| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Пагма |
| Хэргийн индекс | 309/2025/00060/И |
| Дугаар | 309/ШШ2025/00293 |
| Огноо | 2025-03-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 309/ШШ2025/00293
| 2025 оны 03 сарын 18 өдөр | Дугаар 309/ШШ2025/00293 | Дорнод аймаг |
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма би,
Нэхэмжлэгч: ******* овогт ******* *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “******* ******* *******” ХХК-д холбогдох,
Орон сууц захиалгын гэрээний үүрэгт 37,201,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... 2 өрөө байраа зарж 2022 оны 05 сарын 02-ны өдөр уг компаний захирал П.*******тай гэрээ хийж 1 мкв 1,190,000 төгрөгөөр тохирч В блокийн 2 давхрын 19 тоотын 2 өрөө 52.86 мкв талбай бүхий байрыг захиалан гэрээ хийсэн. Гэрээний урьдчилгаанд 31,451,700 төгрөг буюу нийт үнийн дүнгийн 50 хувийг тухайн өдрөө П.*******ын 5422461615 тоот дансанд шилжүүлсэн. Гэрээ хийх үед 2023 оны 3 дугаар улиралд найдвартай ашиглалтад оруулна гэж П.******* амлаж байсан. ...Иймд нэгэнт хугацаандаа байрыг ашиглалтад оруулж чадаагүй учир урьдчилан төлсөн 31,451,700 төгрөгөө алданги 5,750,000 төгрөгийн хамт нийт 37,201,700 төгрөгийг нэн даруй гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч П.*******, хариуцагч “******* ******* *******” ХХК-ийн ерөнхий захирал П.******* нарын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч миний бие 37,201,700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа алданги болох 5,750,000 төгрөгийг нэхэмжлэхээсээ татгалзаж, үлдэх 31,451,700 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар, хариуцагч тал дээрх төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны дотор бүрэн төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцлээ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.******* нь тус шүүхэд хариуцагч “******* ******* *******” ХХК-д холбогдуулан “Орон сууц захиалгын гэрээний үүрэгт 37,201,700 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч П.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 37,201,700 төгрөгөөс 5,750,000 төгрөгийг гаргуулахаас татгалзан, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 31,451,700 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны дотор гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч “******* ******* *******” ХХК-ийн ерөнхий захирал П.******* нь зөвшөөрч талууд харилцан тохиролцон эвлэрч, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.
Дээрх эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч “******* ******* *******” ХХК нь нэхэмжлэгч П.*******д 31,451,700 /гучин нэгэн сая дөрвөн зуун тавин нэг мянга долоон зуу/ төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн дотор төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 343,958 төгрөгөөс 171,979 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 171,979 төгрөгийг, хариуцагч “******* ******* *******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 175,604 төгрөг /31,451,700 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь/-ийг тус тус гаргуулж нэхэмжлэгч П.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдгдсүгэй.
ШҮҮГЧ П.ПАГМА