Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2025/0235

 

 

 

 

 

 

 

2025            04           03                                   *******/ШШ2025/0235

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны нэгдүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.А*******

Хариуцагч: Н*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Э******* нарын хоорондын төрийн албаны маргааныг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А*******, нэхэмжлэгч Д.А*******, түүний өмгөөлөгч Б.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э*******, гэрч Т.Асрагчмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.А******* “Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/******* дугаар тушаалыг хүчингүй болгуулж, нийслэлийн Эрүүл мэндийн газрын эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговрыг хариуцагчаас гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг  хуульд зааснаар хариуцагчаар нөхөн төлүүлэх” гэж тодорхойлсон байна.

1. Нэхэмжлэгч 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/******* дугаар “...албан тушаалаас халах тухай” тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй буйгаа илэрхийлж, хүлээн авахаас татгалзсан бөгөөд 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр шуудангаар явуулсныг хүлээн авч, шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

2.1. Маргаан бүхий Б/******* дугаар тушаалын үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл буюу төрийн албан хаагч нийтлэг үүргээ биелүүлээгүй гэдэгтэй холбоотойгоор төрийн албан хаагчийг ажлаас нь халах, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5-д заасан чөлөөлөх гэдэг ийм хоёр эрх зүйн үндэслэлийг дурдчихсан. Халах гэдэг нь өөрөө эрх зүйн хувьд өөр ойлголт, чөлөөлөх гэдэг нь эрх зүйн хувьд өөр ойлголт. Ерөнхийдөө энэ үндэслэл хэсэг дээр буруу зүйл үндэслэсэн байна. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулахдаа тодорхой процессыг баримтлах ёстой. Сахилгын шийтгэл оногдуулах, түүнд гомдол гаргах журмын 1.6-д “төрийн жинхэнэ албанд сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлийг шалган тогтоож, өөрт нь бичгээр мэдэгдэнэ” гэж заасан. Тэгэхээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас шалган тогтоосон баримт байдаггүй,

2.2. Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах гээд байгаа бол илэрснээс хойш 6 сар гээд тодорхой хугацаа заасан байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг харахаар хариуцагчаас өгсөн хариу тайлбарт 2023 оны цагийн бүртгэлийн хүсэлтүүдийг гаргаж ирээд байдаг.  Тэгэхээр энэ хүнд сахилгын шийтгэл оногдуулсан хугацаа нь 07 дугаар сарын 03-ны өдрийн тушаал,  6 сарын хугацаагаар барих юм бол 2024 оноос хойш энэ хүн ямар нэгэн байдлаар ажлаа тасалсан, ноцтой зөрчлийг гаргаад байгаа үйл баримтыг тогтоосон бүртгэл, дүгнэлт үйлдэгдсэн байх ёстой. Сонсох ажиллагааны тэмдэглэл дээр  05 дугаар сарын 11-ний өдрийн үйл баримт ямар нэгэн байдлаар та энэ өдрийн энэ цагийг таслаад, энэ чинь 16 буюу түүнээс дээш, хөдөлмөрийн ноцтой зөрчил гээд, ингээд танд сахилгын шийтгэл оногдууллаа шүү гэдэг үйл баримт ерөөсөө байхгүй,

2.3. Журмын 2.3-т “сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлийг шалгах хугацаа нь 14 хоног байна, хэрвээ шаардлагатай тохиолдолд нотлох баримт цуглуулахаар 14 хоногоор сунгана” гэж заасан байдаг. 28 хоногийн хугацаанд энэ шалгах ажиллагаа явагдаад, дүгнэлт нь гараад төрийн албан хаагчид танилцуулагдах ёстой.  Гэтэл энэ шалгах ажиллагаа хэзээ явагдсан нь тодорхойгүй гэжээ.

3. Нэхэмжлэгч Д.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Даваацэнд овогтой А******* би Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч, төрийн захиргааны албыг төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж байсан.

3.1. 2016 оны 03 дугаар сараас эхлээд 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан. Тухайн байгууллага татан буугдсантай холбоотойгоор 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Нийслэлийн Эрүүл мэндийн газарт эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчаар шилжин ажилласан.

3.2. Улсын байцаагчаар ажиллаж байх үед жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулж, Эрүүл мэндийн яамны сайдын баталсан хугацаат удирдамжийг үндэслэн удирдлагаас өгсөн үүрэг даалгавраар хугацаат хяналт шалгалт хийж, 2024 оны эхний хагас жилийн цагийн гүйцэтгэлд тайлагнаж үнэлүүлсэн. Удирдамжийн хүрээнд бүх тайлан мэдээгээ удирдлагуудад хүргүүлж ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрх зүйчээр эчнээ курс, АШУҮИС-ийн докторын сургалтаар докторантаар зэрэгцүүлэн суралцаж байсан.

3.3. Нийслэлийн эрүүл мэндийн газарт шилжин ажиллах үед 2 бага насны хүүхэдтэй. Том нь 6 настай, бага нь 3 сартай нялх хүүхэдтэй томилогдож байсан. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт ажиллаж байх үед 2022 оны 07 дугаар сараас эхлээд жирэмсний амралтаа авч, 2022 оны 10 сарын 04-ний өдөр амаржиж, үргэлжлүүлэн хүүхэд асрах чөлөөгөө авсан. 2022 оны намрын улиралд МУИС-ийн Хууль зүйн сургуульд элсэн суралцсан. 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Мэргэжлийн хяналтын хэлтэст эмчилгээний чанарын улсын хяналтын байцаагчаар ажилдаа томилогдон ажилласан.

3.4. Энэ үед ажиллаж байсан ширээ сандал, компьютер, принтер бүгд өөр байцаагчийн нэр дээр шилжин бүртгэгдэж, ашиглагдаж, зарим зүйлс хураагдсан байсан. Ажлаас халагдах хүртлээ өөрийн хувийн компьютер, принтер, бусад зүйлсийг хэрэглэж байсан. Ажиллах нөхцөл боломжоор хангагдаагүй. Анх Нийслэлийн Эрүүл мэндийн газарт шилжин ажиллах үедээ 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүрэг дэх Тамгын газрын байранд ажлын байр байрладаг байсан.

3.5. Тамгын газрын цаг бүртгэлийн систем эвдэрсэн гэх шалтгаанаар 2023 оны 1-7 сар хүртэл цаасан хэлбэрээр цагаа бүртгүүлж, одоогийн Нийслэлийн эрүүл мэндийн газарт хүний нөөцийн мэргэжилтэнд цаасан хэлбэрээр хэлтсийн ахлах баталгаажуулан илгээдэг байсан. Энэ хугацаанд надтай адил 5-6 байцаагчийн бүртгэл цаасан хэлбэрээр илгээгддэг байсан. 2023 оны 7 дугаар сараас Баянгол дүүрэг дэх байрнаас Нийслэлийн Засаг захиргааны 3 дугаар байранд 5-6 байцаагч ирсэн. Энэ үед намайг 5 давхарт 500 тоот өрөөнд түр суухаар хуваарилсан. Ажиллаж байх хугацаанд цаг бүртгэл дээр надад давхар 2 код явдаг байсан. 170 кодтой хурууны, 159 кодтой нүүр уншуулах код байсан. Би 170 кодоор хуруу уншуулах хориотой гээд удаа дараа хүсэлт өгтөл шийдвэрлэж өгөөгүй, үндэслэлгүй гээд халах шалтгаан болсон.

3.6. 2024 оны 2 дугаар сараас эхлээд цалин хассан. 2, 3, 4, 5, 6 саруудын цалин бүтэн хасаад явсан. Үүний дараа сонсох ажиллагаа хийгдсэн. Сонсох ажиллагаа хийх талаар надад мэдэгдээгүй. Өглөө шуурхай хурлаас шууд өрөөнд ороод ир гээд хэлтсийн дарга дуудсан. Өрөөнд нь ортол сонсох ажиллагаа хийгдэж байна гэсэн. Энэ үед хүлээн зөвшөөрөөгүй. Цаг бүртгэл, суралцах чөлөөгөө зөвшилцөлд хүрэлцээгүй, бүх зүйл худал гэдгээр сонсох ажиллагаа дууссан. Сонсох ажиллагаа 05 дугаар сарын 31-ний өдөр болсон. 05 дугаар сарын 31-ний өдөр хурал дуусаад маргааш нь би ээлжийн амралтаа аваад явсан. Би ээлжийн амралтаа дуусгаад 07 дугаар сарын 03-ны өдөр ажилдаа ирэхэд халагдах тушаал гардуулж өгсөн.

3.7. Сонсох ажиллагааны талаар ирүүлсэн материалд сонсох ажиллагаа дээр  яригдаагүй зүйлүүдийг тэмдэглэсэн байсан. 2 сарын цалинг хасаж байсан боловч нөхөж өгсөн зүйл байхгүй. Мэргэжилтэн н.Э******* нөхөж бичиж өгсөн байсан. Хурал дээр байгаагүй, надаар тэмдэглэл дээр гарын үсэг зуруулаагүй. 2023 онд ямар ч асуудал үүсээгүй. Багцаагаар 21 хоногоос 15 өдрийн цалин хасагдсан байсан. Цаг бүртгэл хийхгүй байна гэдэг шалтгаанаар цалин хассан. Хурууны хээ хуулиар хорьсон учраас, би ганцаараа хурууны хээтэй, бусад ажилчид нүүрээ уншуулж явдаг байсан. Шилжиж ирээд тэр үед нүүр таниулаагүй, хуруугаа уншуулчих гээд, эргээд засъя гээд явсан. Төхөөрөмжөөсөө болсон байх. Надад тэгж хэлсэн. Нүүрээ таниулах ажиллагаа хийгдсэн боловч алдаа заагаад байсан. Энэ талаараа маргасан.

3.8. Цалин хассан талаар байгууллагын удирдлагуудад бичгээр удаа дараа хүсэлт өгсөн. Үндэслэлгүй гэх хариу өгч, гомдол хангаагүй, дараа нь шүүхэд хандаагүй. Төрийн алба, Хүний эрхийн комисст хандсан. Шийдэгдэхгүй явсаар байгаад халагдах тушаал гарсан. 2024 оны 06 дугаар сарын 17-2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 10 хоногийн ээлжийн амралт авсан. Ахлахтайгаа ярилцаад тасалж авсан. 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн өглөө ажилдаа ирсэн.

3.9. Маргаан бүхий захиргааны акт 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гарч, ажлаас халах тушаал гарсан. Хэзээний ажил тасалсан талаар надад хэлээгүй, шууд актыг гардуулаад өгсөн гэв.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. Д.А*******ыг албан тушаалаас халах тухай сахилгын шийтгэл нь Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах түүнд гомдол гаргах журмыг баримтлаагүй бөгөөд процессыг зөрчсөн, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй үндэслэлээр хууль бус захиргааны акт гэж үзэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

4.1. Маргаан бүхий Б/******* дугаар тушаалын үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл буюу төрийн албан хаагч нийтлэг үүргээ биелүүлээгүй гэдэгтэй холбоотойгоор төрийн албан хаагчийг ажлаас нь халах, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5-д заасан чөлөөлөх гэдэг ийм хоёр эрх зүйн үндэслэлийг дурдчихсан. Халах гэдэг нь өөрөө эрх зүйн хувьд өөр ойлголт, чөлөөлөх гэдэг нь эрх зүйн хувьд өөр ойлголт. Ерөнхийдөө энэ үндэслэл хэсэг дээр буруу зүйл үндэслэсэн байна.

4.2. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулахдаа тодорхой процессыг баримтлах ёстой. Сахилгын шийтгэл оногдуулах, түүнд гомдол гаргах журмын 1.6-д “төрийн жинхэнэ албанд сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлийг шалган тогтоож, өөрт нь бичгээр мэдэгдэнэ” гэж заасан. Тэгэхээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас шалган тогтоосон баримт байдаггүй. Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах гээд байгаа бол илэрснээс хойш 6 сар гээд тодорхой хугацаа заасан байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг харахаар хариуцагчаас өгсөн хариу тайлбарт 2023 оны цагийн бүртгэлийн хүсэлтүүдийг гаргаж ирээд байдаг.  Тэгэхээр энэ хүнд сахилгын шийтгэл оногдуулсан хугацаа нь 7 дугаар сарын 03-ны өдрийн тушаал.  6 сарын хугацаагаар барих юм бол 2024 оноос хойш энэ хүн ямар нэгэн байдлаар ажлаа тасалсан, ноцтой зөрчлийг гаргаад байгаа үйл баримтыг тогтоосон бүртгэл, дүгнэлт үйлдэгдсэн байх ёстой.

4.3. Сонсох ажиллагааны тэмдэглэл дээр ч, 05 дугаар сарын 11-ний өдрийн үйл баримт ямар нэгэн байдлаар та энэ энэ өдрийн энэ цагийг таслаад, энэ чинь 16 буюу түүнээс дээш, хөдөлмөрийн ноцтой зөрчил гээд, ингээд танд сахилга шийтгэл оногдууллаа шүү гэдэг үйл баримт ерөөсөө байхгүй. Хэрэгт авагдаагүй учраас байхгүй л гэж хараад байна.

4.4. Сахилгын шийтгэл оногдуулахдаа тодорхой хугацаатай явагддаг. Журмын 2.3-т “сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлийг шалгах хугацаа нь 14 хоног байна, хэрвээ шаардлагатай тохиолдолд нотлох баримт цуглуулахаар 14 хоногоор сунгана” гэж заасан байдаг. 28 хоногийн хугацаанд энэ шалгах ажиллагаа явагдаад, дүгнэлт нь гараад төрийн албан хаагчид танилцуулагдах ёстой.  Гэтэл энэ шалгах ажиллагаа хэзээ явагдсан нь тодорхойгүй.

4.5. Т.А*******гийн 04 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн тайлбар байдаг. н.Мөнхгэрэл даргын 04 дүгээр сарын 05-ны өдрийн тайлбар байдаг. Энэ нь хэднээс хэдний хооронд ямар ажлын хэсэг томилогдоод, ямар дүгнэлт гараад, дотоод журмын хэдийн хэдийг зөрчсөн болоод танд сахилгын шийтгэл оногдуулах гээд байгаа шүү гэдэг ийм ямар ч баримт хэрэгт авагдаагүй. Иймд журмыг зөрчсөн гэж хараад байгаа юм. Тус журмын 2.5-д  шалгагч сахилгын зөрчлийн талаарх гомдол мэдээллийг шалгаад, сахилгын шийтгэл оногдуулах эсэх талаарх дүгнэлтийг гаргаад, түүнийг томилсон албан хаагчид танилцуулаад, албан тушаалыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байна уу гэдгийг шалгаж үзээд эцсийн шийдвэрийг гаргах ёстой байдаг.

4.6. Сахилгын ноцтой зөрчлийг удаа дараа гаргасан гэдэг. 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Д.А*******д явуулсан тайлбар дээр танд одоогийн байдлаар ямар ч сахилгын шийтгэл оногдуулаагүй байна гэсэн. Хэрвээ цагийн бүртгэлтэй холбоотой 2023 оны маргаан бол энэ хүнд яагаад арга хэмжээ аваагүй юм бэ, цалингийн арга хэмжээ аваагүй. Сахилгын арга хэмжээ аваагүй байж, тушаалын үндэслэх хэсэг дээр 2 ба түүнээс дээш удаа сахилгын зөрчил гаргасан гэдгийг үндэслээд төрийн албанаас халах шийдвэр гаргасан байна.

4.7. Сахилгын шийтгэл оногдуулах журам нь тодорхой зарчимтай. Сахилгын шийтгэл, зөрчлийн шинж чанар хоорондоо тохирсон байх ёстой. Та ажлаас хоцроод байна гэх удирдлагын зүгээс ямар нэгэн арга хэмжээ аваагүй, гэнэт тушаал гаргасан. Журмаа зөрчсөн нөхцөл байдал тогтоогдож байна.

4.8. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн;”; 47.1.2-д “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон;”; 47.1.3-д “Монгол Улсын харьяатаас гарсан;”; 47.1.4-; “энэ хуульд заасан бусад үндэслэл.” гэх үндэслэлээр төрийн албанаас халах тухай зохицуулсан.

4.9. Төрийн албан хаагчийг халах нь сахилгын маш ноцтой зөрчил дээр хална гээд заасан. Төрдөө тангараг өргөсөн төрийн албан хаагчийн эрхэд нь шууд халдаад халах шийдвэр гаргаад байгаа нь Д.А*******ын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөд байна. Цаг бүртгэл нь буруу явагдаад хоцроод байсан бол энэ дээр эхлээд сануулаач. Дараа нь сануулаад, болохгүй бол халах арга хэмжээг авч болох байсан юм биш үү. Энэ гаргасан зөрчил, энэ зөрчилд ноогдуулж байгаа хариуцлага хуульд нийцэхгүй байна.

4.10. Иймд захиргааны акт хууль бус байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Д.А*******ын цалингаас 03 дугаар сарын 01-ний өдөр хассантай холбоотойгоор гомдол гаргадаг. Энэ гомдлыг шалгаад 04 дүгээр сарын 01-ний өдөр хариу өгдөг. Дахиад 5 дугаар сарын 07-ны өдөр ер нь намайг гадуурхаад байна, ажлын байр олгогдохгүй, боломжгүй байгаад байна, дахиад цалингаас хасаад байгаа нь өөрөө ялгаварлан гадуурхалт юм биш үү гээд гомдол өгөхөд, 05 дугаар сарын 31-ний өдрийн 01/61 дугаар албан бичиг өгсөн буюу сонсох ажиллагаагаа хэлээд байх шиг байгаа юм.

4.11. Нэхэмжлэгчийн 05 дугаар сарын 07-ны өдөр гаргасан өргөдөл гомдлыг гомдол шалган шийдвэрлэх ажиллагаа гээд, сонсох ажиллагаа дээр ийм зөрчил гаргасан байна гээд, танд ийм арга хэмжээ авах гээд байна, энэ дээр тайлбар өг гэдэг ийм агуулга байдаггүй. Сүүлд гаргасан 05 дугаар сарын 07-ны өдөр гаргасан хүсэлттэй холбоотойгоор сонсох ажиллагаа хийгээд, 06 дугаар сарын 05-ны өдөр тайлбар хүргүүлдэг.

4.12. Тухайн тайлбар дээр Т.А*******гийн тайлбар, н.Мөнхбаяр даргын тайлбар, цаг бүртгэлийн 2023 оны өмнөх 3-4 сарын бүртгэл зэрэг баримтуудыг явуулсан байгаа юм. 06 дугаар сарын 05-ны өдөр сонсох ажиллагааны дараах тайлбарыг явуулсан. Иймд сонсох ажиллагаанд энэ хүнийг сахилгын шийтгэл оногдуулахтай холбоотой ажиллагаа гэж ерөөсөө байхгүй. Сонсох ажиллагаа хийгдээгүй, сахилгын шийтгэл оногдуулах процесс ажиллагааг зөрчсөн. Ямар зөрчил гаргаад байгааг тогтоогоогүй учраас захиргааны актыг хууль бусад тооцож хүчингүй болгож өгнө үү гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э******* хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонсох ажиллагааны хувьд 05 дугаар сарын 31-ний өдөр Захиргаа, төлөвлөлт, удирдлагын хэлтсийн даргын өрөөнд н.Мөнхбаяр дарга, хүний нөөцийн мэргэжилтэн, мэдээлэл технологийн ажилтан Т.А******* нар Д.А*******д сонсох ажиллагаа хийсэн.

5.1. Сонсох ажиллагааны дараа Д.А*******д манайхаас тайлбар хүргүүлэх тухай 06 дугаар сарын 05-ны өдөр тайлбар хүргүүлсэн байдаг. Д.А*******ын тайлбар, Т.А*******гийн тайлбар, ERP систем, тайлбараар огт нотлогдоогүй. Сонсох ажиллагааны мэдэгдэлд Т.А*******гийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн тайлбарт Д.А******* нь 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 2024 оны 03 дугаар сарын 21-ний 11.51 цагт нүүрээ уншуулсан, 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн оройны 20 цаг 46 минутад, 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн оройны 05 цаг 20 минутад нүүрээ уншуулсан, 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 09 цаг 16 минутад, 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 09 цаг 22 минутад зэрэг нийтдээ 5 удаа нүүрээ уншуулсан байдаг. 2024 оны 01 дүгээр сарын 01-2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан байдал. 4 сарын хугацаанд нийтдээ 5 удаа нүүрээ уншуулсан байдаг.

5.2. Д.А******* нь 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр манайд хүсэлт гаргасан байдаг. Сурахаар чөлөө авах хүсэлтэй байгаа талаар хүсэлт гаргаж байсан. Албан тоотоор хариу өгөхдөө өмнө нь та сурахаар чөлөө авсан байна, дахиж чөлөө олгох боломжгүй, ажлын цагаар ажлаа хий гэдэг мэдэгдлийг 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн.

5.3. Үүний дараа Д.А******* нүүрээ уншуулахгүй явсаар байгаад 2023 оны 11 дүгээр сарын 20-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл нийтдээ 5 удаа л нүүрээ уншуулсан байгаа юм. 129 хоногийн тастай, шүүхэд гаргаж өгсөн баримтаар нүүрээ уншуулаагүйг нь гаргаж өгсөн.

5.4. 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр таныг ээлжийн амралтаас орж ирэхэд захиргааны даргын өрөөнд дуудаж тушаал танилцуулсан. 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр тайлбар өгснөөс 1 сарын дараа таны тушаалыг танилцуулсан. Ер нь их боломж олгосон. Цагаа бүртгүүлэхгүй байхад ажилласан хоногоор цалин, үр дүнгийн урамшуулал олгоод явсан. Та цагаа бүртгүүлээ, сахилгын арга хэмжээ ямар нэгэн байдлаар авахгүй байна гээд албан бичгээр удаа дараа сануулаад явж байсан.

5.5. Та өөрөө зөрөөд байсан. Ийм зүйл байхгүй, би сурахаар чөлөө авсан, нүүрээ уншуулахгүй, бүртгэл давхардсан баримт шалгуулна гэсэн. Энэ нотлогдохгүй байсан учраас даргын тушаалаар төрийн захиргааны албан тушаалаас халах тушаал гаргасан. 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гардуулаад, 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөр ажил тасалбар болгосон байдаг.

5.6. Тушаалын үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.16, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд зааснаар ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 хуульд заасан бусад үндэслэл, 48 дугаар зүйлийн 48.1.4 төрийн албанаас халах. Нийслэлийн эрүүл мэндийн газрын дүрэм хэрэгт өгсөн. Журмын 7.1.1, 7.1.2, 7.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 8.3.1-д албан хаагч, ажилтан өөрийн хүсэлтээр, эсвэл захиргааны санаачилгаар албан тушаалаас чөлөөлнө, 8.3.9.5-д хөдөлмөрийн сахилгын зөрчлийг тухайн жилдээ давтан үйлдсэн, эсхүл энэ журамд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохоор заасан ноцтой зөрчлийг гаргасан, 8.3.10-д албан хаагч, ажилтан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй бол газрын даргын тушаалаар Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажлаас халах, чөлөөлөх, сахилгын шийтгэл ногдуулна, 9.2.3-д албан хаагч, ажилтан бүр Албан тушаалын тодорхойлолтод заасан ажил, үүрэг, төрийн захиргааны албан хаагч нь гүйцэтгэлийн төлөвлөгөө, үйлчилгээний албан хаагч нь хөдөлмөрийн гэрээ, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь бүрэн гүйцэтгэж биелэлтийг тайлагнах бөгөөд захирах, захирагдах ёсыг чанд баримтлан энэхүү журмаар тогтоосон дэг журмыг чанд мөрдөж ажиллана, 9.2.5-д ажлын байранд албаны хувцастай ирэх ба ажилд ирэх, ажлын өдөр дуусаж гарахдаа бүртгүүлэх ба мөн ажлын цагаар албан үүрэг гүйцэтгэхээр гарсан тохиолдолд гадуур ажлын бүртгэлд заавал бүртгүүлнэ, 11.1.2-д ажлын өдөр өглөө 08.00 цагт эхэлж, орой 17.00 цагт дуусна. Үдийн завсарлага 12.00-13.00 цагийн хооронд байна.

5.7. Нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын эхлэх, дуусах цагийн зохицуулалт хийгдсэн тохиолдолд дагаж мөрдөнө, 11.1.7-д албан хаагч гадуур ажлаар явах тухай бүр ERP программын цаг бүртгэл дэд цэст хүсэлт гаргах эсвэл гадуур ажлын бүртгэлд бүртгүүлнэ, 11.1.9-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаас хожимдсон, тасалсан тохиолдолд бүртгэлийг үндэслэн тооцож, цалингаас суутгана. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтэрсэн болон ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 2 ба түүнээс дээш хоногийн ажил тасалсан нь албан хаагч, ажилтанд ажлаас халах, чөлөөлөх үндэслэл болно гэж заасныг тус тус үндэслээд албан тушаалаас нь халсан гэв.

6. Гэрч Т.А******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Энэ программ цаг бүртгэл нүүрээр уншдаг. Шууд таталт хийнгүүт хүний царай цаг, минутаар гарч ирнэ. Таталт л хийгээгүй байж болно. Олон хоногоор тасалсан бүртгэл байх ёсгүй, таталт хийнгүүт цаг нь очно гэсэн үг. Өдөр өдөрт нь программаар татаад явдаг. Хоцролт байхгүй. Д.А******* ажилтны хувьд 2023 оны 1 сард Мэргэжлийн хяналтын газар татан буугдаад, үүнтэй холбоотойгоор бүх хүмүүсийн нүүрийг уншуулаад, уншуулахгүй гэх асуудал үүсэнгүүт программаар хүсэлтээ явуулдаг, гадуур ажилтай, чөлөөтэй байсан гээд хүсэлтээ өгөнгүүт хэлтсийн ажилтан зөвшөөрөнгүүт түүнийг л оруулна. Би оруулахгүй, ажилтан өөрөө хүсэлтээ явуулна.  Өөрийн системээр ороод хүсэлтээ явуулна, хэлтсийн дарга  зөвшөөрч байвал хүний нөөц бүртгэнэ. Тохиргоог нь систем дээр тохируулж өгдөг. Хүмүүсийн ажилдаа ирсэн, явсныг бүртгэхгүй. Техникийн туслалцаа үзүүлдэг албан тушаалтан. Программ автоматаар ирсэн, ирээгүйг татаж хүний нөөцөд мэдээлэл нь очдог.  Программаас шүүгээд харна. Би тусдаа гаргаж өгдөг хүн биш. 

6.1. 2023 оны 01 дүгээр сард 2 байгууллага нэгдсэнтэй холбоотой бүх хүмүүсийн нүүрийг уншуулсан. Гэтэл Д.А******* мэргэжилтэн уншуулахгүй бүтэн жил явчихлаа гээд 2023 оны 12 сард хэлтсийн дарга нь өөрөө авч ирээд ахиж код уншуул гэсэн. Ахиад код үүсгэнэ гээд хуруугаар нэмэлт код үүсгэсэн.  2023 оны 2 дугаар  сард уншуулсан. Код зүв зүгээр уншиж байсан. Одоо хүртэл устгаагүй байгаа.

6.2. Д.А******* хуруугаар уншуулахгүй гээд өргөдөл гаргасны үндсэн дээр тухайн өдөр нь код устгасан. Таны нүүрний код хэвээр байгаа, одоо ч уншиж байгаа, устгаагүй. Хурууны хээ дардаггүй байсан. Нүүрээр код давхар байгаа учраас программ гацаад уншихгүй байсан, тиймээс давхар код үүсгэсэн. Бүгдийг нь нүүрээр уншуулаад, нүүрээр уншиж байгаад уншихгүй байна гэсэн. Хурууны хээгээр уншуулах гэсэн ойлголт байхгүй. 2022 оноос хойш. ЕRP системтэй холбоотой тайлбар өгсөн. Ажлаа ямар шалтгаантай тасалсныг мэдэхгүй. Өөрөө л уншуулахгүй байгаа. Ажил хийж байгааг нь хэлтсийн дарга, удирдах албан тушаалтнууд мэднэ гэв.

                ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэг авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгч Д.А******* нь 2016 оноос 2022 он хүртэл нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчаар ажиллаж байгаад Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдсан тул тус газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/935 дугаар тушаалаар түүнийг нийслэлийн Эрүүл мэндийн газарт шилжүүлж, нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/269 дугаар тушаалаар Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч албан тушаалд томилогдсон байна.

2. Эрүүл мэндийн газрын Захиргаа, төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/******* дугаар тушаалыг нэхэмжлэгчид 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр танилцуулж, маргаан бүхий актыг эс зөвшөөрсөн тул шүүхэд 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгчээс “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 2 ба түүнээс дээш хоног ажил тасалсан нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор заасан ноцтой зөрчил давтан гаргасан гэх үндэслэлийг захиргааны байгууллагаас шалган тогтоогоогүй нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 дугаар Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 1.6-д сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь бичгээр мэдэгдэнэ гэж заасныг зөрчсөн...” гэж, хариуцагчаас “...Д.А******* нь  ажлын цаг ашиглалт, таслалт 2023 оны 6 дугаар сараас хойш маргаан бүхий тушаал гарах хүртэл хугацаанд нийт 25 удаа ирсэн, бүртгэл дутуу, хоцорсон гэх мэтээр цагаа бүртгүүлсэн үүнээс нүүрээ таниулсан 21, гараас оруулсан 4 удаа байсан, түүнд ажлын байрандаа ажиллахыг, нүүрээ таниулахгүй бүртгэл хийгээгүй тохиолдолд тасалсанд тооцохыг  мэдэгдсэн боловч удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг  биелүүлэхгүй үл тоосон...” гэж тайлбарлан маргаж байна.

4. Нэхэмжлэгч Д.А******* нь суралцах, хүүхэд асрах, эрүүл ахуйн шаардлага хангасан өрөө, эд хогшил, компьютер дэлгэц солиулах хүсэлтийг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гаргасан байх бөгөөд нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 01/2266 дугаартай албан бичгээр “...Хөдөлмөрийн дотоод журмын дагуу ажилдаа ирж, өглөө, орой цагаа бүртгүүлж, ажлын цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, байгууллагын зүгээс ажлын байр, албаны ширээ, сандал, компьютер техник хэрэгслээр хангасан. 2022 оны 9 дүгээр сараас эхлэн Хууль зүйн сургуулийн эчнээ ангид 2 жил суралцах, 2023 оноос эхлэн Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн резидентурт хүүхдээ асрангаа гэрээр ажиллаж суралцах боломжийг байгууллагын зүгээс олгож зайнаас ажиллах нөхцөлийг  бүрдүүлж өгснийг дурдаад, цаашид зайнаас ажиллуулах боломжгүй тул хүүхэд асрах чөлөө авах эсхүл ажлын 8 цагаар ажлын байрандаа ирж ажиллах, ажлын байрандаа ирж, ажлын цагаа бүртгүүлж ажиллаагүй тохиолдолд 2023 оны 12 дугаар сарын 01-ээс эхлэн ажил тасалсанд тооцож, сахилгын арга хэмжээ авах”-ыг мэдэгдэж дахин 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр сонсох ажиллагааны  мэдэгдэх хуудсыг танилцуулсан байна.

5. Хавтаст хэрэгт авагдсан  цаг бүртгэлийн системд нэхэмжлэгчийн нүүр уншуулсан 159 код, нүүрээр цаг бүртгэлийн системд уншуулсан байдлыг үзвэл:

5.1. 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 11 цаг 51минутад бүртгэл дутуу, 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 10 цаг 40 минутад бүртгэл дутуу, 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 17 цаг 20 минутад бүртгэл дутуу, 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 09 цаг 16 минутад бүртгэл дутуу, 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 09 цаг 22 минутад бүртгэлийн төхөөрөмжид нүүр уншуулж бүртгэл хийсэн болох нь тогтоогдож байна.

6. Төрсний бүртгэлийн лавлагаагаар нэхэмжлэгч Д.А******* нь 2022 оны 10 сарын 03-ны өдөр охин төрүүлсэн болох нь тогтоогдож байгаа тул тэрээр хүүхэд асрах чөлөөний хүсэлт гаргах эрхтэй боловч  энэ талаар хүсэлт гаргаагүй байна.

7. Маргаан бүхий нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн  “Д.А*******ыг албан тушаалаас халах тухай” А/******* дугаартай тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, 37.1.16-д “Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах, 46 дугаар зүйлийн 46.2.5-д “хуульд заасан бусад үндэслэл”, 48 дугаар зүйлийн 48.1.4-д “төрийн албанаас халах”, 48.4-д “Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан, хамтын удирдлага бүхий байгууллага томилсон бол тухайн байгууллагын даргын шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.2, 123 дугаар зүйлийн 123.2, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8.3.1-т “албан хаагч, ажилтан өөрийн хүсэлтээр, эсвэл захиргааны санаачилгаар албан тушаалаас чөлөөлнө”, 8.3.9.5-д “хөдөлмөрийн сахилгын зөрчлийг тухайн тухайн жилдээ давтан үйлдсэн, эсхүл энэ журамд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохоор заасан ноцтой зөрчлийг гаргасан”, 8.3.10-д “ албан хаагч, ажилтан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй бол газрын даргын тушаалаар Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажлаас халах, чөлөөлөх, сахилгын шийтгэл ногдуулна”, 9.2.3-д “албан хаагч, ажилтан бүр албан тушаалын тодорхойлолтод заасан ажил, үүрэг, төрийн захиргааны албан хаагч нь гүйцэтгэлийн төлөвлөгөө, үйлчилгээний албан хаагч нь хөдөлмөрийн гэрээ, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь  бүрэн гүйцэтгэж, биелэлтийг тайлагнах бөгөөд захирах, захирагдах ёсыг чанд баримтлан энэхүү журмаар тогтоосон дэг журмыг чанд мөрдөж ажиллана”, 9.2.5-д “Ажлын байранд албаны хувцастай ирэх ба ажилд ирэх, ажлын өдөр дуусч гарахдаа бүртгүүлэх ба мөн ажлын цагаар албан үүргээ гүйцэтгэхээр гарсан тохиолдолд гадуур ажлын бүртгэлд заавал бүртгүүлнэ”, 11.1.2-д “Ажлын өдөр өглөө 08:00 цагт эхэлж, орой 17:00 цагт дуусна. Үдийн завсарлага 12:00-13:00 цагийн хооронд байна. Нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын эхлэх, дуусах цагийн зохицуулалт хийгдсэн тохиолдолд дагаж мөрдөнө”, 11.1.7-д “Албан хаагч гадуур ажлаар явах тухай бүр ERP программын цаг бүртгэлд дэд цэст хүсэлт гаргах эсвэл гадуур ажлын бүртгэлд бүртгүүлнэ”, 11.1.9-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаас хожимдсон, тасалсан тохиолдолд цаг бүртгэлийг үндэслэн тооцож, цалингаас суутгана. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтэрсэн болон  хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 2 ба түүнээс дээш хоногийн ажил тасалсан нь албан хаагч, ажилтанд ажлаас халах, чөлөөлөх үндэслэл болно”, 18.14.3-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүй дараалсан 2 өдөр, тухайн сард тасалсан цагийн нийлбэр дүн  ажлын 2 хоног буюу 16 цаг ажил тасалсан” гэж заасныг үндэслэн Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Даваацэндийн А******* нь төрийн албан хаагчийн захирах, захирагдах ёс, байгууллагын соёл, дэг журмыг сахих, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажлын цагийг баримтлах, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 2 ба түүнээс дээш хоногийн  ажил тасалсан нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор заасан ноцтой зөрчил давтан гаргасан тул 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс халсан байна.

8. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дахь заалтад “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх;” 37.1.13 дахь заалтад “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах;” гэж, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна:” гээд, мөн зүйлийн 48.1.4 дэх заалтад “төрийн албанаас халах;” гэж зааж, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 18.14.3-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүй дараалсан 2 өдөр, тухайн сард тасалсан цагийн нийлбэр дүн  ажлын 2 хоног буюу 16 цаг ажил тасалсан” бол 18.14-д “Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор заасан ноцтой зөрчилд дор дурдсан зөрчлийг хамааруулна” гэж зааснаас үзвэл маргаан бүхий актыг холбогдох хууль журмыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

9. Мөн Нүүр ам судлалын төв эмнэлгийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 23/98 дугаартай тодорхойлолтоор Д.А******* нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нүүр ам судлалын төв эмнэлгийн Нүүр амны  мэс заслын тасагт резидент эмчээр харьяалагдаж байгаа нь үнэн, Хууль зүйн сургуулийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 11/42 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч Д.А******* 2023-2024 оны хичээлийн жилд суралцаж байгаа нь үнэн болохыг тэрээр 2022 онд тус сургуулийн эчнээ хэлбэрээр суралцаж байгаа нь тогтоогдож байна.

10. Нэхэмжлэгч Д.А*******ын 2023 оны Ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх үнэлгээний хуудасны хандлага, ёс зүй, ур чадварын үнэлгээний хэсгийн Ажлын цаг ашиглалт 0 үнэлгээтэй  үнэлэгдсэн байх бөгөөд захиргааны байгууллагаас Төрийн албаны тухай хуулийн 48.3-т энэ хуулийн 48.1-д “сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэхийг шаардахгүй”, 48.4-д “Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан, хамтын удирдлага бүхий байгууллага томилсон бол тухайн байгууллагын даргын шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасныг зөрчөөгүй байна.

11. Иймд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/******* дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.А*******ыг нийслэлийн Эрүүл мэндийн газрын эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчийн албан тушаалаас халсан нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.16, 46 дугаар зүйлийн 46.2.5-д “хуульд заасан бусад үндэслэл”, 48 дугаар зүйлийн 48.1.4,  48.4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.А*******аас, н*******д холбогдуулан гаргасан “Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/******* дугаар тушаалыг хүчингүй болгуулж, нийслэлийн Эрүүл мэндийн газрын эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговрыг хариуцагчаас гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг  хуульд зааснаар хариуцагчаар нөхөн төлүүлэх”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

       

 

ШҮҮГЧ                                     Д.ЧАНЦАЛНЯМ