Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 474

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Г.Ууганзаяа;

улсын яллагч: Э.Халиун;

шүүгдэгч: Г.Ж (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,        

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ганболдын Жд холбогдох эрүүгийн 1709015890183 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.                        

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Ж.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Г.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 04 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөлөндөө” хоолны газарт хохирогч Б.Баясгаланг зодож эрүүл мэндэд нь “хоншоор яс, баруун нүдний ухархай дотор хана, доод хананы хугарал, тархи доргил, баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ж мэдүүлэхдээ: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Гэм буруугийн асуудал дээр маргахгүй, хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрнө гэв.         

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Баясгалан /хх-ийн 14-17/, гэрч Ribes Delmonte Daniel /Даниел Рибес/ /хх-ийн 33-34/, У.Мэндбаяр /хх-ийн 35-36/, С.Ренчиндор /хх-ийн 41-42/ гарын мэдүүлэг, Г.Жгийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 52/ мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12990 тоот дүгнэлт /хх-ийн 44/, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 27-28/, Г.Жгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 53-63/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:      

 

Шүүгдэгч Г.Ж нь согтуурсан үедээ 2017 оны 10 дугаар сарын 13-ны шөнийн 04 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “Шөлөндөө” хоолны газарт хохирогч Б.Баясгалантай хэрүүл маргаан үүсгэн, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь “хоншоор яс, баруун нүдний ухархай дотор хана, доод хананы хугарал, тархи доргил, баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:                                                                                              

           

хохирогч Б.Баясгалангийн /хх-ийн 14-17/: “... 2017 оны 10 дугаар сарын 13-ны  04 цагийн үед би Сүхбаатар дүүргийн 6 хороо, Монгол Улсын Их Сургуулийн 2 дугаар байрны замын урд талын “Шөлөндөө” нэртэй хоолны газарт өөрийн танил Испани улын иргэн Даниел Рибес, танил эмэгтэй Энхүүнээ /99009249/ болон түүний найз эмэгтэй нартай хамт хоолонд орсон. Би Даниел Рибестэй хамт нэг газар ажиллаж байсан юм. Тэгээд тус хоолны газар хоолоо захиалчихаад хоолоо хүлээгээд сууж байхад хажуугийн ширээн дээр сууж байсан 4 Монгол залуугийн 2 нь бид нарыг өдөөд байсан юм. Тэд нар намайг гадаад хүн гэж бодоод байх шиг байсан. Тэд нар тэгээд манай найз Даниел Рибес, бид 2-ыг “энэ муу гадаадууд их даварч байна, новшнууд” гэх мэтээр хараагаад өдөөд байсан. Тэр үед би өөрийгөө “Монгол, мөн бид нарыг битгий өдөөд бай” гэх зэргээр тайлбарласан боловч тоохгүй байсан юм. Тэгээд 2 залуу нь манай найз Даниел Рибес рүү сандал авч шийдэх гэж оролдсон, мөн цохих гэж дайраад байсан. Тэгэхээр би дундуур нь ороод салгах гэж байтал нэг залуу нь миний нүүр рүү цохьсон...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ribes Delmonte Daniel /Даниел Рибес/-ийн /хх-ийн 33-34/: “ ... Хоол идэх гээд тус газрын текэнд хоолны захиалга өгөөд байж байхад үл таних залуу хойноос ирээд намайг шалтгаангүйгээр мөргөсөн. Би ямар нэгэн асуудал үүсэхгүйгээр шууд ширээн дээрээ очиж суусан. Тухайн үед Баясаа миний хажууд зогсож байсан. Намайг мөргөсөн залуутай Баясаа асуудал үүсгэж, намайг өмөөрч байсан. Баясааг мөн дух руу нь зөөлөн мөргөөд байсан. Баясаа намайг өмөөрөөд тус залуутай маргалдсан. Түргэн хоолны газрын ажилчид Баясаа болон намайг мөргөдөг хоёрыг салгасан. Намайг мөргөдөг залуу хоёр найзын хамт манай ширээн дээр ирээд Баясааг тойрч зогсоод зодолдсон. Тус рестораны хамгаалагч болон ажилчид бид нар руу дайрсан хүмүүсийг холдуулсан. Гэтэл тэр хүмүүс буцаж ирээд дайраад байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч У.Мэндбаярын /хх-ийн 35-36/: “... 2017 оны 10 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөлөндөө” түргэн хоолны газар буюу ажил дээрээ үүрэг гүйцэтгэж байхад гэнэт зааланд зодоон болсон...” гэх мэдүүлгээр,

 

гэрч С.Ренчиндоржийн /хх-ийн 41-42/: “... 2017 оны 10 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөлөндөө” түргэн хоолны газар Ж, Санчиндорж нарын хамтаар хоол идэхээр орсон. Би хоолоо захиалах гээд кассан дээр очоод гурван ширхэг цуйван захиалсан. Тэгээд Ж гадаад хүнтэй муудалцаад уурлаад байсан. Тэгээд би “гаръя”  гэсэн чинь Ж “хоолоо идээд гаръя” гэж хэлж байсан. Нэг мэдсэн чинь ард зодоон болж байсан. Би кассны хажууд зогсож байсан чинь Ж гадаад залуу Монгол залуу хоёрын ширээ рүү очсон чинь Монгол залуу босч ирсэн, тэгсэн чинь Ж маргалдаж байгаад Монгол залууг цохисон...” гэх мэдүүлгээр,

 

Г.Жгийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 52/: “...Бид хоёр зууралцаад газар унаад салахдаа би хохирогчийн баруун хацар хавьцаа нь өөрийнхөө баруун хөлөөр нэг удаа жийсэн...Би дээрх хохирогчийн биед учирсан гэмтлүүдийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлгээр,

 

Г.Жгийн буруутай үйлдлийн улмаас Б.Баясгалангийн биед “хоншоор яс, баруун нүдний ухархай дотор хана, доод хананы хугарал, тархи доргилт, баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заасан хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12990 тоот дүгнэлт /хх-ийн 44/, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.            

 

Шүүгдэгч нь хохирогчийг зодсоноо өөрөө хүлээсэн, хохирогч, гэрч нар шүүгдэгчийг хүн зодсоныг гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Г.Жгийн “гадаад хүмүүс даварч байна” хэмээн бусадтай хэрүүл маргаан үүсгэн улмаар Б.Баясгаланг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Г.Жгийн “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.       

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Шүүгдэгч хохирогчид учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 6.100.000 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд хохирогч “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Г.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэдийгээр прокурор шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр санал гаргасан боловч гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгоор шүүгдэгчийг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээхээр тогтов.    

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Булган овогт Ганболдын Жг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жг нийт 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.                     

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.                  

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.                   

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ