| Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шагдаргомбын Төмөрбаатар |
| Хэргийн индекс | 2322000000171 |
| Дугаар | 2024/ДШМ/02 |
| Огноо | 2024-01-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Э |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 2024/ДШМ/02
Т.Нямцэрэнд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч З.Түвшинтөгс, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
Прокурор О.Эрхэмбаяр
Нарийн бичгийн дарга Б.Нансалмаа нарыг оролцуулан,
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЗ/405 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр яллагдагч Т.Нямцэрэнд холбогдох эрүүгийн 2322000000171 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Тоост овогт Түвшинжаргалын Нямцэрэн, Монгол Улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ерөнхий цэргийн командын офицер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Академийн 90 айлын орон сууцны 44 тоотод оршин суух, (РД: П082011314);
Шүүгдэгч Т.Нямцэрэн нь 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг сумын Их хонгор гэх газарт өөрийн эхнэр болох Н.Баярмаатай “мал төхөөрсөнгүй, айлын тогоо барилаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүр, толгой хэсэгт гараараа олон удаа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхи, хөмсөг, баруун гарын бугалга, зүүн шуу, алганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дундговь аймгийн Прокурорын газраас: Шүүгдэгч Т.Нямцэрэнгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар прокуророос шүүгдэгч Т.Нямцэрэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2322000000171 дугаартай хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Т.Нямцэрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Дундговь аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Ч.Бямбажаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: ... Шүүх “...шүүгдэгчийн үйлдэлд гэр бүлийн хүчирхийллийн шинж байгаа эсэхийг шалгаж тодруулахгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй байна...” гэж дүгнэсэн байна.
Шүүгчийн захирамжийг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1.Гэр бүлийн гишүүдийн хооронд үүссэн маргаан, гэмтэл учруулсан үйлдлийг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй эсэхийг тогтоохын тулд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хэргийн сэдэлт, гэмт хэрэг үйлдэгдэхийн өмнө болон дараа нь хохирогч, шүүгдэгч нарын хооронд үүссэн харилцааны шинж, тэдний биеэ авч явсан байдал, үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцааг харьцуулан судалж, хэргийн үйл баримтыг эргэлзээгүй, хөдөлбөргүй байдлаар сэргээн тогтоох учиртай. Прокурор, мөрдөгч нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шалгаж үнэлэхдээ хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож хэргийн үйл баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянаж үзсэний эцэст, хууль зүйн үндэслэл бүхий хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлтийг хийх үүрэгтэй.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд яллагдагч Т.Нямцэрэн нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Н.Баярмааг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдэн гарах болсон сэдэлт, санаа зорилго нь заншлын хэм хэмжээгээр хориглосон үйлдэл хийлгэхээр буюу эхнэрээрээ мал төхөөрүүлэхээр шууд хандаж, эмэгтэй хүнээр мал муулуулахаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй байдаг.
Хэрэг гарах өдрийн урд орой нь Н.Баярмаагийн ах дүүс нийлж тамганы найр хийсэн бөгөөд, найр дуусаад амрах үед Ц.Нямцэрэн нь унтах газар олдохгүй байна гэж уурлан 2 хүүхдийнхээ хамт хээр машиндаа хоносноос шалтгаалж маргааш өглөө нь хадмууддаа хандаж уурлаж чадахгүй эхнэртээ хандаж уураа гарган, урд өдөр уясан малаа төхөөрөлгүй удаалаа, хот руу буцах ажлаа бодсонгүй, дахин согтууруулах ундаа хэрэглэлээ, айлын тогоо барьж малаа төхөөрсөнгүй гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэй хэрүүл үүсгэж маргалдсаны улмаас эхнэрийгээ зодож хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон байдаг.
Өмнө нь яллагдагч Т.Нямцэрэнгийн үйлдсэн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үйлдэл нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг шууд дордуулах үндэслэл болохгүй бөгөөд тухай бүр нь дээрх гэм буруутай, үйлдэлдээ хуулийн хариуцлага хүлээж байсан болох нь бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог.
Иймд анхан шатны шүүхээс Ц.Нямцэрэнг эхнэрээрээ гардан мал төхөөрүүлэхээр буюу шууд тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж дүгнэж хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.
2. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлд шүүхийн шийдвэрийн талаар хуульчилсан бөгөөд тус зүйлийн 22.5-д “...Энэ хуулийн 22.4-т зааснаас бусад тохиолдолд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана...” гэх заалтын хүрээнд шүүгчийн захирамж нь шүүхийн шийтгэх тогтоол, цагаатгах тогтоолын нэгэн адил шүүхийн шийдвэр юм.
Шүүхийн шийдвэр нь хэлбэр болон агуулгын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6-36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх ёстой бөгөөд мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “...улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл...”, 2.4 дэх заалтад “шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт”, 2.5 дэх заалтад “яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл”-ийг тус тус шүүхийн шийдвэрт тусгах талаар хуульчилсан бөгөөд Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЗ/405 дугаартай захирамжид яллах талын нотлох баримтыг хэрхэн үгүйсгэж няцаасан талаар бодитой дүгнэлт хийлгүйгээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зүйл, хэсгийг зөрчсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангахгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,6-д заасны дагуу ноцтой зөрчилд хамаарч байна.
3. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд засаан “хэргийн талаар нотолбол зохих байдал”-ыг бүрэн дүүрэн шалгаж тогтоон, хийж гүйцэтгэвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу хийж гүйцэтгэсэн ба шүүгчийн захирамжид дурдсан “гэр бүлийн хүчирхийллийн шинж байгаа эсэхийг шалгаж тодруулахгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх” үндэслэлээс өөрөөр ямар мөрдөн шалгах ажиллагааг хэрхэн хийлгэхээр буцааж байгаа нь тодорхойгүй, нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийг шаардлагыг хангахгүй байна.
4. Прокуророос гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг прокурор хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд нотолж, хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт шүүхэд шилжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан бөгөөд хэрэв шүүхээс хэргийн зүйчлэлийг хүндрүүлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “...Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж заасан байхад хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.
Иймд Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЗ/405 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хохирогч Н.Баярмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие 2023.09.03-нд Адаацаг сумын Их хонгорт болсон үйл явдлыг буруу ойлгож хадмын мал дээр очсон нөхөр болох Нямцэрэнгийн хэлсэн үг болох малаа хийж гаргахгүй яасан юм гэдгийг ах дүү нарт хэлж чадахгүй надад уурлаж хэлснийг шүүх буруу ойлгож эмэгтэй хүнээр мал гаргуулах гэж дүгнэж хоёр биенээ ойлгож, эвлэрэн хамт амьдарч байхад нь нөхрийг хэргийг хүндрүүлж байгаад гомдолтой байгаа тул захирамжийг хүчингүй болгох журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Прокурор О.Эрхэмбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Тохиолдлын шинжтэй нэг удаагийн үйлдлээр хүний биед хөнгөн гэмтэл учруулж байгаа үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл байна гэдэг байдлаар хүндрүүлэн буцааж байгаа шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн. Гэр бүлийн хүчирхийллийг ялган зааглаж ойлгох бүрэн боломжтой. Шүүгчийн захирамж өөрөө гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдлийг шалга гэдэг үндэслэлээр буцааж байгаа нь тодорхойгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгчийн захирамж тодорхой байх ёстой. Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн гүйцэт хангагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй, ямар нэг байдлаар дүгнэлт хийгээгүй атлаа хэргийг буцаахаар захирамж гаргасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Илтгэгч шүүгчээс эсэргүүцлийг тодорхой уншиж танилцууллаа. Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж байгаа тохиолдолд хэрвээ шүүхээс хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн үзэх шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан хэрэглэвэл зохих байдлыг хэрэглэхгүй байна. Ердийн журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа бол 60 хүртэл хоногоор хойшлуулах боломжтой. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд хууль нэгэн адил хэрэгжих зарчим өөрөө хөндөгдөж байна. Давж заалдах шатны шүүх тодорхой дүгнэлт хийх байх гэж бодож байна. 2017 оноос хойш хэрэгжиж эхэлсэн хууль хэрэгжиж байгаа. Тохиолдлын шинжтэй нэг удаагийн үйлдлээр бусдын биед хөнгөн хохирол учруулж байна уу гэдгийг тодорхойлоод үйл баримтаар нотолбол зохих байдлыг тал бүрээс нь бүрэн гүйцэт нотлоод зүйлчлэл хийгээд орж ирж байгаа тохиолдолд яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэх байтал хүндрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэдэг байдлаар тодорхойгүй заалтыг баримталж хэргийг буцааж байгаа нь шүүгдэгч болон хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байгааг хүлээн зөвшөөрөх боломж байхгүй. Эсэргүүцлийн үндэслэлийг тодорхой заасан. Хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. 2023 оны Дээд шүүхийн тогтоол, шийдвэр, тайлбарт заасан. 2010-2020 онд гэр бүлийн хүчирхийллийн талаар Дээд шүүхийн 2 удаагийн тогтоол гарч ирсэн. Гэр бүлийн хүчирхийллийг тодорхойлон заасаар байтал шүүгчийн захирамжид тодорхойгүй дурдаж байгаа нь эсэргүүцэл бичих үндэслэл болсон. Эсэргүүцлээ дэмжиж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Прокурорын эсэргүүцлийн дагуу яллагдагч Түвшинжаргал овогтой Нямцэрэнд холбогдох хэргийг хянав.
Тоост овогт Түвшинжаргалын Нямцэрэн нь 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн эхнэр болох Н.Баярмаатай маргалдаж цохиж зодон, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхи, хөмсөг, баруун гарын бугалга, зүүн шуу, алганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсоныг Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ба Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянаад Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 2322000000171 дугаартай хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн үйлдэлд гэр бүлийн хүчирхийллийн шинж байгаа эсэхийг шалгаж тодруулахгүйгээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэсгүй гэж үзсэн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЗ/405 тоот захирамжийг прокуророос үндэслэлгүй хэмээн үзэж эсэргүүцсэн байна.
Давж заалдах шатны шүүх эсэргүүцлийг хянан үзээд хүлээн авах боломжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгохоор тогтов.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-д ...энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ гэсэн заалтыг баримтлан шийдвэрлэсэн байх бөгөөд буцаах, эсхүл ердийн журмаар шийдвэрлэхийн аль нь болохыг шүүх өөрөө үзэмжээрээ тогтоон шийдвэрлэхээр зохицуулжээ.
Мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдал нь ...шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, ...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн эсэх, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх, ...гэмт хэрэг үйлдсэн гэж буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх зэрэг зүйлүүд байх ба эдгээр нөхцөл байдлуудад дараалан хариулт өгсөн нь нотолгоотой байх ёстой.
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эдгээр үндэслэлээр хууль ёсны хэрэгжилтийг хангахаар шаардаж, шийдвэр гаргах эрхтэй.
Шүүхээс дээрх үндэслэлийг хангахаар шаардсан тохиолдолд гарсан шийдвэрт оролцогч талууд гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахаар заан хуульчилсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн ямар нөхцөл байдлыг ноцтой зөрчил гэж ойлгох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1-д заан тодорхойлсон.
Хэргийн нөхцөл байдал, хавтаст хэрэгт авагдсан бичгэн нотлох баримтуудаас үндэслэн дүгнэхэд прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий байна гэж үзэв.
Иймд шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЗ/405 дугаар захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ШҮҮГЧИД З.ТҮВШИНТӨГС
Ш.ТӨМӨРБААТАР