| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Туяа |
| Хэргийн индекс | 153/2021/00078/И, |
| Дугаар | 13 |
| Огноо | 2021-05-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 13
Н.Батсүрэнгийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 153/ШШ2021/00110 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 5-29 тоотод оршин суух Илжигэт овогт Найдангийн Батсүрэн /ПЭ67071803/-гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай.
Нэхэмжлэлийн агуулга: “Н.Батсүрэн нь 1967 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төрсөн. 1983 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8-н жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөж ХАА-д илгээлтээр гарч Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Хонгио бригадад саальчнаар ажиллаж байгаад 1990 онд өмч хувьчлал явагдаж нэгдэл тарахад нэгдлээс гарч хувиараа мал маллан амьдарч байгаад 1992 оны 10 дугаар сарын 28-нд З.Баяр-Очиртой гэр бүл болж 2005 оныг дуустал мал маллан амьдарч байсан. Н.Батсүрэн нь Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2020 онд гаргаж байсан ба шинэ нотлох баримт бүрдүүлэн шүүхэд дахин хандана гэсэн үндэслэлээр хүсэлтээ татан авсан байна. Н.Батсүрэнгийн ажиллаж байсан талаар шинээр баримт цуглуулсан ба шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт болон шинээр гаргаж буй баримтыг үндэслэн Н.Батсүрэнгийн 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Гахайд бригадад саальчин, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-нийг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Бадрал ХК, Мянгад сумын Давшилт ХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 153/ШШ2021/00110 дугаар шийдвэрээр 1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Илжигэт овогт Найдангийн Батсүрэн /ПЭ67071803/-гийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Гахайт бригадад саальчинаар, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Бадрал ХК, Мянгад сумын Давшилт ХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн талаар шүүхийн шийдвэрт тусгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.
Шүүхэд гаргаж байсан хүсэлттэй холбоотой баримтуудад үзлэг хийлгэсэн бөгөөд үзлэг хийсэн баримтуудад Н.Батсүрэнгийн ажиллаж байсан байдлыг нотлох гэрчийн мэдүүлэг байсныг шүүх хэрхэн үнэлсэн талаараа шийдвэртээ тусгаагүй байна. Иймд анхан шатны шийдвэрийг хянан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хуульд заасан журмыг хэрэгжүүлж, бодит нөхцөл байдлыг зөв тогтоож, хэргийг шийдвэрлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Хүсэлт гаргагч Н.Батсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг нь 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Гахайт бригадад саальчин,1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын “Бадрал” ХК-д, Мянгад сумын “Давшилт” ХК-д тус тус малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Гахайт бригадад саальчин,1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын “Бадрал” ХК-д, Мянгад сумын “Давшилт” ХК-д тус тус малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг давж заалдах журмаар гомдол гаргасан байна.
Анхан шатны шүүх хэргийг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн байна.
Үүнд:1.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Н.Батсүрэнг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Гахайт бригадад саальчин, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын “Бадрал” ХК-д, Мянгад сумын “Давшилт” ХК-д тус тус малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохоор 3 шаардлага гаргасан байна.
Шүүх хүсэлт гаргагчийн дээрх шаардлагуудын үндэслэлийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шаардлагад нийцээгүй байна. Шүүх хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн шаардлага тус бүрийн үндэслэлийг нэг бүрчлэн тодруулах байжээ.
2.Хүсэлт гаргагчийн төлөөлөгч нь түүний ажиллаж байсан байдлыг нотлохоор “2020 онд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор гаргаж байсан хүсэлтээ татан авсан тухай тус шүүхийн архивт хадгалагдаж байгаа баримтад үзлэг хийх, Лувсаншаравын Дамдинсүрэн зохиогчтой Өөлд ардын зан төлөв, Д.Цэрэндагва зохиогчтой Миний сэтгэлийн өглөг номуудад үзлэг хийж Н.Батсүрэнд холбогдох баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж хэргийн материалд хавсаргах тухай” хүсэлт гаргасныг шүүх хэрхэн шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй байна. Тодруулбал шүүх хүсэлт гарагчийн төлөөлөгчийн нотлох баримт бүрдүүлэх тухай гаргасан хүсэлтийг хянан шийдвэрлээгүй атлаа 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “татан авах тухай” 153/ШЗ2019/00369 дугаартай шүүгчийн захирамжаар татан авсан баримтууд болон хэргийн 11,12 дугаар тал дахь баримтуудыг хэн хэрхэн хэзээ хаанаас авч хэрэгт хавсаргасан нь тодорхойгүй байна. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүх хүсэлт гаргагчийн татан авсан дээрх баримтуудыг шүүх хуралдаан дээр шинжлэн судалсан гэжээ. Шүүх уг баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж аваагүй атлаа шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь заалтад нийцээгүй байна
Шүүх хүсэлт гаргагчийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ түүний шаардлагын үндэслэлийг нотлох баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь нотлох баримтад үндэслэгдээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг нь “хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа заана” гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4, 116 дугаар зүйлийн 116.3, 116,2-т заасан шүүхийн шийдвэр шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэгдэж гарах шаардлагад нийцээгүй байна гэж үзлээ.
Анхан шатны шүүх дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хүсэлт гаргагчийн төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг түүнд буцааж олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 153/ШШ2021/110 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж, хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Н.Батсүрэнгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг түүнд буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧИД Д.ЖАМБАЛСҮРЭН
Н.ТУЯА