Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 27

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий  шүүгч Ш.Баттогтох даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

        Нэхэмжлэгч: Тус аймгийн Есөнбулаг сумын иргэн *******, *******, ******* нарын нэхэмжлэлтэй

        Хариуцагч: Говь-Алтай аймгийн Сонгуулийн хорооны дарга *******д  холбогдох тус хорооны 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаар тогтоолыг хууль бус эрх зүйн актад тооцуулан, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүх 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн , хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад, 2016 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор хэргийг хүлээн авч  хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч *******, *******, ******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Говь-Алтай аймгийн *******аас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд Есөнбулаг сумын 2 дугаар тойрогт нэр дэвшигч *******, 7 дугаар тойрогт нэр дэвшигч *******, ******* нарыг Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.1-д заасныг зөрчсөн гэж үзэж Говь-Алтай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 17 дугаар шийтгэврийг үндэслэн, Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон гэж, сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг хэлнэ гэж заасныг зөрчин,  аймгийн Сонгуулийн хорооноос Говь-Алтай аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэвэрт давж заалдах шатны гомдол гаргах хуулийн хугацаа дуусаагүй байхад  2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 08 тоот тогтоол гаргасан нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчиж хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул тус аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 08 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.  

  Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Аймгийн сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байхад Говь-Алтай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 17 дугаар шийтгэврийг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшсэн бидний сонгогдох эрхийг хассан шийдвэр гаргасан.  Бид шийтгэвэрт давж заалдаад үндэслэл болсон уг шийтгэвэр хүчингүй болсон. Иймд сонгуулийн хорооны шийдвэр хүчингүй болсон гэж ойлгож байгаа. Нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

Хариуцагч тус аймгийн ******* ******* нэхэмжлэлийн үндсэн шаардлагад тайлбар ирүүлээгүй байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн захирамжид гомдол гаргажээ.

 Шүүгч захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлснээр нийтийн ашиг сонирхолд ямар үр дагавартайг харьцуулан тооцож үзэх ёстой. Шүүх захиргааны актыг түдгэлзүүлж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг МАН 2016 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн ИТХ-ийн 13 цагийн хуралд *******,  ******* нарын бүрэн эрхийг зөвшөөрч ирцэд оруулж хуралджээ. Хэрэв шүүхийн удирдлагаас нэг шүүгчид даалгаагүй бол захиргааны актыг түдгэлзүүлэхийг 3 шүүгч шийдэх ёстой нэг шүүгч шийдсэн нь хууль бус гэсэн тайлбар ирүүлжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

       Шүүхээс *******,  *******, ******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

       Говь-Алтай аймгийн Сонгуулийн хороо 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаар тогтоолоо тус аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 17 дугаар шийтгэврийг үндэслэл болгон гаргажээ. Тухайн шийтгэвэрт  *******,  *******, ******* нар давж заалдах гомдол гарсан байна.

      Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх нэр дэвшигч *******,  *******, ******* нарын гомдлоор Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 17 дугаар шийтгэврийг 2016 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 06 дугаар магадлалаар хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон Давж заалдах шатны шүүхийн магадлал  нь магадлалд дурьдсанчлан хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул тухайн аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сары 10-ны өдрийн 08 дугаар тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.   

       Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-т зааснаар Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн гэдгийг уг нөхцөл байдлыг тогтоосон шийтгэвэр буюу шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг шаардсан байна.

       Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаар тогтоол гаргахдаа үндэслэл болгосон Говь-Алтай аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 17 дугаар шийтгэврийн 5 дахь заалтад зөрчилд холбогдогч *******,  *******, ******* нарт давж заалдах эрхтэйг зааж өгсөн, 6 дахь заалтад шийтггэвэрт гомдол гаргасан тохиолдолд  шийтгэврийн биелэлтийг түдгэлзүүлэхээр заасаар байхад хуулийн хүчин төгөлдөр болоогүй уг шийтгэврийг үндэслэл болгон тус аймгийн сонгуулийн хороо 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаар тогтоол үйлдэхдээ Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-т заасан иргэний /*******, *******, ******* нарын/ сонгогдох эрхийг хязгаарлаж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн 2016 оны сонгуулийн 2 болон 7 дугаар тойрогт нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас үндэслэлгүйгээр хасч, тухайн тойргийн сонгуулийн санал хураалтын дүнг 2 дугаар заалтаар хүчингүй болгож, нэр дэвшигч *******, ******* нарын нэрийг  жагсаалтаас хасч, хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхийг 3 дахь заалтаар хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.6-т зааснаар *******,  *******, ******* нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй байх тул Говь-Алтай аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаар тогтоолыг Захиргааны илт хууль бус актад тооцон,  хүчингүй болгох нь зүйтэй байна.  

       Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар ирүүлээгүй,  2016 оны 08 дугаар сарын 09-ны 121 дүгээр шүүгчийн захирамжийг гардуулахад аваагүй, шүүхийн мэдэгдэх хуудсаар 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр шүүх хурлын товыг хариуцагчид мэдэгдэж, уг хуудсанд жич 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр  хэргийн материалтай танилцахыг урьсан боловч  танилцаагүй, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт талууд ирээгүй ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  71 дүгээр зүйлийн 71.1-т шүүх хуралдааныг 7-с доошгүй хоногийн өмнө товлон зарлахаар заасан хэдий ч сонгуулийн маргааны онцлог байдлаас шалтгаалан хэргийн хуулийн анхны хугацаанд шийдвэрлэхээр богино хугацааанд товлож Сонгуулийн тухай хуулийг нарийвчилсан зохицуулалт гэж үзсэн болно.

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 “...улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно” гэж зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.2, 160.3.12-т  заасныг удирлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.6-т зааснаар  Говь-Алтай аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаар тогтоолыг захиргааны илт хууль бус актад тооцон,хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3-д зааснаар  энэхүү шийдвэр гарснаар Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн №113 дугаар захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн захирамжийн үйлчлэл уг захирамжид зааснаар дуусгавар болж, шийдвэрт гомдол гарсан  тохиолдолд сэргэхийг дурьсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Хишигжаргалаас улсын тэмдэгтийн хуурамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

  5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Ш.БАТТОГТОХ