| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Пагма |
| Хэргийн индекс | 309/2025/00159/И |
| Дугаар | 309/ШШ2025/00265 |
| Огноо | 2025-03-13 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 309/ШШ2025/00265
| 2025 оны 03 сарын 13 өдөр | Дугаар 309/ШШ2025/00265 | Дорнод аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “******* *******” ХК-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.*******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Эрдэнэтогтох
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “******* *******” ХК нь “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.*******ыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
*******ын ******* нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ******* *******тай ******* дугаарт зээлийн гэрээ байгуулж 500,000 төгрөгийг жилийн 42 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай, хэрэглээний зээл авсан болно. Хариуцагч нь зээл авах үедээ Дорнод аймаг, Хэрлэн сум, 4 дүгээр баг, Зангиат 7 дугаар гудамж 01 тоот хаягт оршин сууж байсан. ******* *******ны зүгээс зээлийн төлөлттэй холбоотойгоор Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөр хариуцагчаас 1,011,276.33 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон болно. Иймд хариуцагч Г.*******ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний болон итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон тухай 2024.08.14-ний өдрийн 18/10/0289, 2024.07.26-ны өдрийн 317 дугаартай албан бичгүүд зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2025.01.27-ны 11/50 дугаартай албан бичиг, 2023.11.07-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн даргын 2023.09.21-ний 283-3/3993 дугаартай албан бичиг, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.12.05-ны 182/ШШ2022/03548 дугаартай шийдвэр, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.08.26-ны өдрийн 138/ШЗ2022/02109 дугаартай захирамж, ******* ******* ХК-ий 2018.10.04-ний өдрийн ******* дугаартай Кредит картын гэрээ, кредит картын тооцооллын хүснэгт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК нь “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.*******ыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХК нь Г.*******ыг шүүхийн журмаар эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрыг олж тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар нэхэмжлэгч “******* *******” ХК нь *******ын *******ад 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ******* *******тай ******* дугаарт зээлийн гэрээ байгуулж 500,000 төгрөгийг жилийн 42 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлдүүлсэн байх ба Г.******* нь уг зээлийн гэрээнд зааснаар зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй учраас шүүхэд дээрх асуудлаар нэхэмжлэл гаргах гэхэд түүний оршин суух хаяг болон холбоо барих утсыг нь мэдэхгүй байгаа болох нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2022/03548 дугаартай шийдвэрээр эрэн сурвалжилж, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсээс 2023.09.21-ний өдрийн 283-3/3993 албан бичгээр Г.*******ыг Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 7-1 тоотод оршин суудаг нь тогтоогдсон гэх үндэслэлээр эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон боловч дээрх оршин суух бүртгэлтэй боловч оршин суухгүй, одоо хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй болох нь тус тус тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг ханган шийдвэрлэж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох регистрийн дугаар нь ЖВ92052505 *******ын *******ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд заасны дагуу Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ын *******ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар *******ын ******* /ЖВ92052505/-ыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэн, энэ тухай нэхэмжлэгч “******* *******” ХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Эрдэнэтогтох утас 88012471/-д мэдэгдэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-д зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА