооцож, уг байгууллагад нийтдээ 5 жил, 11 хоног ажилласан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 82-р зүйлийн 82.1.3-д зааснаар 3 сараар нэхэмжилсэн болно.

НЭР

АЖИЛД ОРСОН

АЖЛААС ГАРСАН

АЖИЛЛАСАН ХУГАЦАА

НЭХЭМЖЛЭХ ДҮН

1

Б.Б

2018.12.11

2023.12.22

5 жил, 11 хоног

1,771,842х3=5,315,526

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 154-р зүйлийн 154.8-д заасан эрхийн дагуу нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч, БН-ын ачигчаар ажиллаж байсан Б.Б-гийн 2022 оны 12-р сараас 2023 оны 10 дугаар сарыг дуусталх нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн бичилт хийхийг даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 82-р зүйлийн 82.1.3-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 5,315,526 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү... гэв.

 

2.Хариуцагч Б.З-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Иргэн Б.Б-гийн нэхэмжлэлтэй, Б.З, Б.Д нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

 

3.Хариуцагч Б.Д нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тайлбар, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй.

 

4.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2024.04.18-ны өдөр 170,200 төгрөг төлсөн баримт /хх-ийн 4 х/,

-Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 5 х/,

-2023.06.21-ний өдрийн 72 дугаартай Б.З-ын БН-1, 2, 3, 4 .....-ыг татан буулгах тухай тогтоол /хх-ийн 6 х/,

-Нэхэмжлэгчийн 00000000 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр /хх-ийн 7 х/,

-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 8-10 х/,

-2023.12.22-ны өдрийн ..... дугаар Нийслэлийн БН-ийн захирлын Б.Б-ийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал /хх-ийн 11 х/,

-2024.03.27-ны өдрийн ... тоот БН-ын албан бичиг /хх-ийн 12 х/,

-2024.03.29-ний өдрийн Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл /хх-ийн 13-14 х/,

-2024.02.26-ны өдрийн 0000 дугаартай Б.Б-т олгосон итгэмжлэл /хх-ийн 15 х/,

-2024.06.17-ны өдрийн 101/ШШ2024/03175 дугаартай Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хх-ийн 47-51 х/ зэрэг баримтуудыг,

 

5.Хариуцагч Б.З нь тайлбар татгалзалтайгаа холбогдуулан 2024.05.21-ний өдрийн 1/428 дугаартай Г.А-д олгосон итгэмжлэл /хх-ийн 21 х/,

-2020.11.04-ний өдрийн 02 дугаар Нийслэлийн Б.З-ын хуралдааны Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг сонгож батлах тухай тогтоол /хх-ийн 22 х/,

-2025.02.03-ны өдрийн 1/41 дугаартай Б.С-т олгосон итгэмжлэл /хх-ийн 108 х/ зэрэг баримтуудыг,

 

6.Хариуцагч Б.Д нь тайлбар татгалзалтайгаа холбогдуулан 2024.05.21-ний өдрийн 01/1365 дугаартай З.Б-д олгосон итгэмжлэл /хх-ийн 31 х/,

-2020.11.05-ны өдрийн Б/188 дугаар Нийслэлийн Засаг даргын Н.Б-ийг Б.Д-р томилох тухай захирамж /хх-ийн 32 х/ зэрэг баримтуудыг,

 

7.Шүүхийн журмаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.08.16-ны өдрийн 101/ШЗ2024/20943 дугаартай Шүүх хуралдаан хойшлуулах тухай шүүгчийн захирамжаар Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс БН-аас 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарыг дуусталх хугацааны ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэл төлсөнтэй холбогдох бүхий л баримт /хх-ийн 71-88 х/-уудыг тус тус бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хариуцагч Б.Д, Б.З-д тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Б.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2.Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Д, Б.З-д тус тус холбогдуулан 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 10 дугаар сар хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг даалгах, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжид 5,315,526 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

2.1. ...Б.Б нь БН-т 2018.12.11-ний өдрөөс эхлэн ачигчаар ажиллаж байсан боловч Б.З-ын 2023.06.01-ний өдрийн 72 дугаар тогтоолоор 2023.12.22-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч нар нь өнөөдрийг хүртэл нийгмийн даатгалын шимтгэл болон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 5,315,526 төгрөгийг төлөөгүй... гэж тайлбарласан.

 

3.Хариуцагч Б.З нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй.

 

4.Хариуцагч Б.Д нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тайлбар, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй.

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

5.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй,

154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй,

154.2.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор,

154.8-д Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тус тус заажээ.

 

а.Б.З-ын 2023.06.21-ний өдрийн 72 дугаар тогтоолоор БН-ыг татан буулгасны улмаас БН-ын захирлын 2023.12.22-ны өдрийн 000 дугаартай Б.Б-ийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар нэхэмжлэгч нь тээвэр, үйлчилгээний албаны хог тээврийн автомашины ачигчийн ажлаас чөлөөлөгджээ. /хх-ийн 6, 11 х/

 

Нэхэмжлэгч нь дээрх тушаалыг эс зөвшөөрч нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж олгуулах тухай гомдлоо урьдчилан шийдвэрлүүлэхээр Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2024.03.17-нд хандсан байна.

 

б.Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024.03.29-ний өдрийн хуралдааны 16 дугаар шийдвэрээр ...Хариуцагчийн зүгээс иргэний гомдлын шаардлагыг үндэслэлтэй хүлээж авах хүсэлтэй байгаа боловч байгууллага татан буугдсан тул барагдуулах боломжгүй байна гэсэн тул хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээг дуусгавар болголоо. Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь нэхэмжлэгчийн гаргасан гомдлын шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна... ажиллагааг дуусгавар болгожээ.

 

в.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь дээрх хариуг авснаас хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан хугацааны дотор буюу 2024.04.18-ны өдөр шүүхэд хандсан байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, хянан шийдвэрлэх үндэстэй.

 

6.Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжид 5,315,526 төгрөг гаргуулах шаардлагын тухай

Нэхэмжлэгч Б.Б-г 2023.12.22-ны өдрийн 0000 дугаартай тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 60 дугаар зүйлийн 60.3, 80 дугаар зүйлийн 80.1.1, 81 дүгээр зүйлийн 81.1, 81.7, Б.З-ын 2023 оны 72 дугаар тогтоол, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэн мөн өдрөөр ажлаас чөлөөлжээ.

 

Б.З-ын 2023.06.21-ний өдрийн 72 дугаар тогтоолоор БН-ыг татан буулгаж, эрх үүргийг өөр байгууллагад шилжүүлсний улмаас БН-ын захирлын 2023.12.22-ны өдрийн 0000 дугаартай Б.Б-ийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 60 дугаар зүйлийн 60.3, 80 дугаар зүйлийн 80.1.1, 81 дүгээр зүйлийн 81.1, 81.7, Б.З-ын 2023 оны 72 дугаар тогтоолыг тус тус үндэслэн нэхэмжлэгчийг тээвэр, үйлчилгээний албаны хог тээврийн автомашины ачигчийн ажлаас чөлөөлжээ.

 

Хэдийгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.4-д зааснаар ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч нь БН-ын захирлын 2018.12.11-ний өдрийн 0000 тоот тушаалаар хог тээврийн автомашины ачигчийн ажилд томилогдож, 2023.12.22-ны өдрийн 0000 дугаар тушаалаар байгууллага татан буугдсан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн талаар талууд маргаагүй тул шүүх маргаагүй үйл баримтын талаар дүгнэлт өгөх шаардлагагүй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 82.1, 82.1.3-т зааснаар аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч дараах хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгох, тухайн аж ахуйн нэгж, байгууллагад таван жилээс 10 хүртэл жил ажилласан бол гурав ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгохоор зохицуулсан.

 

Дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь БН-т 5-аас дээш жил ажилласан учир 3 ба түүнээс дээш сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжид 5,315,526 төгрөгийг хариуцагч нараас шаардах эрхтэй байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь татан буугдсан БНазарт 2018.12.11-ний өдрөөс 2023.12.22-ны өдрийг хүртэл 5 жил 11 сарын хугацаанд сарын 1,771,842 төгрөг /5,315,526 : 3 сар/-ийн дундаж цалин, хөлстэй ажиллаж байсан болох нь түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх-ийн 8-10 х/

 

Шүүх нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо бүтэн ажилласан сүүлийн гурван сар буюу Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод бичигдсэн 2023 оны 8, 9, 10 дугаар саруудын цалингаас тооцсон болно.

 

Хариуцагч Б.З нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй.

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.12-т зааснаар Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь орон нутгийн өмчит хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргах, дүрмийг батлах, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх,

Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, ..., түүнчлэн тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн төлөөлөгч мөн гэж,

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2.4, 78 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавих, бүрэн эрхийг тус тус Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг даргад тус тус олгосны дагуу Б.З нь 2023.06.21-ний өдрийн 72 дугаар тогтоолоор БН-ыг татан буулгасан шийдвэрийнхээ үр дагаврыг хариуцан арилгах, мөн Б.Д нь энэхүү шийдвэрийг тус тус хэрэгжүүлэх үүрэгтэй байна.

 

Иймээс хариуцагч нараас 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжид 5,315,526 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

6.1.Нэхэмжлэгчийн 2022.12 сараас 2023.10 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг хариуцагч нарт даалгах шаардлагын тухай

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан байгууллага нь түүний 2022.12 сараас 2023.12 сарын Нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүргээ хэрэгжүүлээгүй болох нь хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, зохигчийн тайлбараар тус тус тогтоогдсон.

 

Дээрх хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Нийгмийн даатгалын тухай хууль /1994 он/-ийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж,

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж ажил олгогчийн үүргийг тодорхойлжээ.

 

Гэтэл БН нь дээрх хуулиудаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт тасарч нэхэмжлэгч хохирох ёсгүй.

 

Өөрөөр хэлбэл 2023.06.21-ний өдөр ажил олгогч байгууллага татан буугдсан мөн хариуцагч Б.З нь ажил олгогч БН-ын хувьцаа эзэмшигчийн хувьд үйл ажиллагаанд нь хяналт тавих, хариуцагч Б.Д нь тухайн газрын үйл ажиллагаа, санхүүг удирдан зохион байгуулж байсны хувьд хяналт тавих үүргээ тус тус хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгчийн 2022.12 сараас 2023.10 сарыг дуусталх хугацааны Нийгмийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах ажил олгогчийн үүргийг хүлээнэ.

 

Иймээс нэхэмжлэгчийн 2022.12 сараас 2023.10 сарыг дуусталх хугацааны Нийгмийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэстэй.

 

7.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид өөрсдийнхөө эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгч нь тэдний эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг тус тус үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шийдвэрлэсэн болно.

 

8.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ийн улсын тэмдэгтийн хураамжид 2024.04.18-ны өдөр төлсөн 170,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 170,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.3-т тус тус заасныг баримтлан Б.З, Б.Д нараас 5,315,526 төгрөг /таван сая гурван зуун арван таван мянга таван зуун хорин зургаа/-ийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, Нийгмийн даатгалын тухай хууль /1994 он/-ийн 6 дугаар зүйлийн 6.2-т тус тус заасныг баримтлан Б.Б-гийн 2022.12 дугаар сараас 2023.10 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг Б.Д, Б.З-д тус тус даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024.04.18-ны өдөр төлсөн 170,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 170,200 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА