Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 309/ШШ2025/00340

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 309/ШШ2025/00340

Дорнод аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,

          Нэхэмжлэгч: “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: ******* *******д холбогдох

          Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 6,138,388 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.*******д нь 2024 оны 03 сарын 18-ны өдөр “******* *******” ХХК-тай ЗГ2024031812139 тоот бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээ байгуулж, IPhone15 Pro маркийн гар утсыг 2,588,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2024 оны 03 сарын 18-наас 2026 оны 08 сарын 29-ний өдрийг хүртэл 30 сарын хугацаанд сар бүр 245,395 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. Мөн 2024 оны 03 сарын 20-ны өдөр Токи кредит үйлчилгээний гэрээ байгуулж 457,000 төгрөгийн зээлийн эрх үүсгэсэн бөгөөд Токи аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохирсон. Хариуцагч нь 2024 оны 07 сарын 29-ний өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг огт төлөөгүй бөгөөд хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан ч үр дүн гарахгүй байх тул гэрээний 9 дүгээр зүйлийн 3-т заасныг үндэслэн гэрээг цуцлан, шүүхэд хандаж байна.

           Иймд Б.*******гээс ЗГ2024031812139 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 5,529,188 төгрөг, 2102015 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлд 609,200 төгрөг, нийт 6,138,388 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “******* *******” ХХК-аас IPhone15 Pro маркийн гар утсыг 2024 оны 03 сарын 18-нд 18 сарын хугацаатай лизингээр авсан боловч 2024 оны 07 сарын 29-ний өдрөөс хойш төлж байгаагүй нь үнэн болно. Нэхэмжлэгч “******* *******” ХХК-тай ярьж төлбөрийн хэмжээг 2025 оны 04 сарын 05-ны өдрөөс 2026 оны 07 сарын 05-ны өдрийг дуустал сар бүр 400,000 төгрөгөөр төлж барагдуулах шийдэлд хүрсэн болно. Нийт 6,138,388 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.

          Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,138,388 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.       

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь зээлийн гэрээний үүрэгт 6,138,388 төгрөгийг нэхэмжлэгч “******* *******” ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн  гэх үндэслэл байхгүй байна.

          Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

          1.Хариуцагч Б.******* нь зээлийн гэрээний үүрэгт 6,138,388 төгрөгийг нэхэмжлэгч “******* *******” ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113,164 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 56,582 төгрөг, хариуцагч Б.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 56,582 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                        Г.НАМУУНТУЯА