Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 459

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн;

улсын яллагч: Г.Цогтгэрэл;

шүүгдэгч: Х.Э (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,        

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хишигсүрэнгийн Эд холбогдох эрүүгийн 1709004120148 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.                        

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:      

Монгол Улсын иргэн, 1997 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Цепү констракшн” ХХК-д кассчинаар ажилладаг, ам бүл 4, өвөг эцэг, эмэг эх, ахын хамт Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань 1 дүгээр багийн 3-3 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, НХ97061418 регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Хишигсүрэнгийн Э.

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Х.Э нь 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анд” хүнсний дэлгүүрийн гадна иргэн Х.Ганбаатартай маргалдан зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Э мэдүүлэхдээ: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.         

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.Ганбаатар /хх-ийн 13/, гэрч Д.Мөнхжаргал /хх-ийн 17/ нарын мэдүүлэг, Х.Эгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 27-28/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн

шинжээчийн 9330 тоот дүгнэлт /хх-ийн 22/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 9/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 10/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30/, Төв аймгийн Баянчандмань сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 31/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 32/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 33/, сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-ийн 35-46/, боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 47-50/, “Цепү констракшн” ХХК-ийн ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 58/ зэрэг болно.         

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:      

Шүүгдэгч Х.Э нь 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутагт байрлах “Анд” хүнсний дэлгүүрийн гадна Х.Ганбаатартай маргалдан, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:                                                                                             

            хохирогч Х.Ганбаатарын /хх-ийн 13/: “...2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 14 цагийн үед би “Анд” гэдэг нэртэй дэлгүүр орж үйлчлүүлсэн юм. Би тухайн үед 1 настай дүүтэйгээ явж байсан ба дүүдээ юм авч өгөхөөр явж байсан юм. Тэгээд би дэлгүүрээс юм авчихаад кассан дээр мөнгөө өгөхдөө нэг гартаа хүүхэд тэвэрсэн байсан учраас мөнгийг нь шидээд өгчихсөн. Тэгтэл тэр залуу над руу эргүүлээд миний хариултыг өгөхдөө шидээд өгсөн. Тэгэхээр нь би “Чи яагаад мөнгө шидэж өгөөд байгаа юм бэ” гэхэд тэр залуу “өөртэй чинь адилхан харьцаж байна” гэсэн. Тэгэхээр нь би “чи үйлчилгээний ажилтан байж хүнтэй аятайхан харьцаж сур” гэж хэлэхэд тэр залуу босч ирээд над руу салаавч гаргаад “чи муу одоо яагаад байгаа юм бэ, аятайхан байгаарай, гарчих уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “гаръя” гээд бид хоёр гараад дэлгүүрийн гадаа үүдэнд зодолдсон. Бид хоёр барьцалдаж аваад цохилцож байхад тэр залуу намайг үүрээд газар унагасан.  Унахдаа миний гар дээр дараад унасан. Миний гар яг боржуур дээр таарсан, тэгээд “гар болохоо байчихлаа” гэхэд тэр залуу өөрөө боссон юм...” гэх мэдүүлгээр,

гэрч Д.Мөнхжаргалын /хх-ийн 17/: “…2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 14 цагийн үед би дэлгүүртээ бараагаа зөөгөөд байж байтал гадаа дэлгүүрийн үүдэнд хэрүүл маргаан болж буй чимээ сонсогдсон. Касс руу харахад Э байхгүй байсан. Тэгээд би шууд дэлгүүрийн хаалгаар гараад очиход Э нэг залуутай маргалдаад зодолдож байсан. Тэгээд тэр залуутай зодолдож байгаад барьж аваад тонгороод нөгөө залууг доороо хийгээд уначихсан... Би очоод салгаад болиулсан. Нөгөө маргалдсан залууг харахад гар нь тахийчихсан байхаар нь би зөөлөн татаж өгсөн. Тэр залуу эмнэлэг рүү явсан...” гэх мэдүүлгээр,

            яллагдагчаар Х.Эгийн мэдүүлсэн /хх-ийн 27-28/: “...2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр би эгч Цагаансарангийн түрээслэж, ажиллуулж байсан “Анд” нэртэй дэлгүүрт кассчинаар ажиллаж байсан юм. ...Өдөр 13 цагийн үед манай дэлгүүрээр энэ хохирогч Ганбаатар гэх залуу үйлчлүүлсэн юм. Тэгээд кассан дээр бараагаа бичүүлээд мөнгөө өгөхдөө надад шидээд өгчихсөн. Тэгэхээр нь би юм бодолгүй мөнгийг нь авчихаад хариултыг нь буцаагаад өгөхдөө унагаачихсан юм. Тэгтэл тэр залуу над руу “Чи яагаад над руу мөнгө шидэж өгөөд байгаа юм” гээд хэлэхээр нь би “Би адилхан л харьцаж байна” гэж хэлсэн. Тэр залуу намайг хэл амаар доромжилж эхэлсэн ба намайг цохих гэж далайхаар нь би гарыг нь хаагаад “гаръя” гэж хэлээд тэр залуугийн хамтаар дэлгүүрийн үүдэнд гарсан. Гадаа гарахад тэр залуу миний араас түлхээд, намайг заамдаж аваад намайг зодож эхэлсэн. Би зөрүүлээд тэр залуугийн нүүр рүү нэг удаа л цохисон. Би тэр залуутай зууралдаж байгаад залууг тонгороод доороо хийгээд газар уначихсан. Энэ үед манай ах Мөнхжаргал гарч ирээд нөгөө залууг “тавь” гэж хэлээд гарыг тавиулаад салгасан. Дахиж зодолдоогүй ба тэр залуу босч ирээд “миний гар эвгүй болчихлоо, татаад өгөөч” гэж хэлсэн. Тэгээд тэр залуу яваад өгсөн...” гэх мэдүүлгээр,

Х.Эгийн буруутай үйлдлийн улмаас Х.Ганбаатарын биед “шуу яс, богтос ясанд хугарал, баруун мөр, зүүн гарт зулгаралт” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заасан хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9330 тоот дүгнэлт /хх-ийн 22/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.            

            Шүүгдэгч нь хохирогчийг зодсоноо өөрөө хүлээсэн, хохирогч, гэрч нар шүүгдэгчийг хүн зодсоныг гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

Х.Эгийн  “мөнгө шидэж өгсөн” хэмээн Х.Ганбаатарыг буруутган зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Ийнхүү шүүгдэгч Х.Эгийн “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.       

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Хохирогч, шүүгдэгч нар харилцан тохиролцож буюу шүүгдэгч нь хохирогчид хор уршгийн нөхөн төлбөрт 1.000.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул энэ асуудлыг шүүхийн тогтоолын тогтоох хэсэгт дурьдаж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.       

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Х.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүх Б.Эгийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээхээр тогтов.    

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Хишигсүрэнгийн Эг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.      

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

6. Шүүгдэгч нь хохирогчид 1.000.000 төгрөг нөхөн төлсөн бөгөөд хор уршгийн нөхөн төлбөрт 1.000.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.                   

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ