Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 118

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Тунгалаг,

Улсын яллагч: П.Даваасүрэн,

            Шүүгдэгч Д.Энарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Хиад боржигон овогт Давхарбаярын Энхбаатарт холбогдох эрүүгийн 1809001540007 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.Энь 2017 оны 12 дугаар сарын 19-нд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Түмэн” караокены гадна хохирогч Б.Содбаярын нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Эшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа ойлгож байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Хохирогч Б.Содбаярын: “…би өөрийн машинтай таксидаад 3 эрэгтэй хүн гар өргөхөөр нь суулгасан. Тэгээд Түмэн караокены үүдэнд хүргүүлээд 4000 төгрөг болж байна гэхэд яахаараа дөрвөн мянга болдог юм гээд маргалдсан. Тэгээд хар куртиктай залуу нь намайг шууд дараад цохиж зодсон. Надад эмчилгээний зардал 280.000 төгрөг гарсан бас 8 хоног таксиндаа явж чадаагүй нийт 500.000 төгрөг нэхэмжилж байна…” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/,

 

Гэрч Г.Ганбатын: “…тэр өдөр найз нартайгаа Сансарын тунелээс такси бариад Түмэн караокены үүдэнд ирсэн юм. Тэгээд таксины мөнгөнөөс болоод маргалдсан. Таксины жолооч салаавч гаргаад машинаас түрүүлээд буусан. Тэгээд Энхбаатар араас нь буугаад тэр хоёр барьцалдаад авсан. Тэгээд бид нар салгасан…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 434 дугаартай дүгнэлт:

  1. Б.Содбаярын биед тархи доргилт, хүзүүнд зулгаралт, зулай, дагзны хуйх, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3-4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацааагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Энхбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, хувийн байдлыг тодорхойлох бусад баримтууд /хавтаст хэргийн 27-34/ зэрэг болно.

Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч Д.Энь 2017 оны 12 дугаар сарын 19-нд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Түмэн” караокены гадна хохирогч Б.Содбаярын нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болохоо өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.

Шүүх шүүгдэгч Д.Энхбаатарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүх хялбаршуулсан журмаар Д.Энхбаатарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналд “...460 нэгж буюу 460.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Энхбаатар нь гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Энь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Харин хохирогч Б.Содбаяр нь “..хохирогч Б.Содбаяр би 488.000 төгрөгөө хүлээж авлаа. Гомдол саналгүй, шүүх хуралд суухгүй, нэхэмжлэх зүйлгүй…” гэсэн хүсэлтээ гаргаж өгснийг дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хиад боржигон овогт Давхарбаярын Энхбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Энхбаатарыг 460 /дөрвөн зуун жар/ нэгж буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Энь 460 /дөрвөн зуун жар/ нэгж буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялыг 2 сарын дотор төлөхийг тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Энь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Д.Энь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Энхбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ИДЭР