Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2023/ДШМ/40

 

Ж.Н-д холбогдох эрүүгийн хэргийн тухай   

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЗ/248 дугаар шүүгчийн захирамжтай,  

 

яллагдагч Ж.Н-д холбогдох эрүүгийн 2309000001007 дугаартай, 1 хавтастай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэж 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд тус аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Дорждэрэм, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бахытбек нар оролцов.   

 

1. Монгол Улсын харьяат, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, ** настай, эмэгтэй, **** боловсролтой, **** мэргэжилтэй гэх, тус аймгийн **** ажилладаг, **** оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ж ургийн овгийн Ж.Н- 2016 онд Монгол Улсын Боловсролын их сургуулийн сургуулийн өмнөх боловсролын сургуулийг “Сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч” мэргэжлээр төгсөөгүй атлаа уг сургуулийн ********* дугаартай бакалаврын дипломыг хуурамч болохын мэдсээр байж Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9 дүгээр багт Цагааннуур тосгоны цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/17 дугаартай тушаалаар цэцэрлэгийн багшаар ажилд орохдоо ашиглаж, ажилласан жилийн цалин 52,834,293 /тавин хоёр сая найман зуун гучин дөрвөн мянга хоёр зуун гурав/ төгрөг, зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх мөнгөн тэтгэмж 4,912,572 /дөрвөн сая есөн зуун арван хоёр мянга таван зуун далан хоёр/ төгрөг, нийт 57,746,865 /тавин долоон сая долоон зуун дөчин зургаан мянга найман зуун жаран тав/ төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

2. Прокурорын 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 124 дүгээр яллах дүгнэлтээр Ж.Н-ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн  2023/ШЗ/248 дугаар шүүгчийн захирамжаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг. 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгож, Ж.Н-д холбогдох эрүүгийн 2309000001007 дугаартай хэрэгт дараах үндэслэлээр  нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаажээ. Үүнд: 

4.1. Яллагдагч Ж.Н-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх нөхцөл байдал тогтоогдсон

4.2. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2309000001007 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлах тухай” тогтоолоор 2202005352205 дугаартай эрүүгийн хэргээс яллагдагч Ж.Н-д холбогдох эрүүгийн хэргийг тусгаарлаж шийдвэрлэжээ.

4.3. 2202005352205 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөгч нь яллагдагч Ж.Н-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг хуулбарлаж авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тэмдэглэл үйлдэж бэхжүүлээгүй, зөвхөн “хуулбар үнэн” тэмдэг дарж (хавтаст хэргийн 1 -84 дэх тал) нотлох баримтуудыг хуулбарлан авч хэрэгт хавсаргаж, хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлээгүй байна.

4.4. Түүнчлэн хэргийн бодит байдлыг тогтооход хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтууд болох яллагдагч Ж.Н-ийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ажилд томилсон Цагааннуур тосгоны Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн Б/17 дугаартай тушаал, хүүхдийн цэцэрлэгийн багшийн албан тушаалын тодорхойлолт, иргэн Ж.Н-ийн ажилд орохыг хүссэн өргөдөл (хавтаст хэргийн 136-140 дэх тал), мөнгөн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын тушаал, уг тушаалын хавсралт, тэтгэмж авсан баримтуудыг (хавтаст хэргийн 120-127 тал) холбогдох байгууллагаас нь үнэн зөвийг баталгаажуулж ирүүлээгүй байхад хүлээн авч тэмдэглэл үйлдэж бэхжүүлэхгүйгээр хэрэгт хавсаргажээ.

4.5. Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлээгүй учраас эдгээр баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулах, эх сурвалжийг магадлах, нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлэх, нотолбол зохих байдлыг нотлогдсон эсэх, хэргийн бодит байдал тогтоогдсон эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй гэж үзлээ.

4.6. Иймээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж хавтаст хэргийн 1-84, 91-97, 120-127. 136-140 дэх талд авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэх, Ж.Н-ийг ажилд томилсон гэх Цагааннуур тосгоны Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч А.Рахиманаас гэрчээр мэдүүлэг авах, мөн ажилтан Ж.Н-д 2021 оны 8, 9, 10, 11 дүгээр саруудад болон 2022 оны 12, 2023 оны 1, 2, 3, 4 дүгээр саруудад тус тус 420.000, 550.000 төгрөгийн цалин олгосон эсэхийг цэцэрлэгийн нягтлан бодогчоос тодруулах.

           

5. Прокурорын эсэргүүцэлд:

5.1. Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Дорждэрэм би, 2309000001007 дугаартай яллагдагч Ж.Н-д холбогдох эрүүгийн хэрэгт 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

5.2. Хэргийг тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд шүүгчийн 2023/ШЦТ/248 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.

5.3. Ингэхдээ шүүх 2202005352205 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөгч нь яллагдагч Ж.Н-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг хуулбарлаж авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тэмдэглэл үйлдэж бэхжүүлээгүй, зөвхөн “хуулбар үнэн” тэмдэг дарж (хавтаст хэргийн 1-84 дэх тал) нотлох баримтуудыг хуулбарлан авч хэрэгт хавсаргаж, хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлээгүй байна. Түүнчлэн хэргийн бодит байдлыг тогтооход хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтууд болох яллагдагч Ж.Н-ийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ажилд томилсон Цагааннуур тосгоны Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн Б/17 дугаартай тушаал, хүүхдийн цэцэрлэгийн багшийн албан тушаалын тодорхойлолт, иргэн Ж.Н-ийн ажилд орохыг хүссэн өргөдөл (хавтаст хэргийн 136-140 дэх тал), мөнгөн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын тушаал, уг тушаалын хавсралт, тэтгэмж авсан баримтуудыг (хавтаст хэргийн 120-127 тал) холбогдох байгууллагаас нь үнэн зөвийг баталгаажуулж ирүүлээгүй байхад хүлээн авч тэмдэглэл үйлдэж бэхжүүлэхгүйгээр хэрэгт хавсаргажээ. Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлээгүй учраас эдгээр баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулах, эх сурвалжийг магадлах, нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлэх, нотолбол зохих байдлыг нотлогдсон эсэх, хэргийн бодит байдал тогтоогдсон эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй гэж дүгнэсэн.

5.4. Шүүгчийн захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна” гэх заалт нь уг бүлгийн агуулга болон зохицуулалтаас авч үзвэл мөрдөн шалгах ажиллагаанд хамааралтай буюу өөрөөр хэлбэл мөрдөгч хэргийн нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхэд тавигдах нийтлэг шаардлагыг агуулсан байх бөгөөд нь энэ нь шүүх, прокуророос хэргийг тусгаарлахад хамааралгүй байна.

- Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд эрүүгийн хэргийг тусгаарлахад үндсэн хэргээс нь хуулбарласан хувийг тусгаарласан хэрэг эсхүл эх хувийг тусгаарласан хэрэгт хавсаргах талаар тусгайлан зохицуулаагүй бөгөөд шүүх, прокуророос хэргийг тусгаарлахад тусгаарласан хэрэгт байгаа баримтуудыг шууд хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулдаг хууль хэрэглээний жишиг бий. Иймд дээрх нотлох баримтуудыг мөрдөгч хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж цуглуулж, бэхжүүлсэн нь тогтоогдохгүй байх тул захирамжийн уг хэсэг үндэслэлгүй байна.

5.5. Харин яллагдагч нь Ж.Н- нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9 дүгээр багт байрлах Цагааннуур тосгоны хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/17 дугаартай тушаалаар тус цэцэрлэгт багшаар анх ажилд орж ажилласан, ажиллах хугацаандаа цалин, мөнгөн тэтгэмж авч байсан нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Хорлоо, гэрч Б.Нурбек нарын мэдүүлэг, албан бичгээр хандаж, албан бичгээр хариуг авсан Ж.Н-ийн ажилд томилогдсон тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, цалингийн тооцооны хүснэгт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байхад шүүх зөвхөн хавтаст хэргийн 120-127, 136-140 дүгээр талд авагдсан нотлох баримтуудыг холбогдох байгууллагаас үнэн зөвийг нь баталгаажуулж ирүүлээгүй гэж дүгнэхдээ дээр дурдсан бусад нотлох баримтуудыг үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй байна.

5.6. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар яллагдагч Ж.Н-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй, тэдгээрийг мөрдөгч цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргийг хянан шийдвэрлэсэн Улсын Дээд Шүүхийн хууль хэрэглээний жишиг тогтоосон тогтоолуудаас үзэхэд шүүгчийн захирамжийн "ТОДОРХОЙЛОХ” хэсгийн 8 дахь заалтад заасан ажиллагааг зайлшгүй хийж гүйцэтгэх шаардлагагүй байна.

5.7. Иймд 2023/ШЗ/248 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

6. Давж заалдах шатны шүүх хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид холбогдуулан гаргасан прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хянаж үзээд, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.

7. Хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад нийцээгүй байх тул дараах үндэслэлээр хүчингүй болгох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимд нийцэх ба шүүгчийн захирамж “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг ойлгох боловч анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЗ/248 дугаар шүүгчийн захирамж хуулийн энэхүү шаардлагыг хангаагүй байна.

 

8. Хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжид анхан шатны шүүх: (1) эд мөрийн баримтаар хураан авч, хавсаргаж ирүүлсэн D200404704 дугаартай дипломд дарагдсан тэмдэг болон уг дипломд зурагдсан гарын үсгүүд хуурамч эсэхийг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулах, (2) хохирлын тооцоог бодитой тогтоох гэсэн хоёр үндэслэлээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримталж хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаажээ.

 

9. Прокуророос яллагдагч Ж.Н-ийн “2016 онд Монгол Улсын Боловсролын их сургуулийн сургуулийн өмнөх боловсролын сургуулийг" Сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч" мэргэжлээр төгсөөгүй атлаа уг сургуулийн ********* дугаартай бакалаврын дипломыг хуурамч болохын мэдсээр байж Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9 дүгээр багт Цагааннуур тосгоны цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/17 дугаартай тушаалаар цэцэрлэгийн багшаар ажилд орохдоо ашиглаж, ажилласан жилийн цалин 52,834,293 /тавин хоёр сая найман зуун гучин дөрвөн мянга хоёр зуун гурав/ төгрөг, зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх мөнгөн тэтгэмж 4,912,572 /дөрвөн сая есөн зуун арван хоёр мянга таван зуун далан хоёр/ төгрөг, нийт 57,746,865 /тавин долоон сая долоон зуун дөчин зургаан мянга найман зуун жаран тав/ төгрөгийн хохирол учруулсан” гэх үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Хэргийн 65 дахь талд авагдсан Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3/1208 дугаартай, Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт хаяглаж хүргүүлсэн албан бичгийн 1 дүгээр хавсралтаар тус сургуульд суралцаж төгссөн 12 төгсөгчийн мэдээллийг, 2 дугаар хавсралтаар тус сургуульд суралцаж төгсөөгүй 164 иргэний мэдээллийг, 3 дугаар хавсралтаар тус сургуульд суралцаж төгссөн бөгөөд регистрийн дугаар нь алдаатай 20 иргэний мэдээллийг, нийт 196 иргэний мэдээллийг хүргүүлсэн ба уг мэдээллийн 2 дугаар хавсралтад хамаарах, төгссөн гэх мэдээлэл нь  олдоогүй иргэдийн жагсаалтын 119 дэх мөрөнд /хэргийн 67 дахь тал/ БЗ92121500 регистрийн дугаартай, Жакейн Н-ийн нэр дээр бүртгэлтэй, “СӨНХ-ийн багш” мэргэжлийн гэх D201605131 дугаартай бакалаврын диплом нь Монгол Улсын Боловсролын Их Сургуульд олгогдоогүй талаарх баримтат мэдээлэл бүхий нөхцөл байдал тогтоогджээ.

 

Уг баримтыг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь нотлох баримтаар үнэлэх эсэхийг шийдвэрлэх боломжтой.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна.” гэж заасан нь мөн хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлах ажиллагаанд хамааралгүй.

 

Анхан шатны шүүх яллагдагч Ж.Н-ийг ажилд томилсон гэх Цагааннуур тосгоны Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч А.Рахиманаас мэдүүлэг авах, Ж.Н-д 2021 оны 8, 9, 10, 11 дүгээр саруудад, 2022 оны 12 дугаар сард, 2023 оны 01, 02, 3, 4 дүгээр саруудад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин олгосон эсэхийг тус цэцэрлэгийн нягтлан бодогчоос тодруулах нь  хэргийг хянан шийдвэрлэхэд болон хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой гэж үзвэл шүүхийн шатанд дээрх нэр бүхий хүнээс гэрчээр мэдүүлэг авах боломжтой байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй” мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхээр хуульчилсан.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын хэрэгжилтийг шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэж хуульчилсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан хохирол, хор уршигтай холбоотой нөхцөл байдлыг тогтоохоор тодорхой баримтат мэдээллийг цуглуулж, хэрэгт хавсаргасан бөгөөд шүүх эдгээр баримтуудыг мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар үнэлж, дүгнэх бүрэн боломжтой байхад энэ талаар мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй” гэж заасныг баримтлан хэргийг прокурорт буцаасныг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ. Иймд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн хоёр үндэслэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчмыг хангаагүй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

12. Давж заалдах шатны шүүх хуралдаанаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчмыг удирдлага болгож хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.  

 

13. Мөрдөгч, прокурор, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн болон бүрэн эрх, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцно” гэж тус тус хуульчилсан. Түүнчлэн мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх бөгөөд энэ нь давж заалдах шатны шүүхэд эрх олгосон бус, харин үүрэг болгосон, заавал биелэгдэх шинжтэй хэм хэмжээ юм.

 

Өөрөөр хэлбэл, давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэх явцад хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын шатанд, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх үед дээр дурдсан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчим алдагдсан” зөрчил илэрсэн тохиолдолд үүнийг зөвтгүүлэх, эсхүл арилгуулах үүднээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах болон хүчингүй болгохыг дээрх зохицуулалтаар давж заалдах шатны шүүхэд үүрэг болгосон.

 

14. Тиймээс шүүхэд эрх олгосон бус заавал хэрэглэхээр үүрэг болгосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэм хэмжээг давж заалдах шатны шүүхээс хэрэглэж, анхан шатны шүүхийн шүүгчийн хуульд нийцээгүй захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимд бүрэн нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж, шүүгчийн захирамжийг дээрх үндэслэлүүдээр хүчингүй болголоо.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтын “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь ... хүчингүй болгож” гэж заасныг тус тус удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЗ/248 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ӨМИРБЕК

ШҮҮГЧ                                                М.НЯМБАЯР

ШҮҮГЧ                                                            Д.КӨБЕШ