Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 112/ШШ2025/0017

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах  би  тус аймгийн Хөхморьт сумын иргэн Ч.Сийн нэхэмжлэлтэй, Хөхморьт сумын Засаг даргад холбогдох Хөхморьт сумын Засаг даргын 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Б/12 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий  нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.С шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Ч.С нь Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Хөхморьт сумын Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/12 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно. Одоо бүхэлд нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

       ҮНДЭСЛЭХ нь:

         Тус аймгийн Хөхморьт сумын иргэн Ч.С-ээс, Хөхморьт сумын Засаг даргад холбогдуулан  Хөхморьт сумын Засаг даргын 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Б/12 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага  бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

         Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзах тухай хүсэлтийг 2025 оны 04 дүгээр сарын 28ы өдөр шүүхэд бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болохоор байх тул нэхэмжлэгч Ч.С-ийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан этгээд биш байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д заасан хориглолтод хамаарахгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдахыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт ...нэхэмжлэлээсээ татгалзах ...замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заасан тул нэхэмжлэгч Ч.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан тус аймгийн Хөхморьт сумын иргэн Ч.С-ийн нэхэмжлэлтэй, Хөхморьт сумын Засаг даргад холбогдох Хөхморьт сумын Засаг даргын 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Б/12 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 66, 67, 68 дугаар зүйлийн дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

           ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                   Э.ЗОЛБАДРАХ