Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 14

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.Эрхэмбаярын нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн  нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 153/ШШ2021/00163 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Магсаржав багийн 1-р 60 айлын орон сууцны 38 тоотод оршин суух, РД:ПО60102801, Боролдой овгийн Санжийн Эрхэмбаярын нэхэмжлэлтэй, Ховд их сургуульд холбогдох, иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Эрхэмбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамцэцэг,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уянга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: 19,605,945 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна гэжээ. Хуулийн дээрх заалтын дагуу төрийн үйлчилгээний албан хаагч С.Эрхэмбаяр би өндөр насны тэтгэвэрт гарахдаа нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрхтэй. Учир нь Ховд Их сургуулийн захирлын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/170 дугаар тушаалаар С.Эрхэмбаяр намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан 60 нас хүрч, өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр номын санчийн ажлаас чөлөөлсөн.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 273 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан соёл, урлагийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлийн ТҮСУ-4-д дээд боловсролын байгууллагын номын санч гэж заасны дагуу Ховд Их сургуулийн номын санч нь төрийн үйлчилгээний соёлын гүйцэтгэх албан тушаалтан юм. Ховд Их сургуулийн захирал, санхүүгийн албаны дарга нарын гарын үсэг бүхий баримтаар С.Эрхэмбаяр надад 19,605,945 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламжийн хэмжээ нь байхаар тооцоо гарсан. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэжээ. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний 7 дугаар тогтоолоор Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ыг баталсан. Уг журмын 5.1-т Төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход шаардагдах хөрөнгийг тухайн байгууллага жил бүр төсөвтөө тусгана гэжээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 11/10142 дугаар албан бичгээр С.Эрхэмбаяр миний нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгох зардлыг Ховд Их сургуулийн 2020 оны төсөвт тусгах зөвлөмжийг ирүүлсэн. Гэтэл Ховд Их сургуулийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор батлагдсан тус сургуулийн 2020 оны төсөвт С.Эрхэмбаяр надад олгогдох 19,605,945 төгрөгийн нэг удаагийн тусламжийн зардал тусгагдаагүй.Ховд Их сургуулиас С.Эрхэмбаяр намайг өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр номын санчийн ажлаас чөлөөлөхдөө нэг удаагийн буцалтгүй тусламж олгоогүй. Үүний улмаас С.Эрхэмбаяр миний нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх зөрчигдсөн тул эрхээ сэргээлгэхээр танай шүүхэд нэхэмжлэл гаргалаа. Иймд С.Эрхэмбаяр миний Ховд Их сургуульд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхийг хүсье гэжээ.

Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгч С.Эрхэмбаяр нь 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ховд Их сургуулиас 19,605,945 төгрөг гаргуулж, С.Эрхэмбаярт олгуулах гэсэн нэхэмжлэл гаргажээ. Уг нэхэмжлэлийг хариуцагчаас эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна гэж заасан боловч энэ заалт нь нэхэмжлэгч С.Эрхэмбаярт хамааралгүй заалт юм.Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т Төрийн албан хаагч гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг ойлгоно гэж заасан байна. Ховд Их сургууль нь төрөөс санхүүжилт авдаггүй, тус сургуулийн багш, ажилтнууд нь төрөөс цалин авдаггүй, төрийн албан хаагч гэдэг хуулийн нэр томьёоны тодорхойлолтод хамаарахгүй байгаа учир төрийн албан хаагч биш юм. Нэгэнт төрийн албан хаагч биш тул өндөр насны тэтгэвэрт гарахдаа төрийн албан хаагчийн авах ёстой буцалтгүй тусламжийг авах үндэслэлгүй байна. Иймд С.Эрхэмбаярын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 153/ШШ2021/00163 дугаар шийдвэрээр:” 1.Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 10 дугаар зүйлийн 10.4, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.2, 60 дугаар зүйлийн 60.1, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2, 43.1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Эрхэмбаярын нэхэмжлэлтэй, Ховд их сургуульд холбогдох Ховд их сургуулиас 19,605,945 /арван есэн сая зургаан зуун таван мянга есэн зуун дөчин тав/ төгрөг гаргуулж, С.Эрхэмбаярт олгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Эрхэмбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,600 /хоёр зуун тавин таван мянга зургаан зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй гэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлын агуулга: Ховд их сургуулийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд тус сургууль нь 2007 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар гэж хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлжээ. Үүнээс үзэхэд Ховд их сургууль нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1-т зааснаар 100 хувь төрийн өмчит төрийн байгууллага, албан газрын статустай байна. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т энэ хуулийн 10.1.2, 10.1.4-т заасан удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалын төрөлд хамаарах албан тушаалын жагсаалтыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална гэжээ. Ховд их сургуулийн удирдах зөвлөлийг томилдог, шууд харьяалах дээд шатны байгууллагаас С.Эрхэмбаяр намайг төрийн үйлчилгээний албан хаагч тул нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрхтэйг тогтоосон. Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.8-т Засгийн газрын гишүүн холбогдох төрийн захиргааны төв байгууллагын болон түүнд хууль тогтоомжоор харьяалуулсан бусад байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч байхаар, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18-т төсвийн бусад байгууллагын дарга тухайн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч байхаар заажээ. Хуулийн дээрх заалтын дагуу Ховд их сургуулийн захирал нь тус сургуулийн төсвийн шууд захирагч, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд нь Ховд их сургуулийн төсвийн ерөнхийлөн захирагч юм. Ховд их сургуулийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 09 дүгээр тогтоолын 1 дүгээр батлагдсан тус сургуулийн 2020 оны төсвийн орлогод Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас 80,751,528 төгрөгийн татаас авахаар тусгажээ. Үүнээс үзэхэд Ховд их сургууль нь төсвөөс санхүүждэг 100 хувь төрийн өмчит төрийн үйлчилгээний байгууллага, албан газар гэдгийг нотолдог.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, С.Эрхэмбаяр миний Ховд их сургуульд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгөхийг хүсье гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч С.Эрхэмбаяр нь Ховд Их сургуульд холбогдуулан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламж 19,605,945 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Хариуцагч Ховд Их сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “Ховд их сургууль нь төрөөс санхүүжилт авдаггүй, төрийн албан хаагч гэдэг хуулийн нэр томьёоны тодорхойлолтод хамаарахгүй тул өндөр насны тэтгэвэрт гарахдаа төрийн албан хаагчийн авах ёстой буцалтгүй тусламжийг авах үндэслэлгүй” гэж тайлбарлажээ.

            Шүүх “Ховд Их сургууль нь хариуцлагын хэлбэрийн хувьд төрийн өмчит үйлдвэрийн газарт, ангиллын хувьд аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт хамаардаг ба нэхэмжлэгч С.Эрхэмбаяр нь хөдөлмөрийн гэрээ байгуулан, соёлын үйлчилгээг иргэдэд хүргэдэг боловч энэхүү үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авдаггүй, өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг Ховд Их сургуулиас цалин авдаг тул төрийн албан хаагч биш байна, иймд түүний Ховд Их сургуульд ажилласан жил төрийн албанд ажилласан хугацаанд хамаарахгүй юм” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч С.Эрхэмбаяр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

            Нэхэмжлэгч С.Эрхэмбаяр нь Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасан тэтгэмж авахаар шаардах эрхтэй эсэхийг дүгнэхийн тулд нэхэмжлэгч нь төрийн албан хаагч мөн эсэх, нэхэмжлэгчийн ажиллаж байсан байгууллага нь төсвийн байгууллага мөн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй.

            Төрийн албан тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт зааснаар “төрийн албан хаагч” гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг хэлнэ.

            Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч С.Эрхэмбаяр нь эрх үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээд гэдэг нь баримтаар тогтоогдоогүй бөгөөд харин оюутны сургалтын төлбөр буюу орлогоороо өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг Ховд Их сургуулиас цалин хөлс авдаг болох нь тогтоогдсон байна.

            Иймд Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1.2 дахь хэсэгт заасан “...энэ журмын үйлчлэлд хамаарах төрийн албан хаагч нийтдээ 5 жил, үүнээс сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүснэ” гэх шаардлага хангаагүй байх тул нэхэмжлэгч С.Эрхэмбаяр нь Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасан тэтгэмж шаардах эрхгүй байна.

            Мөн Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.34 дэх хэсэгт “төсвийн байгууллага” гэж баталсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хэрэгжүүлдэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн төрийн болон орон нутгийн өмчит, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг” ойлгоно гэж заасан байна.

Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч Ховд Их сургуулийг “баталсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хэрэгжүүлдэг төсвийн байгууллага” гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 5.1 дэх хэсэгт заасан “Төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход шаардагдах хөрөнгийг тухайн байгууллага жил бүр төсөвтөө тусгана” гэх зохицуулалт нь хариуцагч Ховд Их сургуульд хамаарахгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч С.Эрхэмбаярын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Эрхэмбаярын давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож, ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны  03 дугаар сарын 24-ний өдрийн 153/ШШ2021/00163 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

                   ШҮҮГЧИД                                        Д.ЖАМБАЛСҮРЭН

                                                                     

                                                                                       М.НЯМБАЯР