Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 309/ШШ2025/00345

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 309/ШШ2025/00345

Дорнод аймаг

 

                       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,

          Нэхэмжлэгч: ******* *******ын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: ******* *******д холбогдох

          Нэхэмжлэлийн шаардлага: “Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,865,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2023 оны 12 дугаар сард хариуцагч Ё.*******д 350кг адууны хөлдүү махыг 1кг-ийг нь 5,800 төгрөгөөр бодож худалдсан. Ё.******* нь нийт 2,030,000 төгрөгөөс 165,000 төгрөгийн тооцоог хийсэн. Үлдэгдэл 1,865,000 төгрөгийг одоо болтол өгөөгүй. Ё.******* нь уг махыг өөрийн дэлгүүртээ зараад дууссан. Мөнгийг удаахгүй 3-5 хоногтоо багтаан өгөх байсан боловч одоог хүртэл өгөөгүй байгаа тул гаргуулж өгнө үү гэжээ.

          Хариуцагч Ё.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.Шинбаярын нэхэмжилсэн мөнгө болох 1,865,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Тус мөнгийг 1-2 сарын дотор төлж барагдуулна гэжээ.

          Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Ё.*******д холбогдуулан “Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,865,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.          

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ё.******* нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,865,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******т төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн  гэх үндэслэл байхгүй байна.

 

          Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

          1.Хариуцагч Ё.******* нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,865,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******т төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,790 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 22,395 төгрөг, хариуцагч Ё.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 22,395 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                           Г.НАМУУНТУЯА