| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржготовын Чанцалням |
| Хэргийн индекс | 128/2024/0938/З |
| Дугаар | 128/ШШ2025/0260 |
| Огноо | 2025-04-14 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 128/ШШ2025/0260
2025 04 14 128/ШШ2025/0260
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны нэгдүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “А” ХХК,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.П,
Хариуцагч: Н,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Ж.Б,
Гуравдагч этгээд: Н ХК,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Э*******, П.Г******* нарын гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбогдох маргааныг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “А*******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа: “нийслэлийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн ******* тоот захирамжийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон байна.
1. Нэхэмжлэгч компани маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2024 оны ******* дүгээр захирамжийг гардан авч эс зөвшөөрсөн тул 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр нд гомдол гаргаж, нийслэлийн Орон сууцны бодлогын газрын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 03/1014 тоот албан бичгээр татгалзсан хариуг өгсөн тул шүүхэд 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:
2.1. Төслийн гадна дэд бүтцийн ажлын зураг төсөл батлагдсан цагаас хойш буюу 2018 оноос өнөөдрийг хүртэл дэд бүтцийг шийдвэрлүүлэхээр жил бүр төрийн захиргааны байгууллагад хүсэлтүүдийг гаргаж байсан,
2.2. Тухайн байршилд шаардлагатай инженерийн шугам сүлжээ буюу ус хангамж, цахилгаан дулаан ариутгах татуурга, цэвэрлэх байгууламжуудыг н хариуцан хийх ажлууд хийгдээгүй,
2.3. Гэр хорооллыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 18.2-т “төсөл хэрэгжүүлэгч нь гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн сонгосон талбай дахь газар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч эзэмшигчдийн 80-аас доошгүй хувьтай гэрээ байгуулснаар төсөл хэрэгжих урьдчилсан нөхцөл бүрдэнэ” гэж заасан. Энэ 80-аас доошгүй хувь гэх шаардлагыг хангасан хэвээр байгаа.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”А” ХХК нь 2015 онд Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд 11.5 га талбайд төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан. Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарснаас хойш тухайн талбайд байгаа нэгж талбарын айлуудтай хоёр талт болон гурван талт гэрээ байгуулах, 12 айлын газар чөлөөлөх ажиллагаа хийгдээд, 96 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгээд, суурийн ажлыг гүйцэтгэсэн. 1 орон сууцны суурийн ажлын барилгын газар шорооны ажлыг хийж гүйцэтгэсэн.
3.1. 2015 оноос 2024 онд захирамж гарах хүртэл яагаад ийм байдалтай байна вэ гэхээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаанд н тодорхой хэмжээний эрх үүрэгтэйгээрээ оролцож байгаа. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 4.1.2-т “гэр хороолол гэж хот суурин газрын эдэлбэр газар дахь инженерийн болон нийгмийн дэд бүтцээр хангагдаагүй гэр орон сууц бүхий суурьшлыг” гэж заасан. Дээрх талбай нь гэр хороолол гэдэг энэ тодорхойлолтод хамаарч байгаа. Өөрөөр хэлбэл, инженерийн болон нийгмийн дэд бүтцэд холбогдоогүй ийм суурьшлын хэсэг гэдгийг тодорхойлж хэлье.
3.2. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга нийтийн эрх ашигт хамаарах дараах арга хэмжээг хэрэгжүүлэхээр хот суурин газрыг дахин хэрэгжүүлэх төслийг санаачилна”; 14.4.1-т “хот, суурин газар, дүүрэг, хорооллын чанартай инженерийн бэлтгэл арга хэмжээ, батлан хамгаалах болон гамшгаас хамгаалах зориулалт бүхий барилга байгууламж барих”; 14.4.2-т “хот суурин газар дүүрэг хорооллын чанартай инженерийн болон нийгмийн дэд бүтэц, нийтээр ашиглах барилга байгууламж барих”; 18.1-д “Гэр хороололд инженерийн бэлтгэл ажил, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, орон сууц, нийтээр ашиглах барилга байгууламж барих, тохижилт хийх, эдийн засаг, нийгэм, байгаль орчны зохистой харьцааг хангах зорилгоор гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулна.” гэж тус тус заасан.
3.3. Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах ажиллагаа нь инженерийн болон нийгмийн дэд бүтэц гэдэг зүйлтэй зайлшгүй холбогдож явдаг. Барилгын тухай хуулийн 4.1.33-д инженерийн дэд бүтэц гэдгийг тодорхойлохдоо авто зам, төмөр зам, дүүжин зам, газрын доорх болон дээр байрлах замын байгууламж, бүх төрлийн инженерийн шугам сүлжээ орно гээд, ийм бүхий барилга байгууламж байна. 4.1.35-д инженерийн шугам сүлжээ гэдэг нь ус хангамж, цахилгаан дулаан, ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж, газрын тос төрөл бүрийн хий дамжуулах хоолой, харилцаа холбооны төвлөрсөн байгууламжийг хэлнэ гэж заасан.
3.4. Дээрх хуулийн заалтуудаас харвал тухайн байршилд шаардлагатай инженерийн шугам сүлжээ буюу ус хангамж, цахилгаан дулаан ариутгах татуурга, цэвэрлэх байгууламжуудыг н хариуцан хийлгэх ажлууд байна. Энэ ажлуудынх нь дагуу хэрэгт нотлох баримтаар өгсөн зураг төслийн баримт бичгүүд байгаа. Улсын төсвийн хөрөнгөөр болон “А” ХХК-ийн хөрөнгүүдээр инженерийн дэд бүтцүүдийг хаанаас хэрхэн холбох, ямар хэмжээний зардал гарах, энэ зураг төслийн ажлууд бүгд хийгдээд, тендер зарлагдаад, зураг төслүүд нь батлагдсан байдаг. Гэтэл бодит байдал дээрээ одоог хүртэл инженерийн шугам сүлжээг хаанаас яаж татах ажлууд ерөөсөө огт хийгдээгүй. Суурийн ажлаа гүйцэтгээд 12 айлын газар чөлөөлөөд, 2 блок орон сууц бариад, үлдсэн нэгж талбарт өртөж байгаа айлуудаа оруулаад гэх байдлаар ингээд газраа чөлөөлүүлэхээр төсөл хэрэгжиж явах боломжтой байтал, барилгыг барих гээд эхлүүлчихсэн байтал, инженерийн шугам сүлжээ байхгүйн улмаас цаашаа үргэлжлэх боломжгүй. Үзлэгийн зураг дээр ийм нөхцөл байдлууд тодорхой харагдаж байгаа. Үзлэгийн зураг дээр 2 давхар каркас байгаа. Энэ бол тухайн байршилд нэхэмжлэгчээс өгсөн мэдээллээр хувийн компани сургууль, цэцэрлэгийн барилга барих гээд каркасыг нь босгочихсон, дэд бүтэцгүйн улмаас цаашаа үргэлжлээгүй. Эхэлсэн байгаа барилгыг улсад шилжүүлж авч байгаа гэж ойлгосон. Ийм байдалтай цаашид барилгын ажил явах боломжгүй болсон.
3.5. Дараагийн асуудал нь гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам гэж байгаа. Журмын 4.8-д “сонгосон талбайд улс орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах инженерийн болон нийгмийн дэд бүтцийн төрийн нийтийн зориулалттай барилга байгууламжийн инженерийн бэлтгэл арга хэмжээг тухайн шатны Засаг дарга хариуцан хэрэгжүүлнэ” гэж заасан. Энэ талаар зураг төслүүд нэхэмжлэгч талаас тайлбарлахдаа 2018 он гэхэд энэ шаардлагатай инженерийн байгууламжуудын зураг төслүүд хийгдэж дууссан. Үүний дагуу төсөвт хөрөнгөө суулгаад, инженерийн дэд бүтцүүдээ холбож өгөөч гэдэг асуудлыг тавихаар, жил болгон төсөв нь хүрэлцэхгүй байгаа гэдэг хариулт амаар хэлээд, одоог хүртэл шийдэгдээгүй явж байгаа. 2015-2024 онд төсөл цуцлах хүртэл газар чөлөөлсөн иргэдийн болон гэрээ байгуулсан иргэд өөрчлөгдөөгүй байгаа. Гурван талт гэрээ байгуулсан иргэдээс 10-аад иргэд гэрээгээ цуцалсан гэсэн ийм мэдээллийг өгсөн.
3.6. Гэр хорооллыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 18.2-т “төсөл хэрэгжүүлэгч нь гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн сонгосон талбай дахь газар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч эзэмшигчдийн 80-аас доошгүй хувьтай гэрээ байгуулснаар төсөл хэрэгжих урьдчилсан нөхцөл бүрдэнэ” гэж заасан. Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарахад энэ нөхцөлийг хангасан байх шаардлагатай. Энэ нөхцөл өөрчлөгдөөгүй. Сая дурдсан гэрээгээ цуцалсан цөөнгүй иргэд байгаа. Энэ иргэдийг хассан ч гэсэн энэ 80-аас доошгүй хувь гэх шаардлагыг хангасан хэвээр байгаа.
3.7. Хуулийн 18.2-т хоёр талт юм уу, гурван талт гэрээ гэсэн тухайлсан шаардлага тавиагүй. Тэгэхээр хариуцагчаас маргаан бүхий захирамжид урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гаргасан гомдолд өөр, өөр үндэслэл дурдаад байдаг. Гурван талт гэрээгээр хэрэгжүүлсэн үүргээ биелүүлээгүй. Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын 5.2-т “төсөл хэрэгжүүлэгч өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас барилгын ажил эхлүүлэх боломжгүй болсон” гэх үндэслэл байгаа. Хариуцагчийн хийж гүйцэтгэх ёстой инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн ажлууд хийгдээгүйн улмаас, барилгын ажил эхэлчхээд байгаад байна, энэ ажлууд хийгдэх юм бол барилгын ажил цаашаа үргэлжлэх боломжтой.
3.8. Журмын 5.3-т “гурван талт гэрээнд заасан нөхцөлийн дагуу гэрээ цуцлагдаж, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 18.2-т заасан нөхцөл хангагдахгүй болсон тохиолдол” гэж байгаа. 5.3-т заасан болон хуулийн 18.2-т заасан нөхцөл хангагдахгүй болсон гэх үндэслэл тогтоогдохгүй. Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлаад байгаа нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна.
3.9. Хяналтын хорооны хурлын тэмдэглэлд 12 айлын газрыг чөлөөлсөн гэж байгаа. 1 айлд 41 метр квадратын орон сууц өгөхөд, ямар нэгэн маргаан байхгүй. 4-5 айлыг нь орон сууцад оруулсан байсан. Худалдан авсан орон сууц нь барьцаанд байсны улмаас маргаан үүсээд, шүүхээр шийдвэрлэгдээд хэдэн жилийн хугацаанд тэр орон сууцдаа амьдарч байсан боловч, шүүхийн шийдвэрийн дагуу тухайн орон сууцыг чөлөөлөхөөс өөр аргагүй болсон. Түрээслэгчдийн төлбөрийн хувьд 2024 оны 3 дугаар сар хүртэл түрээсийн төлбөрүүд төлөгдсөн. Орон сууцад орсон айлуудын тухайд нүүлгэх зардал орж байсан. Гэрээнд тусгагдсанаар түрээсийн төлбөр бага байдаг боловч, зах зээлийн ханштай нь нийцүүлээд 2024 он хүртэл 1.500.000 төгрөг хүртэл түрээсийн төлбөр сарын төлбөрт байхаар тооцож, үе шаттай нэмэгдүүлээд, түрээсийн төлбөр жил болгон нэмэгдэж байгаа гэдэг шалтгаанаар нэмэгдүүлээд явж байсан.
3.10. 2024 оны 3, 4 дүгээр сараас газар чөлөөлсөн иргэд нь энэ төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлуулах тухай санал нд өгөөд, хяналтын хороо хуралдана гэх байдлаар төсөл хэрэгжүүлэх эрх цуцлагдаж магадгүй болсон учраас түрээсийн төлбөр зогсоосон байдаг. Зогсоосноос хойш 1 иргэн шүүхэд хандаад, 7 дугаар сард төсөл хэрэгжүүлэх эрх цуцлагдаж байгаа, 4 дүгээр сараас эхлээд түрээсийн төлбөр зогсоочихсон байгаа, эрх цуцлагдах хүртэл энэ компани түрээсийн төлбөрийг хариуцах ёстой гээд, тэр хугацааны түрээсийн төлбөрөө шүүхэд нэхэмжилж авсан ийм зүйл байдаг.
3.11. Нийт энэ төслийн байршилд хариуцагч талын ирүүлсэн тайлбараар 134 нэгж талбар байна гэж байгаа юм. 134 нэгж талбараас хяналтын хорооны хуралд болон газар чөлөөлсөн иргэд түрээсийн төлбөр, дунд нь компани 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирал н.Ганхүүд шилжсэн байгаа. Компанид шилжсэнтэй холбоотой түрээсийн төлбөр орж ирэхгүй байна, ийм асуудлууд тавиад, төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлуулах тухай гомдол мэдээлэл, түрээсийн төлбөртэй холбоотой өгсөн байдаг.
3.12. Хяналтын хорооны хурлын тэмдэглэлийг харахаар газар чөлөөлсөн иргэдээс 6 иргэний саналаар төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан. Гэтэл цаана нь 134 нэгж талбарын иргэд өөрсдөө ямар байр суурьтай байгаа юм бэ. Эхний 2 орон сууц ашиглалтад ороход, тухайн орчмын нэгж талбарт үлдэж байгаа айлууд орон сууцдаа орох боломжтой. Цаашлаад тухайн талбарт төсөл бүрэн хэрэгжсэнээр 1000 гаруй айлын орон сууц ашиглалтад орно.
3.13. Сургууль, цэцэрлэгийн барилгууд өөрчлөгдөнө. Бусад иргэдийн тайлбар саналыг авах, тэр иргэд ямар байр суурьтай байгаа гэдгийг сонсох оролцоог нь хангах ийм зайлшгүй нөхцөлтэй байсан. “А” ХХК-ийн хувьцааг эзэмшиж байгаа гүйцэтгэх захирал н.Ганхүүгийн хувьд 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хувьцааг нь шилжүүлж аваад, компанийн эрх бүхий этгээдээр ингээд ажиллаж байгаа. Ажиллаж эхэлснээсээ хойш 2015 оны барилгын зураг төсөл, инженерийн дэд бүтцийн энэ зураг төслүүд, хуучин норм, стандартаар явж байсан. Барилгын норм стандартууд өөрчлөгдөөд, барилга хоорондын зай талбай, явган хүний зам, авто зам, зогсоол ямар байх бүх шаардлагууд өөрчлөгдсөний улмаас 2024 онд тухайн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг дахин батлуулсан.
3.14. Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлаад байгаа нөхцөл байдал 2015 оноос хойш огт өөрчлөгдөхгүй яваад байна. 2023 онд компани дээр шинэ удирдлага орж ирж, компанийг шилжүүлж авлаа. Н, хариуцсан хүмүүс, Орон сууцны бодлогын газартай уулзаад зураг төслөө батлуулаад, ажлаа хийх гээд явахаар зураг төслийг батлаад яваад байдаг. Улсын төсвийн хөрөнгөөр гадна дэд бүтцийн ажлууд хийгдэнэ гээд явахаар төсвийн тодотголд суугддаггүй. Нөхцөл байдал огт өөрчлөгдөөгүй байхад төрийн эрх бүхий байгууллагын зураг төсөл, магадлал хийх шийдвэрүүд цаасан дээр бичгээр яваад байгаа атлаа бодитоор ажил хийгдэхгүй байдаг.
3.15. Цахилгааны шугам сүлжээний зураг төсөл нь 170 гаруй сая төгрөгөөр Нийслэлээс хийлгэсэн байдаг. Хөрөнгө зараад хийгдээд байхад, ажил хийгдэх юм байна гэсэн хүлээлттэй, адилхан ийм зураг төсөлд нь компани мөнгө зараад яваад байдаг. Гэтэл тэрийг нь хүлээж авч магадлалаар баталж явж байснаа нөхцөл байдал огт өөрчлөгдөөгүй байхад 2024 онд төслийг цуцалчхаж байгаа юм. Хавтаст хэрэгт зураг төслийн баримтуудыг нотлох баримтаар хавсаргаж өгсөн.
3.16. Эхний ээлжийн орон сууцны барилгын зураг төсөл 2015 онд хийгдсэн зураг төслөөр явж байгаа. Бусад нь 2024 онд хийгдсэн зураг төсөл. Барилгажих төлөвлөгөөнд өөрчлөлт орсон байгаа. Өөрчлөлт нь эхний хоёр орон сууц дээр өөрчлөлт ороогүй. Бусад орон сууцууд дээр талбайн хэмжээнүүд өөрчлөгдөх, давхрын хэмжээ өөрчлөгдөх, барилга хоорондын зай талбай өөрчлөгдөх, зогсоол нэмж, хасах, авто зам өөрчлөгдөөд, өөрчлөлтүүд хийгдээд явсан байгаа.
3.17. Иймд дээрх дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан нь үндэслэлгүй байна. Хуулийн шаардлагыг хангахгүй байна. 6 иргэнээс бусад иргэдийн санал оролцоог аваагүй байна. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулиар оролцоог хангахыг хуульд тусгайлан тавигдсан шаардлага байдаг. Төрийн байгууллагын өөрөө хийж гүйцэтгэх ёстой, Засаг дарга хуулиар болон журмаар хариуцах ёстой энэ инженерийн дэд бүтцийн ажил хийгдээгүй учраас одоо болтол хойшилж байгаа. Үүнийг шийдвэрлээгүй байж нэхэмжлэгч компанийг буруутгаж төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж байгаа нь үндэслэлгүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахаар гомдлоо гаргасан.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн төслийн байршилд 134 нэгж талбартай. Анх нэхэмжлэгчид Н 2015 онд ******* дугаар захирамжаар төслийн байршилд төсөл хэрэгжүүлэгчээр сонгон шалгаруулсан. Өнөөдөр 2025 он буюу өдийг хүртэл хугацаанд төсөл хэрэгжүүлэгчийг хууль журмынхаа дагуу хүлээсэн үүргээ биелүүлээд, гэр хорооллын газрыг дахин төлөвлөлтийн барилгажуулах, орон сууцжуулах үүргээ биелүүлэх байх гэж нийслэлийн зүгээс хүлээгээд байж байсан.
4.1. Гэтэл төсөл хэрэгжүүлэгч нэхэмжлэгч өнгөрсөн хугацаанд яг бодит байдал дээрээ 1 орон сууцны барилгын 1 давхрын суурь ухаад л орхичихсон. 7 иргэнтэй гурван талт гэрээ байгуулаад, гурван гэрээ цуцлагдсан байдаг. Бусад 35 гэрээ нь Нийслэлийн орон сууцны бодлогын газарт холбогдож байдаг. Нийт төслийн нэгж талбарт хамаарах нэгж талбарт 80-аас доошгүй хувь гурван талт гэрээ байгуулж байж, төсөл хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөлийг хангана. 134 нэгж талбарын 80 хувь ойролцоогоор 120 орчим гурван талт гэрээ байгуулсан байна.
4.2. Энэ гурван талт гэрээг хэзээ байгуулах ёстой байдаг юм бэ гэдэг дээр нь хугацааг нь зааж өгсөн байдаг. Барилга хот байгуулалтын яамны сайдын баталсан 2018 оны 46 дугаар журам болон тухайн үед анх энэ харилцааг зохицуулж байсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 3/31 тогтоол, 2011 оны 13 дугаар тогтоол байгаа. Тус тогтоолд 301 ба түүнээс дээш нэгж талбартай байршилд 30 хоногийн хугацаатайгаар сунгаад, сунгалтын дагуу нийлээд 90 хоногийн дотор төслийн талбар дахь нэгж талбаруудтайгаа гурван талт гэрээг төсөл хэрэгжүүлэх эрх авснаас хойш гэрээ байгуулах хугацааг дурдсан байна. Энэ хугацаандаа гурван талт гэрээг байгуулаагүй. 35 гэрээ байгуулснаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Нийслэл хотод иргэдийн маш их өргөдөл, гомдол ирдэг. Гэрээ байгуулсан нэр бүхий иргэдэд түр суурьшуулахын зардлаа өгөхгүй байна гэж гомдож орж ирдэг. Бид нар түр суурьшуулах зардлаа өгөөч, иргэд гомдоод байна гээд өргөдлийг нь удаа дараа тухай бүр нь уламжилдаг.
4.3. Төслийн үйл ажиллагаа удаашралтай байна. Жишээлбэл, иргэдтэй хоёр болон гурван талт гэрээгээ байгуулсан энэ хугацаандаа 2015 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гурван талт гэрээ байгуулсан байна. Байр ашиглалтад орох хугацаагаа 2016 оны 2 сар гэж бичсэн байтал одоо 2025 он хүртэл юу ч хийгээгүй. Гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас иргэд бас их бухимдалтай байдаг.
4.4. Энэ төсөл чинь хэтэрхий удаан байна, энэ төсөл хэрэгжүүлэх гэж байгаа, төслийг хэрэгжүүлэгчийн хувьд төслийг хэрэгжүүлэх хүний нөөцийн, эдийн засгийн, техникийн чадвартай юм уу, чадваргүй юм уу, болохгүй бол төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлаач гэдэг иргэдийн удаа дараа гомдол ирдэг.
4.5. Нийслэлийн зүгээс төслийн үйл ажиллагаа хэрэгжүүлчих юм болов уу гээд бас нэлээдгүй хугацааг харсан тал байгаа. Инженерийн шугам сүлжээ буюу нийгмийн дэд бүтцэд өртөж байгаа газар төлөвлөлт болон нийгмийн дэд бүтэц, сургууль, цэцэрлэгийн асуудлыг н нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийдэг.
4.6. 2014, 2015 онуудад тодорхой зураг төслийн ажлуудыг нийслэлээс тодорхой хөрөнгө гаргаад хийсэн ажлууд байгаа. Нийслэлээс хэдэн сая, тэрбум орчим төгрөгийн хөрөнгө гаргаад хийгээд явдаг. Төсөл хэрэгжүүлэгч яг газар дээрээ юу ч хийдэггүй, байдаггүй. Гурван талт гэрээг 100 гаруй иргэдтэй хийгээгүй. Урьдчилсан нөхцөлөө ч хангадаггүй. Барилгын үйл явц нь яасан гээд харахаар ерөөсөө юу ч хийдэггүй. Нийслэлийн төсөв тодорхой хэмжээ хязгаартай. Төслийн үйл явцтай уялдуулаад бид нар хөрөнгийнхөө асуудлыг шийдэх практик байдаг.
4.7. Н иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг үзээд, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу энэ төслийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих, төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах саналын эрхтэй хяналтын хороогоор “А” ХХК-ийн хэрэгжүүлж байгаа төслийн үйл ажиллагааг танилцуулаад, хяналтын хороогоор төсөл хэрэгжүүлэх эрхийг нь цуцлах үндэслэлтэй байна, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна, иргэдийн нэгж талбарын 80 хувьтай гурван талт гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй байна.
4.8. Календарчилсан төлөвлөгөө батлуулах ёстой байдаг. Календарчилсан төлөвлөгөөг сүүлийн 2 жил батлуулсан зүйл байдаггүй. Барилга эхлүүлэх зөвшөөрөл авснаас хойш, барилгын ажлын явц нь 1 давхрын суурийг цутгасан байдалтай байна. Энэ бүх нөхцөл байдлыг нь харгалзаад төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах саналыг нд гаргаад, төслийг хэрэгжүүлэх эрхийг цуцлах захирамж н гаргасан. Захирамж гаргасны дараа төслийн нэгж талбар дээр байгаа 134 нэгж талбар буюу 1 өрх гэсэн үг. Хашаанд нь хамт амьдарч байгаа ам бүлээр нь дунджаар 600-700 орчим иргэдийн амьдрах орчны асуудал байна.
4.9. Иргэдийн эрх ашгийг нь хангах, төслийн үйл ажиллагааг хурдан явуулах ийм зорилгоор н төсөл хэрэгжүүлэх эрхийг нийслэлийн Орон сууцны корпорацад 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/1091 дүгээр захирамжаар олгосон байдаг. Захирамжийн 1 дэх хэсэгт “Нийслэлийн Хан-Уул дүүрэг 8-р хорооны нутаг дэвсгэр, ГХБД2024/2 багцын 11.5 га хэсэгчилсэн талбайг гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр, гэрээ байгуулах эрх олгох ажиллагааг нийслэлийн Орон сууцны корпорацад даалгасугай” гэж тусгасан байна. Н Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-д заасны дагуу төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үүргээ эрх хэмжээний хүрээнд нийслэлийн Орон сууцны корпорацыг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан.
4.10. Ингээд нийслэлийн Орон сууцны корпорац төслийн үйл ажиллагааг цаашид авч хэрэгжүүлэх, холбогдох барилгын ажлын явц, барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр холбогдох хуулийн этгээдүүдтэй болон төслийн нэгж талбар дахь газар өмчлөгч, эзэмшигч нартай гурван талт хамтран ажиллах гэрээ, хуулийн этгээдтэй байгуулах эрхийг н олгож өгсөн.
4.11. Иймд н “А” ХХК-ийн хууль болон гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй төслийн үйл ажиллагааг хэтэрхий удаашруулсан, 9-10 жил хүртэлх хугацаагаар удаашруулсан үйл баримтыг харгалзаж үзээд төслийг хэрэгжүүлэх эрхийг цуцалсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна.
5. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай байгууллагын хувьд нийслэлийн Засаг даргын захирамжид даалгасан талбайд гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах ажлыг зохион байгуулж явдаг. Маргаан бүхий захирамжийн хувьд манай байгууллагад нийслэлийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/1091 тоот захирамжаар Хан-уул дүүрэг 8 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 11.5 га газарт гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилга барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр гэрээ байгуулах эрхийг олгож ажиллахыг манай байгууллагад даалгасан. Энэ ажлын хүрээнд манай байгууллагын хувьд яг газар чөлөөлөлтөд өртсөн иргэдтэй 5 удаагийн уулзалтыг зохион байгуулан ажилласан. Дэд бүтцийн асуудал болон эдийн засгийн үр ашгийн тооцооллыг манай төслийн менежментийн хэлтэс хийж байгаа. Цаашид сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа. Өөр хийгдсэн ажил байхгүй” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэг авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч А ХХК нь тус шүүхэд хандаж “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн ******* дүгээр “Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “…Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг огт хийгээгүй…гурван талт гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах үүрэг нь Нд оногдсон … гэтэл гурван талт гэрээ байгуулаагүй гэх үндэслэл нь хууль бус” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...гурван талт гэрээ байгуулагдаагүй, төсөл хэрэгжүүлэгчийн үйл ажиллагаа хангалтгүй байна гэдэг үндэслэлээр Хяналтын хорооны шийдвэр гарсан...” гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргав.
2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл анх Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай” захирамжаар нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, ******* багцын 11,5 га талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “А” ХХК шалгарсныг батламжилж, захирамжийн 2 дахь заалтаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан компани, төсөлд хамрагдах иргэн, аж ахуйн нэгж болон Гэр хорооллын хөгжлийн газрын хооронд гурван талт гэрээг батлагдсан загварын дагуу байгуулж, “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ыг мөрдөж ажиллахыг Гэр хорооллын хөгжлийн газарт даалгаж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/691 дүгээр захирамжаар Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хэрэгжилтэд хяналт тавих, төслийн хэрэгжилттэй холбоотой гомдол, саналыг хэлэлцэх, нөхөн олговрын хэмжээг тогтоох зорилгоор үнэлгээ хийх ажлыг зохион байгуулах үүрэгтэй байгуулагдсан Хяналтын хорооны хурлын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2024/06 дугаар хурлын шийдвэрийн дагуу нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо нутаг дэвсгэр, ******* багцын 11,5 га талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “А” ХХК-д олгосон эрхийг цуцалсан үйл баримттай талууд маргаагүй байна.
4. Маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн “Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” ******* дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 63 дугаар дүгээр зүйлийн 63.1.1, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн зүйлийн 11.1, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.1, 49.3.5 дах хэсэг, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар баталсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2, 5.3-т заасныг үндэслэн нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо нутаг дэвсгэр, ******* багцын 11,5 га талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “А” ХХК-д олгосон эрхийг цуцалсан байна.
5. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-т “хууль тогтоомж болон Засгийн газрын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг хариуцан зохион байгуулах” 66 дугаар зүйлийн 66.1-т “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн зүйлийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-т “Аймаг, нийслэл…-ийн Засаг дарга хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар баталсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2-т “Төсөл хэрэгжүүлэгч нь барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авснаас хойш 6 сар хүртэл хугацаанд барилгын ажлыг эхлүүлээгүй, төслийг хэрэгжүүлэх явцдаа үйл ажиллагааны болоод техникийн ноцтой зөрчил удаа дараа гаргасан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална”, 5.3-т “Гурван талт гэрээнд заасан нөхцөлийн дагуу гэрээ цуцлагдаж, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 18.2-т заасан нөхцөл хангагдахгүй болсон тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална” гэж тус тус заажээ.
6. Хууль болон журмын дээрх заалтуудаас үзвэл хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгч “А” ХХК-ийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргасан гэж үзэж түүний төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан байх боловч дээр дурдсан нөхцөл байдлыг хангалттай шалгаж тогтоогоогүй Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг зөрчсөн хууль бус захиргааны акт гэж шүүх дүгнэв.
7. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж заасан ба хуулийн дээрх заалтаас үзвэл захиргаа аливаа шийдвэр гаргахын өмнө тухайн шийдвэрт хамаарах нөхцөл байдлыг тал бүрээс нь шалгаж тогтоох учиртай атал хариуцагчаас маргаан бүхий захиргааны акт гаргахдаа хуулийн дээрх заалтыг зөрчиж, тухайн шийдвэрийг гаргах урьдчилсан нөхцөл байдлыг хангалттай шалгаж тогтоогоогүй байна.
8. Тухайлбал, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “А” ХХК-ийг шалгаруулж, гурван талт гэрээ байгуулсан атлаа гэрээний нэг тал болох нэхэмжлэгчийг төсөл хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай, энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцэхгүй байна.
9. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч компанийн тухайд төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан цагаас хойш төслийн талбайд хамрагдсан 124 өрхийн 98 өрхтэй 2 талт гэрээ, 38 өрхтэй 3 талт гэрээ байгуулж, төслийн ерөнхий төлөвлөгөөг батлуулж, 12 өрхийн газрыг чөлөөлөн 6 давхар 96 айлын орон сууцны барилгын суурийн ажлыг гүйцэтгэж, дахин 2024 онд төслийн барилгажих ерөнхий төлөвлөгөөг өөрчлөн “Арт констракшн” ХХК-аар гүйцэтгүүлэн 2024 онд батлуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
10. Барилга, хот байгуулалт сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 46 дугаар тушаалаар батлагдсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 1.2-т “Энэхүү журмыг гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд өмчийн төрөл, хэлбэр харгалзахгүй дагаж мөрдөнө”, 2.18-д “Санал хураалтын дүнд хамгийн өндөр хувийн санал авсан хуулийн этгээд нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 20.1-д заасан шаардлагыг хангасан төсөл боловсруулж, төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувьтай хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан “Хот, суурийн газрын дахин хөгжүүлэх төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээний үлгэрчилсэн загвар”-ын дагуу гэрээ байгуулна”, 3.4-т “Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14.7.2г-д заасны дагуу төсөл хэрэгжүүлэгч, төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь 80-аас доошгүй хувийн газар, үл хөдлөх эд хөрөнгө, өмчлөгч, эзэмшигчтэй гурван талт гэрээг байгуулна” гэж тус тус заасан.
11. Түүнчлэн Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн зүйлийн 11.1-д “Аймаг, н хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар, тухайлбал хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн төсөл санаачлах, боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр, 11.2-т “газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч иргэн, хуулийн этгээдтэй аймаг, н гурван талт гэрээ байгуулах”-аар заасан бөгөөд үүнээс үзвэл гурван талт гэрээ байгуулах үүрэг нь хариуцагч захиргааны байгууллагад байх бөгөөд гурван талт гэрээ байгуулаагүй, энэ үүргээ биелүүлээгүй атлаа нэхэмжлэгч компанийг гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж дүгнэсэн нь хууль зүйн илт үндэслэлгүй.
12. Нөгөө талаар “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2-т “Төсөл хэрэгжүүлэгч нь барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авснаас хойш 6 сар хүртэл хугацаанд барилгын ажлыг эхлүүлээгүй, төслийг хэрэгжүүлэх явцдаа үйл ажиллагааны болоод техникийн ноцтой зөрчил удаа дараа гаргасан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон…тохиолдолд эрхийг нь цуцлахаар журамласан байх бөгөөд 2015 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт №0015/15 дугаартай гэрээний нэг тал болох нийслэлийн засаг дарга нь тус гэрээний 5.1.3-д “сонгосон талбайд улс, нийслэлийн төсвийн санхүүжилтээр хийгдэх ажлын жагсаалтыг гаргаж, төсөл хэрэгжүүлэгчтэй гэрээ байгуулж, хяналт тавих”-аар заасан үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалан тус төслийн талбайд инженерийн, нийгмийн дэд бүтцийн ажил хийгдээгүйгээс төсөл хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн болох нь тогтоогдож байна.
13. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т “Төсөл хэрэгжүүлэгч нь гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувьтай гэрээ байгуулснаар төсөл хэрэгжих урьдчилсан нөхцөл бүрдэнэ” гэж, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 46 дугаар тушаалаар батлагдсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 2.18-д “санал хураалтын дүнд хамгийн өндөр хувийн санал авсан хуулийн этгээд нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 20.1-д заасан шаардлагыг хангасан төсөл боловсруулж, төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувьтай хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан, “хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээний үлгэрчилсэн загвар”-ын дагуу гэрээ байгуулна”, 5.2-т “ ... гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд ...” гэж зааснаас үзвэл гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагаа нь гуравласан гэрээний үндсэн дээр хэрэгжихээр байна.
14. Хариуцагчаас энэхүү маргааныг хянан шийдвэрлэх явцад “Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.6-д “... төслийн хэрэгжилтийн талаар оролцогч талуудад тайлагнах, хяналтын хороогоор хэлэлцүүлэх” гэж заасны дагуу төсөл хэрэгжүүлэгчийнх нь хувьд “А” ХХК-ийн талаар тухайн нутаг дэвсгэрт амьдардаг иргэдээс уг төслийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор манайд удаа дараа өргөдөл гомдол гаргаж, эрх нь зөрчигдөж байгаа талаар гомдол гаргаж байгаагаа илэрхийлсээр байгаа ... төсөл хэрэгжүүлэгч журамд заасан үүргээ биелүүлээгүйгээс иргэдийн хүлээлт бухимдал ихэссэн, одоо ч хоёр болон гурван талт гэрээгээ цуцлуулахаар хандсаар байгаа ...” гэж маргаж байгаа хэдий ч нэхэмжлэгч компани нь гадна дэд бүтцийн ажлыг шийдвэрлүүлэхээр гадна цахилгаан хангамжийн зургийн ажлыг “*******” ХХК хийж гүйцэтгэж батлуулж 2017 оны төсөвт тусгуулсан,
15. Гадна дулаан, ус хангамж, ариутгах татуургын ажлын зураг төсөл төсвийг нийслэлийн Зураг төсвийн хүрээлэн хийж гүйцэтгэж 2017 оны магадлалаар баталгаажуулсан,
16. Гадна холбоо, дохиоллын ажлын зураг төсөл,төсвийг “А*******” ХХК хийж гүйцэтгэж, 2015 онд магадлалаар батлуулж гэрээний үүргээ биелүүлсэн байхад хариуцагч гуравласан гэрээ байгуулахаар төсөл хэрэгжүүлэгчид хандаагүй, хариуцагчаас гуравласан гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй нь төсөл хэрэгжүүлэгчээс үл шалтгаалсан байхад Хяналтын хороо төслийг үргэлжлүүлэх боломжгүй талаар санал гаргаж, улмаар Засаг дарга төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан нь үндэслэлгүй байна.
17. Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр Нийслэлийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн “төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” ******* дүгээр захирамж хууль бус, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” ******* дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ