Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 317/ШШ2025/00547

 

 

 

 

 

 

2025         04           21                                       317/ШШ2025/00547 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймгийн сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, Номт 00 дүгээр баг, Эрх чөлөөний гудамж 00 дүгээр байр, 00 тоотод оршин суух, регистрийн дугаар 00, Боржигин Бишрэлт овогт Ч.Т-ийн,

Д.Б-тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Алтанчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.Т нь “Д.Бтай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай” нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1. “Иргэн Ч.Т миний бие өөрийн нөхөр Д.Бтай 1988 оны хавар анх танилцаж, гэр бүлийн харилцаатай болж, 1992 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хамтран амьдарсан, гэвч гэрлэлтээ батлуулаагүй юм. Гэр бүлийн харьцаатай хамтран амьдрах хугацаанд 1993 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүү Б.Г төрсөн юм. Ингээд нөхөр маань 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр нас барж, тэтгэвэр өвлөгдөх хуулийн дагуу нөхрийнхөө тэтгэврийг өвлөн авахаар нийгмийн даатгалын хэлтэст хүсэлт гаргахад гэрчилгээгүй, гэрлэлт батлуулаагүй гэх шалтгаанаар энэ тухай хүсэлтийг хүлээн авахгүй, хамтын амьдралтай байсан эсэхээ шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөгөөг Нийгмийн даатгалын байгууллагаас өгсөн юм. Хүү Б.Ганбаяр талийгаач бид хоёрын дундаас төрсөн бөгөөд аав Д.Бгаараа овоглогдсон болно. Талийгаач Д.Б бид хоёр дээрх хугацаанд хамтран амьдарсан болон хүү Б.Ганбаярыг төрүүлж өсгөснийг талийгаач ханийн минь нагац дүү Я.Ш /Зуунмод сум, Баянхошуу, 00 дугаар баг ,00 тоотод оршин суух, регистрийн дугаар 00, утас: 00/, миний төрсөн дүү Чойдогийн Отгонцэнгэл /Төв аймаг, Зуунмод сум, Номт, 00 дүгээр баг, Манзушир өргөө хороолол, 00 тоотод оршин суух, регистрийн дугаар 00, утас: 00/ нар сайн мэднэ. Иймд Ч.Т намайг Д.Бтай 1992 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг тус тус үндэслэн тогтоож өгнө үү” гэжээ.

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 130 дугаартай оршин суух хаягийн тодорхойлолт, Төв аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 25/12 дугаартай зөвлөмжийн хуудас, Д.Бгийн нас барсны гэрчилгээний хуулбар, Д.Бгийн иргэний үнэмлэхийн хуулбар, 1987 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн №27 дугаартай Б.Г ХААТР маягтын хуулбар, Б.Г иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, Ч.Т, Ч.Отгонцэнгэл нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Я.Ш иргэний үнэмлэхийн хуулбар, Ч.Т Д.Б нарын гэр бүлийн гэрэл зураг зэргийг ирүүлжээ.

3. Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Я.Ш өгсөн гэрчийн мэдүүлэг болон түүний жолооны үнэмлэхийн хуулбар, 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Ч.О гэрчийн мэдүүлэг болон түүний иргэний үнэмлэхийн хуулбар, Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар багийн Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 104 тоот Д.Б нь эхнэр Ч.Т нарыг тус багт оршин сууж байсныг тодорхойлсон тодорхойлолт, 00 дугаартай өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 02/00 дугаартай албан тоот, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 03-01/2513 тоот Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын лавлагаа болон мөн өдрийн 03-01/2514 тоот 2000 оны Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын лавлагаа, Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын асуулгын хуулбар, Хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллогын хуулбар, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 168 тоот Ч.Т, Д.Б нарыг тус багт 2019 оноос 2024 оныг хүртэл хамт оршин сууж байсныг тодорхойлсон тодорхойлолт, 00 дугаартай Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны нас барагсдын жагсаалтын хуулбар 410151200020 дугаартай Хүн ам, өрхийн бүртгэлийн 2019 оны дэвтрийн хуулбар, Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар багийн Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 94 дугаартай албан тоот  зэрэг баримт бүрдсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

- 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Я.Ш шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгт “... Ч.Т болон талийгаач Д.Б нар нь 1991 оны үед Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар багийн 2 дугаар гудамжны 8 тоотод анх гэр бүл болж амьдарсан. 1993 онд хүү Б.Ганбаяр төрсөн. 1991 оноос 2025 он хүртэл нэг гэрт, нийт 34 жил хамт амьдарсан” гэж,

- 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Ч.О шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгт “...Миний эгч Ч.Т талийгаач Д.Б нар нь 1992 онд гэр бүл болж, хамт амьдарсан. Тэд хамт амьдарч байх хугацаандаа нэг хүүхэдтэй болсон нь 1993 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн хүү Б.Г юм. 1992 оноос хойш 33 жил Төв аймгийн Зуунмод суманд амьдарсан. Энэ хугацаандаа 1992 оноос 2003 он хүртэл Баянхошуу багт, 2003 оноос 2019 он хүртэл Гандангийн урд буюу Ланс 2 дугаар багт, Хүнсний 8 нэрийн барааны дэлгүүр ажиллуулж, амьдарч байсан. 2019 оноос хойш Номт 1 дүгээр багт буюу Мэргэжлийн хяналтын 111 дүгээр байранд хамт амьдарч байсан” гэж,

- Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар багийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мөнх-Өнөр нь 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 104 тоот албан бичигтээ ...Тус багийн Хийдийн 8 дугаар гудамжны 8 тоот хаягт иргэн Д.Б нь эхнэр Ч Т, хүү Б Г нарын хамт албан ёсны бүртгэлтэйгээр оршин суудаг байсан” гэж,

- Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар багийн Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 104 тоот албан бичгийн хавсралтад 2011 он, 2012 он, 2013 он, 2014 оны Хүн ам, өрхийн бүртгэлийн лавлагаанд өрхийн тэргүүлэгч Цогтынхон овогт Д.Б, гэр бүлийн гишүүдэд Бишрэлт овогт Ч Т, Цогтынхон овогт Б Г гэж бүртгэгдсэн тухай дурдсан,  

- Хүн ам, орон сууцны 2000 оны Улсын тооллогод Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу багт Д.Б, Ч.Т, Б.Ч, Э.Г, Э.Г, Э.Гантуяа, Б.Г нар тус тус бүртгэгдсэн гэж бичигдсэн,  

- Хүн ам, орон сууцны 2010 оны Улсын тооллогын асуулгад Төв аймгийн Зуунмод сумын Ланс багийн Хийд 8-8 тоотод Цогтынхон овогт Д.Б, Боржигон Бишрэлт овогт Ч.Т, Цогтынхон овогт Б.Г нар бүртгэгдсэн,

- Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн Засаг дарга Б.Туул нь 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 168 тоот албан бичигтээ: “Ч.Т /00/ нь тус багийн 111 дүгээр байр 11 тоотод нөхөр Д.Бтай 2019 оноос 2024 оныг хүртэл хамт амьдарч байсан” гэж дурдсан ба уг албан бичигтээ 2019 оны өрхийн бүртгэлийн баримтыг хавсаргажээ. Тухайн өрхийн бүртгэлд Д.Б нь эхнэр Ч.Тгийн хамт, ам бүл хоёул гэж бүртгэгдсэн.

- Цогтынхон овогт Д.Б 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

- Хүү Бийраагийн Ганбаярын төрсний бүртгэлийн болон иргэний үнэмлэхний лавлагаа,

- 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Д.Б болон Ч.Т нарын гэр бүлийн гэрэл зураг зэрэг баримт хэрэгт авагдсан байна.

Өөрөөр хэлбэл, дээрх бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч Ч.Т нь Д.Бтай 1992 оны 10 дугаар сараас 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд хамтын амьдралтай байсан нь нотлогдож, тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Тгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар нэхэмжлэгч Боржигин Бишрэлт овогт Чойдогийн Төмөртогоо нь иргэн Цогтынхон овогт Д.Бтай 1992 оны 10 дугаар сараас 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд хамтран амьдралтай байсныг тогтоосугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Тгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.ГЭРЭЛТУЯА