Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2023/ДШМ/39

 

Д.А-д холбогдох эрүүгийн хэргийн тухай 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/145 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Д.А-д холбогдох эрүүгийн 2313000000139 дугаартай, 2 хавтастай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Өрен, шүүгдэгч Д.А-, түүний өмгөөлөгч Д.Айбек, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ж, орчуулагч, хэлмэрч Б.Жанерке, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бахытбек нар оролцов.

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ***, **** оны **дугаар сарын **-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ** хүнтэй, *** нарын хамт *** тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Н овогт Д-ны А-.

 

2.  Д.А- нь Хилийн цэргийн **** дугаар ангид хугацаат цэргийн албанд татагдаж, цэргийн алба хааж байх үедээ буюу 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 21 цаг 25 минутын үед цэргийн албанаас зайлсхийх зорилгоор алба хааж байгаа цэргийн ангийг дур мэдэн орхиж явсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

3. Прокурорын 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 125 дугаар яллах дүгнэлтээр Д.А-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн  2023/ШЦТ/145 дугаар шийтгэх тогтоолоор: 

4.1. Шүүгдэгч Н овгийн Д-ны А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цэргийн алба хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн ангид алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явж, цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Д-ны А-ыг 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

4.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-д оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

 

5. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:   

5.1. Өмгөөлөгч Д.Айбек би Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн шийтгэх тогтоолыг 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

5.2. Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэргийг тал бүрээс нь дүгнэж үзээгүй, зөвхөн нэг талыг баримталж шүүгдэгч Д.А-д хорих ял оногдуулсан.

5.3. Шүүгдэгч Д.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон ба хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр 6 сарын хорих ял оногдуулсанд гомдолтой байна.

5.4. Шүүгдэгч Д.А- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаагүй, бусдад төлөх төлбөргүй нөхцөл байдал тогтоогдсон боловч Д.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй.

5.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-1, 6.5-2 ,6.7-1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэх боломжтой байхад Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэрэглээхгүйгээр ял оногдуулсанд гомдолтой байна.

5.6. Иймд сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, тэнсэж өгнө үү.

 

6. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлт:

6.1. Шүүгдэгч нь хилийн цэргийн **** дугаар ангид хугацаат цэргийн албанд татагдаж, цэргийн албаа хааж байх үед буюу 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 21 цаг 25 минутын үед цэргийн албанаас зайлсхийх зорилгоор алба хааж байсан цэргийн албаа  дур мэдэн орхиж явсан гэх гэмт хэрэгт холбогдсон.

6.2. Холбогдох хэрэгт прокуророос мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүгдэгчийн үйлдэлд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

6.3. Анхан шатны шүүхээс 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хэргийг хянан хэлэлцэж шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Анхан шатны шүүх хуралдаанаас холбогдох хэргийг хянан хэлэлцэхэд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, шударга ёсны зарчимд нийцүүлэн үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар бүлэгт “Монгол Улсын иргэний үндсэн үүргийг тусгаж өгсөн.  Уг бүлгийн 1.4 дэх хэсэгт “эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” гэж заасан. Шүүгдэгчийн хувьд Үндсэн хуульд заасан дээрх холбогдох заалтыг мөн адил давхар зөрчиж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байх тул анхан шатны шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

7. Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Айбекийн гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байх тул хэвээр нь үлдээж, давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

8. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

 

9. Шүүгдэгч Д.А- нь Хилийн цэргийн **** дугаар ангид хугацаат цэргийн албанд татагдаж, цэргийн алба хааж байх үедээ буюу 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 21 цаг 25 минутын үед цэргийн албанаас зайлсхийх зорилгоор алба хааж байгаа цэргийн ангийг дур мэдэн орхиж явсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь:  

- Иргэн М.Т-ээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 1 дэх тал),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 3-13 дахь тал),

- Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Н/18 дугаартай албан бичгийн хавсралтаар хүргүүлсэн цэргийн алба хаах иргэдийн нэрийн жагсаалт (1 дэх хавтаст хэргийн 33-37 дахь тал),

- Хилийн цэргийн **** дугаар ангийн 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1/97 дугаартай албан бичгээр ирүүлсэн, баримтуудын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 38-78 дахь тал),

-Эд мөрийн баримтаар хурааж авсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 86-88 дахь тал),

- Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 9/68 дугаартай албан бичгээр ирүүлсэн цэргийн жинхэнэ албанд татагдсан Д.А-ын анкет, эрүүл мэндийн үзлэгийн хуудас, (1 дэх хавтаст хэргийн 113 дахь тал),

- Хилийн цэргийн **** дугаар ангийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 1/101 тоот албан бичгээр ирүүлсэн Д.А-ын хугацаат цэргийн албанд татагдах үеийн эрүүл мэндийн үзлэг хийсэн баримтууд (1 дэх хавтаст хэргийн 116-120 дахь тал),

-Хил Хамгаалах Ерөнхий Газрын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №506 дугаартай албан мэдэгдэл  (1 дэх хавтаст хэргийн 123 дахь тал),

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний мэдэхийн тус ангид ажиллаж байх хугацаанд хугацаат цэргийн албаас байлдагч оргосон асуудал огт гарч байгаагүй. Энэ удаагийнх миний мэдэхийн анхных нь байх. ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 131 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 95 дахь тал),

- Гэрч Ш.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Ингээд би өөрийн албан өрөөнд байж байхад соён гэгээрүүлэх албаны ахлах ажилтан, дэслэгч Д.Гэгээнбаяр над руу утсаар залгаад “байлдагч Б.А- нь бие засахаар болж цэргийн ангийн ариун цэврийн өрөө рүү ороод тус ариун цэврийн өрөөний цонхоор нь гараад оргоод явсан байна” гэж мэдэгдсэн. Ингээд манай цэргийн анги 21 цаг 20 цагийн үеэс эхлэн бие бүрэлдэхүүнээрээ Д.А-ыг эрэн сурвалжилж эхэлсэн. ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 136-137 дахь тал), 

- Гэрч Ч.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Байлдагч Д.А- нь 00-ийн өрөө ороод 10 минут удахаар нь Мөнхбилэг араас нь орсон боловч байлдагч Д.А- нь 00-ийн өрөөний цонхоор гарч, цэргийн ангийн байгууламжаас оргон зугтсан асуудал гаргасан. ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 130-140 дэх тал), 

- Гэрч Э.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед 00-ий өрөө орох зөвшөөрлийг сургалтын төвийн жижүүр М-ээс аваад явсан байна. Би тухайн үед ханиадтай цэргүүдийг эмч нарт үзүүлж байсан. Гэтэл хэсэг хугацааны дараа байлдагч Д.А- алга болчихлоо гээд жижүүр Мөнхбилэг ярьсан....” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 142-143 дахь тал), 

- Гэрч Э.Ш-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Ингээд дотор эмчийн үзлэгт цэргүүд хамрагдаад дуусахаар нь цэргүүдийг бүртгэж үзэхэд 1 цэрэг алга байсан ба тэр нь А- байсан. Ингээд түүнийг ангийн хашаанаас хайгаад явж байхад хошууч Амартүвшин 21 цаг 38 минутын үед над руу утсаар залгаад “нэг байлдагч гадуур явж байна, чиний цэргүүд бүрэн үү” гэхээр нь би “харин нэг цэрэг алга байна, наад цэрэг мөн байх” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 149-150 дахь тал), 

 - Гэрч П.Мө-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Ингээд түүнийг хаашаа явсан талаар сураглаж байтал ариун цэврийн өрөө рүү орсон талаар мэдээд би ариун цэврийн өрөө рүү гүйгээд ороход ариун цэврийн өрөөний цонх нь онгорхой байхаар нь би гар утасныхаа гэрлийг цонхны доор тусгаж харахад шороон дээр гутлын мөр харагдаж байсан. ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 149-150 дахь тал), 

- Гэрч Ц.А-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тэгэхлээр нь би машинаа хөдөлгөөд байлдагч алхаж явсан чиглэл рүү машинтайгаа явж очоод зогсоод буух хооронд байлдагч маань миний машины хойгуур гараад малын зах тийшээ гүйгээд явчихсан юм....” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 152-153 дахь тал), 

- Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тэгээд бид нар эмчийн үзлэгт орж дуусахад ахлах ахлагч Мөнхбилэг гэх хүн бид нарыг жагсааж тоо авахад А- байхгүй байхыг нь мэдсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 171 дэх тал), 

- Гэрч Д.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тэгээд амрах байранд орсны дараа А- нь гутлаа тайлж, углаашаа өмсөнө гэж хэлээд 00-ийн өрөө лүү ганцаараа орчхоод тэр чигтээ алга болоод 00-ийн цонхоор гараад явсан гэсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 187-188 дахь тал), 

- Яллагдагч Д.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Өнгөрсөн Баасан гаригийн орой 21 цагийн үед цэргүүд хуваарийн дагуу амрах байр луу ороод гутлаа тайлж байсан. Би тэр үед гуталтайгаа амрах байр луу орсон бөгөөд салааны захирагч Шинэбаяр надаас углааш чинь яасан ба гэхлээр нь би түүнд 00-ийн өрөөнд байгаа гэж хэлээд гуталтайгаа амрах байрны дотор байдаг угаалгын өрөө рүү ороод хажуу талын 00-ийн өрөөнд нь орж, улмаар цонхыг нь онгойлгоод гадагшаа гарсан. Тэндээсээ гараад тарианы талбайн тэндээс хашаа даваад зугтаад явсан. ...” гэх мэдүүлэг (1 дэх дахь хавтаст хэргийн 233-234 дэх тал),  

- Гэрч М.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 22 цаг өнгөрч байхад манай байшингийн үүдний амбаарт оргосон цэрэг орж ирсэн...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 102 дахь тал) зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүхийн хэргийн бодит байдлыг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн болон анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн дээрх нотлох баримтуудад түшиглэж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр сэргээн тогтоосон дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд бүрэн нийцжээ.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   10. Шүүгдэгч Д.А-д холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн бөгөөд шийтгэх тогтоолд дурдсан дээрх нотлох баримтуудаар Д.А- нь “цэргийн алба хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан”  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хангалттай үндэслэл тогтоогдсон, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар тодорхой тусгаж, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлтийг хийжээ.

 

Мөн энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинж чанар, шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хуульд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

11. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь, харьцуулан үнэлэхэд шүүгдэгч Д.А- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “цэргийн алба хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан”  гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ. Иймд шүүгдэгч Д.А-д шүүхийн шийтгэх тогтоолоор хуульд заасан төрөл, хэмжээний дотор зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн арга, нөхцөл байдалд тус тус тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмыг хангасан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна.

 

            12. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар анхан шатны шүүх шүүгдэгч Д.А-ын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цэргийн албанаас оргон зайлах гэмт хэргээр зүйлчилж, дүгнэн эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь гэм буруугийн болон хууль ёсны байх зарчимд нийцсэн, түүнчлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан нь мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг журамд нийцсэн, түүнд оногдуулсан хорих ял гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх тул “шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Айбекийн “...шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, тэнсэж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

13. Анхан шатны шүүхээс “...шүүгдэгчийн санаатайгаар цэргийн албанаас оргон зайлсан үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзээгүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөлийг тогтоогдоогүй...” гэх дүгнэлтийг үгүйсгэх хууль зүйн үндэслэлгүй. Учир нь, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлын “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн” эсэхийг шүүх хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэнэ. Энэ ойлголтод гэмт хэрэг үйлдсэн этгээд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг буруугаар үнэлсэн, гэмт хэрэг бүлэглэн үйлдэх үед санамсаргүй байдлаар хамтран оролцогч болсон зэрэг нөхцөл байдлыг хамаатуулж болох бөгөөд хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Д.А- нь тохиолдлын шижтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

            1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/145 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Айбекийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                                           М.НЯМБАЯР

 

ШҮҮГЧ                                                            Д.КӨБЕШ