Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2024/ДШМ/01

 

 

Б.Пүрэвдоржид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч З.Түвшинтөгс, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:  

Прокурор О.Эрхэмбаяр

Шүүгдэгч Б.Пүрэвдорж

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн

Хохирогч Ю.Отгонзаяа

Нарийн бичгийн дарга Б.Нансалмаа нарыг оролцуулан,       

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЗ/406 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Б.Пүрэвдоржид холбогдох эрүүгийн 2322001420170 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Хорин овогт Бямбадоржийн Пүрэвдорж, Монгол Улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Адаацаг сумын 4 дүгээр баг Ханан гэх газар нутаглах,  (РД: ЗА88063013);

Шүүгдэгч Б.Пүрэвдорж нь 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Зуут гэх газарт, өөрийн оршин суух гэрийн гадна, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр болох Ю.Отгонзаяаг “адуугаа олж ирсэнгүй” гэх шалтгааны улмаас зүүн гаран тус газарт нь өшиглөж, уургын модоор нуруун тус газарт нь цохисны улмаас эрүүл мэндэд нь “зүүн гарын эрхий хурууны 3-р шивнүүр ясны хугарал, зүүн доод зовхи, зүүн бугалга, шуу, зүүн суга, хэвлий баруун гуянд цус хуралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дундговь аймгийн Прокурорын газраас: Шүүгдэгч Б.Пүрэвдоржийн  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т зааснаар прокуророос шүүгдэгч Б.Пүрэвдоржид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2322001420170 дугаартай хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Пүрэвдоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Дундговь аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Ч.Бямбажаргал  давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: ... Шүүх “...шүүгдэгч Б.Пүрэвдоржид холбогдох эрүүгийн 2322001420170 дугаартай хэрэгт прокурор 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр яллах дүгнэлт үйлдсэн атлаа үүнээс 4 хоногийн дараа буюу 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хангах тухай тогтоол гаргаж байгаа нь, яллагдагчийн гаргасан "хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай" хүсэлтийг шийдвэрлэхээс 4 хоногийн өмнө буюу 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр прокурор хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн хэрэгт оногдуулах ялын саналаа гаргаж байгаа нь тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, дараалал алдагдсан байна. Шүүгдэгч нь өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр Ю.Отгонзаяагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэлд гэр бүлийн хүчирхийллийн шинж байгаа эсэхийг шалгаж тодруулах шаардлагатай...” гэж дүгнэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Шүүгчийн захирамжийг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1.Гэр бүлийн гишүүдийн хооронд үүссэн маргаан, гэмтэл учруулсан үйлдлийг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй эсэхийг тогтоохын тулд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хэргийн сэдэлт, гэмт хэрэг үйлдэгдэхийн өмнө болон дараа нь хохирогч, шүүгдэгч нарын хооронд үүссэн харилцааны шинж, тэдний биеэ авч явсан байдал, үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцааг харьцуулан судалж, хэргийн үйл баримтыг эргэлзээгүй, хөдөлбөргүй байдлаар сэргээн тогтоох учиртай. Прокурор, мөрдөгч нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шалгаж үнэлэхдээ хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож хэргийн үйл баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянаж үзсэний эцэст, хууль зүйн үндэслэл бүхий хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлтийг хийх үүрэгтэй.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд яллагдагч Б.Пүрэвдорж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ю.Отгонзаяаг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдэн гарах болсон сэдэлт, санаа зорилго нь заншлын хэм хэмжээгээр хориглосон үйлдэл хийлгэхээр буюу эхнэрийгээ адуугаа олж ирсэнгүй гэх үндэслэлээр хувийн таарамжгүй харилцааны асуудлаас үүдэлтэйгээр дээрх гэмт хэрэг үйлдэгдэн гарах болсон нь тогтоогддог бөгөөд энэхүү үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн удаа дараагийн мэдүүлгээр 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр биед нь халдаж цохиж зодсон болох нь тогтоогддог. Харин хохирогчийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр биед халдсан, мөн сарын 08-ны өдөр хөдөө хээр машинд биед халдсан тухай мэдүүлдэг боловч хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжийг гэрч Д.Мөнхжаргал, Ё.Долгор, Г.Пүрэвсүрэн нарын болон бусад гэрч нарын мэдүүлгээр хохирогч Ю.Отгонзаяагийн дээрх удаа дараа цохиж зодсон гэх мэдүүлэг нь үгүйсгэгдсэн байх тул прокуророос энэ талаар дүгнэлт хийж эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан болно. Өөрөөр хэлбэл хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжийг магадлах, нотолбол зохих байдлыг тогтоох талаар мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэт хийж тогтоосон тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

2. Яллагдагч Б.Пүрэвдорж нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын хяналтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг удаа дараа гаргаж байсан бөгөөд прокуророос яллагдагч Б.Пүрэвдоржийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг хангаж шийдвэрлэхдээ бичиг техникийн шинжтэй алдаа гаргаж, огноог буруу бичсэн зөрчил гарсан бөгөөд шүүхээс тус зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж дүгнэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан “...Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ...” гэх заалтын хүрээнд хэргийг ердийн журмаар шийдвэрлэх боломжтой байх бөгөөд хэрэв шүүхээс хэргийн зүйчлэлийг хүндрүүлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “...Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол  шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж заасан байхад хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЗ/406 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б.Пүрэвдорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би эхнэрээ байнга зодож, дарамтлаад байдаггүй. Бид хэрэлдэж маргалдах нь тоотой байдаг. Тухайн үед наадам болох гээд бухимдаад муудалцаад тийм юм болсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Энэ хэргийг хурдан шийдвэрлүүлж өгнө үү. Эхнэрээ нэг удаагийн үйлдлээр гэмтээсэн. Гэмшиж байна. Байнгын муудалцдаггүй гэр бүл гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхээс прокурорын байгууллагаас ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэлгүй, эхнэр нөхөр хоёрын хооронд болсон асуудал бүрийг гэр бүлийн хүчирхийлэл гэж үзвэл энэ нь үндэслэлгүй. Эхнэр, нөхөр хоёрын хооронд болсон хэрүүл юм уу, хүчирхийлэл юм уу гэдэг байдлаар ялгаж авч үзэх нь зүйтэй. Б.Пүрэвдоржийн зүгээс гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гэдэг нь тогтоогдоогүй. Хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байна. Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаанаас эхэлж өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч ирсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ удаа дараа илэрхийлж ирсэн. Прокурорын зүгээс дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч, шүүх рүү шилжиж ирсэн байдаг. Иймд  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хохирогч Ю.Отгонзаяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тэр үед хоорондоо маргасан үйлдэл байсан уу гэхээс гэр бүлийн хүчирхийлэл байдаггүй. Тэр өдөр л маргасан дээрээс тийм зүйл болсон. Манай нөхөр байнга дарамталдаггүй гэв.

Прокурор О.Эрхэмбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ...анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд прокурорт буцаан шийдвэрлэсэн хэргийн хувьд хэрэгт нотолбол зохих байдал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлууд тал бүрээсээ нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч мөрдөн байцаалтын бүхий л явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулах тухай хүсэлт гаргасныг прокурор  хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.  Прокурор хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг хүлээж авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан бүх нөхцөл байдлыг хангагдсан гэж үзэж, шүүгдэгчтэй ял тохирч, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс хэргийг прокурорт шилжүүлэхдээ хоёр үндэслэлийг барьсан. Нэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн буюу огноо зөрсөн гэдэг асуудлыг гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан үндэслэл байхгүй байхад хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн 2023 онд шинээр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тодорхой нөхцөл байдлыг заасан. Зүйлчлэлийг хүндрүүлэх нөхцөл байдал байвал ердийн журмаар шийдвэрлэх тохиолдолд хэргийг 60 хүртэл хоногоор хойшлуулах ойлголтыг тодорхой дурдсан. Хоёрт, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдлийг бүрэн гүйцэд тогтоох, зүйлчлэлийг хүндрүүлэх асуудлыг тавьсан. Дээрх хэргийн үйл баримтын хувьд шүүгдэгч, хохирогч нарын хооронд үүссэн гэр бүлийн маргааны шинжтэй үйлдлийн улмаас тохиолдлын нэг удаагийн үйлдлээр эхнэрийнхээ биед халдаж, гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон. Энэ нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр хангалттай нотлогдон тогтоогддог. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж зүйлчлэн шүүхэд шилжүүлсэн.  Гэрч нар буюу Мөнхжаргал, Долгор, Пүрэвсүрэн нар мэдүүлэгтээ тодорхой мэдүүлсэн. Энэ хоёр хүний хооронд 2023 оны 07 сарын 04-ний өдөр болон 08-ны өдрүүдэд  гэр бүлийн маргааны шинжтэй үйлдлүүд байсан гэж хэлдэг. Цохиж зодсон үйлдлийг дурдсан зүйл байхгүй. Гэтэл шүүхээс гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл гэж дүгнэж байгаад санал нийлэхгүй байна. 2019 болон 2020 онуудад гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ гэдэг талаар Дээд шүүхийн 2 удаагийн тогтоол гарсан. Уг тогтоолд байнгын шинжтэй харилцаа байхыг тодорхойлсон. Гэтэл энэ хоёр хүний хооронд болсон үйл баримтад аль аль талаасаа ижил тэнцүү орж байгаа гэр бүлийн маргааны шинжтэй үйлдэл байгаа болохоос хэн нэгэн талын давуу байдлаар бусдын биед халдаж байгаа эсхүл хохирогчид дарамт үзүүлж байгаа,  хохирогчийн зүгээс эдийн болон эдийн бус гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дарамт ирэхгүй байгаа нөхцөл байдал байсан учраас прокурорын зүгээс зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дүгнэсэн. Хуулийг буруу хэрэглэж байна гэдэг үүднээс прокурор эсэргүүцэл бичсэн. Зүйлчлэлийн хувьд дүгнэлт хийж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр хэргийг буцааж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           Прокурорын эсэргүүцлийн дагуу Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЗ/406 дугаар шүүгчийн захирамжийг хянав.

Яллагдагч Хорин овогт Бямбадоржийн Пүрэвдорж нь 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Зуут гэх газарт, эхнэр болох Ю.Отгонзаяаг өшиглөж, модоор цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн гарын эрхий хурууны 3-р шивнүүр ясны хугарал, зүүн доод зовхи, зүүн бугалга, шуу, зүүн суга, хэвлий баруун гуянд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Прокурорын газраас түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс татгалзаж, прокурорт буцаажээ.

Шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрч эсэргүүцсэн байна. Давж заалдах шатны шүүх эсэргүүцлийг хянаад хүлээн авах боломжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгохоор тогтов.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-д ...энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ гэсэн заалтыг баримтлан шийдвэрлэсэн байх бөгөөд буцаах, эсхүл ердийн журмаар шийдвэрлэхийн аль нь болохыг шүүх өөрөө үзэмжээрээ тогтоон шийдвэрлэхээр зохицуулжээ.

Мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдал нь ...шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, ...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн эсэх, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх, ...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх зэрэг зүйлүүд байх ба эдгээр нөхцөл байдлуудад дараалан хариулт өгсөн нь нотолгоотой байх ёстой.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эдгээр үндэслэлээр хууль ёсны хэрэгжилтийг хангахаар шаардаж, шийдвэр гаргах эрхтэй.

Шүүхээс дээрх үндэслэлийг хангахаар шаардсан тохиолдолд гарсан шийдвэрт оролцогч талууд гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахаар заан хуульчилсан.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн ямар нөхцөл байдлыг ноцтой зөрчил гэж ойлгох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1-д заан тодорхойлсон.

Хэргийн нөхцөл байдал, хавтаст хэрэгт авагдсан бичгэн нотлох баримтуудаас үндэслэн дүгнэхэд прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий байна гэж үзэв.

Иймд шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЗ/406 дугаар захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЗ/406 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор О.Эрхэмбаярын гаргасан 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 13 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

  2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ                            Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

       ШҮҮГЧИД                            З.ТҮВШИНТӨГС

 

                                                        Ш.ТӨМӨРБААТАР                            Ц

 

 

 

 

      ШҮҮГЧИД                               Ш.ТӨМӨРБААТАР