Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 134

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

Улсын яллагч Э.Халиун,

Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Очирваань нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Хар өндөр овогт Дамдинсүрэнгийн Бархаст холбогдох эрүүгийн 1709000430257 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлхийн 4 дүгээр гудамжны 104 тоотод оршин суух хохирогч Б.Цэвээнпүрэвийн эзэмшлийн зуслангийн байшингийн хашаанд хууль бусаар нэвтрэн орж машин механизм хэрэглэн 13 ширхэг гацуур модыг хулгайлан бусдад 2.750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: 2017 оны 06 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баярмагнай ахыг Сэлх рүү хүнээс хямдхан мод авна гэж дагуулан явсан. Баярмагнай ах энэ талаар мэдээгүй байсан. Сэлхэд дагуулан очоод хашаа руу нь би өөрөө орж ёнкосноос буулгаад Баярмагнай ахаар гаргуулан ачуулсан. Тэгтэл Баярмагнай ах юун мод вэ гэхэд нь хүнээс авч байгаа юмаа гээд машинд ачсан. Тэгээд ачаад явж байтал араас цагдаа нар ирсэн. Хохирогчид 3.250.000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй гэв.

Хохирогч Б.Цэвээнпүрэв: “...Би Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Сэлхийн зуслангийн 4-р хэсгийн 108 тоотод манай зуслангийн байшин байдаг юм. Уг хашаанд манай компаний борлуулах модны суулгацын хүнд зарахад бэлэн болгоод хадгалдаг юм. 2017 оны 06 дугаар сарын 17-ны өглөө 02.00 цагийн үед надруу манай зуслангийн манайч Намсрайжав гэх хүн надруу утсаар яриад хашаанаас чинь мод хулгайлсан байна яаралтай ир гэж хэлсэн. Тэгээд би шууд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр ирэхэд мод хулгайлсан гэх 2 хүн, манай хашаанаас авсан гэх 13ш гацуур модны суулгацыг тавьсан байдалтай байсан. Тэгээд цагдаагаас хүмүүсийг авч үлдээд надад 13ш гацуур модны суулгацыг хүлээлгэж өгсөн. Тэгээд тухайн үед би цагдаад өргөдөл тайлбар өгсөн. 13 ширхэг 2.5 м-ээс 3.5м өндөртэй нэг бүрийн үнэ нь 250.000-350.000 төгрөгний үнэтэй гацуур модны суулгац байсан. Тухайн үед би 1 модыг 250.000 төгрөгөөр бодоход надад 3.250.000 төгрөгний хохирол учирсан байсан.13 мод хүлээж авсанаас одоогийн байдлаар 6-7 ш мод нь үхсэн, ашиглах боломжгүй байна. Цаашдаа хэдэн мод ашиглах боломжгүй болохыг сайн мэдэхгүй байна. Ер нь модийг босоогоор тээвэрлэх ёстой байхад тэр хүмүүс хэвтүүлээд ачсан байсан болохоор үхдэг юм...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар тал/

Гэрч Д.Намсрайжавын “... Би Цэвээнпүрэвийн хашаанд гэр барьсан амьдарч байсан юм. Тэгтэл шөнө 11 цаг өнгөрч байхад хаалга нүдсэн тэгэхээр нь нэлээд удаж байгаад очоод хэн бэ? яах гэж байгаа юм бэ? гэж асуутал ахаа мод зархуу модыг чинь үзмээр байна гэж нэг эрэгтэй хүн хэлсэн мод зарна гэхдээ шөнө зарахгүй маргааш өглөө ирж үз гэж хэлсэн тэгтэл өглөө 06 цаг гээд ирэхэд болон биздээ гэж хэлээд яваад өгсөн тэгээд би буцаж гэртээ ирчихээд энэ хулгайч байж магадгүй гэж бодоод хүлээгээд байсан юм тэгтэл шөнө 02 цагын үед нэг портер машин хашааны хажуугаар явсан би хашааны дээгүүр хартал нөгөө машинаа хашааны дээд үзүүрт аваачиж тавиад гэрлээ унтраагаад зогссон тэгэхээр нь би чимээгүй ажиглаад байтал манай хашааг даваад ёнксон дээр гишгэж орж ирээд гацуур мод аваад ёнксон дээр тавьж байгаад ачсан тэгээд ачиж дуусаад хөдлөхөөр нь би араас нь гараад машинтай дагаад нэг автобусны буудал хэртэй яваад автобусны буудлын карманд зогсож байхад нь очиж машины дугаарыг нь хараад буцаад явсан юм. Тэгээд би цагдаад мэдэгдсэн юм...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дугаар тал/

Гэрч Л.Баярмагнайгийн “...Би 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гэртээ буюу СХД-ийн 10-р хороо Зүүн баян уулын 16-54 тоотод байхад Бархас гэх танил залуу утсаар ярьсан юм. "Орой та завтай юу би хүнээс модны суулгац авах гэсэн юм" гэж яриад орой 21.30 цагийн үед над дээр пронтер маркын 44-08 УНУ гэсэн байхаа дугаартай машинтай ирсэн. Тэгээд бид 2 шууд Сэлхийн зуслан дээр ирсэн. Тэгээд явж байгаад нэг блокон хашаатай айлын гадаа очсон юм. Тэгээд би машинд үлдээд Бархас буугаад явсан. Удалгүй намайг дуудсан юм. Бархас тэр айлын блокон хашаан дотор зогсож байсан. Юун мод юм бэ гэж асуухад би мөнгийг нь өгсөн байгаа орой аваарай гэж хэлсэн. Ямар нэгэн асуудал байхгүй талаар хэлсэн. Тэгээд би модны суулгацыг өргөлцөөд машиндаа ачаад явах гэж байхад араас машин орж ирээд зогссон. Манаач нь гээд хүн ирээд цагдаа дээр ирсэн. Юу болсон талаар Бархасаас асуухад хулгайн мод болж таарсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр тал/

Гэрч Д.Бархасын “...Би 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутагт байрлах танил Тулга гэх хүнээс тахианы дэгдээхэй худалдаж авсан юм. Тухайн үед тахиа худалдаж аваад явж байхад тэр айлын зүүн хойд талд нь блокон хашаатай айл байсан юм. Тэр айлын хашаанд олон тооны модны суулгац байсан юм. Тэгээд мод байдаг юм байна даа гэж харсан юм. Тухайн үед тэр модноос авч хашаандаа суулгах санаа төрсөн юм. Дараа нь 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Баярмагнай гэх таньдаг ахыг гуйгаад айлаас мод авах гэсэн юм гэж хэлээд Сонгинохайрхан дүүрэгт байх гэрээсээ орой 21.30 цагийн үед 04-08УБ улсын дугаартай пронтер маркийн машинтай цуг хөдөлсөн юм. Тэгээд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Сэлхийн зусланд 22:40 цагийн үед ирсэн юм. Мод байсан айл нь хар замын дөнгөж хажууд нь байсан ба хашааны зүүн хойд булангаар давж орсон юм. Гадаа Баярмагнай үлдсэн юм. Тэгээд би хашаан дотор нь ороод модоо өргөх гэхэд дийлэхгүй болохоор нь Баярмагнай ахыг дуудаад хамт өргөлцөх гэхэд Баярмагнай ах "юун мод юм бэ" гэж асуухаар нь зүгээрээ би худалдаж авсан юм. Орой ирж аваарай гэж хэлсэн юм гээд цуг ороод нийт 13 ширхэг гацуур модны суулгац авсан. Тэгээд суулгацаа машиндаа ачиж хөдлөөд манаачид нь баригдсан юм....” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дугаар тал/

Яллагдагч Д.Бархасын “...2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баярмагнай ахыг би хүнээс мод авах гэсэн юм гэж хэлээд дагуулаад явсан тэгээд Сэлхэд дагуулж ирээд та машиндаа байж бай би эхлээд ороод ирье гэж хэлээд нөгөө мод байсан хашаанд орсон тэгээд моднууд аваад хашааны дотор байсан усны ёнксон дээр гаргаж тавиад Баярмагнай ахыг дуудаад та энэ моднуудыг доороос аваадах гэж хэлсэн тэгтэл Баярмагнай ах энэ чинь хулгайн мод биш биз дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би зүгээрээ би танидаг хүнээсээ авч байгаа юм мөнгийг нь хямдхан авч байгаа юм гэж хэлээд модоо хашаа давуулж өгөөд Баярмагнай ах доороос аваад машиндаа ачсан. Дөнгөж хөдөлтөл цагдаа ирээд бид хоёрыг барьж авсан юм. Би уг модыг хашаандаа тарих санаатай байсан юм...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 4-5 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Бын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдалтай холбоотой баримт /хавтаст хэргийн 71-81/ зэрэг болно.

 

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлхийн 4 дүгээр гудамжны 104 тоотод оршин суух хохирогч Б.Цэвээнпүрэвийн эзэмшлийн зуслангийн байшингийн хашаанд хууль бусаар нэвтрэн орж машин механизм хэрэглэн 13 ширхэг гацуур модыг хулгайлан бусдад 2.750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

Хохирогч Б.Цэвээнпүрэвийнмэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар тал/, гэрч Д.Намсрайжавын мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дугаар тал/, гэрч Л.Баярмагнайгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр тал/, Д.Бархасын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 4-5 дугаар хуудас/ зэрэг болно.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Д.Быг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Б болон шүүгдэгчийн өмгөөлөгч нь улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас Д.Быг “2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх”

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Очирвааниас: “Миний үйлчлүүлэгч гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Гэр бүлтэй 3 хүүхэдтэй, гэр бүлээ тэжээн тэтгэх, асран хамгаалах үүрэгтэй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг харгалзан тэнсэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдгээрийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Д.Бт 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй байна.

3. Бусад асуудлаар:

Эрүүгийн 1709000430257 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан өндөр овогт Дамдинсүрэнгийн Бархасыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч машин механизм хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2 . 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Бт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар Д.Бт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг эрх бүхий байгууллагад даалгасугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Д.Бт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ИДЭР