| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2024/03111/N |
| Дугаар | 191/ШШ2025/03339 |
| Огноо | 2025-04-22 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 191/ШШ2025/03339
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... тоот хаягт оршин суух, ... овогт О...ийн Б.. ./РД:.../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .... тоот хаягт оршин суух, ... овогт Ү...-ийн Д.... /РД:..../-д холбогдох,
Ажлын хөлс 2,000,000 төгрөг гаруулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нарангуа, хариуцагч Ү.Д..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн О.Б.... нь Жижиг дунд үйлдвэрийн сангаас зээл авахын тулд төсөл бичүүлэх шаардлага үүссэн. Ингээд зарын дагуу Ү.Д....-тэй уулзаж төсөл бичүүлэхээр болсон бөгөөд талууд өөр өөрсдийн компанийн бичиг баримтаар гэрээ байгуулж, 900 сая төгрөгийн зээл авч, үүний 10 хувийг Ү.Д.... авах тохиролцоотой байсан. Ингээд ажлын хөлсөнд 4 сая төгрөг өгөх байснаас 2 сая төгрөг урьдчилгаанд өгсөн. Гэвч энэ гэрээний дагуу төсөл бичигдээгүй, О.Б... нь зээл авч чадаагүй байдаг. Иймд гэрээнээс татгалзаж, гэрээний урьдчилгаанд өгсөн 2 сая төгрөгийг буцааж гаргуулах шаардлага гаргаж байна. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа бөгөөд компаниар гэрээ хийсэн дээр манайх маргахгүй, мөнгийг Ү.Д...-ийн данс руу шилжүүлсэн үйл баримттай хариуцагч тал ч маргахгүй, мөн нэхэмжлэгч, хариуцагч нар нь компаниудын гүйцэтгэх удирдлагууд тул хариуцагчаар Ү.Д....г татах үндэслэлтэй байна. Мөн мөнгөн хөрөнгө шилжүүлсэн баримт иргэд хоорондын дансаар ажлын хөлсийг шилжүүлсэн байгаа.
Хариуцагчаас төсөл бичсэн гэх тайлбараа нотолж чадахгүй байгаа бөгөөд харин ч төсөл бичээд өгчихсөн бол бид нар 900 сая төгрөгийн зээлийг авчихсан, хариуцагч гэрээний дагуу 10 хувийн хөлсөө шаардах байсан. Гэвч энэ талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Холбогдох баримтыг гаргаагүй тул үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 3 сарын 18-ны өдрийн гэрээнээс татгалзаж, гүйцэтгэх удирдлага иргэн О.Б... нь Ү.Д....-ээс 2 сая төгрөгийг нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
2.Хариуцагч Ү.Д... шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би энэ хүнтэй гэрээ байгуулаагүй, Зуучлал зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай гэрээг “ӨП” ХХК нь манайд хандсанаар “ГБГ...” ХХК-тай байгуулсан. Энэ компанийн төлөөлөгч нь манай дээр ирээд төслөө бичүүлээд аваад явсан. Хоёр компанийн хооронд болсон гэрээний асуудлыг яагаад гэрээ, хэлцлээ нуугаад иргэн Б.... нь нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна.
Шүүх нэг талд үйлчилж байна. Учир нь нэхэмжлэгч тал гэрч асуулгах хүсэлтээсээ татгалзаад байгаа нь өөрсдөө худал ярьсан гэдгийг нь нотолж байхад ийм хүмүүсийн нэхэмжлэлийг авч төвөг учруулж байгааг ойлгохгүй байна.
“ӨП” ХХК нь энэ төсөлд орохоор боллоо гээд миний хийсэн ажлыг та надад өгөөд явуулчих гэж хэлээд аваад явсан. Би үлдсэн 2 сая төгрөгийн ажлын хөлсийг өг гэхэд өгөхгүй гэсэн. Энэ төсөл нь компанийн нэрээр бүхэл бүтэн судалгаатай тооцоололтой гардаг зүйл. Жижиг дунд үйлдвэрийн хүмүүстэй уулзаад зээл авах боломжгүй нөхцөл байдлыг нь судлахад нэхэмжлэгчийг жижиг дунд үйлдвэр эрхлэгч биш, зочид буудал ажиллуулдаг хүн байна гэсэн. Мөн нэхэмжлэгч нь Хас банкны тавьсан шаардлагыг хангаж чадаагүй учир зээлийг авч чадаагүй талаар бичиг ирсэн байсан. Нэхэмжлэгчийн зээл авч чадаагүй асуудал нь манай компанийн хийсэн ажилтай ямар ч хамаагүй . Хоёр байгууллагын хооронд хийсэн маргааныг гэрээндээ арбитр шийдвэрлэнэ гээд заачихсан байхад яагаад иргэний шүүх болон эвлэрүүлэн зуучлалаар явж байгаан бэ. Үүний цаана бүлэг этгээдүүд буюу “БХ” ХХК буюу н.А... гэх хүн явж байгаа гэж үзэж байна.
Энэ нэхэмжлэлийг гаргаснаар миний нэр төрийг гутааж, манай компанийг үгүйсгэж байна гэж үзэж байна. Би энэ компанийн захирлаар ажилладаг. Компани ямар дансаар мөнгөө авах нь манай байгууллагын дотоод асуудал. Би ерөнхий захирлын хувьд эрх нь надад байгаа бөгөөд данс руу орсон мөнгө нь касс хэлбэрээр явж байгаа компанийн мөнгө гэж ойлгож болно. Энэ гэрээнээс О.Б... иргэнийхээ хувиар татгалзах эрх байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар, 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, төлөөлөгчид олгосон итгэмжлэл,
хариуцагчаас 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн “Зуучлал, зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ” зэрэг бичгийн баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүхэд болон шүүх хуралдааны үед зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч О.Б... нь хариуцагч Ү.Д...-д холбогдуулан, 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүхээс талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтыг харьцуулан судалж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн “Зуучлал, зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ”-гээр хүлээсэн үүргээ хариуцагч биелүүлээгүй гэх үндэслэлээр гэрээг цуцлаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 2,000,000 төгрөгийг буцаан гаргуулна гэж тодорхойлж байна.
Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлийг дээрх гэрээг “ӨП” ХХК болон “ГБГ” ХХК нарын хооронд байгуулагдсан тул нэхэмжлэгч О.Б... нь шаардах эрхгүй гэж тайлбарлаж маргасан.
3.Хэрэгт авагдсан, 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн “Зуучлал, зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г нэг талаас “ӨП” ХХК, нөгөө талаас “ГБГ” ХХК нарын хооронд байгуулагдсан бөгөөд, нэг талаас 900,000,000 төгрөгийн 4 улирлын хүлэмжийн аж ахуй эрхлэх төсөл боловсрлуулж, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас болон “Хас банк” ХК-иас зээл олгуулах нийтлэг үйлчилгээ үзүүлэх, нөгөө талаас ажлын хөлс 4,000,000 төгрөгийн хөлс төлөх үүрэг хүлээсэн байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Дээрх гэрээний талууд нь “ӨП” ХХК болон “ГБГ” ХХК нар байх бөгөөд нэхэмжлэгч О.Б..., Ү.Д... нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Тодруулбал, иргэн О.Б..., Ү.Д... нарын хооронд хэлцэл байгуулагдаагүй байх бөгөөд нэхэмжлэгч О.Б... нь компанийн нэрийн өмнөөс гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт төлсөн мөнгийг буцаан шаардах эрхгүй байна.
Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1”-д “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага байна” гэж, 26 дугаар зүйлийн 26.4”-т “Хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно” гэж тус тус заасан байх бөгөөд хуулийн этгээд нь иргэний эрх зүйн харилцааны бие даасан субьект болохын хувьд өөрийн нэрээр эрх эдэлж, үүрэг хүлээх субьект байна.
Хэдийгээр нэхэмжлэгчээс хариуцагч Ү.Д...-ийн дансанд 2 сая төгрөгийг шилжүүлсэн, нэхэмжлэгч, хариуцагч нар нь дээр хуулийн этгээдүүдийн гүйцэтгэх удирдлага гэх тайлбарт хариуцагч талаас маргаагүй ч гэсэн энэ үндэслэлээр иргэн О.Б.... болон Ү.Д... нарын хооронд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1., 40 дүгээр зүйлийн 40.1. дэх хэсэгт заасан гэрээ, хэлцэл байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл нэгдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.
Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Б...-ын ажлын хөлс 2,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай хариуцагч Ү.Д...-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3. дахь хэсэг, 116., 118. дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ү.Д...-ээс 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О.Б...-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА